– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 сарын дугаар (№61) -т хэвлэгдсэн нийтлэл –
Proband бөсгөсөн шохой бол дотоодын түүхий эдээр хийсэн, импортыг орлох инновацын бүтээгдэхүүн бөгөөд нийслэлд төдийгүй Монгол Улсад тулгарч буй агаар хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилготой.
Муу менежментийн үнэр
Баруун талаар Улаанбаатар руу орж ирсэн хүн бүрийг нийслэл маань эвгүй үнэрээрээ “угтан мэндчилдэг”. Энэ бол бохир ус цэвэрлэх явцад тунаж үлддэг лагийн үнэр. Арван тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний лаг задгай талбайд байдаг бөгөөд хатах үйл явц нь 4-6 жил үргэлжилдэг.
Лагийн асуудал нь удаан жилийн, олон талын шалтгаантай. Үүний нэг нь аж үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх дэд бүтэц муу хөгжсөн, ялангуяа арьс шир боловсруулалтаас бий болдог бохир нь урьдчилан цэвэрлэх болон төв цэвэрлэх байгууламжуудад хүндрэл учруулдаг явдал юм.
Гэхдээ үүнд шийдлүүд хангалттай бий. Гагцхүү ухаалаг бодлого, оновчтой менежмент дутаж байгаа. Лаг шаврын хэмжээг бууруулах, үнэрийг дарах, цэвэрлэх байгууламжуудын ачааллыг багасгах, цаашлаад усан хангамжийг шинэ шатанд гаргах нэг сонгодог шийдэл бол бөсгөсөн шохой буюу гидратын шохой ашиглах юм.
Бөсгөсөн шохой гэж юу вэ?
Энэ бол байгаль дээр байдаг шохойн чулууг өндөр температурт шатааж гаргасан бүхэл шохойг унтраах арга буюу гидратацийн урвалд оруулж, доторх дутуу шатсан чулуу, бусад хольц хаягдлаас салгасан 92-97 хувийн цэвэр шохой (Ca(OH)2) юм. Бөсгөсөн шохойг цэвэрлэх байгууламж, халдваргүйжүүлэлт, арьс шир боловсруулалт, зам, барилгын материал болон хүнсний үйлдвэрлэл, ХАА, уул уурхайн баяжуулалт, цэцэрлэгжүүлэлт, шахмал түлшний барьцалдуулагч, цаас, резин, сахарын үйлдвэрлэл гэх мэт олон салбарт үндсэн болон туслах түүхий эдээр ашигладаг.
Бөсгөсөн шохойн ашиглалт олон мянган жилийн түүхтэй. Египетчүүд пирамид барихад ашигладаг байсан бол ромчууд усан суваг, хөшөө дурсгал байгуулахдаа илүү боловсронгуй болгожээ. Дундад зуунд цайз, сүм хийд, бэхлэлтэд өргөн хэрэглэж, шохойг унтраах процесс илүү стандарт шинжтэй болсон байна.
Аж үйлдвэрийн хувьсгал бөсгөсөн шохойны эрэлтийг улам нэмж, газар тариаланд хөрсний хүчлийг бууруулахад хэрэглэж, мөн хөгжиж эхлээд байсан химийн үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. Харин ус цэвэршүүлэх, арьс шир боловсруулахад ашиглаж эхэлсэн түүх ХIХ зуунаас эхлэлтэй. Орчин үед аж үйлдвэр дэх экологийн шаардлагуудтай холбоотойгоор, бөсгөсөн шохойг газрын тос боловсруулах, цахилгаан станцуудын утаан дахь хүхрийг багасгах, байгаль хамгааллын чиглэлээр өргөн хэрэглэж байна.
Бөсгөсөн шохойг ашиглах боломжийг баталгаажуулах зорилгоор хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг Дэлхийн химийн холбоо, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллага судалсан байдаг. Бөсгөсөн шохой нь хүний биед хорт хавдар болон хөрсөнд био хуримтлал үүсгэдэггүй бөгөөд химийн бодисын хор аюулын ангиллын III бүлэгт хамаарагддаг бодис юм.
Таагүй тоонууд ба таарсан шийдэл
Монголын Мянганы сорилтын сангийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй бохирдуулагч бүртгэгдсэн байна. Үүнд, авто засвар, машин угаалгын газруудаас эхлээд мах, сүү, ноос ноолуур, архи ундаа, талх, нарийн боов, нэхмэл, арьс ширэн эдлэл, модон эдлэл, хуванцар, хэвлэх үйлдвэрүүд гээд олон чиглэлийн байгууллага хамаарна. Гэхдээ энэ бол бүрэн бус тоо бөгөөд ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж буй нийт бохирдлын 36 хувийнх нь эх үүсвэр тогтоогдоогүй. Ер нь бохирдуулагчдын талаарх мэдээлэл судалгаа муутай, нийгэмд илүү яригддаг нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохирдол юм.
Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хүхрийн хүчил, шохой, сод, сульфид аммони, хромын идээлэгч, төрөл бүрийн тос, гадаргуу идэвхт бодисууд гэх мэт 300 гаруй химийн материал хэрэглэдэг. Эдгээр бодис 100 хувь арьсандаа шингэдэггүйн улмаас тодорхой хэмжээгээр бохир ус болж хаягддаг. Энэ нь арьсны өөрийн химийн бүрэлдэхүүн болох уураг, тос, натри, кальци агуулсан эрдсийн бодисуудтай холилдож бохир усны шуудуунд орно. Үүнээс улбаатай урьдчилан цэвэрлэх байгууламжид (УЦБ) стандарт бус бохир ус очиж, байгууламжийн суваг шуудуу бөглөрөх, түүнээс болж эвгүй үнэртэх, лаг шавартай хамт урсан очих химийн хүнд элементүүд нь урьдчилан болон төв цэвэрлэх байгууламжийн (ТЦБ) ачааллыг хэтрүүлэх зэрэг асуудал гинжин урвалаар бий болно. Тиймээс арьс шир боловсруулахад зөвхөн бөсгөсөн шохой хэрэглэх MNS 6738-2018 стандартыг баталжээ.
Өнөөдөр манай улсад нийт таван сая орчим ширхэг арьс шир боловсруулдаг. Үүнд, нийт 4000 тонн бөсгөсөн шохой ашиглах тооцоотой ч үйлдвэрүүд 5000-6000 тонн шатаасан түүхий шохой буюу бүхэл шохой хэрэглэдэг. Монгол Улсын зөвлөх инженер С.Бүрэнгийн бичсэнээр ийм шохой хэдийгээр хямд үнэтэй ч 34 хувь нь дутуу шаталттай, бохирын суваг бөглөдөг, түүхий эдийг халимлах үед бохир усны шуудуунд унасан халим, өөдөс, захалгаа гэх мэт уураг агуулсан хаягдалтай холилдон эвгүй үнэр үүсгэдэг байна.
Өнөөдөр манай улсад нийт таван сая орчим ширхэг арьс шир боловсруулдаг. Үүнд, нийт 4000 тонн бөсгөсөн шохой ашиглах тооцоотой ч үйлдвэрүүд 5000-6000 тонн шатаасан түүхий шохой буюу бүхэл шохой хэрэглэдэг.
1990 оноос хойш арьс ширний үйлдвэрүүд хувийн эзэмшилд очиж, Хятад улсаас бүхэл шохойг тээрэмдэж нунтагласан унтраагаагүй шохойг импортоор авах болсон. Гэвч импортын шохой нь 27- 50 хувийн идэвхт бодистой, 1-5 мм хүртэл шохойн чулуу, элс гэх зэрэг хаягдал агуулсан учраас технологийн шаардлага хангадаггүй.
Бүр өмнө 1984 онд “Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв”-д бөсгөсөн шохойг арьс ширний үйлдвэрүүдэд ашиглах замаар арьс ширний чанарыг сайжруулан торгон савхи үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажил хийгдэж, бөсгөсөн шохойн завод байгуулах Сайд нарын зөвлөлийн тогтоол хүртэл гарч байжээ. Гэвч 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа арьс ширний үйлдвэрүүд уналтад орсны улмаас дээрх төсөл зогссон байна.
Үүнээс хойш 27 жилийн дараа л бөсгөсөн шохойны Монголын анхны бөгөөд цорын ганц үйлдвэр Дархан-Уул аймагт байгуулагдсан юм. Энэ үйлдвэрийн шохой нь монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа болон үндэсний компанийн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн юм. Анх 2017 онд бүтээгдэхүүнийг амжилттай туршиж “Дархан Минж”, “Дархан Нэхий”, “Булигаар” зэрэг компани болон зарим жижиг цех ашиглаж эхэлжээ. 2018 онд холбогдох стандартыг баталж, Нийслэлийн инновацын үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг Гранпри, 2019 онд МҮХАҮТ-ын Шилдэг инновац, 2020 онд “Эко барьцалдуулагч” нь Засгийн газраас олгодог Шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тус тус шалгарчээ.
Одоогоор Дархан-Уул аймагт цагт 20 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай Бөсгөсөн шохойн үйлдвэр, Улаанбаатар хотод байрлах тусгай зориулалтын барьцалдуулагч, барилгын хуурай хольцын үйлдвэрүүд хэвийн ажиллаж, бүтээгдэхүүнүүдээ Proband брэндийн дор зах зээлд нийлүүлж байна. Зөвлөх инженер С.Бүрэнгийн тайлбарласнаар энэ бүтээгдэхүүн бий болсноор импортын шохойг 100 хувь халах, арьс ширний үйлдвэрүүдийн бохирын шуудууны лагийн хэмжээг бууруулах, эвгүй үнэрийг дарах, улмаар УЦБ-ийн ачаалал болон бохир усан дахь сульфидын хэмжээг багасгах, хромын нэгдлийг тундасжуулан ялгаж, саарал ус гаргах боломж бүрдэж байна.
Хөрс, усаар халдвар дамжих замыг зогсоох энгийн бөгөөд үр дүнтэй нэг арга бол бас л бөсгөсөн шохой.
Тус брэндийн борлуулалт хариуцсан “Эм И И Эс” ХХК-ийн захирал Б.Энхбаяр Proband бол дотоодын түүхий эдээр хийсэн, импортыг орлох инновацын бүтээгдэхүүн бөгөөд нийслэлд төдийгүй Монгол Улсад тулгамдаж буй агаар хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилготой гэж ярилаа. Гэвч шинжлэх ухаан үнэгүйдэж, Монгол орны эрс тэрс уур амьсгалд тохирсон, хүний биед хор нөлөөгүй, олон талын ач холбогдол, давуу талтай инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэчхээд байхад импортын, чанаргүй, хямд барааг шахдаг, эх оронч бус, амар хялбараар түрхэн зуурын ашиг олох сонирхол давамгайлдаг хандлагыг давж гарахад амаргүй байгааг тэр ярьж байлаа. Стандарт батлагдсан ч арьс шир боловсруулах үйлдвэрүүд түүхий шохой болон гаднын химийн материалуудыг ашигласаар байна. Гаалийн ерөнхий газрын статистикаар сүүлийн 10 жилд гэхэд манай улс 36.2 сая ам.долларын түүхий, болгосон болон гидратын шохой импортоор авч хэрэглэжээ.
Бөсгөсөн шохойг ашиглах маш том нэг шалтгаан бол Монгол Улсад хамгийн түрүүнд аврах ёстой салбаруудын нэг болоод буй усны салбар. Үйлдвэрлэл хөгжихийн хэрээр усан хангамжийн сэдэв улам эмзэг болж буй. Манай улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Голдуу уул уурхай, цахилгаан станц, арьс шир болон ноос ноолуур угаах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ус, хөрсний бохирдол, ахуйн зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж ундны усны хомсдолд орох магадлалтай.
Тиймээс Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” хэрэгжиж буй. Нийт 461 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай, үүнээс 350 сая ам.долларыг АНУ-ын буцалтгүй тусламжаар олгож буй энэ хэлцлийн хүрээнд Монголын тал усны салбарт хэд хэдэн том шинэчлэл хийх үүрэг хүлээсэн. Үүний нэг нь ТЦБ руу үйлдвэр, аж ахуйн газруудаас нийлүүлж буй хаягдал усан дахь химийн бодисын агууламжийг 2013 оны түвшин, эсхүл түүнээс бага хэмжээнд хүргэх амлалт юм. Иймээс Засгийн газар эхлээд 2021 оны хавар “Үйлдвэрлэлийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталсан бөгөөд ингэсний дараа санхүүжилтийн эрх нээгдсэн билээ. Төлөвлөгөө ёсоор бохирдуулагч үйлдвэрүүд хаягдал усаа урьдчилан цэвэрлэх байгууламжийг дэргэдээ бий болгож, “Харгиа” УЦБ-д стандарт хангасан хаягдал ус нийлүүлэх ёстой.
Энэ болзлыг биелүүлэхийн тулд бөсгөсөн шохойн ашиглалт зайлшгүй. Бөсгөсөн шохойг арьс шир боловсруулахад хэрэглэвэл цэвэр усны хэрэглээг тав дахин, УЦБ-д өдөр бүр очих лаг шаврын хэмжээ 80 хувь, УЦБ болон ТЦБ -ийн ачаалал 50-60 хувь буурах аж. Мөн арьс ширний шинж чанар, гарц сайжирч, боловсруулах хугацааг гурав дахин богиносгохоос гадна хаягдал усан дахь хүнд элементүүдийг саармагжуулснаар ТЦБ руу стандарт хангасан бохир ус нийлүүлдэг болно гэдгийг Б.Энхбаяр хэллээ. Хамгийн чухал нь биологийн цэвэрлэгээний дараа саарал ус гаргаж дахин ашиглах бололцоо бүрдэж, Засгийн газрын амлалт хэрэгжих юм.
Эвгүй баримтууд ба эвтэйхэн шийдэл
Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар тунхагласан. Гэвч энэ нь хамгийн муу хэрэгждэг заалтуудын нэг юм. Энд дурдах тоонууд уншигч танд эвгүйцэл төрүүлж магадгүй ч энэхүү нийтлэлийн гол агуулгад орохоос зайлшгүй юм.
Улаанбаатар хотын хэмжээнд 680 мянган нүхэн жорлон байдаг. Дунджаар хоёр хүн тутамд нэг. Улаанбаатар хот 17 мянга орчим худагтай гэвэл нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон хөрс бохирдуулж байна. “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ын гаргасан тоогоор зуслангийн бүсэд л гэхэд 145 мянга орчим нүхэн жорлон бий. Харин Усны газрын даргын мэдэгдсэнээр нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст нян бохироо тараадаг бөгөөд хамгийн том аюул нь үерийн дараа гарч ирдэг. Гэтэл Монгол Улс 2030 он гэхэд нэг ч нүхэн жорлонгүй болно гэсэн тогтвортой хөгжлийн зорилт бий.
Нүхэн жорлон, муу усны нүхний хэрэглээнээс үүдэж Улаанбаатар хотын суурьшмал бүсийн 88 хувь, хөрсний болон гүний усны 60 хувь бохирдсон гэсэн тооцоог судлаачид хийжээ. Гэр хорооллын нүхэн жорлонгийн ойр орчмын 10 метр радиус дотор гэдэсний бүлгийн эмгэг үүсгэгч E-Coli савханцар бактери түгээмэл тархалттай байгаа бөгөөд энэ нь хөрсний гүний усыг бохирдуулах, үерийн усаар зөөвөрлөгдөж ундны усны эх үүсвэрт ч орох эрсдэлтэй. Энэ нь зарим шинжилгээгээр хэдийнэ тогтоогдсон. Жишээлбэл, Шадивлангийн гүүрний доорх Сэлбэ голын орчмоос E-coli бодис буюу хүний ялгадаснаас илэрдэг гэдэсний савханцар илэрсэн. Мөн Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас гарч ирсэн таагүй мэдээ байна.
Бөсгөсөн шохойг арьс шир боловсруулахад хэрэглэвэл цэвэр усны хэрэглээг тав дахин, УЦБ-д өдөр бүр очих лаг шаврын хэмжээ 80 хувь, УЦБ болон ТЦБ-н ачаалал 50-60 хувь буурна.
Тэгвэл халдвар дамжих замыг зогсоох энгийн бөгөөд үр дүнтэй нэг арга бол бас л бөсгөсөн шохой. Одоогийн байдлаар нүхэн жорлонг ариутгаж халдваргүйтгэхэд хлорын шохой, био бактерийг өргөнөөр ашиглаж байгаа ч энэ нь +5 -аас +30С–т тодорхой нөхцөлд ажилладаг учир Монгол орны эрс тэрс, өдөр шөнийн температурын өндөр хэлбэлзэлтэй нөхцөлд био бактери, био идэвхжүүлэгч үр дүн муутай. Харин 5-10 хувийн бөсгөсөн шохой нь гэдэсний савханцар, E-Coli гэх мэт халдварт өвчин үүсгэх ихэнх бактерийн ургал хэлбэрийг устгаж, бүүрэг, бясаа түүний өндгийг үхүүлдэг. Мөн бактерийг усгүйжүүлж, үржих, амьдрах нөхцөлийг зогсоохоос гадна хүчиллэг хөрсийг саармагжуулна, халдваргүйтгэнэ, нөхөн сэргээнэ, эрдэсжүүлнэ. Хөрсний хүчиллэгийг саармагжуулснаар харшил үүсгэгч хогийн ургамал, хортон шавж устдаг байна.
“Эм И И Эс” ХХК-ийн захирал Б.Энхбаярын ярьснаар тэд 2018 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санхүүжилтээр хийгдсэн “Нүхэн жорлонг бөсгөсөн шохойгоор халдваргүйтгэх” төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн үерийн усанд автаж, хөрсний бохирдлын түвшин хэт өндөрт тооцогдож буй хоёрдугаар хорооны 12 хэсгийн нийт 1642 өрхийн нүхэн жорлон, муу усны нүх, үерийн усны далан, жалга, үерт автсан гудамж талбай, орон сууцны хорооллын гараж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нийт 100 га талбайг бөсгөсөн шохойгоор халдваргүйтгэсэн байна. Үр дүнд нь, үерийн дараа гарч болзошгүй нянгийн гаралтай олон төрлийн халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ. “Ирэх хавраас бид гэр хорооллын нүхэн жорлонг халдваргүйтгэх, үнэргүйжүүлэх, зам талбай, гуу жалга дахь хөрсний бохирдлыг арилгах ажил руу ханцуй шамлан орохоор төлөвлөж байна” гэж Б.Энхбаяр хэллээ.
Төслийн судалгаа, туршилт: Армоно корпорац ТӨААТҮГ Төслийн нэр: “Бөсгөсөн шохой инновацын бүтээгдэхүүн, технологийн нэвтрүүлэлт” /Удирдагч доктор П.Насанжаргал/ Үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч: “Гарааны Баргил Тех” компани Зөвлөх: Монгол Улсын зөвлөх инженер, химич С.Бүрэн Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, борлуулалт хариуцсан: “Эм И И Эс” ХХК