Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны зээл авсан аж ахуйн нэгжийн тайлагналд ямар ч аудитын компани буруутгагдахгүй байгаа нь хачирхалтай.
***
Бизнес эрхлэгчдэд шинэ жил эхэлмэгц САНХҮҮ, ТАТВАРЫН ТАЙЛАН буюу санхүүгийн жил эхэлдэг нь нэлээд толгой өвтгөсөн ажил болж хувирдаг.
Монголын санхүүгийн жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлж 12 дугаар сарын 31-нд дуусдаг. Энэ хугацааны туршид бизнес эрхлэгчид олсон орлого, гаргасан зардлаа нэгтгэж, санхүүгийн тайлангаа боловсруулж, ашгаа тодорхойлж, үр дүнгээ үздэг. Төр энэ тайлангийн үр дүнгээр татвараа авч, төсвөө бүрдүүлдэг. Харин иргэд хөнгөлөлт эдэлж, татварын бодлогын үр нөлөөг үздэг.
“Санхүүгийн жил” гэх ойлголт нь хуанлийн жилээс ялгаатай. Зарим улс орны санхүүгийн жил хуанлийн жилээс өөр байдаг. Харин манайд хуанлийн жилтэй адил байхаар хуульчилжээ.
Санхүүгийн жил хуанлийн жилээс ялгаатай байх олон хүчин зүйл бий. Хамгийн чухал нь эдийн засгийн үр ашиг юм. Олон улсын томоохон компаниуд санхүүгийн жилээ өөрөөр тогтоосон байдаг. Санхүүгийн жилээ яаж тогтоох нь тухайн компанийн хувьд чухал хүчин зүйл байж болно. Компаниуд нягтлан бодох бүртгэлийн баримт бичигтээ санхүүгийн жилээ өөрөөр тогтоосон байлаа ч төрд тайлан мэдээ өгөхдөө төрийн тогтоосон хуулийг баримтлах ёстой.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш санхүүгийн жилийг чөлөөт зах зээлд хэрэгжүүлж ирсэн гэж үзвэл хөгжлийн түүхийг 30 жилээр дүгнэх шаардлагатай болж байна.
Энэ хугацаанд хамгийн их хөндүүр болж ирсэн асуудал бол “Санхүүгийн жил”-ийн тайлагнал.
Бизнес эрхлэгчид “Хууль нь ийм болохоор яах ч аргагүй юм” гэсэн хэвшмэл сэтгэлгээнд нэлэнхүйдээ автсан байдаг. Хуулийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид нь ч бас хуулийн заалтаа барин торгууль шийтгэлээр айлган, дарамталсаар энэ сэтгэхүйг нийгэмд тулгаж ирсэн.
Санхүүгийн жилийн хамгийн чухал хоёр улирал нь Монголын хамгийн том хоёр үндэсний баяртай давхацдаг.
- Жилийн эцсийн үр дүнгээ гаргах цаг хугацаа нь ЦАГААН САРтай давхацдаг. Энэ жил тайлангийн сүүлийн өдөр нь Цагаан сарын шинийн 1-ий өдөр таарч байна. Цагаан сараар гурван хоног амардаг бөгөөд цаг хугацаа нь билгийн тооллоос хамаарч харилцан адилгүй.
- Хагас жилийн үр дүнгээ үзэх хугацаа нь НААДАМтай бас давхацдаг. Наадмын амралтын өдрүүд долдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд үргэлжилж, хамгийн урт амралт болдог бол нягтлан бодогчдын хувьд 7 сарын 20-ны өдөр тайлангийн сүүлийн өдөр тул хэзээ ч энэ өдрүүдэд амрах эрх олддоггүй.
Монголчуудын хувьд хамгийн үнэ цэнтэй, үндэсний гэх тодотгол дагалддаг, бэлтгэл их шаарддаг, олон хоног үргэлжлэн амардаг баяр нь бизнес эрхлэгчдийн хувьд тайлан тооцоогоо хийх хамгийн чухал өдрүүдтэй нь давхацдаг.
Магадгүй энэ баяруудыг давхцуулж санхүү, татварын тайлан гаргахаар хуульчилсан нь Монголын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайландаа чухал ач холбогдол өгч, үнэн, зөв хийх боломжийг хулгайлдаг юм биш биз? Дараа нь хяналт шалгалт хийж, акт зөрчил үүсгэн торгож, тэр байтугай шоронд хийх нөхцөл болдог юм биш биз дээ!
Санхүүгийн тайлан буруу хийгдэх нь бичил, жижиг байтугай томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд ч гардаг. Энэ байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрөл бүхий аудитын компаниудаар хянуулж, төрд тушаахыг Сангийн яам аж ахуйн нэгжүүдэд тулгадаг. Эндээс харахад аудит хийлгэхийг төр шахах нь зөв мэт.
Аудит гэдэг бол угтаа тухайн компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нягтлан бодох бүртгэлийн хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж, хувьцаа эзэмшигчдэд үнэн мэдээлэл өгдөг чухал үүрэг хүлээсэн мэргэжлийн үйлчилгээ. Та нар сайн ойлгоё гэвэл Бен Аффлекийн тоглосон “Accountant” киног үзээрэй.
Монголчуудын хувьд хамгийн үнэ цэнтэй, үндэсний гэх тодотгол дагалддаг, бэлтгэл их шаарддаг, олон хоног үргэлжлэн амардаг баяр нь бизнес эрхлэгчдийн хувьд тайлан тооцоогоо хийх хамгийн чухал өдрүүдтэй нь давхацдаг.
Хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээг Сангийн яам яагаад бараг бүх аж ахуйн нэгжид тулгах болов оо?
2023 оны есдүгээр сарын байдлаар статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй 234 500 хуулийн этгээдийн 96 000 буюу 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 90 орчим хувь нь 1-19 ажилтантай бичил, жижиг компаниуд байна.
Үйл ажиллагаа явуулж буй бүх хуулийн этгээд Сангийн яаманд санхүүгийн тайлангаа өгөх ёстой. Гэтэл яагаад заавал өгөх ёстойгоо тэд ойлгодог болов уу. Хэрвээ өгөхгүй бол төр ямар хохирол хүлээдэг вэ?
Санхүүгийн тайлан дотроо таван бүрдэл хэсэгтэй. Энэ тайлан дээр Татварын албанд өгдөг татварын тайланг нэмбэл нэлээд их тайлан мэдээг бизнес эрхлэгчид хийж төрд хүргүүлдэг. Татварын тайлан бүр дотроо 3-9 төрлийн хавсралт мэдээтэй хийгддэг болсон. Татварын төрөл бүрээр тайлан гаргана гэж үзвэл үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч 3-10 хүртэл татварын тайланг хавсралт мэдээний хамт гаргаж өгдөг гэхээр төрд тушаах тайлан нийтдээ 40 хүртэл байх тохиолдол гарна.
Жишээлбэл, нийтлэлч би бээр нэгэн байгууллагын санхүүгийн цогц үйлчилгээний цэсийг харахад энэ бүх тайланг мэдээ бүрээр үнэлгээ тогтоосон нь сард хамгийн багадаа хоёр сая төгрөгийн үнэтэй үйлчилгээ болж байсан. Энэ үйлчилгээг “ярьж” бууруулж болно. Гэвч “ярина” гэдэг үнэн зөв байх ойлголтыг үгүйсгэнэ.
Манай дийлэнх бизнес эрхлэгч болох жижиг, дунд бизнесүүд санхүүгийн тайлангаа хамгийн багадаа хоёр сая төгрөгөөр гэрээт нягтлангаар хийлгэнэ. Үүний дараа Сангийн яамны сайтад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд аудитын компанид заавал хандана. Энэ үйлчилгээ 2-4 сая төгрөгийн хооронд байна. Яагаад дөрвөн сая гэсэн тоо дийлэнх байдаг вэ гэвэл баланс өгөөгүйгээс төрд учруулах хохирол болох торгуулийг аж ахуйн нэгжийн хувьд дөрвөн саяар үнэлж хуульчилсан байдаг. Торгуулийн хэмжээ нэмэгдвэл энэ үйлчилгээний төлбөр нэмэгдээд л байна. Гэхдээ бас хоёр саяар энэ үйлчилгээг авч болно. Энэ тохиолдолд аудитын “тамга дарах” үйлчилгээ болно.
Аж ахуйн нэгжүүдийн нягтлангийн орон тоо, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ эрхлэгч мэргэшсэн нягтлангуудыг аудитын үйлчилгээ зах зээлээс шахаж эхэлсэн. Заавал аудитын эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй компаниар тайлангаа системд өгөх эрх үүсэх учраас аудитын компанитай гэрээ байгуулбал дөрвөн сая төгрөг болох үйлчилгээг гурван саяар хямдралтай хийлгэхийг тэд санал болгож байна. Миний бичиж буй энэ тоонууд өнгөрсөн жилийн ханш.
Эндээс харахад, аудит яг хэнд үйлчлээд байна вэ? Зах зээлийн хөгжлөө дагавал компаниудын хувьцаа эзэмшигчдэд үйлчлэх ёстой. Харин манай нөхцөлд төрд үйлчилж байна. Төр гэхдээ тэдний үнэн зөв хийж байгаа эсэхийг хэзээ ч шалгаж үнэлэхгүй. Нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны зээл авсан аж ахуйн нэгжийн тайлагналд ямар ч аудитын компани буруутгагдахгүй байгаа биз дээ? Ач холбогдолгүй шахам л үйлчилгээг төр хүчээр бий болгож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дарамтад оруулж байна.
Аудит гэхдээ ач холбогдолгүй үйлчилгээ биш юм. Зах зээлийн зөв гольдролыг үүсгээгүй хуулийн хэрэглээг бизнесийн цар хүрээнээс хамааруулахгүйгээр баталснаас л будилаан үүсэж түүнээ засах гэж оролдоод бүтэлгүйтээд байна. Хууль батлагчид нь ч энэ чиглэлээр нарийн судалгаа, мэдээлэл, мэдлэггүй байдаг нь олон улсын туршлага, жишиг гэх тайлбартай “томдсон” ойлголтыг нутагшуулах гэж хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлж хуульчилж ирсэн нь хүчтэй лобби болон хөгжиж, жижиг, дунд бизнесийн хөгжилд тушаа болсоор ирлээ.
Магадгүй олон улсын жишгийг дагаж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх гэж жижиг зах зээлд, хөгжсөн том зах зээлийн ойлголт, үйлчилгээг шууд хуулбарлах гэснээс болж байж ч мэднэ.
Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд үйлчилж буй хуулийн зарим заалт “томдсон малгай” өмсгөсөн мэт дарамт үүсгээд байх шиг харагддаг.
“Томдсон малгай” өмссөн жижиг бизнес эрхлэгчид маань жилийн эцэст 8-40 хүртэлх тайлан мэдээг он дуусмагц нэгдүгээр сарын 1-ээс эхлэн аж ахуйн нэгж хоёрдугаар сарын 10, иргэд хоёрдугаар сарын 15 хүртэл гаргаж өгч төрд тушаадаг.
Харин энэ бүх тайлан үнэн зөв хийгдэж чаддаг уу? Үнэн зөв байх нь хэнд хэрэгтэй вэ?
Үнэн, зөв санхүүгийн тайлантай байх нь тухайн аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд л хэрэгтэй. Гэтэл тэдний тайлангаа хийх санхүүгийн жил үргэлжид хүндрэлтэй асуудлын суурь болсоор ирсэн. Төрийн баталсан хууль тогтоомжууд жижиг бизнесүүдээ хамгаалах, зах зээлд хөлийг нь олуулах зориулалттай батлагдаж байна уу, аль эсвэл зөвхөн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулагдаж байна уу гэдэгт нухацтай хандах цаг иржээ.
Төрийн баталсан хууль тогтоомжууд жижиг бизнесүүдээ хамгаалах, зах зээлд хөлийг нь олуулах зориулалттай батлагдаж байна уу, аль эсвэл зөвхөн төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулагдаж байна уу гэдэгт нухацтай хандах цаг иржээ.
Жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд, ялангуяа нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд төрд л тайлангаа тушаах нь чухал болсоор ирсэн. Тиймээс үнэн зөв байх гэдэг шалгуур нь огт чухал биш. Санхүүгийн тайлан нь үнэн зөв хийгддэг бол татварын тайлан нь бас үнэн зөв гарна. Харин энэ олон тайланг гаргахад хугацаа давчуу байдаг нь “худлаа” тайлан хийх цаг хугацааны хүчин зүйл болдог.
Баяр, наадам таарах нь бизнес эрхлэгчдэд хамгийн том хүндрэл үүсгэж ирсэн нь 30 жил энэ салбарт олигтой ахиц гарахгүй байгаагаар тайлбарлаж болно. Нягтлангуудын л зовлон мэт ойлгуулсаар ирсэн нь өрөөсгөл дүгнэлт юм.
Дараагийн нэг хүчин зүйл нь тайлангийн системийн өөрчлөлт. Энэ оноос санхүүгийн тайлангийн систем шинэчлэгдсэн. Татварын хуульд өөрчлөлт орох нь олон. Тиймээс ч цахим системдээ өөрчлөлт хийх шаардлага байнга үүснэ. Хууль батлагдсаны дараа программын бодлогын даалгавар бичигдэж батлагдах гэсээр цаг хугацаа их ордог. Харин тайланд орсон өөрчлөлт жилийн эцсээр буюу нэгдүгээр сарын 1-ээс идэвхэждэг. Энэ үед л хамгийн хүндрэлтэй асуудал үүсдэг. Тайлангийн систем алдаа зааж эхэлдэг. Санхүүгийн тайлангийн системд ч мөн адил энэ хүндрэл үүссээр л байна.
Хэдийгээр хуульдаа нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тайлан авах хугацаа эхэлдэг боловч Төрийн тайлан авах систем бүрэн бэлэн болоогүй байдаг. Уг систем нэгдүгээр сарын турш алдаа, оноотой ажилладаг. Ингээд хоёрдугаар сард Цагаан сар давхцсанаар тайлангаа боловсруулах хугацаа сүүлийн өдөртэйгөө л золгон үнэн худал хийгдэж дуусдаг. Яг үнэндээ 10 хоногт 40 орчим тайлан мэдээг хийх дарамт ирдэг гэсэн үг. Зарим тохиолдолд тав хоногт хийнэ гэсэн үг.
Дараагийн нэг хүндрэл үүсгэдэг зөрчил бол тайлангуудын хүлээн авах хугацаа юм. Энэ нь нөгөө олон тайлангийн хуулийн хугацаа адил байдаг нь тайлагнаж буй этгээдэд хүндрэлтэй нөхцөлүүдийг бий болгоно. Нэг ажлыг хоёр дахин хийх байдалд хүргэдэг.
НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн хувьд өмнөх оны арванхоёрдугаар сарын тайлангаа нэгдүгээр сарын 10-нд багтаан өгдөг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 1-ээс эхлэн санхүүгийн тайлан өгөх боломжгүй гэсэн үг. НӨАТ-ын тайлангаа өгч дууссанаар л санхүүгийн тайландаа орох боломжтой болно. Өмнөх оныхоо тайланг бүрэн хийгээгүй байж яаж нэгтгэл тайлан гарах билээ дээ. Ийм аж ахуйн нэгжүүдийн хувьд олон нягтлан ажиллуулахаас өөр гарцгүй. Тэд нь шөнө өдөргүй сууна. Илүү цаг нэхнэ. Ингээд хоорондоо зөрчил үүснэ.
Цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгасан тайлан нь хоёрдугаар сарын 10 буюу жилийн тайлантайгаа адилхан хугацаатай. Тэгэхээр ажил олгогч хэзээ тайлангаа өгснөөс хамаарч иргэд нь хөнгөлөлтийн тайлангаа өгөх нөхцөл үүсдэг гэсэн үг.
Хөрөнгийн татварын тайлан гэх мэт бусад татварын хугацаа ч адил яригдана. Өөр хоорондоо нийцээгүй энэ бүх хоорондоо нийцээгүй тайлангийн хугацааг татварын алба цахим тайлангийн системдээ зохицуулж ирсэн боловч дараа нь “зөрүү үүссэн” шалтгаанаар буцаах, хөнгөлөлт өгөхгүй байх гэх мэт асуудал бухимдал үүсгэсээр л байна.
Тайлан хийх хугацаа богино байх нь “худлаа” баланс гаргах нэг шалтгаан болж байна. Худлаа хийсэн тайланг хариуцлага үүрүүлэхийн тулд л аудитын компанийг гуравдагч этгээд болгон ашиглаж байна. Аудитын компаниуд нь төрд ашиглагдаж, түүнээсээ орлого олж байгаа хэлбэрээр хөгжиж байна.
Тайлангийн хугацаа хоёрдугаар сарын 10-нд дууссанаар аж ахуйн нэгжүүд “баланс хугацаандаа өгөөгүй” гэх үндэслэлээр дөрвөн сая төгрөг, “татварын тайлан хугацаандаа өгөөгүй” гэх үндэслэлээр хэдэн татварын албанд тайлан өгдөг эсэхээс хамаарч нэг татварын тайланг 1.5 сая төгрөгийн торгууль хүлээж байдаг. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 5.5 сая төгрөгийн торгууль төлөхгүйн тулд “худлаа ч атугай” тайлан хийлгээд Цагаан сар, Наадамаа тэмдэглэх нь тэдэнд амар байдаг болов уу.