– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн бондын өр, төлбөр төлж барагдуулсан ч Монгол Улсын гадаад өр төлбөр дундраагүй нь өрийг өрөөр хааж ирсэнтэй холбоотой.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр “Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээсээ мултарлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн. Олны дунд багагүй маргаан дагуулсан энэ мэдэгдэл нь түүний тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн бондын өр, төлбөр төлж барагдуулсантай холбоотой байв. Тодруулбал, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан нь түүний хувьд өрийн гинжин хэлхээнээс мултарсан хэмээн мэдэгдэх гол үндэслэл нь байсан юм. Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 10 жилийн өмнө Японы зах зээлд арилжсан “Самурай” бондын өрийг хаасан нь оны онцлох үйл явдлын нэг болсныг ч хэвлэлүүд бичиж байлаа.
Монгол Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларыг давсан нь ДНБ-ий хэмжээнээс 2.5 дахин өндөр үзүүлэлт юм.
Гадаад өр төлөхөд зарцуулсан гэх 13.3 их наяд төгрөг бол Монгол Улсын 2020 оны төсвийн зарлагатай тэнцэхүйц хэмжээний чамлахааргүй мөнгө. Гэвч үнэхээр бид Ерөнхий сайдын хэлсэнчлэн өрийн гинжин хэлхээнээс мултарсан уу гэвэл үгүй. Монголбанк, Үндэсний статистикийн хорооны вэбсайтад байршуулсан хамгийн сүүлийн өгөгдөл мэдээллээс 2023 оны гуравдугаар улиралд Монгол Улсын гадаад өр төлбөр 33.9 тэрбум ам.долларт хүрснийг илхэн харж болно. Хэдийгээр бид оны өмнө “Самурай” бондыг төлж дууссан ч гадаад өрийн дарамт хэрхэн суларсныг зүйрлэбэл 40-ийн бидонтой уснаас балга ус авахтай л ижил хэмжээний өөрчлөлт гарсан гэвэл хилсдэхгүй.
Өдгөө Монгол Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларыг давсан нь ДНБ-ий хэмжээнээс 2.5 дахин өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өлгийтэй нялхаас өтгөс буурал хүртэлх бүх насныханд энэ өрийг хуваавал нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногдсон хэвээр байна. Гадаад өрийн бүтцийг авч үзвэл, үүнд Засгийн газар, төв банк болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өр хамгийн их жин дардаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын “өрийн дэвтэр” нэлээд зузаарсныг энгийнээр тайлбарлах гээд үзье. Сүүлийн жилүүдэд гадаадын толгой компаниасаа Монгол дахь охин компанидаа өгч буй зээл санхүүжилтийн нөлөөгөөр гадаад өр хүрээгээ тэлж байна. Тухайлбал, Рио Тинтогоос авч буй Оюутолгойн санхүүжилт гадаад өрийн хэмжээнд багагүй хувийг эзэлдэг. Гэхдээ энэ төрлийн гадаад өр нь иргэдийн нуруун дээр бодит утгаараа дарамт болдоггүйг ч эдийн засагчид тайлбарладаг. Харин хамгийн том дарамт үүсгэдэг нь Засгийн газрын өр.
Засгийн газрын өр 2010 онд ДНБ-ий 23 хувьтай тэнцэж байсан бол 2012 онд 36, 2013 онд 38, 2014 онд 43 хувьтай тэнцэж ирсэн. Харин одоо Засгийн газрын өр ДНБ-ий 44.3 хувьтай тэнцэж байна.
Гадаад өрийг 33.9 тэрбум ам.доллар гэж үзвэл 7.8 тэрбум нь Засгийн газрын өр байна. 2015 оноос хойш Засгийн газрын өр хоёр дахин нэмэгджээ. Засгийн газрын өр 2010 онд ДНБ-ий 23 хувьтай тэнцэж байсан бол 2012 онд 36, 2013 онд 38, 2014 онд 43 хувьтай тэнцэж ирсэн. Харин одоо Засгийн газрын өр ДНБ-ий 44.3 хувьтай тэнцэж байна. Энэ бол ирээдүйд эдийн засаг, төсөвт үзүүлэх ачааллыг улам нэмэгдүүлэх дүр зураг юм.
Өр дундардаггүйн өрөвдмөөр шалтгаан
Өр дундардаггүй шалтгааны талаар тайлбарлахын өмнө бид яагаад өрийн балчигт шигдсэн талаар товч дурдъя. Гадаад өр нэмэгдэхэд нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь манай улс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн хугацаанд манай улс дотоодоосоо өндөр хүүтэй зээл авч, 2016-2017 онд дотоод өрийн зөвхөн хүүнд л гэхэд 1.5 их наяд төгрөг зарцуулж байсан талаар эдийн засагчид шүүмжилдэг. Тийм ч учраас Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөсний дагуу дотоод өрөө хямд хүүтэй гадаад өрөөр сольж эхэлсэн юм. Ингэснээр гадаад өр жил тутам тогтмол өсжээ. Мөн өрийн дарамт нэмэгдэхийн хэрээр Засгийн газар өрийг дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр хаах тактик баримтлах болсон. Нэг өрийг хааж буй мэт боловч өөр нэг өр төлбөрт унах нь арга ядсан “амь тариа”. Бодлого тодорхойлогчдын амнаас “бонд босгож өр хаалаа” гэх боловсон хэллэг үе үе цухалздаг ч энэ нь угтаа бүр ч өндөр хүүтэй өөр нэг өрөнд ороогдож байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Сангийн яамны Өрийн зохицуулалтын арга хэмжээний талаарх мэдээллээс үзвэл, “Чингис” бондыг “Номад”, “Сенчири” бондоор, “Гэрэгэ”, “Хуралдай” бондыг “Сенчири” бондын дараагийн үе шатны санхүүжилтээр хааж байгаа нь илэрхий харагдана. Мөн бондуудын хүүг анзаарвал, хямд хүүтэй бондын өрөө “Сенчири” бондын илүү өндөр өртөгтэй санхүүжилтээр хааж байгааг мэдэж болох юм. Түүнчлэн төсвийн мөнгөн хөрөнгөөр маш бага хэмжээний өрийг хааж байгааг ч салбарын яамны мэдээллээс харж болно. Ийм нөхцөлд өр дундарна гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Гэхдээ үүнээс өөр зам үгүй. Хэрэв манай улс “Сенчири” бондыг босгоогүй бол өрийн дарамтад орж, дефолт зарлахад тун ойрхон байсныг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд хэлж байсан удаатай.
Өрийн “үр” юу байх вэ?
Монгол Улсын гадаад өрийн үндсэн болон хүүгийн төлбөр нэг л эх үүсвэрээс төлөгддөг. Энэ нь эдийн засгийн гол “дархлаа” гэж хэлж болох гадаад валютын албан нөөц юм. Иймээс Засгийн газрын гадаад өр Засгийн газартаа л хамаатай гэж ойлгох нь өрөөсгөл. Гадаад өрийн төлбөр бүр валютын нөөцийг дундруулж, төгрөгийн ханш сулрах нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид үнийн өсөлтөөр дамжуулан дарамтыг нь мэдэрнэ. Тиймээс манай улс өрийн балчигт шигдсэн гол шалтгаанаа эргэн харах шаардлагатай.
Бодлого тодорхойлогчдын амнаас “бонд босгож өр хаалаа” гэх боловсон хэллэг үе үе цухалздаг ч энэ нь угтаа бүр ч өндөр хүүтэй өөр нэг өрөнд ороогдож байгааг илэрхийлж буй хэрэг юм.
Гадаадаас зээл санхүүжилт татаж, бонд босгосон хэрэгцээ шаардлагаа эргэн дүгнэхэд, дийлэнх нь төсвийн алдагдлыг нөхөх зорилготой байдаг. Иймд, бодлого тодорхойлогчид жил бүр төсвийг алдагдалтай баталдаг шалтгаанаа эргэн харах шаардлагатай гэсэн үг. Хэрэв Монгол Улс өрийн зохицуулалтыг ухаалгаар хийхгүй бол макро эдийн засгийн бодлого эрүүлжихгүй, мөн үүний уршгаар хөгжлийн хөшүүрэг болсон гаднын хөрөнгө оруулалтыг даллан дуудаж чадахгүй. Том төслүүд ч урагшлахгүй. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, манай улсын ирээдүйн төлөвт итгэх донорууд цөөрнө. Энэ утгаараа Засгийн газар том зургаар асуудалд хандахгүй бол Монголын компаниуд дефолт зарлаж, валютын нөөц шавхагдаж, төгрөгийн ханш навс унаж, ажил эрхлэлт буурч, иргэдийн амьжиргаа муудна гэдгийг эдийн засагчид сануулж байна.
Ямартай ч Монгол Улсын Засгийн газар өрийг өрөөр хааж, хугацааг нь хойшлуулсны үр дүнд ойрын хоёр жилдээ ямар нэг бондын төлөлт хийх хуваарьгүй болоод байна. Ингэснээр Монгол Улс 2026 он хүртэл валютаа нөөцлөх боломж бүрдэж, өдгөө 4.9 тэрбум ам.долларт хүрээд буй валютын нөөцөө хоёр дахин өсгөх нөхцөл бий болж байгааг Засгийн газрын зүгээс онцолж байна.