Хүн төрөлхтөн гоо сайхандаа анхаарал хандуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн түүх МЭӨ 3500 оноос эхлэлтэй. Өдгөө гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж 540 тэрбум ам.долларт хүрээд байна. Эдийн засгийн хямралыг ч үл ажран хурдтай тэлж буй асар том зах зээлд Note Cosmetique брэнд хүч түрэн орж ирсэн нь 10 жилийн өмнөх түүх. Маш богино хугацаанд 80 гаруй орны эмэгтэйчүүдийн хайртай бүтээгдэхүүн болж чадсаны гол нууц нь бүсгүй хүн бүрт дотоод гоо үзэсгэлэнгээ тодруулах боломж олгосонд оршино.
“Зайсан Стар” төвийн хоёр давхарт Note Cosmetique брэндийнхээ төв салбарыг нээгээд тав дахь жилтэйгээ золгож буй Б.Отгонбаяр захиралтай саяхан танилцсан юм. Тэр бол ажил, амьдралаа эн тэнцүү авч яваа бизнес эрхлэгч эмэгтэй. Маш гоё брэнд дэлгүүртэй болохыг мөрөөдөж, түүндээ хүрч чадсан хөдөлмөрч бүсгүй. Тэр Монгол бүсгүйчүүдэд юу хэрэгтэй байна гэдэгт анхаарал хандуулж, дотуур хувцаснаас бизнесийн гараагаа эхэлсэн гэдэг. Үүний дараа дотуур хувцастай төгс хослох, гоо сайхны брэнд бүтээгдэхүүн оруулж ирэхээр шийдэж, дэлхийн брэндүүдийг судалж эхэлсэн байна. Удаан хугацааны эрэл хайгуулын эцэст байгалийн гаралтай, монгол хүний арьсны онцлогт тохирох, маш боломжийн үнэтэй Note Cosmetique брэндийг оруулж ирэхээр шийджээ. Энэ бол франц бүтээгдэхүүн бөгөөд Европын таван оронд үйлдвэртэй шинэ үеийн залуу брэнд юм.
Амьдралын хөг аялгууг мэдэр
Note гэдэг нь Францаар нот буюу хөг аялгуу гэсэн утгатай. Амьдралын хөг аялгууг мэдэрч, амьдарч буй хором мөч бүрээсээ аз жаргалыг мэдрэх шиг таатай зүйл үгүй. Ийм торгон мэдрэмжийг монгол бүсгүйчүүдэд мэдрүүлэхээр Б.Отгонбаяр захирал сэтгэл шулууджээ. Гурван сая хүн амтай, хөгжиж буй улсад дэлхийн брэндийг оруулж ирж, нутагшуулна гэдэг амаргүй даваа. Хамгийн эхэнд жилийн борлуулалтын лимиттэй нүүр тулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн бол өдөр бүр талх шиг их хэмжээгээр борлуулагддаггүй онцлогтой. Орлогогүй өнжих өдөр ч тэдэнд гарна. Эхний хоёр жил нэг ч төгрөгийн ашиг авалгүй, бүх орлогоо цалин, маркетинг, түрээсдээ зарцуулж байжээ. Гэсэн ч Б.Отгонбаяр захирал бууж өгөөгүй. Учир нь тэр Note Cosmetique брэндийг оруулж ирэхдээ богино хугацааны ашиг гэж хараагүй. Тэр бүх зүйлд үнэн, үнэнч байхыг эрхэмлэжээ. Дандаа биш ч жилдээ нэг удаа бодит хямдрал зарлаж, үйлчлүүлэгчдээ баярлуулна. Тэд Монголын нөхцөлд тохирохгүй, эсвэл хугацаа нь дуусах гэж буй бүтээгдэхүүн байвал тэр даруй татан авалт хийдэг. Буруу сонголт хийсэн хэрэглэгчид зөвлөгөө өгч, буцаалт хийх хүртэл арга хэмжээ авдаг. Мөн тэд үйлчлүүлэгчдэд яг тохирох, хамгийн сайныг сонгоход чин сэтгэлээсээ тусалж, зөвлөхийг эрхэмлэдэг. Жижиг зах зээл учраас “Нэг бүтээгдэхүүн борлууллаа, ашгаа авлаа, баяртай” гээд сууж болохгүй. Байнгын харилцагчтай байхын тулд олон жилийн турш зөв сонголт хийж, зөв харилцахыг чухалчилж иржээ. Үүний ачаар гурав дахь жилээсээ Note Cosmetique ашгаа өгч эхэлсэн гэдэг.
Өөртөө итгэх итгэлээ хөглө
“Ямар эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ?” гэж өсвөр насны охиноос асуувал “Хөөрхөн, гоолиг, ухаалаг” гэж хариулах биз. Харин 30 настай бүсгүй энэ бүхэнд төдий л ач холбогдол өгөхгүй болов уу. Учир нь тэр “Өөртөө итгэлтэй эмэгтэй” л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг болохыг аль хэдийнэ ойлгосон байдаг учраас. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрийгөө таньж мэдсэн төдийгүй өөрийн дотоод гоо үзэсгэлэнг тодруулж, өөрийн жинхэнэ хүч болгож чаддагт орших болов уу. Тэгвэл эмэгтэй хүний хамгийн том хүч болох өөртөө итгэх итгэлийг өдөр бүр өнгөлж, хөглөж байдаг Note Cosmetique брэнд монголчуудад нэгэнт танил болжээ.
Note Cosmetique бол их “зовлон үзсэн” брэнд. Тийм болохоор би маш их хайртай” гэж Б.Отгонбаяр захирал хэлсэн юм. Тэдний өмнө тулгарсан хоёр дахь том асуудал нь Ковид-19 цар тахал байлаа. 2019 оны хавар дэлгүүрээ нээгээд зургаан сарын дараа улс орон даяар онцгой байдал зарласан нь маш том цохилт болж дэлгүүрээ хаахаас аргагүй нөхцөлтэй тулгарсан гэдэг. Тэгээд бусдын адил онлайнаар захиалга авах оролдлого хийж үзтэл нүдэндээ итгэмгүй их борлуулалт хийжээ. Хүн бүхэн гэртээ “хоригдож” байхдаа нүүрээ будаж сурахыг, гоо сайхан харагдахыг хүсэж байгааг эндээс олж мэдсэн байна. Тэд вэбсайтаа яаралтай ажиллагаанд оруулж, Instagram, Facebook -ээр захиалга авч эхэлжээ. Ингэж бэрхшээлийг боломж болгож чадсан юм. Note Cosmetique-ийг зорьж ирсэн хүн бүхэнд нэгийг авбал нэгийг бэлэглэж, чанартай бүтээгдэхүүн гэдгээ мэдрүүлсээр байв. Бүтээгдэхүүн бүр нь өндөр чанартай, итгэлтэй учраас өнөөдрийг хүртэл тэд аман маркетингаар буюу органикаар зах зээлээ тэлж өсөлт үзүүлсээр иржээ.
Сонголт үргэлж таны гарт
Брэнд нутагшуулна гэдэг бол маш өндөр ёс зүй, дэг журам, хариуцлагатай, мөн тэвчээртэй байхыг шаарддаг хүнд хөдөлмөр. Note Cosmetique-ийг оруулж ирлээ гээд Б.Отгонбаяр захирал олон жижиг салбар нээж, богино хугацаанд ашиг олохыг эрмэлзээгүй. Харин албан ёсны дэлгүүр гэдэг утгаар стандартаа барихыг чухалчилж байв. Дөрвөн жилийн турш ганцхан төв салбараа ажиллуулж, бүх эрсдэлийг туулаад гарсан байна. Харин өнөөдөр тэд үндсэн гурван салбартай, Flamme, COSE Cosmetics зэрэг гоо сайхны их дэлгүүрүүдээр худалдаалагддаг, орон нутагт албан ёсны гэрээт борлуулагчидтай болжээ.
Худалдааны зөвлөх, хүргэлтийн ажилтнаас эхлээд гүйцэтгэх захирал хүртэлх бизнесийн шат дамжлага бүрт Б.Отгонбаяр өөрөө гар бие оролцож ирсэн нь түүнд өнөөдрийн амжилт, ялалтыг авчирчээ. “Эрдэнүүн хүсэл” ХХК -ийн дотоодын зах зээлд нутагшуулсан Note Cosmetique брэнд өнгөрсөн хугацаанд улсад 116 сая төгрөгийн татвар төвлөрүүлж, найман хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилласан байна.
Хүн төрөлхтөн хөгжлийн оргилд хүрэхийн хэрээр эргээд байгаль дэлхийтэйгээ ойр байхыг илүүд үзэх болсон. Нүүр будалтын чиг хандлага ч төрөлхийн мэт натурал байдлыг эрхэмлэх болжээ. Охид бүсгүйчүүд өөрийн арьсны өнгөнд төгс уусах өнгө будгийг сонгох нь маш чухал. Энэ бүхэнд нийцэх сонголтыг Note Cosmetique монгол бүсгүйчүүдэд санал болгодог. Б.Отгонбаяр захирлын эмзэглэж явдаг нэг зүйл бол “Охид бүсгүйчүүд гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн, буцах хаяггүй бүтээгдэхүүн худалдан авч, өөртөө хайргүй үйлдэл бүү гаргаасай” юм.
Note Cosmetique брэнд хэзээ ч, хэнд ч, ямар ч бүтээгдэхүүнийг шууд худалдан авахыг тулгадаггүй. Бүх боломжит хувилбарыг санал болгодог. Сонголт үргэлж таны гарт. Энэ бол Note Cosmetique.