Монголын Финтекийн холбооны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн ЦХХХЯ байгуулагдсанаар салбарын хөгжил хурдасч байгааг онцоллоо. Одоогоор тус холбоо Цахим засаглалын багц хууль батлагдсантай холбоотойгоор финтекийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор салбарын төлөөллүүдтэй хамтран ажиллаж байна. Хэрэв тэдний санал дэмжигдвэл цахим баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мөн финтекийн үйлчилгээ эрхлэгчдийн харилцагчийн танин баталгаажуулалтын үйл явц илүү хялбар болно гэлээ. Энэ нь финтекийн компаниудын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэнэ гэж тэрбээр үзэж байна.
Цахим засаглалын багц хууль батлагдсан нь финтекийн салбарынханд хэрхэн нөлөөлж байна вэ? Цаашид эрх зүйн өөр ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?
Манай улсад финтек хөгжиж эхлэх үед эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байгаагүй. Тийм учраас тухайн үед финтек компаниуд хамтарч Монголын Финтекийн холбоог үүсгэн байгуулж байлаа. Бидний зорилго бол салбартай холбоотой хууль, дүрэм журмын суурийг тавих, салбараа төлөөлж дуу хоолой болох юм. Финтек үйлчилгээ зах зээлд нэвтрээд удаагүй байсан 2019 онд эрх зүйн орчин байгаагүйгээс гадна зохицуулагч байгууллага өөрөө ч мэдлэг, ойлголт хомс байсан.
Цахим засаглалын багц хуулийг нэг талаар компаниуд, нөгөө талаар цахим орчин дахь хэрэглэгч, харилцагчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахаар баталсан. Тус хуулиудыг дагаж холбогдох журмууд ч гарсаар байна. Тухайлбал Кибер аюулгүй байдлын тухай хуульд дурдсан Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх этгээдийг бүртгэх, аудит хийх журам болон кибер аюулгүй байдлыг хангах, нийтлэг журам батлагдаад хэрэгжиж байгаа бол Финтек ББСБ нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001 стандартыг зайлшгүй хангах шаардлагыг Санхүүгийн зохицуулах хорооноос журамлаж заасан байна. Эдгээрийг хэрэгжүүлэхэд финтек компаниудад үндсэн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаараа харилцагчийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх, системийн аюулгүй байдлыг хангахад давуу тал болж байна.
Ямар нэг хууль батлагдаж, түүнийг мөрдөж хэвшихэд эхэн үедээ ойлголтын зөрүү гардаг. Гэхдээ төгс зүйл байдаггүй болохоор байнга сайжруулж, холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байна. Энэ тал дээр манай холбоо гишүүдийнхээ саналыг авч, цаг тухайд нь холбогдох төрийн байгууллагуудад саналаа хүргүүлж ажилласаар байна.
Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь финтекийн хөгжилд ямар нөлөө үзүүлж байна вэ?
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 120 хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Дэд ажлын хэсэгт манай холбоо салбарын дуу хоолойгоо хүргэж хуулийн төсөлд саналаа оруулж, ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр цаасан суурьтай баримт бичиг шаардахгүй байх үндэслэл бий болно. Ингэснээр иргэд заавал өөрийн биеэр очиж, хэн нэгэн албан тушаалтны хаалга үүдийг сахиж, цаас бүрдүүлэх шаардлагагүй болно гэсэн үг.
Нөгөө талаар, цахим баримт бичгийг нотлох баримт бичгийн хэмжээнд хүлээн зөвшөөрдөг болох юм. Энэ л бидний гол зорилго. Өнөөдөр төрийн байгууллагын үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд цахим баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй, цаасан баримт бичгийг л нотлох баримтын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. 120 хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал цахим шилжилтэд маш том түлхэц болно гэж бодож байна. Тэгээд ч цахим үндэстэн болно гэж зарлачхаад цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, цаасан хэлбэрээр нэхээд байж болохгүй.
Харилцагчтайгаа цахимаар харилцаа тогтоодог, цахимаар үйлчилгээ хүргэдэг финтекийн компаниудын хувьд эдгээр өөрчлөлт бүр ч чухал зүйл. Тиймээс дээрх өөрчлөлтүүдээс салбарт хамаатай хэсгүүдэд нь холбооны зүгээс саналаа өгөөд явж байна. Тухайлбал, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль гэх мэт хуульд саналаа өгсөн байгаа.
Цаашид финтекийн салбарыг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил ямар байдлаар хамтран ажиллавал илүү үр дүнтэй гэж та үзэж байна вэ?
Финтекийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа мэдээж чухал. Тэр ч утгаараа холбоо энэ ажлыг гардаж, манлайлж оролцдог. Манай холбоо өнөөдрийн байдлаар 15 гишүүнтэй. Салбарын гол тоглогчид болсон тэдний дуу хоолой, эрх ашгийг холбоо нэгтгэж, төрийн холбогдох байгууллагуудад уламжилж, хоорондын хамтын ажиллагааг хангах нь бидний үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Түүнчлэн манай салбарын шинэхэн яам болох ЦХХХЯ-тай болон Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран санал бодлоо солилцож, шийдлийг хамтдаа эрэлхийлж, салбарын хөгжлийг ахиулах холбогдох хуулиудад хамтран ажиллаж байгаа нь хамтын ажиллагааны нэг хэлбэр болов уу. ЦХХХЯ харьцангуй шинэ яам ч салбараа сайн мэдэрч, биднийг дэмжиж, сонсож ажилладагт их талархдаг.
Монголын финтек компаниуд анх харилцагчийн санхүүгийн хэрэгцээ дээр үндэслэн технологио хөгжүүлж, аппликейшнаа бүтээж байсан. Харин 2020 оноос харилцагчийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж технологио хөгжүүлдэг боллоо.
Банк, санхүүгийн байгууллагуудын хувьд, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэхээсээ өмнө танин баталгаажуулалт хийдэг. Хэдэн жилийн өмнө харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг зөвхөн тухайн иргэнийг тодорхойлох баримт бичигт үндэслэж хийдэг байсан бол харин одоо Е-Мongolia, Е-Вusiness, төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн нэгдсэн Хур, Дан систем бий болсноор харилцагчийг таних, баталгаажуулах үйл явц маш хурдан хугацаанд хийгдэж, шаардлагатай бичиг баримтыг шууд татан авч болдог болсон. Үүнийг одоо банк санхүүгийн байгууллагаас гадна финтек компаниуд ашиглаж байна. Харин одоо үүнийг тусгайлан хуульд оруулж, хүлээн зөвшөөрөх нь салбарын хөгжил шат ахиж, харилцагчдад хялбар үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор бид дээр дурдсанчлан хуулийн төсөлт санал оруулж төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Монголд WeChat шиг “супер апп” болж хөгжих зорилготой олон төсөл байх шиг байна. Финтек компаниуд аппликейшнаа цаашид ямар стратегиар хөгжүүлбэл илүү оновчтой вэ? Төрөлжилт үү, эсвэл хамтран синержи үүсгэх үү?
Монголын финтек компаниуд анх харилцагчийн санхүүгийн хэрэгцээ дээр үндэслэн технологио хөгжүүлж, аппликейшнаа бүтээж байсан. Харин 2020 оноос харилцагчийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж технологио хөгжүүлдэг боллоо. Харилцагч зөвхөн санхүүгийн үйлчилгээ авахаас гадна өдөр тутмынхаа бүхий л хэрэгцээ, шаардлагаа хангах сонирхолтой болж байна. Мөнгөн гуйвуулга, зээл авах, шилжүүлэг хийхээс гадна цахим худалдан авалт, хоол захиалгын үйлчилгээ, такси дуудах, гэх мэт цахимаар бүхий л төрлийн хэрэгцээт үйлчилгээгээ авах сонирхолтой болсон байна. Үүнийг цогцоор нь шийдсэн “супер апп”, “lifestyle” төрлийн финтек аппликейшн бүтээхэд илүү анхаарч байна.
Гэхдээ финтек компаниуд бүх үйлчилгээг нэг дор төрөлжсөн байдлаар үзүүлэхээс гадна төвлөрсөн нэг үйлчилгээг үзүүлдэг апп-ууд байгаа. Зарим нь төлбөр тооцоо хийхэд төвлөрч байхад зарим нь хэрэглээнд чиглэсэн, зарим нь худалдан авалтад чиглэсэн байх жишээтэй. Мэдээж финтек компаниудын хооронд өрсөлдөөн байгаа ч гэсэн бусадтайгаа нийлж байхгүй орон зайгаа нөхөж хамтарч ажиллах хүсэл сонирхолтой болж байна. Гишүүд энэ сонирхлоо саяхан есдүгээр сард болсон “Frontier Fintech Summit 2023” арга хэмжээний үеэр илэрхийлсэн.
Та өөрийн карьерын түүхээ танилцуулаач?
Би банк санхүүгийн салбарт найман жил ажиллаад 2019 онд Монголын хамгийн анхны финтек компанид Эрсдэлийн удирдлага, Хууль хариуцсан захирлаар дөрвөн жил ажилласан. Банк, санхүүгийн суурьтай болохоор финтекийн салбарыг ойлгож ажиллах нь хялбар байсан болов уу. Миний хувьд өмнөх ажлын туршлага дээр үндэслэн, салбартаа тодорхой хугацаанд ажиллаж байсан, салбарын хууль эрх зүйн талаас нь буюу сууриас нь мэддэг маань давуу тал болдог. Би анх холбоондоо давхар хагас цагаар ажиллаж, хоёр ажил зэрэг хийдэг байлаа. Учир нь надад финтек салбарыг хөгжүүлэх, дараагийн шатанд гаргах, олон нийтэд таниулах зэрэг эрмэлзэл байсан. Одоо ч байсаар байгаа. Финтек салбар бол санхүүгийн, бас технологийн хоёр салбарыг нэгтгэдэг болохоор зөвөөр хөгжүүлж болох мөлжүүртэй салбар гэж хардаг юм. Тэр ч утгаараа сорилт ихтэй.
Монголын Финтекийн холбооны гүйцэтгэх захирлын хувьд, одоогоор хамгийн их төвлөрч буй зүйлс юу вэ?
Манай холбоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Байнгын болон хуваарьт бус гишүүдийн уулзалт хийдэг. “Frontier Fintech Summitе 2023 Silk Road 2.0” арга хэмжээг есдүгээр сард зохион байгуулж, их завгүй ажиллалаа. Харин 10 дугаар сараас бид гадаад харилцаагаа тэлж хөгжүүлэхээр ажиллаж байна. Азийн бүс нутгийн Солонгос, Япон, Сингапур, Хонконг, Тайвань, Филиппин, Индонез, Тайланд, Малайз, Монгол зэрэг 10 улсын финтек холбоод нэгдэж, “Asian Fintech Alliance”-ийг үүсгэн байгуулахаар ажиллаж байна. Нэгдэл байгуулах хамтын ажиллагааны санамж бичгээ 11 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Сингапур улсад болох “Singapore Fintech Festival-2023” арга хэмжээний үеэр баталгаажуулна. Бид энэ нэгдлийн үүсгэн байгуулагчийн нэг болж байгаадаа баяртай байгаа. Манай холбоо тус нэгдлийн гишүүн болсноор өөрийн гишүүдээ энэ сүлжээгээр дамжуулж, Азийн бусад оронд үйл ажиллагаагаа явуулах, харилцаа хамтын ажиллагаа эхлүүлэх гүүр болж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Харин энэ 11 дүгээр сард бид Монгол банк, ЦХХХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Цагдаагийн ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбоотой хамтарч улсын хэмжээнд “Цахим орчин дахь кибер аюулгүй байдал”-ын компанит ажлыг нэг сарын хугацаанд өрнүүлэх гэж байна.
Энэ салбарт цөөнгүй жил ажилласан эмэгтэй хүний хувьд, ямар манлайлал үзүүлэхийг зорьдог вэ?
Манай финтекийн салбарт эмэгтэй удирдлагууд, эмэгтэй ажилтан нэлээдгүй хувийг эзэлдэг. Тэр ч утгаараа финтек бол эмэгтэйчүүдэд харьцангуй ээлтэй салбар. Эмэгтэй манлайлагчид төрж гарах боломж харьцангуй нээлттэй. Би салбарынхаа хууль эрх зүйн хүрээг дараагийн түвшинд ахиасай гэж чин сэтгэлээсээ хүсэж, хичээж ажилладаг. Энэ ч утгаараа салбарыг төлөөлж буй удирдагчийн хувьд үзэл баримтлал, зорилгоо тууштай хамгаалж, ёс зүй, шударга зан чанар, мэдлэг чадвар, туршлага, хариуцлага, үйл хөдлөлөөрөө бусдад үлгэр дууриалал болж манлайлж ажиллахыг хичээдэг.
Манай салбар хурдацтай өөрчлөгдөж, байнга сорилттой нүүр тулдаг учраас уншиж судалж, технологийг ойлгож, том зургаар харах шаардлага бидэнд цаг ямагт тулгардаг. Энэ нь миний аливаа зүйлийг тал бүрээс нь том зургаар харах гэдэг зарчим, үзэл бодолтой нийцдэг. Тийм ч учраас би салбартаа хүсэл сонирхолтой ажилладаг.
Таны хувьд эдгээр олон ажлыг нэг дор хийж гүйцэтгэхэд цагийн менежментдээ хэрхэн анхаардаг вэ?
Олон ажлыг нэгэн зэрэг чанартай хийж гүйцэтгэх нь хэцүү байлгүй яахав. Миний хувьд ажлаа ач холбогдлынх нь эрэмбээр жагсаахаас миний төлөвлөгөө эхэлдэг. Хийх ажлын жагсаалтаа гаргахдаа чухал, чухал бус, яаралтай, яаралтай биш гэж дөрөв ангилж, “Яаралтай чухал” ангилалд байгаа ажлаасаа эхэлдэг. Ингэж төлөвлөхгүйгээр гал унтраах байдлаар явж болохгүй. Энэ миний гол зарчим. Магадгүй энэ нь би өмнө нь гадаад захирлын удирдлага дор ажиллаж байсны онцлог, түүний арга барилаас надад үлдсэн байх. Тэр үеэс би аливаа судалгаа, ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу, ул суурьтай, үндэслэлтэй, тоо баримтад тулгуурлан хийх, дүгнэх ёстойг сурсан. Намайг финтек, технологийн салбарт ажилладаг гэхээр цахимжсан хүн гэж ойлгож магадгүй. Гэтэл би өдрийнхөө уулзалтын цагийн хуваарь, түүгээр яригдсан сэдэв зэргийг гар утаснаасаа гадна ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж хадгалдаг.