Б.Гантүлхүүр MMS Green Building төслөө ногоон хөгжлийн уриалга төсөл байлгахыг зорьсон. Тэрээр эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал, тарифын асуудал, эрчим хүчний хараат байдлаасаа салж чадахгүй байгаа манай улсын нөхцөлд эрчим хүчний үр ашигтай шийдлийг хэрхэн амьдралд нэвтрүүлж, эрчим хүчийг ингэж хэмнэж болдог юм гэдгийг харуулахыг чухалчилсан байна.
Ирээдүйн оффист зочилсон нь
Тэдний оффис дээр очиход “Ийм орчинд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлгээ ингэж өөрчлөгдөх нь аргагүй юм” гэж бодогдоно. Монголын хамгийн анхны ногоон барилга гэж тодорхойлоод буй MMS Green Building-гийн хаалгаар ороход уламжлалт оффисын орчинд орсноос тэс өөр мэдрэмж төрнө. Хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол барилгын булан тохой бүрд хүрэх байгалийн гэрэл. Лавлаж асуухнээ энэ барилгад өдрийн цагаар чийдэн асаагаагүй ч харанхуй булан тохой гэж байдаггүй аж. Компанийн тайланд бичсэнээр автоматжсан системийн тусламжтай гэрэлтүүлэг болон бусад тоног төхөөрөмжийн цахилгааны хэрэглээг 26 хувиар бууруулсан байна.
Нэг талаар оффис, нөгөө талаар тэр чигтээ нэгэн том шоурүүм болсон уг барилгыг сонирхож ирсэн энгийн хүн ч бай, мэргэжлийнхэн ч бай ирээдүйд хүн ямар орчинд ажиллах ёстой вэ гэдэг дүр зургийг бодитоор харна. Тэгвэл тэр орчин нь хүний хүсэл мөрөөдөл, үзэл бодол, амьдралын хэв маяг гэх мэтээр хүн хөгжих боломжтой, олон талын хэрэгцээг нь хангах түвшинд байх ёстой. Учир нь барилга бол хүн амьдралынхаа 80 хувийг, тэр тусмаа оффист хүмүүс амьдралынхаа хамгийн идэвхтэй, бүтээлч цаг хугацааг өнгөрөөдөг учраас сэтгэл оюун, бие махбодын тав тух зайлшгүй. Нөгөө талаас орчин үед хүмүүс эргээд байгальтайгаа ойрхон байж, өөртөө цаг зарцуулж бодлоо чөлөөтэй бэлчээж бүтээлч амьдрах тийм орон зайг хүсдэг болсон. Энэ бүх үзэл санаа, хандлагын нөлөөгөөр барилгын салбарт “Wellbeing” буюу хүний оюун санаа, биеийн эрүүл мэндийг дэмжсэн байх гэдэг нөхцөл аливаа төслийн концепцид хүчтэй болж байгаа.
MMS Green Building нь өөрийн цахилгаан хэрэгцээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангадаг.
MMS Green Building нь чухам энэ бүхнийг шингээсэн төсөл байх зорилготой. Нэг давхарт байх өрөөнд ажилтнууд цаг заваараа ном уншиж, дугуй жийж, комеди хийж, дартас болон playstation тоглохоос эхлээд хоёр долоо хоногт тутам болдог Fortnight нэртэй дотоод арга хэмжээний үеэр мэдээлэл солилцож, чөлөөт ярилцлага хийдэг. Мөн энд coffee shop, цахилгаан машин болон цахилгааны бараа бүтээгдэхүүний шоурүүм бийДулааны улиралд террас дээрээ ажлын дараа хааяадаа барбекю шарах үе ч бий. Эсвэл ажлын цагаар компьютероо аваад барилгын голд байрлах цэцэрлэгт хүрээлэндээ сууж ажиллах нөхцөл ч бүрджээ.
Арвич, хямгач барилга
Одоо харин барилгын дээвэр лүү гаръя. Тэнд өглөө, оройны нарнаар өвөрмөц содон туяа үүсгэх 360 ширхэг панел ярайна. MMS Green Building нь өөрийн цахилгаан хэрэгцээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Энэ барилга нь нарны цахилгаан эрчим хүчний үүсгүүрийн хосолмол буюу (hybrid) системтэй бөгөөд нийт 168 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 100 киловаттын батерейд хуримтлуулан, илүүдэл эрчим хүчээ төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлдэг. Сонирхолтой нь, оффис эзэнгүй байх амралтын өдрүүдээр барилга өөрийн эрчим хүчний хэрэглээгээ “Унтаа горим”-д оруулдаг систем ч ажилладаг. Энэ мэтээр эрчим хүч хэмнэж буй байдал нь 3-4 жилийн дараа зардлаа нөхөхөөр байгаа гэсэн тооцоог төслийн багийнхан хийжээ.
Ус, дулааны хувьд мөн л төвийн шугамд холбогдсон, хосолмол системтэй ч уламжлалт барилгад байхгүй хэд хэдэн онцлох талтай. Дулааны үр ашигтай шийдлүүд нэвтрүүлсний ачаар жирийн барилгатай харьцуулахад хэрэглэх байсан дулааны ердөө 30 орчим хувийг хэрэглээд 2022-2023 оны өвлийг давжээ. Дулааны алдагдал багатайн дээр хана, цонхнууд, оффисын нүүр тал, үзэсгэлэнгийн танхим, голын гарден зэрэг шилэн хана фасадын шийдэл нь нарны гэрлийн дулааныг шингээж дулааны хэмнэлтэд дэмжлэг үзүүлэх зориулалттай.
Ус дамжуулах, цэвэршүүлэх болон бусад тоног төхөөрөмж нь усны хэрэглээг нийт 42 хувь хэмнэдэг. Мөн төслийн багийнхан Ус цаг уур орчны шинжилгээний газрын өгөгдлийг ашиглан сүүлийн 10 жилд Яармаг орчимд орсон хур тунадасны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дээврийн хэсгүүддээ борооны ус цуглуулах системийг суурилуулж, тэрхүү цугларсан усаа 40м3 багтаамжтай усны танканд хуримтлуулж жилд ойролцоогоор 85м3 борооны усыг ногоон байгууламжын усалгаанд ашигладаг. Усны хэмнэлт энэ түвшинд очсоноор Нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг жилд 44%-иар бууруулдаг байна. Хэмнэж байгаа нүүрсхүчлийн хийгээ ирээдүйд карбон кредит болгон борлуулах боломжтойг ч хэлж байлаа.
Дулааны үр ашигтай шийдлүүд нэвтрүүлсний ачаар жирийн барилгатай харьцуулахад хэрэглэх байсан дулааны ердөө 30 орчим хувийг хэрэглээд 2022-2023 оны өвлийг давжээ.
Цэвэрч барилга
MMS Green Building байгууламжийн хэмжээнд хог хаягдлыг зургаан янзаар ангилж, тэдгээрийг зориулалтын дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгч байна. Мөн оффисын өнцөг булан бүрд ангилалтай хогийн сав байршуулан хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг. Барилга ашиглалтад орсноос хойш жилийн хугацаанд 1330кг хог хаягдал гарснаас 74% буюу 984кг хог хаягдлыг дахин боловсруулахаар хүлээлгэн өгсөн байна. Мөн ногоон барилгын стандартын дагуу LEED сертификатын ”Барилга угсралтын ажлын явцад гарсан хог хаягдлын 75%-с дээш хувийг хог хаягдал дахин боловсруулах компанид хүлээлгэн өгсөн байх” гэсэн шаардлагын дагуу MMS Green building барилга угсралтын явцад гарсан 12.3 тонн дахин боловсруулагдах хог хаягдлыг хүлээлгэн өгсөн.
“Тодорхой хугацаа өнгөрөхөд жилийн дөрвөн улиралд цуглуулсан өгөгдөл дээрээ үндэслээд салхи эхлэхэд, бороо ороход барилга өөрөө цонхоо хаадаг, бороо зогсож чийглэг болоход эргүүлээд онгойлгодог гэх мэтээр ухаалаг үйлдлүүд хийнэ”
Түүнээс гадна газрын хэвлий релефийг (унаган төрх) өөрчлөлгүйгээр газар зүйн тогтцод нийцсэн архитектур төлөвлөлт хийж, хөрс хуулалтаар бий болсон 550м3 үржил шимт хөрсийг 100% дахин ашиглаж нөхөн сэргээлт, ногоон байгууламжид ашиглажээ. Барилгын материал сонгохдоо ч экологич байж, нийт бараа материалын үнийн дүнгийн 25 хувьд дахин боловсруулсан орц, агууламж бүхий бараа материал, тавилга, чимэглэл ашигласан тухай Б.Гантүлхүүр ярилаа.
Ухаалаг барилга
Ногоон барилгын өөр нэг чухал үзүүлэлт нь дотоод агаарын чанар байдаг. Уг барилга нь өрөөний температурт тохируулан автоматаар халуун, хүйтэн болон агаарыг шүүж цэвэршүүлэх тохиргоотой. Мөн агаар сэлгэлтийн төхөөрөмжүүд нь гадна цэвэр О2 агаарыг өгч, СО2 гадагшлуулах автомат хавхлагууд ажиллана. Оффисын өрөөнүүдийн дотор агаарын температур нь мэдрэгчүүдээр дамжин агаар чийгшүүлэгч автомат горимд ажиллан стандарт эрүүл цэвэр таатай орчныг бүрдүүлнэ. Энэ бүхнийг “AL-KO” нэртэй агаар сэлгэлтийн ухаалаг систем удирдана. “Тодорхой хугацаа өнгөрөхөд жилийн дөрвөн улиралд цуглуулсан өгөгдөл дээрээ үндэслээд салхи эхлэхэд, бороо ороход барилга өөрөө цонхоо хаадаг, бороо зогсож чийглэг болоход эргүүлээд онгойлгодог гэх мэтээр ухаалаг үйлдлүүд хийнэ” гэж Б.Гантүлхүүр бахархан ярилаа.
MMS Green Building нь дээр дурдсанчлан бүхэлдээ ногоон барилгын шоу рүүмийн үүрэг гүйцэтгэх бөгөөд цахилгаан, дулаан, усны шийдлийг хэрхэн хийснийг хүний нүдэнд ил байхаар зохион байгуулжээ. Тухайлбал, засвар үйлчилгээ хийхийн тулд заавал тааз, шалыг хуулах шаардлагагүй, тухайн хавтанг нээхэд л хангалттай.
Амьд барилга
Одоо харин барилгыг зайнаас бүхэлд нь харъя. MMS Green Building нь оффис, засвар үйлчилгээ, агуулах гэсэн үндсэн гурван блоктой, нийтдээ 10 мянган м² талбайг эзэлнэ. Үүнээс зөвхөн 26 хувь нь байгууламж өөрөө, 30 хувь нь ногоон байгууламж, 44 хувь нь зам талбай юм. Гарден гэж нэрлэх ногоон байгууламжид өнөөдөр 21 төрлийн 269 мод, бутлаг ургамал ургаж байгаа нь жилийн дөрвөн улиралд дөрвөн өнгө үзүүлдэг байна.
Ногоон инновацын хөтөч
Б.Гантүлхүүр анх төслөө эхэлж байхдаа зам дагуу, байршил сайтай газарт оффис, агуулах, засварын газар, шоу рүүм байгуулъя гэсэн бодолтой байв. Гэвч байдаг л нэг барилгын төсөл хийхийг хүссэнгүй, эрчим хүч, барилга, байгаль орчны салбарт үр өгөөжтэй, өв болж үлдэх ажил хийхээр шийджээ. Эндээс ногоон барилгын талаар судалгааг эхлүүлж АНУ, Япон, Герман, Австри, Австрали, Солонгос орнуудаар явж ямар төсөл хийх ёстой талаар ойлголт, төсөөлөлтэй болов. Тэрээр олон төслийн сайн талыг цуглуулсан шийдэл гаргахыг зорьсон нь MMS Green Building болсон байна.
Төслийн судалгааны явцад ногоон барилгыг баталгаажуулдаг олон төрлийн гэрчилгээ байдгийг олж мэдэж харьцуулалт хийсний дараа АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс (USGBC) гаргасан, ногоон байгууламжийн салбарт олон улсын тогтвортой байдал, төгс шийдлийг сурталчлах зорилгоор бий болгосон LEED гэрчилгээг авах зорилт тавьжээ. Энэхүү үнэлгээний системийг олон орнуудад оффис, үйлдвэр, орон сууцны барилгуудад олгодог бөгөөд LEED гэдэг нь ‘’Эрчим хүч ба хүрээлэн буй орчны зураг төсөл дахь манлайлал’’ буюу “Leadership in Energy and Environmental Design” гэсэн үгнүүдийн товчлол юм. LEED үнэлгээ нь дөрвөн зэрэглэлээс тогтох агаад Б.Гантүлхүүрийн төслийн багийнхан дээрээсээ хоёр дахь буюу Gold сертификат дээр буух болов уу гэсэн бодолтой байв. Гэвч MMS Green Building төсөл 160 гаруй асуултаас бүрдсэн шаардлагуудын 80 гаруй хувийг биелүүлж 2022 онд LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзлыг хангасан нь гэнэтийн үйл явдал болов.
“Ногоон ирээдүйг хөгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компани болно”
Удалгүй энэ гэрчилгээг авсан Монголын анхны төсөл гэдгээ ч олж мэдсэн байна. Ингэснээр энэ төсөл нь “сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт, ногоон байгууламж, байгууламжийн дотоод орчны чанарын жишиг шийдэл бүхий бүрэн автоматжуулагдсан ухаалаг барилга” гэсэн тодотголд бүрэн нийцэх олон улсын түвшний төсөл болжээ. Хамгийн онцлууштай зүйл нь энэ төсөл бол санхүүжилт, архитектур төлөвлөлт, барилга угсралт, инженерийн шийдлүүд гээд бүх талаараа монгол залуучуудын хийсэн бүтээн байгуулалт юм. Тиймээс ч төслийг сонирхож ирсэн гадна, дотнын зочид монголчууд өөрсдөө бүтээсэн гэхэд гайхаж хүлээж авдаг.
MMS Green Building-гийн талаар судлах явцдаа уг төслийн олон улсын ач холбогдлыг шалгах зорилгоор хиймэл оюуны платформоос асуухад “Монгол дахь тогтвортой хөгжлийн луужин” (а Sustainable Beacon in Mongolia), “Барилгын салбарын уламжлалт хэм хэмжээг эвдэж буй шинэ үйл хэрэг” (a trailblazer, challenging conventional norms in construction) гэх мэт тодорхойлолтууд гарч ирэв. Хиймэл оюун энэ хэмжээний дүгнэлт хийх бололцоотой байгаа нь энэхүү төслийн тухай англи хэл дээрх мэдээлэл хангалттай байгаа, MMS Group сүүлийн дөрвөн жилд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын 12-ыг нь охин компаниудын хэмжээнд хэрэгжүүлж, GRI (Global Reporting Initiative) стандартын дагуу англи, монгол хэлээр тогтмол тайлан гаргаж буйтай холбоотой.
Энэ бүгдээс харахад MMS Group-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, цахилгааны инженер мэргэжилтэй Б.Гантүлхүүр нь магадгүй Монголын хамгийн хариуцлагатай бизнес эрхлэгчдийн нэг юм. Анх “My Mоn Source” худалдааны компанийг үүсгэн байгуулж, улмаар 2013 онд барилгын цахилгаан инженерингийн угсралт, холбоо дохиоллын угсралт хийдэг “ММS Engenering” нэртэй мэргэжлийн компани байгуулжээ. Өнгөрсөн 10 орчим жилийн дотор барилгаас гадна уул уурхайн салбарт Ухаа худаг, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Оюутолгойн босоо амын болон баяжуулах үйлдвэр, туузан дамжуургын төсөлд хүн хүч, цахилгааны бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг, угсралтын үйлчилгээ хийдэг найдвартай түнш нь болжээ.
MMS Green Building төсөл 160 гаруй асуултаас бүрдсэн шаардлагуудын 80 гаруй хувийг биелүүлж 2022 онд LEED ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн дээд ангилал “BD+C PLATINUM” болзлыг хангасан байна.
Б.Гантүлхүүр бизнесийнхээ алсын харааг “Ногоон ирээдүйг хөгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компани болно” гэж тодорхойлжээ. Тэрээр бизнест ороод 13 жил болж байгаа бөгөөд дээрх төсөл бол энэ компанийн ногоон үйл хэргийн зөвхөн эхлэл нь. Цаашид хэрэгжүүлэх аливаа төслүүдээ ч байгалийн шавхагддаг нөөцийг ариг гамтай ашигладаг, гэхдээ эдийн засгийн үр ашигтай шийдлүүд хэлбэрээр хөгжүүлэх зорилготой. MMS Green Building нь барилгын уламжлалт төслүүдээс 20-30 хувийн өндөр өртөгтэй бүтсэн ч хөрөнгө оруулалттайгаа харьцуулшгүй үнэ цэнийг өгч байгаа. Тэгээд ч бизнесийн орчинд гарч байгаа өөрчлөлт, инновациудын нөлөөгөөр ногоон төслүүдийн өртөг нь буурч, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар нэмэгдэх нь зайлшгүй болж байна. Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний салбарын үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж, батерей, нарны хавтангийн үнэ буурч, шийдэл нь улам боловсронгуй болж, хүчин чадал нь нэмэгдэж байна. Тиймээс MMS Group-ийнх шиг холыг харсан төслүүдийн эдийн засгийн үр ашиг, эздэд өгөх өгөөж, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл нь урт хугацаандаа улам нэмэгдэнэ гэдэгт Б.Гантүлхүүр бүрэн итгэлтэй байна.
Түүнчлэн тэр MMS Green Building төслөө ногоон хөгжлийн уриалга төсөл байлгахыг зорьсон. Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал, тарифын асуудал, эрчим хүчний хараат байдлаасаа салж чадахгүй байгаа манай улсын нөхцөлд эрчим хүчний үр ашигтай шийдлийг хэрхэн амьдралд нэвтрүүлж, эрчим хүчийг ингэж хэмнэж болдог юм гэдгийг харуулахыг чухалчилсан байна. Тиймээс цаашдаа эрчим хүчний том төслүүд, магадгүй үндэстэн дамнасан инженеренгийн төслүүд хэрэгжүүлэх амбиц ч түүнд бий.
Монголын анхны ногоон төслийг амжилттай гүйцэтгэснээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын том хаалганууд түүний өмнө нээгдэж байна. Тухайлбал, урт хугацааны тогтвортой бизнес эрхлэх алсын хараа, засаглал, хөрөнгийн удирдлага, хамт олны үнэ цэнэ, ялангуяа ногоон төслийнхөө ачаар олон талын шалгуурыг давж ЕСБХБ-ны харилцагч болоод удаагүй байна.
Инженеринг бол хайр юм
Эдүгээ Б.Гантүлхүүр барилга, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр таван охин компани бүхий, 600 гаруй ажилтантай группийг удирдаж байна. Хамгийн сүүлд Хөвсгөлийн тайгад, Шишигтийн эрэг дээр загасчлалын кэмп байгуулсан нь өөрийнх нь хоббитой холбоотой. Б.Гантүлхүүр сүүлийн долоон жил “Catch and release” буюу бариад тавьдаг спорт загасчлалын төрлийг сонирхож иржээ. Ингэхдээ тэр өөрийн хоббиг мөн л байгаль эх дэлхийгээ хайрлах, дэлхийд ховордож буй тул загасны төрлийг аврах ажилтай хослуулж, загасчлалын кэмпнээс олсон орлогын таван хувийг загас үржүүлэг, байгаль орчноо хамгаалахад зориулахаар шийджээ. “Загасчлах үед зөв амарч сурдаг, бодлоо чөлөөлж бясалгадаг. Загасчлахдаа бариад тавьдаг болохоор ан хийхээс өөр мэдрэмж төрүүлдэг. Би загасчлахдаа загасаа гэмтээхгүйн тулд нэг салаатай дэгээ хэрэглэдэг” гэдгээ сонирхууллаа.
Улаанбаатараас 1000 орчим км зайд оршдог, зөвхөн морь, завиар эсвэл онгоцоор очих боломжтой газарт байрлах энэхүү кэмпээ мөн л ногоон дэд бүтэцтэй болгож, нарны дэлгэц, батерей хураагуур суурилуулснаас гадна жуулчид амрахад хэрэгтэй үйлчилгээний бүх л тав тухаар хангажээ.
Хоёр чийдэн ашиглаад 10 чийдэн ашигласантай дүйцэхүйц гэрэлтүүлэг бий болгож байвал энтрепренер хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж, таашаал нь тэр.
Мөн энэ кэмпийг байгуулсан нэг шалтгаан нь уул уурхай, ХАА-тай зэрэгцээд Монголын эдийн засгийн гурав дахь үндсэн салбар болсон аялал жуулчлалын чиглэлд бас нэг өвөрмөц ажил хийе гэсэн хүсэлтэй нь холбоотой. Тиймээс Монголын анхны ногоон сертификаттай кэмп болгож, дэлхийд алдаршуулах зорилготой байгаагаа хэллээ. Монголд загасчлалын спортыг “Catch and release” төрлөөр хөгжүүлэх нь нэгдүгээрт орлого өндөртэй гаднын жуулчдыг татах, хоёрдугаарт байгаль хамгаалах том хөшүүрэг болно гэж Б.Гантүлхүүр үзэж байна.
Түүнчлэн Монголд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх шинэ бизнесээ эхлүүлж, анхны машинуудаа оруулж ирээд удаагүй байна. Энэ нь бас бизнесийнх нь алсын хараатай холбогдоно. Өөр үгээр хэлбэл, орчны бохирдол, замын түгжрэл, хэт төвлөрөл зэрэг монголчуудын түүхэндээ анх удаа тулгамдаад буй хурцадмал асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах нь түүний эрхэм зорилгын нэгэн чухал хэсэг хэмээн харж байна. “30 гаруй жилийн өмнө бид зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, ардчиллын замыг сонгохдоо өнөөдөр ингэж утаагаар амьсгалж, түгжрээнд орно гэдгээ мэдээгүй байсан. Үүнтэй адил одоогоос 30 жилийн дараа ямар асуудалтай тулгарахаа бас л мэдэхгүй. Тиймээс ядаж 30 жилийн дараахыг харсан алсын хараатай байж, ирээдүйн үр нөлөөг тооцсон бизнес, бүтээн байгуулалт хийх хэрэгтэй” гэж тэр ярилаа. Тухайлбал, 30 жилийн дараа нийтийн тээврийн парк тэр чигтээ цахилгаан тээврийн хэрэгслүүдтэй болоход сэргээгдэх эрчим хүчнийх нь дэд бүтцийг бүтээчихсэн байх холын бодол ч тээж явна. Товчхондоо тэр бол ирээдүйд хөрөнгө оруулдаг бизнесмен. Тиймдээ ч “Бид багадаа 100 жилийн түүхтэй компани байгуулахыг хүсдэг” гэж тэр ярилаа.
Гэхдээ 20 гаруй жилийн өмнө мэргэжлээ сонгохдоо инженер бус эмч, тэр дундаа зүрхний эмч болох хүсэлтэй байв. Аав нь цахилгааны мэргэжилтэй байсан бөгөөд Германд нэгэн шүдний эмчтэй танилцаад ирснийхээ дараа шүдний эмч болсон нь дээр гэж зөвлөжээ. “Зүрх эмчлэхэд ярвигтай, тэгээд ч хүнд ганцхан байдаг. Харин шүд бол олон, эмчлэхэд хялбар, болохгүй бол сугалаад хаячихна” гэсэн бодолтойгоор Анагаахын Нүүр ам судлалын сургуульд элсэхээр шалгалт өгсөн хөгжилтэй түүхээ ярив. Гэвч дээд сургуульд элсэхдээ аавынхаа мэргэжлээр сурахаар шийдсэн байна.
Сургуулиа төгссөний дараа дөнгөж эхэлж байсан Оюутолгойн төсөлд цахилгаанчнаар хэдэн жил ажиллаж байгаад тэндээсээ хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Дараа нь Оюутолгой түүний анхны том харилцагч нь болж, цаашдаа байнгын түнш нь болж хувирчээ. Ийнхүү ажилтнаас түнш болох явцдаа дэлхийн хэмжээний том төслөөс хувь хүн болоод бизнесийн удирдагчийн хувиар засаглал, бизнесийн систем, нийлүүлэлт, чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлын тал дээр маш их зүйл сурч авчээ.
Өнөөдөр түүний аз жаргалын дааврыг ялгаруулдаг зүйл бол инженеринг. Хоёр чийдэн ашиглаад 10 чийдэн ашигласантай дүйцэхүйц гэрэлтүүлэг бий болгож байвал энтрепренер хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж, таашаал нь тэр. Анхнаасаа л ажилдаа дурлаж, бүтээлчээр амьдарч байгаа хүн болохоор 13 жилийн өмнө бүрэлдэж эхэлсэн хамт олон нь ч бас энэ соёлыг шингээж авчээ. “Хүн цалин авахын төлөө л ажлын цагаа өнгөрөөдөг бол өөрийгөө улам л явцуу хүрээнд оруулж, харин санаачилга гаргахын хэрээр харах өнцөг нь тэлж, өөрийгөө хайрцгаас гаргаж чаддаг. Үүнийг л залуучууддаа ойлгуулахыг хичээдэг” гэж тэр ярив. Тиймээс түүнд тухайн хүний гадаадад төгссөн эсэх, Харвардын дипломтой эсэх нь хамгийн чухал зүйл биш, харин чин сэтгэлээсээ хамтарч ажиллах сонирхол байгаа эсэхийг мэдэх нь хамгийн чухал гэж боддог.
Үүсгэн байгуулагчийн амьдралын үнэт зүйл нь бизнесийн үнэт зүйлстэй олон талаар давхацдаг учраас тэр нь чадварлаг, авьяаслаг залуусыг татах хөшүүрэг болдог. Тухайлбал, нэг залуу Японд сурч байхдаа ногоон барилгынх нь төслийн талаар олж мэдээд, том групп компаниудад ажлын ярилцлагад орсон ч тэдний компанийг зорьж ирсэн тухай ярив.
“Хүн цалин авахын төлөө л ажлын цагаа өнгөрөөдөг бол өөрийгөө улам л явцуу хүрээнд оруулж, харин санаачилга гаргахын хэрээр харах өнцөг нь тэлж, өөрийгөө хайрцгаас гаргаж чаддаг. Үүнийг л залуучууддаа ойлгуулахыг хичээдэг”
Б.Гантүлхүүр “Хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй” гэж ярих дуртай. Ямар ч ажилд, тэр тусмаа инженерчлэлд хэчнээн асуудал байсан ч шийдэх арга байж л байдаг. Бэрхшээлийг яаж харж, ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаална. Тэдний баг томоохон асуудлыг таван эрэмбэд хуваагаад хамгийн том галыг нь эхлээд унтраахыг зорьдог. Энэ мэтээр баг асуудал шийдэх соёлд суралцаж, MMS Group компанийн ажилтнууд дундаас өвөрмөц санаачилгууд гарах болжээ. Ялангуяа ногоон оффистоо нүүж орсноос хойш хамт олных нь бүтээмж, ажиллах, амьдрах орчиндоо гаргаж буй хандлага нь илт өөрчлөгдөж буйг харахад Б.Гантүлхүүрт бахархах сэтгэл төрж, бизнесийнхээ алсын хараанд улам итгэлтэй болж байна. Тэрээр “Удахгүй бид ажилчдын цахилгаан автобустай болно, Яармагийн оффис руугаа түгжрэх замдаа автобусандаа зарим хурал, сургалтаа хийх санаачилга гарч дэмжигдсэн” гэж хэллээ.