Юуны өмнө та өөрийн карьерын түүхээ манай уншигчдад сонирхуулахгүй юу. “Очир Ундраа ОМЗ” ББСБ-тай анх ямар сэжмээр холбогдож байсан бэ?
Би сургуулиа төгсөөд Хаан банкнаас ажлын гараагаа эхлүүлж, банкандаа зургаан жил ажилласан. Харин дараа нь санхүүгийн салбар дотроо арай шинэ талбарт хүч сорих боломж нээгдэж, 2014 оны хавар “Очир Ундраа ОМЗ” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Саяхан мэт боловч хэдийнэ 10 жил болсон байна. Анх гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхэд бид 14-үүлээ, хоёр салбартайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 70 гаруй ажилтантай болсон байна. Мөн тун удахгүй бид ес дэх салбараа нээх гэж байна. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн үзүүлэлт зургаа дахин сайжирч, үйл ажиллагааны цар хүрээ, бүтээгдэхүүний нэр төрөл ч нэлээд нэмэгдсэн байна.
Санхүүгийн салбарт ажиллахын онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
Шийдвэр гаргалт бүр мөнгөтэй холбогддог. Тиймээс хурдтай байхаас гадна эрсдэл, боломжийг үргэлж тооцож, судалгаатай, мэдрэмжтэй шийдвэр гаргахыг манай салбар шаарддаг. Миний хувьд, аливаад хандах хандлага, суурь мөн чанар маань шийдвэр гаргахад надад их тус болдог юм шиг санагддаг. Би хүмүүстэй харилцах, хэлэлцээр хийх, сорилтыг шийдвэрлэх дуртай.
Мөн шударга, ёс зүйтэй байхыг эрхэмлэдэг. Санхүүгийн салбарт хөл тавьсан хүнд энэ бол хамгийн чухал чанар.
Мөн Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны удирдах зөвлөлд хоёр удаа сонгогдон ажиллаж байсны хувьд, нэг зүйлийг анзаарсан. ББСБ-ууд нэгдэх зүйл дээрээ нэгдмэл байж, салбарын хөгжлийг шинэ шатанд түүчээлэхэд хамтарч чаддаг. Энэ бол бидний маш том давуу тал. Бид нэг зүгт харж, нэгдмэл байж чадсанаар улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх болно.
10 жилийн турш гүйцэтгэх захирлын албыг хашихдаа багагүй сорилттой тулгарч байсан байх. Өнгөрсөн хугацаанд тулгарч байсан хамгийн том сорилт юу байв. Ер нь аливаа сорилтыг яаж шийдвэрлэдэг вэ?
Бизнесийн салбарт тэр дундаа удирдах албан тушаалд эмэгтэй хүн хүч, ухаан сорино гэдэг амаргүй. Учир нь эмэгтэйчүүд бидний өмнө ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах томоохон сорилт тулгардаг. Миний хувьд, 20 гаруй насандаа чиг үүрэг гүйцэтгэдэг ажилтнаас, компанийн удирдлагаар ажиллахад туршлага бага, суралцах зүйл маш их байсан. Мөн залуу ээж байсан учраас энэ бүхнийг тэнцвэртэйгээр авч явах нь том сорилт болж байв. Энэ сорилтыг даван туулахад миний хань маш их дэмжиж зоригжуулсан.
Би гурван хүүхэдтэй. Одоо бол сорилт гэхээсээ илүү ажил, амьдралын тэнцвэрээ хангах, өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулж байна. Завгүй байх тусам л сэтгэл ханамжтай, илүү эрч хүчтэй байгаа юм шиг санагддаг болж. Гурав дахь хүүхдээ төрүүлчихээд бүр гурван сартай байхад нь ажилдаа орж байлаа. Одоо үндсэн ажлынхаа хажуугаар банк болон даатгалын компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. Хүн завгүй, ачаалалтай байлаа ч сэтгэл хөдлөл, сэтгэл зүйгээ удирдаад явж байхад шантрах мэдрэмж төрдөггүй. Харин ч ачаалал, сорилтуудыг даван туулж, бага ч болов амжилт гаргах бүртээ сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрдэг.
Та өөр юунаас урам зоригийг мэдэрдэг вэ?
Ажлын талбарт хамт олон бол миний урам зоригийн хамгийн том “уурхай” гэж хэлж болно. Зорьсон ажлынхаа ард гарах, хамт олноосоо эерэг сэтгэгдэл, талархал сонсох гээд урам зориг авах зүйл олон бий. Энэ 10 жилийн хугацаанд маш сайн ойлголцож, нэг хүн шиг эрч хүч дүүрэн зүтгэж, зорилгодоо хамтдаа хүрч, өсөн дэвжиж буй багаараа хамгийн их бахархдаг даа.
Хамт олноосоо хамгийн их урам зориг авдаг гэхээр ажилтнууддаа их анхаардаг юм шиг санагдаж байна. Ер нь та хүний нөөцийн бодлогодоо ямар зарчим баримталдаг вэ?
Ажилтан бүрийн тухайд, компанид ажиллах хугацаа, зорилго мэдээж харилцан адилгүй байдаг. Миний хувьд, шинэ ажилтан бүртэй уулзалт хийхийг зорьдог. Уулзалтаар байгууллагынхаа соёл, бизнесийн ёс зүй болон ажилтнаа хэрхэн хөгжүүлдэг талаар, мөн манай компани тухайн ажилтанд ямар үнэ цэнийг бүтээж өгөх талаар нээлттэй ярилцдаг. Өөрөөр хэлбэл, ажиллаж байх хугацаанд нь бид танд үнэ цэнийг бий болгоё, та ч бас бидэнтэй хамт үнэ цэнийг бүтээж амжилт өөд хамтран зүтгэе гэсэн саналыг бидний зүгээс тавьдаг.
Мөн зарим үед ажилтнуудтайгаа найз шиг нь байж, илүү нээлттэй харилцааг үүсгэхийг зорьдог. Энэ нь манай компанийн дотоод уур амьсгал эерэг, хамт олны сэтгэл ханамж өндөр байхад тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу. Мөн ажилтан нэг бүрээ сонсож, хэрэгцээ шаардлага, хүсэл тэмүүллийг нь дэмжихийг зорьдог. Түүнчлэн бид ажилтныхаа суралцах шаардлагатай ур чадварыг тодорхойлж, карьер хөгжлийг нь чиглүүлж зөвлөхийг хичээдэг. Энэ нь ажилтны сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, ажлын бүтээмжид нь ч гэсэн сайнаар нөлөөлдөг.
Тэгвэл бизнест баримталдаг гол зарчим тань юу вэ?
Бизнесийн талбарт ёс зүйтэй ажиллах нь хамгийн чухал. Бид богино хугацаанд ашиг олно гэхээсээ илүү урт хугацааны тогтвортой хөгжлийг чухалчилдаг. Харин тогтвортой хөгжлийн замаар амжилттай замнах нь бизнесийн ёс зүйгээс ихээхэн хамаардаг. Мөн бүхий л үйл ажиллагаандаа оролцогч талуудын тэгш оролцоог хангаж, харилцан ашигтай ажиллагаа, бизнесийн ёс зүйг эрхэмлэн хамтын үнэ цэн бий болгохыг зорьж ажилладаг. Энэ бол бидний хамгийн гол зарчим, манай компанийн үнэт зүйлийн нэг.
Саяхан салбарын хэмжээний томоохон цугларалт болох Co-Growth чуулганыг танай хамт олон зохион байгуулсан. Арга хэмжээний үеэр яригдсан хамгийн чухал сэдвүүд юу байв. Чуулганд оролцогчид хөгжлийн гарцаа юу гэж тодорхойлов?
Бид 15 жилийнхээ ойн хүрээнд “Хамтын үнэ цэн, өсөлт” уриан дор энэ арга хэмжээг зохион байгуулсан. Чуулганаар дамжуулан талуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, бизнесийн хэтийн төлөв, чиг хандлагыг таниулан бизнесээ оновчтой удирдахад нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага хуваалцах боломж бүрдүүлэхийг зорьсон.
Бид Со-Growth чуулганаар 300 харилцагчтайгаа чуулж, “Макро эдийн засгийн төлөв 2024”, “Хөрөнгө оруулалтын боломжууд”, “Бизнесийг төсөл хэлбэрээр удирдах” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн “Топ 50 CEO”, “Монголын бизнесийн орчин, трэнд”, “Харилцагчийн туршлага дахь ажилтны нөлөө” зэрэг сонирхолтой мэдээлэл, судалгааг оролцогчдодоо танилцуулсан. Бизнес эрхлэгчид өнөөгийн тодорхойгүй, ээдрээтэй, эргэлзээтэй бизнесийн орчинд харилцан туршлагаа солилцож, хэрхэн ажиллах талаар хэрэгтэй мэдээлэл авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа “Асуудал ба сорилт”, “Шийдэл ба гарц” гэсэн сэдвийн хүрээнд салбар бүрийн төлөөллүүдийг оролцуулж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн нь харилцагчдад маань ихээхэн мэдлэг, туршлага болсон болов уу гэж бодож байна.
Өнөөдөр Монголд 520 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Танай хувьд бусад ББСБ-аас юугаараа ялгарч байна вэ. Онцлог, давуу талаа хэрхэн тодорхойлох вэ?
Манай байгууллага салбартаа 15 жилийн туршлагатай. Компанийн сайн засаглалыг бэхжүүлж, нээлттэй, ил тод, тасралтгүй байх зарчмын хүрээнд 2014 онд ТУЗ-өө байгуулсан. Одоогоор зургаан гишүүнтэй, 50 хувь буюу гурав нь хараат бус гишүүн.
Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаа мэдлэг болгон, стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгоор 2018 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг санхүүгийн салбартаа анхлан нэвтрүүлсэн. Мөн энэ онд мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүллээ.
Түүнчлэн бид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хөгжүүлэлтийн модельд цаг ямагт анхаардаг. Ингэснээр мэргэжлийн, ёс зүйтэй үйлчилгээний соёлыг бий болгож, харилцагчийн бүтэц, сегментээ тогтвортой тэлсээр байна. Үйлчилгээний хувьд, уламжлалт зээлээр дагнаж байгаад 2019 оноос финтек зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож эхэлсэн.
Уламжлалт зээл дотроо бизнесийн зээлийг түлхүү олгодог. Нэг зээлдэгчид олгох зээлийн дүн өндөр, хурдан хугацаанд шийдвэрлэдэг гэдгээрээ мөн онцлогтой.
Компанийнхаа нийгэмд бүтээж буй үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ. ББСБ гэхээр банкнаас өндөр хүүтэй зээл олгодог гэсэн ойлголт түгээмэл байдаг шүү дээ?
Хүмүүс банк, санхүүгийн салбар дотроо ББСБ-ын талаар ойлголт дутмаг байна гэж би боддог юм. Бид банкны хүрч чадахгүй байгаа сегментэд хүрч ажиллахыг зорьдог. Жижиг, дунд, бүр бичил бизнес эрхлэгчдэд зээл олгож байна. Энэ бол санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж буй нэг хэлбэр шүү дээ.
Тухайлбал, Бичил хөгжлийн сангаас Тогтвортой амьжиргааг дэмжих төслийг хэрэгжүүлж, төсөлд банк болон ББСБ-ууд тендерээр оролцдог байсан. Манай компани тендерт дөрвөн удаа шалгарч, 1.1 тэрбум төгрөгийг 200 орчим жижиг, бичил бизнес эрхлэгчид олгосон. Энэ зээл нь хүү багатай, барьцаа хөрөнгийн шаардлага бага гэдгээрээ онцлог байсан. Гэвч 2019 онд Бичил хөгжлийн сан татан буугдсанаар энэ төсөл зогссон. Гэсэн хэдий ч манай компани тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн зээлийг өөрийн санхүүжилтээр зорилтот харилцагчдадаа олгосоор байна.
ББСБ-ын зээл олгож буй эх үүсвэрийн дийлэнх нь эзний хөрөнгөөс бүрддэг. Эзэн 100 хувь эрсдэл хүлээдэг. Бидэнд нээлттэйгээр хадгаламж авах, харилцах данс нээх эрх байхгүй. Итгэлцэл болон гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, бонд, хувьцаа санал болгох гэх мэт цөөн тооны санхүүжилтийн боломж байдаг ч энэ нь өртөг өндөртэй. Өөрөөр хэлбэл, бидний харилцагчид зээлдүүлж байгаа мөнгө өндөр өртгөөр бүтдэг.
Нөгөө талаар, Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод орчны голлох эрсдэлүүдэд үндэслэн тодорхойлж буй бодлогын хүү ч тогтмол өсөлттэй байна. Төв банкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлого ч зээлийн хүүнд тодорхой хэмжээнд нөлөөлж байдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг.
Ер нь олон улсад ББСБ ямар жишгээр хөгжсөн байдаг юм бол?
Ихэнх улсад “Бичил санхүүгийн байгууллага” гэсэн нэршлээр явдаг. Олон улсад энэ салбарыг дэмжсэн бодлого, эрх зүйн орчин маш тодорхой байдаг. Мөн Төв банк, арилжааны банкууд нь бичил санхүүгийн байгууллагаа бодлогоор дэмжин хөгжүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлдэг. Банк, бичил санхүүгийн байгууллагын ажиллах сегмент нь өөр, ялгаатай байдаг. Манай улсын хувьд банк бус санхүүгийн салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх ажил хангалттай хийгдэхгүй байна гэж боддог.
Хязгаарлагдмал зах зээлд ажиллаж байгаа ч гэлээ зах зээлээ тэлэх ямар боломжууд байна вэ. Өнөөдөр санхүүгийн хүртээмжийн талаар их ярьж байна. Хүртээмжийг нэмэгдүүлэх ямар гарц байна вэ?
Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь нийгмийн хөгжлийг тэтгэхээс гадна эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй.
Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан шуурхай, зардал багатайгаар хүргэх арга замыг эрэлхийлэн ажиллаж байна. Үүний илрэл нь 2019 оноос хойш санаачлан хэрэгжүүлсэн “Эко зээл”, “Итгэлийн гар”, “Монгол шошго”, “Эрдмийн ундраа” зэрэг барьцаагүй, хүү багатай төслийн зээлүүд юм. Төслийн хүрээнд ТББ болон дүүргүүдийн инкубатор төвүүдээр дамжуулж үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон иргэдэд зээл олгодог. Мөн санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид OPAY.mn аппликэйшнээрээ дамжуулан зээлийн үйлчилгээг 21 аймагт хүргэхээр зорьж байна.
Сүүлийн жилүүдэд тогтвортой санхүүжилтийг мөн онцлох болсон байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
Бид 2019 оноос хойш тогтвортой санхүүжилтэд түлхүү анхаарч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэр тал руу чиглүүлэн хөгжүүлж байна. Цахилгааны хэмнэлттэй халаалтын шийдэл, био жорлон, эко дулаалга зэрэг бүтээгдэхүүнийг хямд нөхцөлтэй зээлээр худалдан авах боломжийг бий болгосон. Мөн цахилгаан машин болон насжилт бага, хабрид машины зээлийг илүү уян хатан нөхцөлөөр харилцагчдадаа санал болгодог. Цаашид ногоон хөгжлийг дэмжих зорилгоор энэ төрлийн үйлчилгээнийхээ цар хүрээг улам тэлэхээр ажиллаж байна.
Финтекийн талбар эрчээ авч байна. Танай компани энэ талбарт хэдийнээс хөл тавьсан бэ?
Бид харилцагчийн хэрэгцээнд тулгуурласан технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, 2019 онд цахим кредит картыг, 2021 онд OPAY.mn аппликэйшнээ хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн. Одоогоор бүртгэлтэй харилцагчийн тоо 60 мянгад хүрээд байна. Бидний хувьд мэдээллийн технологийн багтайгаас гадна аутосорсингоор мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажилладаг.
Компанийнхаа алсын харааг та бүхэн хэрхэн тодорхойлдог вэ. “Очир Ундраа ОМЗ” ББСБ-ын дараагийн алхмуудаас хуваалцахгүй юу?
Бид дунд хугацааны стратегиа тодорхойлж, жил жилийнхээ бизнес төлөвлөгөөнд голлох зорилго, зорилтуудаа тусгадаг. Дараагийн гурван жилд бид дижитал шилжилтийг хэрэгжүүлэх гол ажлаараа нэрлэсэн. Энэ хүрээнд нэгдсэн систем бий болгож хөгжүүлэхээс гадна финтекийн зээлийн бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, улам хүртээмжтэй болгохоор зорьж байна. Үүгээр зогсохгүй нийгмийн хариуцлагын ажлуудыг ч тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Манай ажилтнууд бол компанийн үнэт зүйлсийн нэг. Ажилтан ар гэртээ санаа зоволгүй, ажил, амьдралын тэнцвэрийг хангаж, эерэг хандлагыг бүрдүүлж, сэтгэл ханамжтай ажлаа гүйцэтгэх нь чухал.
Тиймээс ажил олгогч үүнийг шийдвэрлэж, аз жаргалтай ажилтныг бүтээж байж л хамтдаа зорилгодоо хүрч чадна гэж боддог. Манай компанийн энэ онд хийсэн хамгийн онцлох ажил бол хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Очун кидс” байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг. Хэчнээн сайхан стратеги төлөвлөгөө боловсруулсан ч хүнээ хайхрахгүй бол харилцан үнэ цэн бүтээж, урт хугацаанд оршин тогтнох бизнесийн үндсэн зарчим алдагдана шүү дээ.
Мөн бидний түүхийг хамтдаа бүтээлцсэн, бүтээлцэж яваа харилцагч, хамтран ажиллагч байгууллага, нийт хамт олондоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ бол таны, бид бүгдийн амжилтын түүх юм шүү. Бидний цаашдын хийж бүтээх их үйлс илүү амжилттай байж, цар хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна.