– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 сарын дугаар (№61) -ын нийтлэл –
QPay үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент” компани саяхан IPO хийж, хөрөнгийн зах зээлд хөл тавиад байна. Байгуулагдаад удаагүй ч хөрөнгө оруулагчдаас 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадсан тус компани цаашид бэлэн бус төлбөр тооцооны зах зээлд байр сууриа улам тэлэхээр зорьж байна.
Ярилцлагынхаа эхэнд IPO тойрсон онцлох мэдээллүүдээс уншигчдадаа хүргэе. “Инновэйшн Инвестмент” компанийн хувьд, хэдэн хувиа олон нийтэд санал болгож, хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсан бэ?
Санхүүгийн салбарын гол тоглогчид болсон системийн нөлөө бүхий банкнуудын дараа хуруу дарам цөөн компани IPO хийж, хөрөнгийн зах зээлд хөл тавьсны нэг нь манай компани байлаа. Мөн techfin салбараа түүчээлэн нээлттэй компани болсон хамгийн анхны компани нь бид болсондоо баяртай байна. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх нь уламжлалт эдийн засгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байна. Тэгэхээр манай хувьцаа хөрөнгийн зах зээл дэх шинэлэг, анхаарал татам хувьцааны нэг байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Манай компани байгуулагдаад зургаан жил болж байгаа, 40 хүрэхгүй хүний нөөцтэй, харьцангуй залуу хамт олон. Гэлээ ч бид 40 тэрбум төгрөгийн үнэлгээнд хүрч чадсан. Бид нийт хувьцааныхаа 20 хувийг олон нийтэд санал болгож, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад байна. Мөн нэгж хувьцааны үнэ 225 төгрөг байсан нь харьцангуй боломжийн нөхцөл гэж бодож байна. Бидэнд итгэж, манай хувьцааг худалдан авсан 1200 шахам хөрөнгө оруулагчдаа баярлалаа.
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 8-нд яг манай зургаан жилийн ойн өдрөөр хаагдсан. Ингэж төлөвлөөгүй ч ойн өдрөөрөө ийм хэмжээний итгэл хүлээсэн учраас цаашид улам хичээх ёстой гэдгийг л хамгийн ихээр мэдэрч байна даа.
Хөрөнгийн зах зээлд хөтөлсөн хамтрагч компаниудынхаа талаар мэдээлэл хүргэхгүй юу? Хэр туршлагатай, хариуцлагатай багийн хүчээр энэ ажлын ард гарав?
Үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко Капитал”, туслахаар “Инвескор Капитал” ҮЦК ажилласан. Энэ хоёр компани Төрийн банк, Голомт банк, Монголын хөрөнгийн бирж гэх мэт санхүүгийн салбарын томчуудыг IPO хийхэд андеррайтераар ажилласан. Маш чадварлаг, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн хамт олон.
Аудитын тухайд, “Грант Торнтон Аудит” компани ажилласан. Манай компани анх эхлэхдээ л гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хөл тавина гээд зорьчихсон байсан учраас гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангахад анхаарч ирсэн. Ийм ч учраас бид хэчнээн алдагдалтай ажиллаж байсан ч, бид хэдий стартап байсан ч гарах зардлыг үл харгалзан олон улсын байгууллагаар аудит хийлгэж ирсэн.
2019 онд 400 сая төгрөгөөр хэмжигдэж байсан манай борлуулалтын орлого өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгт хүрч, 15 дахин өссөн. Энэ онд борлуулалтын орлого өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Харин хуулийн зөвлөхөөр “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН ажилласан бол үнэлгээг “Гэрэгэ Эстимэйт” компани хариуцаж хийсэн. Мөн л хөрөнгийн зах зээлд олон компанийг хөтөлсөн чадварлаг хамт олон. Үнэлгээг маш бодитоор гаргаж байсныг өмнөх туршлагуудаас нь харж болно. Ийм бүрэлдэхүүнтэйгээр бид дотоодынхоо хөрөнгийн зах зээлд амжилттай хөл тавилаа.
Залуу компани 40 тэрбумаар үнэлүүлж, 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татна гэдэг багагүй амжилт. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт татсан “нууц” нь юу байв?
Хөрөнгө оруулагчид манай бизнесийг өсөх ирээдүйтэй гэж үнэлэн ийм хэмжээний хөрөнгө оруулалтаар биднийг дэмжсэн нь хэд хэдэн шалтгаантай гэж бодож байна. Байгуулагдаад зургаан жил болж байгаа манай компани бусад стартапын л адил анх алдагдалтай ажиллаж байсан. Гэсэн ч 2019 онд 400 сая төгрөгөөр хэмжигдэж байсан манай борлуулалтын орлого өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгт хүрч, 15 дахин өссөн. Энэ онд борлуулалтын орлого өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өсөх төлөвтэй байна.
Компанийн цэвэр ашгийн хэмжээ ч мөн нэмэгдэж байна. 2021 оноос бид ашигтай ажиллаж эхэлсэн. Тэр үед 900 гаруй сая төгрөгийн ашигтай байсан бол дараа жил нь л гэхэд цэвэр ашгийн хэмжээ бараг 3.5 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол бэлэн бус төлбөр тооцооны зах зээл асар хурдтай тэлж, хүмүүс бэлэн мөнгө, түрийвч гэдэг зүйлсийг мартаж буйн илрэл юм. Бас нэг баримтыг онцолмоор байна. Монгол Улсад гүйлгээ, төлбөрийн 90 гаруй хувь нь бэлэн бус төлбөр тооцооны зах зээлээр дамжиж байна. Энэ бол маш сайн үзүүлэлт.
Өнгөрсөн онд QPay үйлчилгээгээр дамжуулан 2.8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 63 сая гүйлгээ хийгдсэн. Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад, Монгол Улсын бэлэн бус гүйлгээний тоо жилд дунджаар 37 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл зөвхөн QPay үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо жилд 216 хувиар өсөж байна. 2027 онд Монгол Улсын нийт бэлэн бус гүйлгээний 12 хувь нь QPay үйлчилгээгээр дамждаг болно гэсэн тооцооллыг ч бид гаргаад байна. Өөрөөр хэлбэл, QPay Монгол Улсын хэмжээнд санхүүгийн дэд бүтцийн хэмжээнд хүрчихэж. Цаашид ч хүрээгээ тэлэхийг энэ тоо баримтаас ойлгож болох юм.
QPay үйлчилгээгээр дамжуулан өнгөрсөн онд 2.8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 63 сая гүйлгээ хийгдсэн.
Одоогоор бид төлбөр хүлээн авагч 200 мянга гаруй мерчанттай болсон байна. Бидэнтэй 14 мянган технологийн бизнес эрхлэгч хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээний бүхий л цахим төлбөр тооцоог QPay ашиглан хийх боломж бүрдсэн байна. Арилжааны 12 банканд QPay нэвтэрснээр банкны 3.2 сая хэрэглэгчийг бид бүрэн хамарч чадаж байна. Эдгээр үзүүлэлт хөрөнгө оруулагчдыг татах хамгийн гол хүчин зүйлс байсан болов уу.
Татсан хөрөнгө оруулалтаараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
Бид татсан хөрөнгө оруулалтаа төлбөр тооцооны зах зээлд байр сууриа улам тэлэхэд зарцуулна. Орон даяар QPay үйлчилгээний QR кодыг илүү их болоосой гэж бид хүсэж байна. ЖДҮ эрхлэгчид, зах худалдааны төвүүд, аялал жуулчлалын салбарт QR кодоо бүрэн нутагшуулахыг зорьж байна.
Мөн нийт хөрөнгө оруулалтынхаа 2.5 тэрбумыг нь шинэ бизнест хөрөнгө оруулна. Энэ нь заавал төлбөр тооцооны системтэй холбоотой байх шаардлагагүй. Агаарын бохирдол, түгжрэл, зогсоол, ХАА, хариуцлагатай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч гээд ямар ч салбарын ямар ч төсөл байж болно.
Үүнээс гадна бид техник, технологийнхоо хүчин чадлыг сайжруулна. Төлбөр тооцооны бизнес хэрэглэгчийн мэдээллээс эхлүүлээд маш эмзэг мэдээллүүдийг хадгалж байдаг. Иймд, мэдээллийн аюулгүй байдал бидний хувьд, нэн тэргүүнд тавих чухал зүйл. Бид 2017 онд ISO 27001, 2019 онд PCI DSS олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Гол нь энэ стандартуудыг цаасан дээр бус үйл ажиллагаандаа хэвшүүлээд явахыг бид зорьдог. Ийм ч учраас тоног төхөөрөмж, программ хангамжаа тогтмол сайжруулж байх хэрэгтэй болдог.
Мөн татсан хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ зарцуулна. Энэ бол маш их судалгаа шинжилгээ шаардсан ажил.
Анхдагч зах зээлийн арилжааны үеэр “Инновэйшн Инвестмент” компанитай зэрэгцээд ККТТ гэх компани танай компанийн хувьцааг зараад байна гэсэн үл ойлгогдох яриа гарсан. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
Тийм. Бид компанийн нийт хувьцааныхаа 20 хувийг олон нийтэд санал болгосон. Санал болгосон хувьцааны дөрөвний нэг буюу таван хувь нь ККТТ гэх компанийн эзэмшиж байсан хувьцаа байсан. ККТТ компани нь “Инновэйшн Инвестмент” компанийн 100 хувь эзэмшилтэй охин компани. Тиймээс бид хувьцааны ердийн опцион төлөвлөгөөний дагуу анхдагч арилжааг зохион байгуулсан. Энэ нөхцөлийг энгийнээр тайлбарлая. Зарим компани хувьцаагаа ийм нөхцөлтэй арилжиж байгаа тохиолдолд ихэвчлэн ажилчдадаа хувьцаагаа хуваарилж, арилждаг. Харин манай хувьд анхны хөрөнгө оруулагчдадаа анх хөрөнгө оруулсан үнийн дүнгээр нь хувьцаа худалдан авах эрх олгосон юм.
Монгол Улсын бэлэн бус гүйлгээний тоо жилд дунджаар 37 хувиар өсөж байхад QPay үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо 216 хувиар өсөж байна.
Ингэж зохион байгуулсан нь нөгөө талаар жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж буй хэлбэр гэж ойлгож болно. Хэрэв хоёрдогч зах зээлийн арилжааны үеэр хөрөнгө оруулагчдын хувьцааг олгосон бол хувьцааны хиймэл нийлүүлэлт бий болж, зах зээлд хувьцааны үнийн савлагаа үүсэх эрсдэлтэй. Тиймээс л бид анхдагч арилжааг ингэж зохион байгуулсан. Манай охин компани учраас ялгаа байхгүй л манай мөнгө гэсэн үг. Энэ талаар бүр нарийн ойлгохыг хүсвэл манай албан ёсны вэбсайт болон Монголын хөрөнгийн биржийн вэбсайтаас Үнэт цаасны танилцуулгыг үзэж болно.
Та бүхэнд итгэж компанийн хувьцааг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчдадаа юу гэж хэлэх вэ. Юуг амлаж чадах вэ?
Хөрөнгийн зах зээл уналттай байна. Сүүлд IPO хийсэн компаниудын хувьцаанаас хуруу дарам цөөн нь л өсөлттэй байх шиг байна. Шинжээчдийн хувьд, хувьцааг унагахгүй гэж амлаж болохгүйг бидэнд зөвлөсөн. Гэхдээ бид компанийн үнэлгээ, нэгж хувьцааныхаа ханшийг унагахгүй байхын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно. Үүний тулд санхүүгийн үзүүлэлтүүдээ жил бүр тогтмол сайжруулаад явна. Зардлаа анхаарна. Нэг төгрөг ч бидний хувьд чухал байх болно. Яагаад гэхээр бид чинь нэг хувийн шимтгэл дээр тогтож байгаа бизнес шүү дээ.
Бидэнд итгэж хөрөнгө оруулсан хүмүүстээ хэлэхэд, бид төлөвлөгөөнд тусгасныхаа дагуу тууштай ажиллаж чадна гэдгээ амлах байна. Компанийн засаглал, ил тод байдалдаа бид анхаарч ирсэн, цаашид ч илүү их анхаарах болно. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр маш их санаа тавина гэж бодож байгаа. Тухайлбал, хувьцааны ханш 15 болон түүнээс доош хувиар уналаа гэхэд компани 500 сая төгрөгөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байхаар үнэт цаасны танилцуулгадаа тусгасан.
IPO тойрсон сэдвийн хүрээнд сонирхолтой мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Одоо харин ярилцлагаа таны карьерын замнал руу чиглүүлье. Анх энэ бизнес хэрхэн эхэлсэн талаар, мөн хэдийнээс гүйцэтгэх захирлын албанд томилогдсон тухайгаа манай уншигчдад хуваалцахгүй юу?
“Инновэйшн Инвестмент” компанийг үүсгэн байгуулсан хоёр хүн бий. Харин миний хувьд, Австралид 10 гаруй жил амьдарсан. Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй. Мөн олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэгтэй. Өөрийн төгссөн Маккуори их сургуульдаа нэг жилийн хугацаанд судлаач, багшаар ажиллаж байгаад 2017 онд Монголд ирсэн. Ирээд финтекийн чиглэлээр компани байгуулсан байсныгаа зарж, 2019 оноос хойш “Инновэйшн Инвестмент” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миний хувьд, компанийн үүсгэн байгуулагч гэхээсээ илүү business founder гэвэл илүү ононо.
Би Австрали явахынхаа өмнө нэг жил мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан. Одоо технологийн бизнесээ хийхэд тэр үед сурсан мэдээллийн технологийн хэл маань надад их тус болдог. Мэдээллийн технологи, бизнес, санхүү, харилцагч гээд бүгдийг нь мэдэрч, процессоо бүтэн зураглаж чаддаг нь миний нэг онцлог чадвар гэж боддог.
Бидний тухайд, 2016 онд төлбөр тооцооны хэрэгслийг сайжруулах талаар санаа төрж, ярьж эхэлсэн. Уг нь тэр үед Монголд интернэт хэрэглээ нэлээд сайжирчихсан байсан. Гэсэн хэрнээ бэлэн бусаар төлбөр тооцоо хийхэд асуудалтай байсан л даа. Нэг зүйлийг сануулахад, том супермаркет, дэлгүүрт картгүй, бэлэн мөнгөгүй оччихоор дансаар гүйлгээ хийж болдоггүй байсан. Тэгээд л ойр хавьд байгаа хүмүүсээсээ “Данс руу чинь тэдийг шилжүүлчихье, АТМ-ээс бэлэн мөнгө аваад өгөөч” гээд л гуйдаг байсан. Энэ бол ердөө саяхных. Тэндээс л санаа төрсөн.
Энэ ташрамд, зохицуулагч байгууллагуудад баярлаж явдгаа илэрхийлмээр байна. Бид Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо нээлттэй компани болсноор Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гээд улам л нарийн хяналттай болж байна. Өмнө нь QR кодоор гүйлгээ хийх нь энгийн төлбөр тооцооны хэлбэрт тооцогддог байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар энэ оноос QR кодыг төлбөр тооцоо, худалдан авалтад ашиглахыг албан ёсоор зөвшөөрсөн. Ингэснээр QR кодоор гүйлгээ хийхийг банк хоорондын гүйлгээнд тооцож шимтгэл авдаг байсан нь өөрчлөгдсөн. Одоо бол албан ёсны төлбөрийн хэрэгсэл болсон учраас зөвхөн төлбөр хүлээн авагч буюу мерчант л нэг хувийн шимтгэл төлж байгаа.
Бид Төв Азийн зах зээлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүх төрлийн төлбөр тооцоог цахимаар хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Бид тухайн үйлчилгээ үзүүлэгчид төлбөр хүлээн авах сувгийг нь илүү өргөн болгож, мөнгийг нь хариуцлагатайгаар дансанд нь байршуулж, мэдэгдэл хүргүүлснийхээ төлөө нэг хувийн шимтгэлийг авч байгаа. Нөгөө талд худалдан авагч, хэрэглэгчээс ямар ч шимтгэл авахгүй.
Бидний гүйлгээ хэрэглэгчийн интернэт банкны эрхээр хязгаарлагддаг. Хүмүүсийн өдрийн гүйлгээний лимит нь 20 сая төгрөг байлаа гэж бодоход тухайн гүйлгээ ямар ч асуудалгүй гараад явчихна. Бас нэг давуу тал нь төлбөрийн гүйлгээ хийхэд пос шиг ямар нэг тоног төхөөрөмж шаардлагагүй. QR кодтой алгын чинээ цаас хэвлээд тавьчихад л болдог. Маш хялбар, байгаль орчинд ээлтэй төлбөрийн шийдэл гэж тодорхойлж болох юм.
Танай оффист орж ирэхэд WeСhat Pay гэсэн лого нэг бус харагдлаа. Гадаад хамтын ажиллагааныхаа талаар хуваалцахгүй юу?
2019 оноос хойш бид олон улсын зах зээлд хамгийн олон картыг нэвтрүүлсэн UnionPay International компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ бол бидний хамгийн анхны хил дамнасан хамтын ажиллагаа. Үүгээр бид хоёр асуудал шийдсэн. 2019 оноос QPay хэтэвчээр Худалдаа хөгжлийн банк, ХасБанкны аппликэйшныг ашиглан UnionPay картаараа төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой болсон. Нэмэлтээр ямар ч төлбөр шимтгэл авахгүй. Хэрэв та бүхэн анзаарсан бол бусад хэтэвчээр гүйлгээ хийхэд бага зэрэг нэмүү төлбөр төлж байгаа. Бид хэрэглэгчдэдээ ачаа үүрүүлэхгүйгээр мерчанттайгаа зохицоод аль болох хямд төлбөр тооцооны хувилбарыг санал болгохыг зорьдог. Энэ хүрээнд асуудлыг шийдсэн.
Нөгөө талаар, энэ хамтын ажиллагаагаар дамжуулан монголчууд Хятадад, хятадууд Монголд гар утсаараа төлбөр тооцоогоо хийх боломж бүрдсэн. Одоо AliPay үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Бид AliPay-тэй хоёр төрлөөр хамтарч ажиллана. Монголчууд Хятадад болон AliPay нэвтэрсэн дэлхийн аль ч оронд өөрийн хэрэглэдэг банкны аппликэйшнээрээ төлбөр тооцоогоо төлөх боломж бүрдэнэ. Мөн тухайн орны хэрэглэгчид QPay үйлчилгээний QR кодыг ашиглан Монголд төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэх юм.
Түүнчлэн бид Азид, тэр дундаа Төв Азийн зах зээлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүх төрлийн төлбөр тооцоог цахимаар хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний санаа хэр байна вэ?
Бид яг одоо BPay үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үйлчилгээ нь QPay-тэй адил цахим төлбөрийн бас нэгэн шийдэл. Ялгаа нь орон сууц, контор, ус, цахилгаан, интернэт гэх мэт хэрэглээний төлбөрийг хийх хамгийн хялбар шийдэл төдийгүй мэдээллийн сан бүрдэнэ гэдгээрээ онцлогтой. Мөн энэ үйлчилгээг ашиглан аппликэйшны зээлээ төлснөөр урамшууллын оноо ч авах боломжтой.
BPay үйлчилгээний алсын хараа маш тодорхой. Монголд өнөөдөр “Хэрэглээний төлбөрийн нэгдсэн сан” гэж алга. Хэзээ, хэдэн кВт цахилгаан ашиглаад ийм хэмжээний төлбөр төлж байна вэ гэдгээ бид анзаардаггүй. Утасны төлбөр, дата хэрэглээний зардал яагаад ийм гарсан юм бол гэж бид гайхдаг ч лавлахгүйгээр төлбөрөө хийчихдэг. Тэгвэл энэ үйлчилгээг ашигласнаар “Хэрэглээний нэгдсэн мэдээллийн сан” бий болж, хэрэглэгч хэрэглээгээ хянах боломж бүрдэх юм. Хэрэглэгч 30 хоногийн өгөгдөл дээр анализ хийх, сарын хэрэглээ, хэрэглээний төлбөрөө харьцуулах боломжтой.
Үүнийг бодит ажил хэрэг болгоход төрийн оролцооноос гадна хувийн хэвшлийн дэмжлэг ч чухал байна. Бид энэ үйлчилгээгээ 3-5 жилийн дараа Монгол Улс даяар тодорхой зах зээлтэй, орон зайтай болсон байна гэдэгт итгэж байгаа.
BPay хэрэглэгчийн эргэлзээг тайлж, бизнес эрхлэгчдийн итгэл хүлээх чадамжийг дээшлүүлнэ.
Мөн картыг токенжүүлэх ажилд бид анхаарч байна. Amazon, Netflix дээр картын дугаар холбочихоор сар бүр төлбөрөө авчихдаг шүү дээ. Бид энэ төрлийн үйлчилгээг 2019 онд Монголд анх нэвтрүүлсэн юм. Энэ үйлчилгээг олон улсын зах зээлд ч нэвтрүүлэх боломж байна. Ялангуяа барууны зах зээлд гаргах боломж байна. Энэ чиглэлээр Европын хоёр банк, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч нэг байгууллагатай хамтын ажиллагааны талаар яриад эхэлсэн байгаа.
Хамтралаар бизнесээ өргөжүүлэхэд хамгийн чухал нь хандлага, зарчим гэж хэлж болох байх. Бизнестээ ямар зарчим баримталдаг вэ?
Бид 200 мянган мерчанттай. Мөн төрийн байгууллагуудтай хамтарч байна. Санхүүгийн салбарын гол тоглогчид болсон банкуудтай хамтарч байна. Бидэнтэй хамтардаг гаднын компаниудаас гадна технологийн компани ч олон байна. Энэ хамтралдаа санал болгодог хамгийн үнэ цэнтэй зүйл нь бидний аюулгүй байдлын тухайд гаргасан итгэл даахуйц шийдэл гэж бодож байна. Мөн харилцан хүндлэлтэй байдлыг ч бид чухалчилдаг. Япон соёл, япон менежментийг байгууллагадаа хэрэгжүүлдгийн хувьд харилцагчдадаа нээлттэй байхыг зорьдог. Дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч, засахыг хичээдэг. Дутагдлаа олж харж, хүлээн зөвшөөрнө гэдэг чухал чадвар. Компанийн хувьд, анх байгуулагдахдаа л ТУЗ-тэйгээр байгуулагдаж, сар бүр ТУЗ-ийн хурал хийхээр дүрэмдээ тусгасан байсан. Энэ хуралд гүйцэтгэх захирлын хувиар идэвхтэй оролцдог. Мөн бүхий л шийдвэрийг ил тод, нээлттэй мэдээлэх нь чухал гэж боддог. Ажилтнуудаа ч, хамтрагчдаа ч мэдээлэл сайтай байгаасай гэж боддог.
Бид олон улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгоно. Ингэхдээ Хонконг, Япон, Сингапурын аль нэгийнх нь бирж дээр хувьцаагаа арилждаг болохоор төлөвлөж байна.
2019 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллахдаа анх тавьсан зорилгодоо хэр хүрч чадсан бэ?
Би 2019 оны зургаадугаар сараас гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авсан. Тухайн үед гурван зүйлийг анзаарч, зорилго тавьж байлаа. Нэгдүгээрт, сарын 67 сая төгрөгийн алдагдалтай компани хүлээж авсан учраас алдагдлыг бууруулж, ашигтай ажиллана гэж зорьсон. Хоёрдугаарт, QPay-г Монголын бүхий л салбарт төлбөр тооцооны гол сувгийн нэг болгоно гэсэн зорилго тавьсан. Гуравдугаарт, дотоодын зах зээлд IPO хийж, олон нийтээс хөрөнгө татна гэж зорьсон. Энэ гурван зорилгодоо хүрчихлээ. Одоо бидний өмнө ахиад нэг том зорилго бий. Бид олон улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, гаднын хөрөнгө оруулагчдад хувьцаагаа санал болгоно. Ингэхдээ Хонконг, Япон, Сингапурын аль нэгийнх нь бирж дээр хувьцаагаа арилждаг болно. Магадгүй таван жилийн дотор энэ зорилго маань биелнэ гэж бодож байна.