– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Цар тахал бизнес эрхлэгчдэд амаргүй сорилтуудыг дагуулж ирсэн ч тэдгээр сорилтын ард шинэ боломжууд ч мөн “бэлэг” болон ирсэн юм. Та бидний хэрэглэж дадаад буй QR код бүхий QMenu ухаалаг цэс л гэхэд цар тахлын үеийн бүтээл. Зах зээлд ухаалаг цэсээр анхлан хөл тавьсан “Кью-Инно” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Ач-Эрдэнэ, Г.Санчир, Б.Ууганбаатар нар өдгөө ресторан удирдлагын цогц системээр дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа тэлээд зогсохгүй олон улсад хүч сорихоор төлөвлөж байна.
Ресторан, зоогийн газрын цэсийг QR код уншуулаад л харчихдаг соёлд манайхан хэдийнэ дадчихсан байна. Энэ дадал хэвшлийг бий болгосон QMenu -ийн хувьд, анх хэдэн оноос зах зээлд нэвтэрч байв. Бизнесээ эхлүүлж байсан түүхээсээ манай уншигчдад хуваалцахгүй юу?
Г.Ач-Эрдэнэ: Манай компани 2020 оны долдугаар сард буюу цар тахлын оргил үеэр байгуулагдсан. Гэхдээ бизнесийн гол санаа бол мэдээж компани байгуулагдахаас өмнө бий болж, яригдаж эхэлсэн. Цар тахал, хөл хорио эхлэхтэй зэрэгцэн бүх салбар уналтад орсон. Ялангуяа жижиг бизнес эрхлэгчид илүү хүнд байдалд орсон шүү дээ.
Тэр үед манай нэг ахын ресторан бараг дампуурахаа шахаж байсан юм. Шалтгаан нь ресторан, үйлчилгээний газруудаар дамжиж халдвар тархаж, хөл хорио тогтоож байсантай холбоотой байсан л даа. Ингээд шийдэл эрэлхийлж эхлэхэд олон улсад QR код бүхий цэс ашиглах нь трэнд болж байгааг анзаарсан. Гэхдээ энэ төрлийн цэсүүдийн дийлэнх нь гар утсан дээрээсээ л харж байгаа гэхээс цаасан цэсээс ялгаагүй байсан. Ерөнхийдөө хүмүүс утсан дээрээсээ цэсээ харсан ч зөөгчтэй харьцсаар л байсан.
Харин бид зөөгчтэй харьцах харилцааг багасгая, илүү ухаалаг шийдэл эрэлхийлье гэдэг дээр илүү төвлөрсөн. Төлбөрийн систем, кассын систем хөгжчихөөд байхад хэрэглэгчтэй харьцах гүүр болсон цэс яагаад ухаалаг байж болохгүй гэж гэх бодолдоо хөтлөгдөж системээ хөгжүүлж эхэлсэн. Ингээд хөгжүүлэлтийн анхны загварууд 2020 оны сүүлээс бэлэн болж, үр дүнд нь зөөгч зөвхөн хоолоо аваачиж өгөхөд л болох ухаалаг цэсийг бүтээж чадсан.
Анх зах зээлд нэвтрэхэд хэрэглэгч, харилцагчид хэрхэн хүлээж авсан бэ?
Г.Санчир: Хөгжүүлсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн эргэлзээ, хүлээлт мэдээж байсан. Харин бид зөв зүйл хийснээ тэр дороо л мэдэрсэн. Цар тахал дууссан байлаа ч энэ шийдэл бол ирээдүй юм байна гэдгийг ойлгосон. Бидний санал болгож буй үйлчилгээ рестораны үйл ажиллагааг оновчтой болгохын зэрэгцээ зөөгчийн ачааллыг бууруулж байсан.
Мөн бид хэрэглэгчээ сургах нь маш том сорилт байх болов уу гэж анхандаа эмээж байсан. Гэтэл манай хэрэглэгчид харьцангуй хурдан дассан. И-баримтын QR код уншуулаад хэвшчихсэн болоод ч тэр үү, энэ шинэ хандлага, шинэ соёлд дороо суралцсан санагддаг.
Харин рестораны эздийн хувьд, үнэндээ зарим нь ухаалаг цэс сонгох тал дээр бага зэрэг хойрго хандсан. Гэхдээ сүүлийн үед эздийн хандлага өөрчлөгдөж байгаа. Дижитал шилжилт бол гарцаагүй зүйл юм гэдгийг дийлэнх нь ухамсарладаг болчихож. Мөн систем маань боловсронгуй болохын хэрээр цар хүрээ нь өргөжсөөр байна. Эхлээд бид зөвхөн цэс гэж бодож хөгжүүлэлтээ эхлүүлж байсан бол цар тахлын дараа системээ “ресторан удирдлагын цогц систем” гэсэн илүү өргөн утгаар хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Цар тахлын аюул ард үлдлээ. Гэсэн хэдий ч бид цаасан цэсээс татгалзах ёстой шалтгааныг та бүхэн илүү тодруулж тайлбарлахгүй юу?
Г.Ач-Эрдэнэ: Цар тахлын үед зоогийн газрууд халдвар тархах эрсдэлтэй бүс болж байсан. Тийм ч учраас ресторануудыг хаасан. Яагаад халдвар тархаад байгааг Япон, Америкт судалсан байсан л даа. Цаасан цэс дээр тусгай түрхлэг түрхээд хүмүүс үйлчлүүлсний дараа ион гэрэл тусгатал хуудсууд дээр нь маш олон төрлийн нян бактери хуримтлагддаг болох нь илэрхий харагдсан. АНУ-ын судалгааны байгууллага цаасан цэс дээрх бактери бие засах өрөөний суултуурынхтай ижил хэмжээтэй байгааг ч тогтоосон. Гол нь бид ариун цэврийн өрөө орсон бол гараа угаадаг. Харин хоолны цэс эргүүлчихээд гараа угаадаг уу гэвэл үгүй.
Нэг цаасан цэс өдөрт дунджаар 100 орчим хүний гараар дамждаг. Гэхдээ тэр цэсийг ресторанууд бараг л ариутгадаггүй гэвэл хилсдэхгүй.
Мөн караокены ном байна. Хүмүүс уух юмаа асгаад хуудсууд нь наалдчихсан байх нь бий. Тэгвэл бид караокены зузаан номыг ч мөн ашиглахад хялбар цахим болгосон. QMenu -ийн QR кодыг уншуулаад “Караоке ном” цэс дээр дарахад “Соёмбо, Нэкст” караокены номын цахим хувилбар бий. Дуулах дууныхаа нэрээр хайхад л код нь гараад ирнэ.
Үүгээр зогсохгүй байгаль орчинд ээлтэй байх боломжийг ч ухаалаг цэс олгож байгаа. Тухайлбал, нэг ресторан өдөрт дунджаар хоёр ролл буюу 80 метр цаас хэрэглэдэг. Хэрэв 1000 ресторан цаасан цэс, зөөгч захиалга авах цаас, и-баримт, банкны гүйлгээний цаас зэргийг халж, цаасны хэрэглээгүй болоход жилдээ 4000 мод тайрахгүй байх хэмжээний эерэг үр дүн авчирна. Дэлхий нийт, бизнесүүд тогтвортой хөгжил рүү тэмүүлж байна. Тогооч нар ч цаасан дунд хутгалддаг үе ард үлдэж байна. Тиймээс ухаалаг цэс бол ирээдүй, бүрэн шилжихэд цаг хугацааны л асуудал байна.
Цахим цэс нэвтрүүлсэн газрууд цөөнгүй байдаг. Гэхдээ зарим нь өөрсдөө цэсээ хийчихсэн байдаг шүү дээ. Тэгвэл танай компанийн хөгжүүлсэн ухаалаг цэс бусдаас юугаараа ялгаатай вэ? Харилцагч, хэрэглэгчдэд ямар давуу тал олгож байна вэ?
Б.Ууганбаатар: Монголд хоёр янзын цахим цэс байна. Нэг нь цаасан цэсийг утсаараа харж болох нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Харин нөгөө нь бидний санал болгож буй шийдэл. Манай цэсийг ухаалаг, динамик цэс гэж тодорхойлж болно. Хоолоо харахаас гадна сонгож захиалах, дэлгэрэнгүй мэдээллийг нь харах, үнэлгээ өгөх, төлбөрөө төлөх боломжтой. Бас хоол захиалах гэхээр “Өө, энэ хоол байхгүй” гэдэг. Харин манай цэс дээр зөвхөн байгаа хоолуудыг л харуулах гэх мэт илүү олон давуу талтай.
Ухаалаг цэс, QMenu гээд ярихаар хүмүүс зөвхөн хоолны цэсээр л манай үйлчилгээг төсөөлөөд байдаг. Тэгвэл манай систем дан ганц цэсээр хязгаарлагдахгүй маш олон боломжийг хэрэглэгч, харилцагчдад санал болгож байна.
Манай QMenu ресторан удирдлагын цогц системд ухаалаг цэс, кассын систем, хөнгөлөлт урамшууллын систем, гал тогооны дэлгэцийн систем гээд хэд хэдэн шийдлийг уялдаа холбоотойгоор багтааж чадсан. Энэ бол бусдаас ялгарах гол давуу тал маань юм.
Түүнчлэн удирдлагуудад зориулсан ухаалаг dashboard, analytic tools зэргийг байршуулсан. Зочлох үйлчилгээний салбарынхны хувьд, тайлан боловсруулах, нөөцөө тооцоолох зэрэг нь асар нарийн зохион байгуулалттай, багагүй хүч зарцуулах ажил байдаг. Тиймээс бид ресторан удирдлагын цогц системдээ тайлангийн систем, бараа материалын удирдлагын системийг ч төлөвлөж өгсөн.
Одоо бид санхүүгийн системээ бусад системтэйгээ уялдуулж хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч байна. Мөн цогц систем гэхээр их үнэтэй, зөвхөн том ресторанууд л ашиглах юм байна гэж ойлгож магадгүй. Тэгвэл системээс тодорхой хэсгүүдийг нь сонгон авч хэрэглэх боломжтойг онцолмоор байна.
Г.Ач-Эрдэнэ: Үйлчилгээний салбарынхан хэрэглэгч бүрт тохирсон үйлчилгээг санал болгох гэж тэмүүлдэг. Үсчинд орвол яг л өөрт чинь тохирсон үсний засалтыг санал болгодог шиг ресторанууд ч мөн ийм байхыг эрмэлздэг. Гэхдээ дийлэнх нь хэрэглэгчээ таньж чадаагүйгээс хүссэн үйлчилгээг нь санал болгож чаддаггүй. Зарим нь байнгын үйлчлүүлэгчээ урамшууллын картаар хөнгөлдөг ч, ингэлээ гээд тухайн үйлчлүүлэгчийнхээ талаар хангалттай мэдээлэлтэй болж чаддаггүй. Байнгын үйлчлүүлэгчийнхээ ямар хоолонд дуртайг, ямар харшилтайг мэдэж байж онцгой үйлчлүүлэгчээ хамгаалж үлдэж чадна.
Тэгвэл манай систем хэрэглэгчийг таних боломж олгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, зочлох үйлчилгээний салбарт хүн бүрт тохирсон private service үйлчилгээг нэвтрүүлэхэд манай систем маш сайн туслагч нь байж чадна.
Мөн ухаалаг цэстэй учраас хэрэглэгч хоол захиалахдаа л “Уучлаарай, сонгиногүй хийгээрэй” гээд сэтгэгдлээ үлдээх боломжтой. Дараа тэр үйлчлүүлэгч дахин ирээд захиалга өгөхөд л “Та сонгиногүй авах хэвээрээ юу?” гээд лавлаад асуучихвал үйлчлүүлэгчид илүү таатай сэтгэгдэл төрнө. Энэ мэт зочлох үйлчилгээний салбарынхны үйлчилгээ, харилцаа хандлагыг шинэ түвшинд гаргахад манай систем олон талын үүрэг гүйцэтгэж, үнэ цэн бүтээж чадна.
Г.Санчир: Ухаалаг цэс, цогц системийн өөр нэг давуу талыг жишээгээр тайлбарлах гээд үзье. Ресторанууд долоо хоногийн аль нэг өдөр хөнгөлөлт зарладаг. Энэ тохиолдолд цэс дээрх үнэ тухайн өдрөө шууд хямдарч харагдана. Ингэснээр кассанд борлуулалт шивэх үед хямдарсан үнэ автоматаар шууд шивэгдэнэ. Тооцоолол хийхэд илүү хялбар, бас гар ажиллагаа багасна гэсэн үг.
Мөн хоолны цэсийг заавал тухайн ресторанд очиж эргүүлж харах шаардлагагүй. “Супер апп”-ууд дээр бид системээ холбох талаар яриа хэлэлцээр хийж байна. Ингэснээр хүссэн зоогийн газрынхаа цэсийг ороод харчихна. Урьдчилаад захиалгаа өгмөгцөө урилгыг нь найзууд руугаа илгээх боломжтой. Ер нь ширээ, үйлчилгээгээ захиалах нь Европт бол тогтсон соёл болчихсон. Манайхан л эмэгтэйчүүдийн баяраар найз бүсгүйгээ дагуулаад орох газар хайгаад яваад байдаг. Ирээдүйд энэ байдал өөрчлөгдөхөөс аргагүй. Харин бидний санал болгож буй шийдэл энэ өөрчлөлтийн гол хөтөч байх болно.
Цогц систем болж өргөжихийн хэрээр хэрэглэгч, харилцагчийнхаа хүрээг тэлж байгаа болов уу. Одоогоор QMenu зах зээлд хэр том орон зайг эзлээд байна вэ. Мөн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
Г.Ач-Эрдэнэ: Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай харилцагч, хэрэглэгчдийн тоо маш хурдацтайгаар өсөж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар өдөрт ойролцоогоор 5000 орчим QR код уншигдаж байна. 130 мянга орчим бүртгэлтэй хэрэглэгч манай ухаалаг цэсийг өдөр тутамдаа ашиглаж байна. Мөн бүртгэлгүй хэрэглэгчид ч QR код уншуулж байгаа. Ингээд тооцвол хэрэглэгчид хэдийнэ хэрэглэж дадсан гээд дүгнэчихэд буруудахгүй болов уу.
Харин харилцагчдын хувьд, зөвхөн ресторанаар хязгаарлагдахгүй, амралтын газар, зочид буудал, караоке гээд бүхий л үйлчилгээний газарт QMenu -г сонгож хэрэглэх боломжтой. Одоогоор Монгол Улсад 10 мянга шахам зочлох үйлчилгээний бизнес эрхлэгч байна. 2025 он гэхэд бид идэвхтэй зах зээлийн 25 хувьд хүрч ажиллах зорилттой байна.
Б.Ууганбаатар: Манай систем үүлэн технологи дээр суурилсан учраас орон нутаг дахь бизнес эрхлэгчид ч манайхыг сонгож хэрэглэх боломжтой. Заавал тэд ирж, эсвэл бид очиж системээ суурилуулах шаардлагагүй. Бид цахимаар бүртгэл үүсгэж, сургалтаа хийхэд л болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ бол хил хязгааргүй бизнес. Ойрын хоёр жилдээ бид дотоодын зах зээлдээ гол тоглогч нь болсны дараа 2026 оноос гаднын зах зээлд гарах сонирхолтой байгаа.
Гаднын зах зээлд хөл тавина гэлээ. Эхний алхмаа хийчихсэн байгаа юу?
Г.Ач-Эрдэнэ: Системээ хөгжүүлж эхлэхдээ л бид гаднын зах зээлд хөл тавих боломжтой юм байна гэдгээ олоод харчихсан байсан. Тийм ч учраас анхнаасаа системийнхээ архитектыг бэлдэхдээ гадаадын зах зээлд гарах боломжтойгоор хийж эхэлсэн. Одоогоор судалгаагаа эхлүүлчихсэн явж байна. Мэдээж амар ажил биш.
2025 он гэхэд эхний байдлаар гадаад зах зээлд туршилтын байдлаар гарахаар төлөвлөж байна. Гадаадад ресторан ажиллуулж буй монголчууд маань ч биднийг дэмжихээ илэрхийлээд байна.
Шведэд гэхэд, монголчууд сушины бизнест амжилттай ажиллаж байна. Хоёр ч сушины газар бидэнтэй ухаалаг цэс шийдэл дээр хамтран ажиллаж буй. Америк дахь монголчууд маань ч манай системийг ашиглан гаднын иргэд, бизнес эрхлэгчдэд таниулах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээр илэрхийлээд байгаа. Тиймээс бид системээ олон хэлээр ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэхэд анхаарч байна.
QMenu-г олон хэлээр ашиглах боломжтой юм бол манай улсад аялж буй гаднын жуулчдад ч хялбар хэрэглээ болох нь ээ?
Г.Санчир: Засгийн газар аялал жуулчлалыг дэмжинэ гээд л ярьдаг. Гэтэл зөөгчид маань тэр бүр англиар ярьж чаддаггүй. Тэгвэл манай ухаалаг цэс найман хэлээр хөрвөх боломжтой. Мэдээж энэ шийдэл аялал жуулчлалыг дэмжих бодлогод сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байна.
Зочлох үйлчилгээний салбар дахь дижитал шилжилтийг ямар түвшинд байна гэж дүгнэх вэ. Мөн шилжилтийн явцад ямар нэг өрөөсгөл зүйл анзаарагдаж байна уу?
Б.Ууганбаатар: Монголын бизнесийнхэнд нэг түгээмэл хандлага байдаг нь бүх юмыг өөрсдөө хийх гэсэн тэмүүлэл. Судлаад үзэхэд, Монголын зочлох үйлчилгээ эрхлэгчдийн кассын систем нь бүртгэл, зардал, тооцоо хөтлөх төдийд л ажилладаг. Түүнээс биш ресторанаа удирдаж байгаа шийдэл нь тааруу. Тэгэхээр орчин үеийн технологид суурилсан ресторан удирдлагын цогц системээр салбарыг дижиталчлах нь олон талын ач холбогдолтой.
Бид банкны салбарт цөөнгүй жил ажилласан хүмүүс. Банканд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсны хувьд хэлэхэд, энэ чиглэлийн шийдлүүдээр тэргүүлж буй салбар бол яах аргагүй банк, санхүүгийн салбар.
Бид банкны салбарын мэдлэг, туршлагаа ашиглан зочлох үйлчилгээний салбарын цахим шилжилтэд түүчээлье гэсэн том зорилгыг тээж байгаа.
Дижитал шилжилтийг энэ салбарт амжилттай хэрэгжүүлснээр үнэ цэнтэй өгөгдлүүдийг хуримтлуулах боломж бүрдэж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хянах, ирээдүйгээ төлөвлөх, шийдвэр гаргахад илүү хялбар болно. Сүлжээ рестораныг гэхэд салбар бүрээр нь хянахад төвөгтэй байдаг. Тэгвэл бид нэг цонхоор бүх ресторанаа хянах боломжийг бүрдүүлсэн.
Технологийн бизнес учраас системийнх нь талаар илүү тодруулж асууя. Үүлэн технологид суурилсны давуу тал юу вэ?
Б.Ууганбаатар: Манай систем 100 хувь үүлэн технологид суурилсан. Тийм болохоор бусад систем шиг сервер байршуулж, программ суулгуулах шаардлагагүй. Үүлэн технологид суурилсан системийн хамгийн гол давуу тал нь хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой ажиллах боломжийг дээд зэргээр олгодог. Бид хэрэглэгч, харилцагчтайгаа өдөр тутам цахимаар харилцдаг. Мөн технологийн давуу тал, онцлогоос хамаарч ямар ч газарт тухай бүртээ сайжруулалт хийгдээд явдаг.
Түүнчлэн SaaS учраас бүх систем дээрх өгөгдлүүдийг бодит цаг (realtime) -аар харж болно. Энэ нь тухайн рестораны сан гэхээсээ илүүтэй манай системийг хэрэглэж буй нийт ресторан, үйлчилгээний салбарынхны дундын сан болж хөгжиж байгаа. Одоо үед өгөгдлийг шинэ цагийн “газрын тос”, “алт” гэж тодорхойлж байна.
Харин хэрэглэгч талд мэдрэгдэх давуу тал гэвэл, бид app-less байдлаар системээ хөгжүүлсэн учраас хүмүүс заавал ямар нэг аппликэйшн татах шаардлагагүйгээр хэрэглэж болно. Гэхдээ хэрэв хэрэглэгч манай системд бүртгүүлчихвэл хөнгөлөлт, урамшуулал авах боломж нь илүү нэмэгдэнэ. Мөн таны дуртай хоол тухайн ресторанд өдрийн цагаар 10 хувиар хямдарсан байна гэх зэргээр мэдэгдэл хүргүүлнэ. Бүртгүүлснээр энэ мэт олон боломжийг мэдрэх боломжтой.
QMenu зах зээлд нэвтэрснээс ердөө нэг жилийн дараа л хөрөнгө оруулагчдын анхааралд өртөж чадсан. Та бүхний эхлүүлсэн ажлыг хөрөнгө оруулагчид ирээдүйтэй бизнес гэж үнэлсний шалтгаан нь юу байсан бол?
Г.Ач-Эрдэнэ: 2021 оны төгсгөлд биднийг “Профит” бизнесийн нэвтрүүлэгт урьж оролцуулснаар MStars Hub хөтөлбөрт хамрагдаж, дараагаар нь М-Си-Эс Венчэрс компаниас анхны хөрөнгө оруулалтаа авсан. Энэ хөрөнгө оруулалтаар бид бүтээгдэхүүнээ одоогийн түвшинд хүргэж хөгжүүлж чадсан. Цаашдаа ч бид хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Хөрөнгө оруулалт татаж чадсаны шалтгаан нь олон улсад трэнд болж буй, хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлж чадахуйц систем гэж дүгнэсэнтэй холбоотой болов уу. Мөн таргалалт, хүнсний аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн өмнө тулгамдсан асуудалд шийдэл болж чадаж байгаа учраас хөрөнгө оруулсан гэж бодож байна.
Г.Санчир: Манай бизнесийн хамгийн гол үнэ цэн нь амьдралын хэв маягийг хялбарчлах, хүн болгоны өдөр тутмын амьдралын салшгүй дадал хэвшлийн нэг хэсэг болохуйц бизнес загварт оршиж байдаг. Одоо үед lifestyle чиглэлд түлхүү анхаарсан бизнесүүд илүү ирээдүйтэй болж байна. Мөн энэ чиглэлийн бизнесүүд синержи үүсгэн хамтдаа урагшилдаг болсон байна. Бид ч мөн энэ жилээс супер апп, банкуудтай хамтарч цар хүрээгээ тэлэх зорилготой байгаа. Энэ бүх давуу тал маань хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан болов уу.
Аливаа бизнесийн үнэ цэнийг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэж буйгаар дүгнэх нь бий. Салбарын хөгжлийг хурдасгаж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг хөнгөвчилж буйгаас гадна нийгэмд өөр ямар үнэ цэн бүтээхийг зорьж байна вэ?
Г.Ач-Эрдэнэ: Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн асуудалд шийдэл эрэлхийлж байна. Зочлох үйлчилгээний салбарт цагийн ажлын эрэлт хэрэгцээ их байдаг. Тэгэхээр цагийн ажлын платформтой хамтран зөөгч хэрэгцээтэй газруудад оюутан залуус хүсэлтээ өгөөд ажиллах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Дан ганц оюутан залуус гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч QMenu нэвтэрсэн газруудад ажиллуулах талаар бид хамтран ажилладаг газруудтайгаа ярьж байна. Одоогоор найман ресторан сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна.
Хамтрал маш чухал гэж та бүхэн тодотгосон. Энэ жилээс мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарна гэлээ. Та бүхний хувьд, хамтралдаа баримтлах гол зарчим юу байх вэ?
Г.Санчир: Бид гурав олон жил корпорейт бизнесийн эд эс болж ажилласан. “Мобиком”, “Хаан банк”, “Голомт банк”-нд ажиллаж байсны хувьд, корпорейт бизнесийн соёлын хамгийн гол хэсэг болсон хамтралын үнэ цэнийг илүү их ойлгодог. Зөв, сайн хамтрал хурдан хугацаанд өсөж дэвжих боломжийг нээдэг. Бүхнийг өөрсдөө хийх гэж оролдоод байх нь хүний нөөц, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд ихээхэн хүч шаарддаг. Тиймээс бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ ташрамд илэрхийлмээр байна. Бүх л салбарын дижитал сувгуудын lifestyle хэсэг дээр манай систем байршиж интеграц хийх боломжтой. Ингэснээр тухайн платформын хэрэглэгчдэдээ санал болгож буй үйлчилгээ ч илүү солонгорно.
Ярилцлагынхаа төгсгөлд, яагаад зөвхөн зочлох үйлчилгээний салбарт чиглэж системээ хөгжүүлж байгааг нь асуумаар байна. Зах зээл, орлогоо бодвол кассын системээ гэхэд найман нэрийн дэлгүүрт ч санал болгож болох биш үү?
Г.Санчир: Бид нэг салбарт төвлөрч ажиллаж буйн гол шалтгаан нь эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг зочлох үйлчилгээний салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргая гэж зорьж байгаатай холбоотой. Хэрэв ашиг орлого, зах зээлээ бодвол системийнхээ тодорхой хэсгийг найман нэрийн дэлгүүр, эмийн санд ч санал болгож болно. Гэхдээ бид зочлох үйлчилгээний салбарт харилцагчдынхаа олж хараагүйг түрүүлж харж, тэднийг зөв замаар урагшлахад нь хөтөч болохын тулд зөвхөн энэ зах зээлд төвлөрч, илүү дэвшилтэт шийдлүүдийг санал болгоход анхаарч байна.