– Business.MN сэтгүүлийн 2023 оны 10 сарын дугаар (№61) -т хэвлэгдсэн нийтлэл –
Цамцны оруулга торгон дээр гараар зурах бүтээлч үйлдвэрлэлийг Л.Зул дотоодын эмэгтэй хувцас үйлдвэрлэлд анх нэвтрүүлсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Герман улсад мэргэжлээрээ дадлагажих явцдаа тэрбээр торгон дээр гараар зурах урлагтай анх танилцсан нь энэ чиглэлээр цааш сонирхон суралцах эхлэл болжээ. Уран бүтээлчийн хувьд энэ төрлийн урлалыг хувцас загварт шингээх хүсэл чухам тэр үед л түүнд төрсөн байна. Ингээд Германаас эх орондоо ирээд Л.Зул торгон алчуур дээр бүтээл урлахаас гадна гар зургаа хувцсанд шигтгэн анхны торгон оруулгатай монгол цамцны цуглуулгаа бүтээж байв. Үндэсний хээ угалзаас санаа авч гараар зурсан торгон оруулгатай энэхүү эмэгтэйлэг монгол цамц нь өндөр эрэлттэй болсонд ихэд урам авч, хүмүүсийн хувь захиалгыг үргэлжлүүлж хийсээр 2019 онд “Dew шүүдэр” брэндээ үүсгэн байгуулжээ.
Загвар, хийцийн ялгарал
СУИС-ийг артист дизайнер мэргэжлээр төгссөн Л.Зул хүүхэд байхдаа л зурах авьяасаа олж илрүүлсэн бөгөөд багын хүсэл сонирхолдоо хөтлөгдсөөр өнөөг хүрчээ. Ийнхүү дуртай ажлаа хийсээр өөрийн эрхгүй бизнесийн салбарт хөл тавьсан түүний “Dew шүүдэр” брэндийн хувцаснууд дотоодын ижил төрлийн хувцас үйлдвэрлэлээс хоёр зүйлээр ялгардаг. Эхнийх нь, дизайнерын дотоод ертөнцөөс бүтэх дэгжин, эмэгтэйлэг өнгө аясыг тодотгох эсгүүр хийц бол удаах нь, Германы цэвэр торгон дээр гараар зурсан деталь оруулгатай хувцас болоод ороолтууд юм.
“Dew шүүдэр” брэндийн дизайнер Л.Зул зориод ирэх үйлчлүүлэгчийнхээ сонирхол, хэрэгцээг ойлгож, биеийн онцлогт нь тохирсон хувцсыг урлаж өгөхдөө ямагт сэтгэлээсээ хандаж, хамтран зөвлөлдсөний эцэст бүтээлээ хийдэг.
Бүсгүйчүүд хувцаслалтын ямар ч хэв маяг сонирхдог бай өмссөн хувцсандаа эмэгтэйлэг шинж чанарыг багахан нэмж өгөхөд л эрч хүч, гоо үзэсгэлэнг мэдэрч аз жаргалтай болж чадна.
Бүсгүйчүүдийг гоёж, хээнцэр дэгжин харагдуулах чин хүсэлтэй түүний хэлснээр тухайн үйлчлүүлэгч хувцаслалтын ямар ч хэв маягийг сонирхдог байлаа ч хувцсандаа эмэгтэйлэг шинж чанарыг багахан нэмж өгөхөд л эмэгтэйлэг эрчим, гоо үзэсгэлэнгээ мэдэрч аз жаргалтай болдог байна. “Dew шүүдэр” брэндийн бүтээгдэхүүн бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан байдгаараа онцлог. Гэхдээ дийлэнх үйлчлүүлэгч нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэдгийг тодотгож байв. Тэд ажил хэрэгч уулзалт, арга хэмжээнд оролцох хувцсаа тус брэндэд захиалж хийлгэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүнээс худалдан авах нь бий. Мөн бэлэн бүтээгдэхүүнээс таалагдсан хувцсаа өөрийн биеийн онцлогт тохируулж, өөрчлөн захиалж болдогоороо илүү уян хатан сонголттой юм.
Ухаалаг хэрэглээ
“Dew шүүдэр” брэнд жил бүр хавар, намар, зуны коллекц танилцуулдаг. Эдгээр коллекцид цув, даашинз, цамц, өмд гэх зэрэг бүх төрлийн эмэгтэй хувцас бий. Брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Л.Зул бүтээлийн санаандаа байгальд ээлтэй, дахин ашиглах эко футуризмын хэв маягийг шингээхийг эрмэлздэг. Хэрэв тус брэндийн бүтээгдэхүүнээр гоёхыг хүсвэл bestseller буюу хамгийн их худалдан авалттай коллекцоос сонговол ухаалаг сонголт болж чадна гэдгийг зөвлөж байна. Тухайлбал, зах нь салдаг даашинз, пиджак, цамцнуудыг арга хэмжээ, өдөр тутамд тохируулан өмсөж болохоос гадна бусад хувцастай ч хослуулах боломжтой. Мөн эмэгтэйчүүд шинэ жилийн гоёлын хувцсаа ихэнхдээ жилд нэг л удаа өмсөж, бусад үед шүүгээндээ өлгөдөг бол “Dew шүүдэр” брэндийн шинэ жилийн даашинзны чимэглэлүүдийг салгаж авснаар өдөр тутам энгийн үед ч өмсөж болдгоороо онцлог.
Зөв цагтаа зөв газраас хөрөнгө оруулалт авах алхмыг зоригтой хийж чадвал чанартай бүтээл “төрөх” хугацааг хэмнэдэг.
Оновчтой хөрөнгө оруулалт
“Dew шүүдэр” брэндийг үүсгэн байгуулагч бизнесийн салбарт өөрийн эрхгүй хөл тавьсан урлагийн хүн. Тэрбээр гадаадад ажилласан цалингаараа нэг ширхэг оёдлын машин авч, хувцас захиалга хийж эхэлснээр гарааны цэгээ тавьжээ. Бүтээлээ үйлчлүүлэгчийнхээ хүсэлд нийцүүлэхийг үргэлж хичээж ирсэн нь “Dew шүүдэр” брэндийн эхлэл болно гэдгийг тухайн үедээ тэрбээр огтхон ч төсөөлөөгүй байсан юм. Брэндээ үүсгэн байгуулсан эхэн үедээ түрээсийн 20 гаруй м.кв байранд үйлдвэрлэлээ явуулж байсан бол өдгөө үйлдвэрийн талбайгаа 100 гаруй м.кв болгон өргөжүүлжээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Dew шүүдэр” брэнд борлуулалтын орлогоо 2-3 дахин өсгөсөн. Чанартай бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа “Рио Тинто Монгол” компаниас санаачилсан ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд “Инвескор” санхүүгийн байгууллагаас авчээ. Ингэснээр бүтээлээ эсгэхээс эхлээд үйлдвэрлэх, түгээх, сурталчлахад шаардлагатай хөрөнгө оруулалтаа зөв хуваарилж, далайцтай хийж чадсан байна. Хэрэв зөв цагтаа зөв газраас хөрөнгө оруулалт авах алхмыг зоригтой хийж чадвал чанартай бүтээл “төрөх” хугацааг хэмнэж өгнө хэмээн брэндийг үүсгэн байгуулагч хэлж байв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Dew шүүдэр” брэнд борлуулалтын орлогоо 2-3 дахин өсгөжээ.
Тоонд бус чанарт…
“Dew шүүдэр” брэнд бүтээгдэхүүнээ дизайнеруудын дэлгүүр болон цахимаар борлуулахаас гадна брэндийнхээ шоурүүм (show room) -д захиалга авдаг. Тэд ирээдүйд “Dew шүүдэр” брэндийн нэрийн дэлгүүр байгуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ хилийн чанад дахь монголчуудын гар урлалын дэлгүүрүүд бүтээгдэхүүнийг нь борлуулах саналыг тавьдаг аж. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд нийтлэг бус бүтээлийн хэв шинжтэй. Энэ утгаараа олон тоогоор үйлдвэрлэгддэггүй бөгөөд зорилтот үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн үнэ цэнтэй бүтээл урлах зарчмаа цаашид ч баримтална гэдгээ онцолж байна.