– Business.MN сэтгүүлийн 2023 оны 11 сарын дугаар (№60) -т хэвлэгдсэн нийтлэл –
Байгуулагдаад удаагүй ч хоол үйлдвэрлэлийн салбарт шинэ өнгө нэмж, Монголын зах зээлд “хоолны бэлдэц” хэмээх ойлголтыг нутагшуулж чадсан “Изи күүк” компани ирээдүйгээ тун гэрэлтэйгээр зураглаж байна. Тэд бэлдэцийн урьдчилсан захиалгын үйлчилгээгээ шинэ түвшинд гаргахаар зорьж буй төдийгүй франчайзинг хэлбэрээр бизнесээ өргөжүүлж, орон нутагт хүрээгээ тэлэхээр төлөвлөж байна.
Гэр бүлийн гишүүдийн хэн хэн нь өдрийн найман цагаар ажилладаг тохиолдолд гэртээ цуглаад хоол хийж иднэ гэдэг багагүй сэтгэлийн бэлтгэл шаардах ажил. Ялангуяа түгжрэлд нэрвэгдэж нэрвэгдэж гэрийнхээ босгыг давмагц шууд л унаад өгмөөр санагдах нь бий. Яг л ийм асуудал Н.Одхүүгийн гэрт ч мөн тулгардаг байж. Заримдаа хэн нь хоол хийх тухай маргаан ч тэдний гэрт өрнөнө. Эндээс л түүний бизнес санаа анх төржээ. “Маргахгүйн тулд шийдэл эрэлхийлнэ гэдэг хайр. Хайраас үүссэн бизнес болой” хэмээн Н.Одхүү ярилцах явцдаа хошигносныг нийтлэлийнхээ эхэнд онцолъё.
Тэрбээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт цөөнгүй жил ажилласан туршлагатай. Nomads, Burger King гэх мэт газарт ажиллаж байсан Н.Одхүүгийн хувьд, “бэлдэцээр хоол хийх соёл”-ыг Монголд нутагшуулах санаа бодлынх нь мухарт багагүй хугацаанд хадаатай байжээ. Гэхдээ амьдрал түүнээс энэ санаагаа бодитоор хэрэгжүүлэхийг шаардсан нь гэр бүлийн бяцхан маргаан байсан гэдэг.
Монголд гарааны бизнес эхлүүлж буй хүн бүрийн хувьд дийлэнхдээ “тэг”-ээс эхэлдэг. Тэдэнд татварын дэмжлэг байхгүй. Санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүнд. Хэзээ мөнгөний бараа харах нь бүрхэг. Яг л харанхуй хонгилын үзүүрт гэрэл асна хэмээн найдаж урагшлахтай адил. Таамаглашгүй, тааварлашгүйн дунд алхахдаа Н.Одхүүд шантармаар үе бишгүй тохиолджээ. Гэсэн ч тэр төсөөлөөгүй амжилтдаа тун богино хугацаанд хүрч чадсан юм.
“Бэлдэцээр хоол хийх соёл Монголд хангалттай төлөвшөөгүй. Хөлдөөсөн хоол гэхээр дийлэнх нь зөвхөн буузаар л төсөөлдөг. Харин бид хүмүүсийн гэртээ хийхийн тулд багагүй хугацаа зарцуулдаг хоолыг маш хялбар байдлаар хийх боломжийг нээж өгсөн. Хамгийн чухал нь бидний бэлтгэсэн бэлдэцээр хоол хийж буй хүмүүс 30 минутаас дээш хугацааг зарцуулах ёсгүй. Хэрэв 30-аас дээш минутыг хоол хийхдээ зарцуулбал, Easy Cook биш” хэмээн “Изи Күүк” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Одхүү хэлж байв.
Хоолны орцуудыг түүхийгээр нь болон хагас боловсруулж хөлдөөхөд шим тэжээл, чанарлаг байдал нь огтхон ч алдагддаггүй.
Өдгөө “Изи Күүк” компани дөрвөн нас хүрэх гэж байна. Гэсэн ч тэд зах зээлд байр сууриа гүн бат эзэлж, хэрэглэгчдийн цар хүрээгээ тэлсээр байна. “Ийм амжилттай байгаагийн нууц нь эрэлт хэрэгцээг зөв мэдэрч чадсанд оршино” гэж Н.Одхүү ярьж байлаа.
Одоогоор “Изи күүк” компани калбижим, тактуритан, өвчүүтэй цуйван, хуйцаа, тойгны шөл, мантуутай гахайн мах зэрэг хоолны бэлдэцийг 1-2 хүний порцоор гаргаж буйгаас гадна багц хоолны бэлдэцийг хэрэглэгчдэд санал болгож байна. Үнийн хувьд тун боломжийн. Нэг хүний хоолны бэлдэц нь 9900 төгрөг бол хоёр хүнд элбэг хүрэх сонголтууд нь дунджаар 25 мянган төгрөг. 20 хүн идэж хүрэх хуйцааны бэлдэц гэхэд л 120 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, гадуур идэхээс хамаагүй хямд, гэрийн хоолноос бага зэрэг үнэтэй тусна. Гол нь эрүүл гэдгээрээ онцлогтой. Завгүй гээд түргэн хоол иддэг цаг үе хэдийнэ ард хоцорчээ.
Хоолны хөлдөөсөн бэлдэц гэхээр яг л түргэн хоол гэж хэлж буй мэт бага зэргийн эргэлзээ төрүүлж мэдэх юм. Магадгүй элдэв хадгалагч бодис агуулсан ч байж болох шүү дээ гэж уншигч та бодож байж магадгүй. Тэгвэл хоолны орцуудыг түүхийгээр нь болон хагас боловсруулж хөлдөөхөд шим тэжээл нь огтхон ч алдагддаггүй байна. “Изи Күүк” компанийн хувьд, хоолны орц, бэлдэцүүдийг тус тусад нь савлаад тэр даруй цельсийн -55 хэмд хөлдөөдөг. Ингэж өндөр хэмд хөлдөөснөөр хүнсний шим тэжээл, чанарлаг байдал хэвээр хадгалагддаг байна. Хамгийн гол нь бэлдэц үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэхдээ хөлдүү хэвээрээ байх нь л чухал. Харин хэрэглэгч хоол бэлтгэхээс 3-4 цагийн өмнө хөлдөөгчөөсөө хөргөгч рүүгээ шилжүүлж, температурыг нь алгуур бууруулахад л болох аж.
“Изи күүк” компанийн хоолны бэлдэцээр хоол хийнэ гэдэг нь хоол хийх ажлынхаа 70 хувийг хялбарчиллаа гэсэн үг. Үлдсэн 30 хувийн ажлыг хэрэглэгч өөрөө хариуцна. Мөн орц найрлагыг нь мэргэжлийн тогооч нар тооцож тохируулсан учраас амталгааны тал дээр огтхон ч санаа зовох шаардлагагүй. Өдөр бүр биш ч завгүй өдрүүддээ хоол шиг хоол идье гэвэл Easy Cook -ийг сонгож болох юм.
Төсөөлөөгүй амжилт
Easy Cook брэндийн зах зээлд хөл тавьсан түүх эрхгүй сонирхол татна. Тэд анхнаасаа л олон төрлийн хоолны бэлдэц гаргаж, тэр бүр нь амжилт олсон уу гэвэл үгүй. Анх тэд 2020 оны нэгдүгээр сард цагаан сарын өмнөхөн үйлдвэрлэлээ эхлүүлж байв. “Буузны улирал” учраас хөлдөөсөн буузаар Easy Cook брэндээ зах зээлд таниулжээ.
Харин Цагаан сарын дараачаас бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил эхэлсэн байна. Цуйван, будаатай хуурга, гурилтай шөл гэх зэрэг хоолны бэлдэц гаргахаар туршиж байсан ч тэдний энэ оролдлого бүтэлгүйтсэн байна. Хүмүүс өдөр тутамдаа иддэг хоолоо яаж л бол яаж хялбарчилж, богинохон хугацаанд хийж чаддаг аж. Тиймээс энэ төрлийн хоолны бэлдэцийг төдий л сонирхохгүй байв. Харин ажиллагаа ихтэй хоолны бэлдэцийг дуртай нь аргагүй худалдан авч байгааг Easy Cook-ийнхэн анзаарчээ. Ингээд наадмын дараа буюу долдугаар сарын сүүлээр компанийн бүтээгдэхүүнүүд жинхэнэ утгаараа төрөлжиж эхэлсэн байна. Энэ дундаас хамгийн амжилт олсон нь хуйцаа. Хуйцаагаар тэгтлээ танигдана гэж төсөөлөөгүй тэдний хувьд, хэрэглэгчдийнх нь сэтгэгдэл жигүүр ургуулах шиг л болжээ.
Гүйцэтгэх захирал Н.Одхүүгийн хувьд, өсөлт хөгжлийг ямагт чухалчилдаг. Аливаа шинэ брэнд зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн итгэлийг олмогцоо тайвширч, зарим нь бүр чанараа алдаж эхэлдэг. Энэ “хэнэггүй” жишгийг огтхон ч давтах хүсэлгүйгээ тэр хэлж байв. Бүх зүйлд, ялангуяа хоол үйлдвэрлэлийн салбарт чанар, стандарт хамгийн чухал. Бүтээгдэхүүн чанартай байхын хэрээр компанийн ашиг орлого сайжирч, ажилтнуудын амьдрал ахуй ч дээшилнэ. Энэ бол бизнес урт хугацаанд оршин тогтнох “экосистем”. Тиймээс бүтээгдэхүүнээ улам л хөгжүүлж, зах зээлээ тэлнэ гэдгээ тэрбээр онцолж байсан юм.
“Изи Күүк” ХХК ойролцоогоор хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрийн байртай болж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлжээ.
Оновчтой санаа, чанартай бүтээгдэхүүн, өсөх зах зээл бол хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр эрэлхийлдэг зүйл. Одоогоос яг жилийн өмнө “Изи Күүк” компани MStars Hub -аас зохион байгуулсан стартапуудын амжилтыг хурдасгах хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, 500 стартапаас шилдэг 12-т шалгарчээ. Үр дүнд нь, тэд ойролцоогоор хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрийн байртай болж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн байна. Мөн эхнэртэйгээ эхлүүлж байсан бизнес нь цар хүрээгээ тэлж, 20 гаруй ажилтнаар хүч нэмжээ. Одоо тэдний өмнө бүр ч том зорилго бий.
Авдрын ёроол дахь санаа
“Изи күүк” компанийн хэрэглэгчдийг зөвхөн айл өрхөөр хязгаарлахгүй. Одоогоор тэдний бизнес B-to-C, B-to-B гэсэн загвараар хүрээгээ тэлсээр байна. Цаашид бизнесийн талбар тэдэнд үүдээ улам ч томоор нээж өгөх төлөвтэй. Учир нь ресторан, зоогийн газрууд бэлдэц бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллахыг илүүд үзэх болжээ. Дэлхий дахинд эрчээ авч буй энэ шинэ чиг хандлага Монголыг ч тойрсонгүй.
Одоогоор “Изи күүк” компани цөөнгүй зоогийн газартай хамтран ажиллаж, бэлдэц нийлүүлж байна. Хоол үйлдвэрлэгчид бэлдэц авснаар орон тоо, эрчим хүчээ хэмнэх, бизнесээ илүү цомхон байдлаар шийдэх давуу талтай. Түүнчлэн хоол хүргэлтийг дэвшилтэт байдлаар шийдэж буй UB Eats төслийн гол хамтрагчдын нэг нь Easy Cook болоод байна.
B-to-B загвар эрчээ авахын хэрээр тэд мөн дараагийн төлөвлөгөөндөө ч ханцуй шамлан орж байна. Easy Cook-ийнхний хувьд, бизнесийн анхны гол санаа нь хоолны хөлдөөсөн бэлдэц дээр төвлөрөөгүй байжээ. Хоолны бэлдэцийг порц порцоор үйлдвэрлэхээс илүүтэй урьдчилсан захиалга авч, бэлдэцүүдийг илүү их хэмжээгээр нийлүүлэх гэсэн үндсэн концепцтэй байсан аж. Тодруулбал, хэрэглэгчээс ирсэн захиалгын дагуу хоолны бэлдэцүүдийг бэлтгэж, захиалсан хугацаанд тогтмол нийлүүлж байх нь тэдний анхны гол санаа байж.
Гэвч хоолны бэлдэцийн талаар бүрэн ойлголтгүй зах зээлд урьдчилсан захиалга авч, бэлдэц нийлүүлнэ гэдэг нь бараг л боломжгүй зүйл байсан гэдэг. Иймээс хоолны бэлдэцийн талаар анхны ойлголтыг өгөхийн тулд жижиг бэлдэцүүдээр зах зээлд хөл тавьж, хэрэглэгчээ бэлдэх нь чухал гэсэн шийдэлд тэд хүрчээ. Харин одоо “хоолны бэлдмэл” гэж андуурч ярьж байсан хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, бэлдэцийн талаар ойлголттой болсон байна. “Хоолны бэлдэц хэмээх ойлголтыг зах зээлд анхлан таниулж чадсанаараа бахархдаг” гэж “Изи күүк” компанийн гүйцэтгэх захирал Н.Одхүү онцолж байв. Харин одоо тэд авдрын ёроолд үлдээсэн санаагаа бодит ажил хэрэг болгоход бэлэн болжээ.
“Хоолны бэлдэц хэмээх ойлголтыг зах зээлд анхлан таниулж чадсанаараа бахархдаг”.
Хэрэглэгч багцуудаас сонгож, урьдчилсан захиалга өгснөөр хүссэн хоолныхоо бэлдэцийг үйлдвэрлэгчээс шууд хүргүүлэн авах боломжтой. Тухайлбал, 500 мянгаас нэг сая төгрөгийн захиалга өгснөөр таны захиалсан бэлдэцүүдийг товлосон хугацаанд бэлтгэж, хуваарийн дагуу шинэхнээр нь хүргэж байх юм. Гэртээ ч, зоогийн газартаа ч хэрэглээндээ нийцүүлэн захиалах боломжтой. Ингэснээр үйлдвэрээс зөвхөн их хэмжээний багц бүтээгдэхүүн гарах бол жижиг порцын сонголтуудыг одоогийн жишгээр сүлжээ дэлгүүрүүд болон супермаркетуудаар дамжуулан хэрэглэгчдийн гарт хүргэх аж.
Өөр нэгэн зорилго нь орон нутагт зах зээлээ тэлэх. Одоогоор орон нутагт албан ёсны гэрээт борлуулагч байхгүй ч Дархан, Эрдэнэт хотууд болон Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ аймагт Easy Cook -ийн бүтээгдэхүүн хэдийнэ зарагдаад эхэлсэн байна. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчид холбогдож, тэдэнтэй хамтран ажиллах талаар санал тавьж байгааг ч Н.Одхүү хэлж байсан.
Мөн тэд франчайзинг хэлбэрээр ч бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ нийслэлийн болон орон нутгийн зоогийн газруудтай хамтран ажиллаж, бэлдэцүүдээ нийлүүлэхдээ тодорхой стандарт мөрдөх аж. Easy Cook гэсэн логотой зоогийн газарт ороход гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бэлдэцүүдээр хоолоо хийсэн гэдэг нь шууд ойлгогдох хэмжээнд хүртэл тэд бизнесээ өргөжүүлэхээр зорьж байна.
Харин захиалгыг компанийн албан ёсны вэбсайтаас гадна олон нийтийн сүлжээ, үүрэн холбоо, супер аппууд зэрэг маш олон сувгаар хүлээн авах боломж хэдийнэ бүрджээ.
unheer goe buteegdhuun bn