Сэтгэл хөдлөл (Emotion) гэж яг юу болох талаар сэтгэл зүйчид, судлаачид, гүн ухаантнууд олон зууны туршид маргасаар ирсэн. Oxfort English толь бичгийн үгчилсэн тайлбар нь “Оюун санаа мэдрэмж, хүсэл тэмүүллийн идэвхжилт эсвэл шилжилт хөдөлгөөн; оюун санааны хурц, сэргэсэн байдал” гэсэн байдаг. Миний хувьд
Хэдэн зуун төрлийн сэтгэл хөдлөл, тэр бүхний холио, хувилбар, хувирал бөгөөд аяс (нуанс) байдаг. Үнэндээ бол үгээр тодорхойлох аргагүй олон төрлийн сэтгэл хөдлөлийн нарийн төрөл хувилбарууд байдаг. Судлаачид сэтгэл хөдлөлүүдийн аль нь үндэс-суурь (өнгөөр бол цэнхэр, улаан, шар гэдэг шиг) болох талаар, ер нь үндэс-суурь гэж байгаа үгүй талаар маргасаар ирсэн. Сэтгэл хөдлөлийн суурь багцуудыг тодорхойлсон зарим онолууд байдаг ба одоо ч маргаантай хэвээр байна. Зарим нэг санал дэвшүүлсэн сэтгэл хөдлөлийн үндсэн багцууд болон тэдгээрийн задаргаа нь:
Уур: уур хилэн, уцаар, дургүйцэл, эгдүүцэл, догшрол, егөөдөл, дайсагнал, аргаа баран зэвүүцэх, залхах, унтууцах, өшөөрхөх бөгөөд хамгийн хурц илрэлүүд нь эмгэг зэрэглэлийн үзэн ядалт болон хүчирхийлэл. Уур хүрсэн үед цус гар руу гүйснээр зэвсэг авах, дайснаа цохиход бэлтгэнэ; зүрхний цохилт ихсэж адреналин гэх мэт гормонууд урсан ирж энергийн өндөр төвшинд очиж хурдтай хүчтэй үйлдэл хийхэд бэлэн болно.
Уйтгар: уй гашуу, шаналал, дүнсгэр, гунигтай дүйнгэ байдлууд, өөрийгөө өрөвдөх, ганцаардан гутрах, цөхрөх зэрэг бөгөөд эмгэг хэлбэр нь сэтгэл гутрал (депресс) юм. Уйтгар гунигийн гол физиологийн зорилго нь ойр дотны хэн нэгнээ алдах хагацах түүнчлэн маш ихээр харамсах зэрэг гарз хохирлын үед бие ерөнхий байдлаа зохицуулах явдал юм. Энэ үеэр амьдралд хандах хандлага ялангуяа сэтгэл ханамжтай зүйлс хийх эрч хүч, идэвхи суларч энэ байдал нь хүндэрвэл сэтгэлээр унан хоол боловсруулах системийн эрч суларна. Энэхүү дотогш чиглэсэн эрэгцүүлэл нь гашуудах, харууслаа тайлах, гарах үр дагавруудыг эргэцүүлэн бодох боломжийг өгдөг бөгөөд эрч хүч эргэн ирэхэд шинэ санаа төлөвлөгөөнүүд гаргаж эхэлнэ. Уйтгар гунигтай сэтгэл хөдлөл нь балар эртний цагт гунигт автаж, эмзэг байдалд орсон хүмүүсийн эрч хүчийг багасгаж гэрт нь ойрхон байснаар илүү аюул осолгүй болгодог байсан байж магадгүй юм. (Сэтгэлээ дагасан бие физилиогийн зохицуулалт).
Айдас: Зовних, түгшүүрлэх, цухалдах, санаа зовох, сандрах, болгоомжлох, сэрэмжлэх, аягүйцэх, унтууцах, балмагдах, цочих, айдаст автах зэрэг бөгөөд сэтгэцийн эмгэгийн хүрээнд бол аливаа жижиг зүйлээс ч айж цочих (фобиа, паник) юм. Айдастай үед биеийн хөл гэх мэт гол булчингууд руу цус гүйж зугтаахад бэлтгэдэг – энэ нь нүүр хэсгийн цусыг багасгаж хувхай цайхад хүргэдэг. Үүнтэй зэрэгцээ гүйх үү, нуугдах уу гэдгийг шийдэх түрхэн хугацаанд бие царцана. Сэтгэлийн хөдлөлийг удирддаг тархины хэсгээс биеийг цочроож аюулд орохоос сэргийлж, ирж буй аюулд анхаарал төвлөрүүлдэг олон төрлийн гормонууд урсан гардаг байна.
Баяр хөөр: аз жаргал, ханамж, цэнгэл, хөөрөх, хөгжилдөх, бахдах, бахархах, таашаах, догдлох, долгилох, сэтгэл ханах, сэтгэл таалах, санаа амрах, туйлын баярлах, туйлын хөөрөх зэрэг бөгөөд хэтэрсэн хэлбэр нь маниа/маник юм. Аз жаргал мэдрэх үед тархины төвөөс сөрөг сэтгэл хөдлөлийг дарах үйл ажиллагаа явагдах бөгөөд эрч хүч өндөрсөж санаа зовох бодлуудыг дардаг. Биед ямар нэг өөрчлөлт гарахгүй ба тайван амгалан байдал нөмрөх бөгөөд биеийг ямар нэг бие сэтгэлийн хөдлөлөөс түргэн гаргана. Энэ байдал нь биеийг ерөнхийд нь амрааж, урд байгаа бүх л зүйл, үүрэг даалгавар, янз бүрийн зорилго зорилтынхоо төлөө зүтгэхэд бэлэн, идэвхтэй болгоно.
Хайр: хүлээн зөвшөөрөх, найзархах, итгэх, сайн санах, төрөлхөх, халамжлах, хүндэтгэл, өхөөрдөх, дурлах, сэтгэл алдрах. Хайрлах, сэтгэл “зөөлөн” байх ба сексийн сэтгэл ханамж нь биеийг тайвшруулах бөгөөд физиологийн хувьд айдас болон уураас үүсддэг биеэ чангалан түгшихийн эсрэг байдал гэж болно. Ийн бие бүхэлдээ тайвширан тайван амгалан, сэтгэл ханамжтай болж, бие-сэтгэлийн холбоос үүсгэдэг.
Гайхширах: цочих, хачирхах, гайхаш барагдах, эргэцүүлэх. Гайхах үед хүний нүд томордог нь илүү орон зайг харах мөн нүдний ретинад хүрэх гэрлийг ихэсгэх зорилготой. Энэ нь гэнэтийн үйл явдлаас мэдээлэл цуглуулснаар юу болж байгааг олж мэдэж хариу зохистой үйлдэлд бэлтгэх явц юм.
Зэвүүцэх: жигшил, басамжлал, элэглэл, тохуу, дургүйцэл, холдох, дайсагнал, дургүй хүрэх. Зэвүү хүрэх үед гардаг нүүрний хөдөлгөөн дэлхий даяар хүмүүст ижилхэн байдаг бөгөөд ямар нэг муухай үнэр, амттай юм мэдэрсэн үед гардаг тэр хөдөлгөөн юм. Энэхүү амны өнцгүүд бага зэрэг доошоо мурийсан хамар үрчийсэн хөдөлгөөн нь Дарвины ажигласнаар муухай үнэр дарах, хортой хоол гаргаж хаях балар эртний үеэс уламжилсан нүүрний хувирал ажээ.
Ичгүүр: харамсал, ичих, санаа зовох, гутрал, харуусал, басагдах, гэмшил
Тодруулж хэлэхэд энэ жагсаалтууд нь сэтгэл хөдлөлийг ангилах талаар бүх асуудлыг шийдэж буй хэрэг биш юм . Жишээ нь: уур болон уйтгар, айдсын хольц болох атаархлыг яаж ангилах вэ? Мөн итгэл найдвар, сүсэг бишрэл, зориг, уучлал, бат итгэх, уужуу байдал зэрэг эерэг үйлдлүүд болон эргэлзэх, биеэ тоох, залхуурах, хөшүүн загнах, уйдах гэх мэт зөрөг үйлдлүүдийг яаж ангилах вэ? Одоогоор энэ бүгдэд тодорхой хариулт байхгүй байгаа бөгөөд энэ талаарх шинжлэх ухааны маргаан өрнөсөөр байна…
…Хүний амьдралын хязгааргүй олон сэтгэл хөдлөлийг тайлбарлахын тулд уур, уйтгар, айдас, баяр хөөр, хайр, ичгүүр гэх мэт үндсэн ангиллуудыг би ашигладаг. Энэ бүх ангиллууд нь сэтгэл хөдлөлийн цөмтэй бөгөөд тэндээс улбаалан тоолж баршгүй хольц, хувилбарууд давлагаалан гардаг. Энэхүү давлагааны захад нь ааш байх бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлөөс арай зөөлөрсөн хэлбэртэй бөгөөд удаан үргэлжилдэг. Жишээ нь хүн уур хилэнтэй (сэтгэл хөдлөл) өдөржин байх нь ховор боловч уцаарласан ааштай байж болдог. Ямарваа нэгэн ааш удаан үргэлжилбэл эсвэл олон удаа гарвал тухайн сэтгэл хөдлөл болон аашаас хамаарч гунигтай, айдастай эсвэл хөгжилтэй гэх мэт Хандлага үүснэ. Уйтгар гуниг, айдастай хандлага удаан үргэлжилбэл сэтгэл хөдлөлийн эмгэгүүд болох сэтгэлээр унах, тайвширч болдоггүй үргэлж орших түгшүүр гэх мэт байдалд орно.