Хүн оюун санааны амьтан гэдэг мөн сэтгэлийн амьтан гэдэг. Аль нь үнэн бэ эсвэл аль нь илүү бидэнд нөлөөлдөг вэ? Оюун санааных гэдгийн ард хүн тархиараа, бодлоороо орчин тойрноо тусган авч ямар нэг дүгнэлтэд хүрч түүнийхээ дагуу үг хэл, үйлдэл хийдэг гэсэн үзэл бөгөөд үүнийг IQ гэдэг.
Сэтгэлийнх гэдэг нь хүн зүрхний мэдрэмжээ дагаж аливаа зүйлийг ойлгон үүнийхээ дагуу амьдралынхаа шийдвэрүүдийг гаргадаг гэх сэтгэл хөдлөлийн буюу EQ ухаан юм. (Зүрхний мэдрэмжүүд нь үнэндээ тархины мэдрэмжүүд бөгөөд сэтгэл хөдлөлийн улмаас тархи бие болон зүрхэнд хэрхэн хариу үйлдэл хийх даалгавар өгдөг.)
20-р зуунд хүний IQ-г илүүчлэн судалж логик сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар хүнийг амжилтанд хүргэх гол чадвар/оюун ухаан гэж үзэж ирсэн. 20-р зууны сүүлээс буюу 90-ээд оны сүүлийн хагасаас хүний сэтгэлийн чадвар болох тэсвэр тэвчээр, тайван амгалан байдал, хүнийг ойлгож, хүнд өөрийгөө ойлгуулах чадварууд нь хүний амьдралд IQ-с илүү чухал нөлөөтэй болохыг судалж тогтоож эхэлсэн. Олон жилийн турш болон олон хүмүүс хамруулсан судалгаануудаас IQ буюу сэтгэн бодох чадвар хүний амжилтын 20%-д нь л нөлөөлдөг бөгөөд бусад 80%-д сэтгэл хөдлөлийн ухаан, өсөж бойжсон орчин, нийгэм эдийн засгийн нөлөө, бага дунд сургуулийн боловсролын чанар гэх мэт зүйлс нөлөөлдөг болохыг олж тогтоосон.
Судалдаа шинжилгээ ч гэхгүйгээр бодит амьдрал дээр ч харахад сэтгэлээ захирч чаддаг, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө ойлгуулж, бусдыг ойлгож чаддаг хүмүүс асуудалд илүү уужуу тайван ханддаг, зорьсондоо шантралгүй хүрдэг, бусдад нөлөөлж чаддаг. Мөн EQ/сэтгэлийн чадвар нь хүний өдөр тутмын аз жаргал, сэтгэл ханамжийг тодорхойлдог гэж хэлж ч болохоор. Сэтгэл санаа тайван, стрэссгүй, санаа зовнил багатай амгалан хүн аз жаргалтай биш гэж үү. EQ нь өндөр хүн өөрийнхөөрөө байж өөрийн нөхцөл байдлыг бусадтай харьцуулахгүй, бусдын хэлсэн үг, үйлдэлд эмзэглэн шаналахгүй, зорьсон хэлсэндээ хүрч, хүмүүст чин сэтгэлээсээ тусалж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, мэдэрч байдаг. (tweet хийх)
Хүний өөрийн тайван байдал болон бусдад хайрлагдах мэдрэмж хоёр оршин тогтнолын гол үзүүлэлтүүд тул хүний аз жаргалд нөлөөлж байдаг ажээ. Үүнийг тайлбарлахад эхлээд хүний бие физиологи ялангуяа тархины бүтэц үйл ажиллагаа хоёрт байгалийн шалгарлыг бодолцох хэрэгтэй. Тархины бүтцийн хувьд хүн 3 гол тархитай:
- Бага болон уртавтар тархи нь 850 сая жилийн өмнөөс хөгжсөн, бусад амьтадтай адил амьд явахад шаардлагатай амьсгалах, тэнцвэр олох гэх мэт автомат хөдөлгөөнүүдийг удирддаг;
- Дунд тархи нь 360 сая жилийн өмнөөс сүүн тэжээлтэн амьтдад хөгжиж эхэлсэн бөгөөд гаднын нөлөөллийн тусгалаас (нэг үгээр хэлбэл мэдрэмжээс) шалтгаалж санах ой, бие доторх урвал, хөдөлгөөн, үүнээс улбаатай үйлдэл шийдвэрүүдийг удирддаг;
- Их Тархи (Бодлын Тархи) 100 сая жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн бөгөөд энэ тархины ачаар бид сэтгэн бодож, урт хугацаанд төлөвлөж, уншиж бичиж чаддаг.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд мөн энэ дарааллаар тархи хөгжих бөгөөд их тархинаас бусад тархи хүн төрөхөд бүрэлдэж дууссан байдаг. Хүний тархины хөгжлийн түүхээс ч, хүн бүрэлдэх явцаас ч харсан хүний сэтгэл/мэдрэмжийн тархи нь илүү боловсорсон, эртний бөгөөд яарч сандарсан, стрэссдэж гутарсан эсвэл хэт баярлаж хөөрсөн үедээ буюу сэтгэл хөдөлсөн үедээ хүн энэ тархиндаа захирагдан дараа нь эрүүл ухаанаар бодоход алдаатай зүйл хийж, шийдвэр гаргасан байдаг. Харин зөвхөн их тархиндаа захирагдвал шийдвэр гаргах, хийх, хэлэх зүйлсийн тоо томшгүй олон хувилбар гаргаж тэндээсээ хамгийн оновчтойг нь сонгох гэсээр мунгинах болно. Тэгэхээр хүн аль болох сэтгэл хөдлөл, бодол хоёроо тэнцвэржүүлэн амьдарвал тайван амгалан байж зөв зохистой шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл сэтгэлээ чагнангаа бодлоо удирдан амьдрах гэсэн үг юм. (tweet хийх)