/Business.mn-ий таван жилийн ойд зориулав/
Миний аялал
Үе үе өглөө ажил руугаа явж байхдаа “Энэ ажил миний хувьд ямар утга учиртай вэ?” гэж дотор хүнтэйгээ ярилцаж өөрийгөө “чеклэнэ”. “Ажил дээрээ очоод би дуртай зүйлсээ хийнэ, нөгөө сэдвээ судалж эхэлнэ, тэр номын дараагийн бүлэгт энэ тухай юу гэж бичсэн нь сонирхолтой, подкастын дараагийн дугаараар энэ талаар заавал асуух юм шүү” гэх мэт бодлын хэлхээнээс таатай мэдрэмжүүд төрж, алхаа түргэснэ.
Иймэрхүү байдлаар сүүлийн таван жил өнгөрчээ. Би амьдралаас өгсөн нэг зүйлд маш их талархдаг. Тэр бол багаасаа олж авсан үргэлж шинийг сонирхох, судлах, суралцах дадал. Энэ дадал Business.mn-ий редактораар ажилласан таван жилд надад их сургууль дүүргэснээс ч илүү мэдлэг, туршлага өгсөн юм.
2018 оны төгсгөлд манай сэтгүүл байгуулагдаж, анхны дугаарын гол зочноосоо ярилцлага авч байхдаа “ERP” гэдэг товчлолоос эхлээд компанийн процесст ашигладаг олон нэр томьёо, ойлголтыг анх удаа сонсож, дараа нь авсан яриагаа хэрхэн хөрөг нийтлэл болгохоо сайн мэдэхгүй сууж байлаа. Харин өнөөдөр манай редакцынхан “Бизнесийн дижитал шилжилт” гэдэг сэдвээр дурын технологийн компани дээр очоод бүтээлч яриа өрнүүлж чадна. Бизнесийн сэтгүүлийн редактор гэдэг хариуцлагатай ажлыг хүлээж аваад нийтлэлүүдийн хэв маягийг тодорхойлохдоо “Ямар ч гэсэн уйтгартай юм бичиж болохгүй” гэсэн бодолтой байв. Барууны хэд хэдэн сэтгүүлийн материалуудыг уншиж, “За нэг ингэж бичихэд болох байх” гэсэн баримжаа авч, эхний дугаараа гаргасан. Анхны бизнес хөргүүдийг уншсан хүмүүс “Уншууртай юм байна” гэж хэлэхийг сонсоод санаа амарч байв.
Багийн аялал
Захирлууд, зөвлөхүүдтэй өдөр тутамдаа ажилладаг болсноор хамгийн сонсдог өөр нэг үг бол “манлайлал”. Миний хувьд менежерийн ур чадвараар гайхуулаад байх зүйл багахан ч Business.mn-ийг энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд сонирхолтой, байнга суралцдаг, газар байгаасай гэсэн тэмүүлэлтэй явж ирсэн. Суралцаж болдог орчинд хүнд сэдэл санаа төрнө, зорилгоо олж авна, бүтээмж дээшилнэ, үнэ цэнтэй ажилтан болно, нэг үгээр хувь хүний хөгжлийн бүхий л таатай хөрс бүрддэг. Тиймээс Business.mn зөвхөн цалин урамшуулал, бонусаар зогсохгүй, тухайн хүн энд ажиллаж, өдөр тутмын амьдралынхаа гуравны нэгийг өнгөрөөхөд харамсахааргүй байх ёстой гэсэн соёл манай багийн дотор бий болж яваад баяртай байдаг. Ажлын байран дээр элдвийн дарамтгүй, хоргүй, нээлттэй харилцаа өрнөдөг нь багийг урагш авч явах том хүч болдог гэж боддог. Тиймдээ ч гарсан хүмүүс байнгын харилцаатай, эсвэл буцаж ирэх хүсэлтэй байдаг байх. Хүний нөөц талаас нь авч үзвэл Business.mn-д ажил, мэргэжлийн бас л нэгэн сонирхолтой, мартагдашгүй аялал байгаасай гэж зорьдог.
Уншигчид, харилцагчдын аялал
Бизнесийн орчинд ажилладаг хүмүүстэй ярилцаж эхэлсэн цагаас л “Алсын хараа” гэдэг үгийг их сонсох болсон. Яваандаа алсын хараа нь нэг ёсондоо тухайн бизнесийн үндсэн хууль гэмээр чухал зүйл гэдгийг ойлгож, алсын хараагаа сайн ойлгоогүй бизнесүүд ямар бэрхшээл туулдаг, ойлгосон нь зах зээлд ямар давуу тал олж авдгийг анзаарав. Цаашлаад, манай сэтгүүл ямар алсын хараатай байх ёстой талаар эргэцүүлж, үүсгэн байгуулагч Д.Энхбатын дахин дахин давтдаг мэссэжүүд ямар утга учиртай нь илүү ойлгомжтой болж ирэв. Нэгэн том компанийн СЕО “Хүнд хэрэгтэй байхыг л зорьдог” гэж хэлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүлэв. Энэ мэтээр манай багийнхан ярилцаж явсаар Business.mn сэтгүүл бол “Бизнес эрхлэгчдийн ширээний сэтгүүл байх ёстой, цаашлаад бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ болох учиртай” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өнөөдөр онгоцонд Business.mn сэтгүүлийг үрчийтэл нь уншсан байхыг хараад, “үнэхээр өгөөжтэй зүйлс уншлаа” гэсэн сошиалын сэтгэгдлүүд уншаад бид юутай ч хүнд хэрэгтэй юм хийж яваа юм байна, алсын хараандаа тэмүүлж ажиллаж чадаж байна гэсэн бодол төрнө.
Нөгөө талаар хэвлэмэл сэтгүүлийн дотоодын зах зээлд цэвэр бизнесийн зарчмаар тогтвортой ажиллана гэдэг үнэхээр ярвигтайг медиа салбарынхан сайн мэднэ. Ийм нөхцөлд улс төрийн амьдралаас хараат бус байж, өөрсдийгөө аваад явж байгаад багийнхандаа талархдаг. Супер авьяастай хүмүүс цуглаагүй ч зөв алсын хараатай, тодруулбал, хүнд хэрэгтэй зүйл хийж яваагийн хүчинд Business.mn-ий харилцагчдын хүрээ, нэр хүнд, багийн гишүүдийн тоо, ур чадвар, бизнесийн ашигт ажиллагаа аажим өссөөр, тэлсээр.
Өнгөрсөн таван жилд хамгийн сайн ойлгож авсан нэг зүйл маань бизнес бол зөвхөн мөнгө олох тухай яриа биш гэдэг зарчим. Цар тахал эхэлснээр сэтгүүлийн байдал хүндэрч, тараад явахад бэлэн өдрүүд байсан ч редакц болон борлуулалтынхан “Бидний хийж буй зүйл үнэ цэнтэй” гэсэн итгэл үнэмшлээр сэтгүүлээ гаргасаар, сайтынхаа үйл ажиллагааг доголдуулахгүй авч явж, подкастуудаа гэрээсээ бичиж байв. Яг л хүчтэй салхинд бөхөх гээд байсан очийг унтраалгүй авч үлдсэнтэй адил. Харин өнөөдөр бид нэгэнт эрчээ аван өнхөрч буй цасан бөмбөг болсон.
Мөн энэ таван жилд бизнес эрхэлнэ гэдэг ямар нэгэн үнэ цэн бүтээх үйл явц, аялал байдаг гэдгийг мэдэрсэн бөгөөд бид өөрсдөө ч ийм аялал хийж байгаа. Хэдийгээр Монголын бизнесүүд зах зээлийн харилцаа гэхэд хачин жигтэй, зарим талаар хэтэрхий шударга бус орчинд ажиллаж байгаа ч тэдний зовлон, жаргалын талаар бичих, мэдлэг, туршлага олсон бодит түүхүүдээс сонсоно гэдэг маш сонирхолтой ажил, адал явдал байдаг. Учир нь бизнес эрхлэгч болгоны цаана хүсэл мөрөөдөл, уналт бүтэлгүйтэл, баяр баясал, гомдол цөхрөл гэх мэт бүх төрлийн эмоциор дүүрэн хүний амьдралын түүх өрнөж байдаг.
Нөгөө талаар бизнес эрхлэгч бүрд өөрийн бизнесийн алсын хараа, үнэ цэнийг зах зээлд таниулах харилцаа, маркетингийн хэрэгцээ бий. Энэ болгоныг нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны контекстой холбон бичнэ гэдэг бол миний, манай редакцийн хамгийн хийх дуртай ажил нь. Нэг үгээр, энэ талаарх мэдлэгийг сэтгүүлчийн ур чадвартай, маркетингийн оновчтой стратегитай хослуулбал үнэхээр өвөрмөц бүтээгдэхүүн бий болно. Тиймээс бид бизнес эрхлэгч харилцагчдаа харьцангуй сайн ойлгож, мэдэрч чаддаг гэж боддог. Ийм болохоор “Танай сэтгүүлчид яаж ингэж оновчтой асууж чаддаг юм бэ?”, “Танай маркетинг, борлуулалтынхан ямар сайн мэдээлэлтэй юм бэ?” гэж асуудаг хүн цөөнгүй.
Дараагийн чиглэл
Business.mn-ий хүрээнд байнга яригддаг нэг зүйл бий. Энэ нь бизнесийнхэн холбогдож, холбогдсоноор төрөлжилт бий болж, төрөлжсөнөөр бүтээмж дээшилж, ингэснээр өрсөлдөх чадвартай болно гэсэн санаа. Үүнээс улбаалж “Бизнесүүд хоорондоо холбогдож хамтран ажилладаг орон зайг бүрдүүлсэн агуулга, үйл ажиллагаа бүхий платформ байна” гэсэн нэг том зорилт манайд бий. Энэ зорилт бидний ажлыг маш сонирхолтой, үнэ цэнтэй болдог. Хувь сэтгүүлчийн өнцгөөс харсан ч өдөр тутамдаа төрөл бүрийн компанийн захирлууд, чадварлаг менежерүүд, энтрепренерүүд, салбар бүрийн бизнесийн зөвлөхүүдтэй уулзаж мэдээлэл авч, солилцоход тухайн сэтгүүлчийн мэдлэг нь дээшлэхгүй байхын аргагүй.
Сэтгүүлч өөрөө хөгжих явцад өөрийн ажлаар дамжуулан бизнес эрхлэгчид бие биедээ мэдлэг, туршлагаа хуваалцах, холбогдоход зуучлагч, хурдасгагч нь болдог. Тиймээс аль нэгэн компани эсвэл энтрепренерийн талаар судлахдаа тэднээс суралцах зүйлсийг нь онцолж асуудаг, бичихийг хичээдэг. Ялангуяа тухайн энтрепренерийн сэтгэлгээг нээн тайлбарласан ярилцлага, хөрөг нийтлэлүүд нь манай контентын чухал чиглэл байдаг. Ингэснээр бид аажмаар текстийг оролцоотой, бичихийг холбон тоглохтой хослуулсан редакцийн үйл ажиллагаатай болох юм.
Учир нь редакц бол бол зөвхөн бичих бус зохион байгуулах ажил. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн сайн контент биш, сайн контентыг бий болгодог арга барил, системийг бүтээхийг зорьж байна. Энэ бол бидний дараагийн том аялал байх болно.
Г.Даваадорж. Buisness.mn-ий ерөнхий редактор