– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Лаа нь зөвхөн гэрэл гаргах хэрэгсэл биш гэдгийг орчин үеийн лаа үйлдвэрлэлийн хөгжил улам бүр бататгана. Лаа нь хүмүүсийг амьдралын завгүй хэмнэлээс түр амсхийж тайвшрах, тав тухыг мэдрүүлэхээс гадна гэр, албан газрын чамин аксесуаруудын нэг болдог. Импортын хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй брэндийн лааг орлож чадах дотоодын лаа үйлдвэрлэгч Arigun брэндийг энэ удаа онцоллоо.
Лааны соёлыг түгээнэ
Лааны тааламжит үнэр тав тух, дурсамж, тайвшралыг хүнд мэдрүүлдэг бол галын дөл нь стресс, ядаргааг тайлж, ариусгах шидтэй. Гэхдээ өнгөтэй, сайхан үнэртэй лаа бүр дээр дурдсан ашиг тусыг хүнд үзүүлэхгүй. Парафин буюу бензиний агууламжтай тосоор хийсэн лаа нь хүний биед харшил үүсгэх, цаашлаад мэдрэлийн систем, уушгины үйл ажиллагаанд гаж нөлөө үзүүлэх хор уршигтай. Манайд борлогдож буй хямд үнэтэй, импортын лаанууд парафин тос агуулсан байдаг тул хэрэглэгчид байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн эрүүл мэндэд харшлахгүй лааг сонгох нь зөв хэрэглээ болно.
Барууны соёл, тэр дундаа лааны хэрэглээг монголчууддаа зөв түгээж, импортын шар буурцгийн тосоор дотооддоо органик лаа үйлдвэрлэж яваа хүн бол Х.Ихбаяр. Тэрбээр лаа урлах хоббигоо бизнес болгосон бүсгүй. Англид сурч байхдаа энэхүү соёлд дурлаж, амьдралынхаа салшгүй хэрэглээ болгож, амарч, тухлах мөчөө лааны гэрэлд өнгөрүүлэх болсноор энэ бүхэн эхэлжээ. Магистрын зэргээ амжилттай хамгаалж, эх орондоо ирснийхээ дараа тэрбээр өөрийн хэрэглэж дадсан үнэрт, органик лаагаа Улаанбаатарын дэлгүүрүүдээс хайгаад олсонгүй. Харин лангуун дээр бензинээс гаргасан тостой, тортог үүсгэдэг, урт хугацаандаа хүний биед гаж нөлөө үзүүлдэг лаанууд өрөөтэй байсан нь түүнийг нэгийг сэтгэхэд хүргэжээ. Ингээд өөрөө лаа хийж сурахаар хилийн чанадаас шаардлагатай хэрэгслээ захиалж авчирснаар “лаа урлаач”-ийн ажил эхэлсэн аж. Хийсэн лаа нь гэр бүл, найз нөхдөд нь таалагдаж, худалдаж авах хүсэлт үе үе ирэх болсноор түүнд бизнес болгох санаа төржээ.
Монгол гэх үнэрийн ондоошил бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “монгол үнэр”-ийг дэлхийд түгээх нь Arigun брэндийн зорилго.
“Монголчууд ч гэсэн дэлхийн хэрэглээтэй хөл нийлүүлж, органик лааг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Лаа гэдэг зөвхөн гэрэл болох хэрэгсэл биш. Иймд галын дөл, тааламжит үнэрээр дамжуулан ядаргааг тайлж тайвшрал, тав тухыг мэдрүүлж, лааны соёлыг жинхэнэ утгаар түгээхийн тулд Arigun брэндээ 2017 онд үүсгэн байгуулсан” хэмээн Х.Ихбаяр тайлбарлаж байна. Arigun брэнд эхэн үедээ лааг зургаан төрлийн үнэрээр үйлдвэрлэж байв. Харин зургаан жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болж өргөжжээ. Брэндийн онцлох бүтээгдэхүүнээс дурдвал Монголын анхны тасалгааны болон машины шингэн, тосон үнэртүүлэгчид юм.
Органик лаа ба шар буурцгийн тос
Брэндийн чансааг бүтээгдэхүүний түүхий эдийн гарал үүсэл тодорхойлдог. Гарал үүсэл тодорхойгүй, химийн гаралтай түүхий эдээр хийсэн хямдхан лааг удаан асаахад хүний толгой өвдөх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө үзүүлж, улмаар хорт хавдраар өвчлөх хүртэл эрсдэлийг үүсгэх нь бий. Европчууд лааг өдөр бүр өнгө өнгөөр олон цаг асаадаг. Байнгын хэрэглээ нь болохоор Англи улсын Агаар судлалын төв гэхэд химийн гаралтай лаа хэрэглэхгүй байх зөвлөмжийг жил бүр гаргадаг байна. Arigun брэнд лааны шар буурцгийн тосоо олон улсын стандартад нийцсэн тусгай зөвшөөрөлтэй түүхий эд үйлдвэрлэгч Европын орнуудаас татан авдаг. Бүтээгдэхүүнүүдийнхээ үнэрийг ч мөн олон улсын үнэрийн стандарт тогтоох IFRA -аас батламжилсан сертификаттай компаниас захиалдаг. Түүхий эд нийлүүлэгч нь үнэр тус бүрийг хэдэн градуст хайлах, аль бүтээгдэхүүнд тохиромжтой зэрэг технологийн дэлгэрэнгүй мэдээллийг цуг ирүүлдэг болохоор брэнд гэх ялгарлыг эндээс харж болох юм.
“Бид ч мөн дэлхийн хэрэглээтэй хөл нийлүүлж, органик лааг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Лаа гэдэг зөвхөн гэрэл болох хэрэгсэл биш”.
Түүнчлэн тансаг хэрэглээний брэндэд бүтээгдэхүүнийг хэрэглэх аюулгүй байдлын стандарт нэн чухал. Лааг ямар ч хамаагүй хуванцар, эсвэл төмөр саванд хийж асаахгүй. Тэгвэл Arigun брэндийн лааны шил галын аюулгүй байдлын стандартыг бүрэн хангадаг. Бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодол ч чанартай, тохирсон хийц загвартай.
Трэнд үнэр, монгол хүний онцлог
Arigun брэндийн гол концепц нь хэрэглэгчээ уйдаалгүй, бүтээгдэхүүний үнэрээ байнга шинэчлэх юм. Ингэхдээ бүтээгдэхүүнийхээ үнэрийг 1-2 жил тутам сольдог. Үйл ажиллагаа явуулсан зургаан жилийн өгөгдлөөс гадна тухайн жил олон улсын үнэрийн зах зээлд трэнд болох үнэрээс сонгодог. Тухайлбал, 2021 болон 2022 онд үнэртэй усны үнэрийг бүтээгдэхүүндээ оруулсан бол өнгөрсөн онд байгалийн гаралтай навч, цэцэгс, жимсний үнэрийг сонгож байв. Хүн бүрийн үнэрлэх мэдрэмж өөр ч үндэстнүүдийн зан төлөвийн ерөнхий онцлогоор улс орнуудын хүмүүсийн дуртай үнэр адилавтар аж. Арабчууд модлог үнэрт дуртай бол хятад хүмүүс ногоон цайны үнэрт дийлэнхдээ дурладаг. Харин монголчуудын хувьд зөөлөн мөртлөө тослог, чихэрлэгдүү үнэр байдаг талаар Х.Ихбаяр хэлж байв. Тиймээс гол хэрэглэгч болох монгол хүний дуртай үнэр болоод нутаг орондоо түгээмэл ургадаг хуш, шилмүүс, ганга зэрэг ургамлын үнэрийг бусад үнэртэй хольж шинэ үнэр гаргадаг. Тухайлбал, Ковид-19 цар тахлаас үүдэн орчны агаарыг цэвэрлэж, бактерийг устгах үйлчлэлтэй ганга, нимбэгийн үнэртэй лааг гаргасан нь эрэлттэй бүтээгдэхүүн болсон юм.
‘Монгол үнэрийг дэлхийд’ хэмээх алсын хараа
Х.Ихбаяр гэх ганц хүний хүсэл мөрөөдөл, тууштай хөдөлмөрөөр өсөж өндийсөн Arigun брэндийн “Их өсөлт” компани өдгөө үндсэн тав, гэрээт нэг ажилтантай, жилд 12-15 мянган ширхэг лаа үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Монголын лааны хэрэглээний зах зээл харьцангуй жижиг тул үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах бүрэн потенциальтай компани юм. 2018 онд тэд 1000 гаруй тонн лааг Япон улсад экспортолсон Монголын анхны бөгөөд экспортын бүтээгдэхүүний жагсаалтад шинэ нэр оруулж чадсан хамт олон билээ. Ирээдүйд Arigun брэнд нүүдэлчин соёлдоо тулгуурлан монгол гэх үнэрийн ондоошил бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Монгол үнэрийг дэлхийд гаргах”-ыг зорьж явна. Бүтээгдэхүүний үнэр хөгжүүлэлтийн судалгаа эхэлсэн яваа. Гэхдээ гаднын зах зээлд гарахын тулд нарийн судалгаа, туршилтыг сайтар явуулж бэлтгэлээ бүрэн хангасны дараа орно гэдгээ Х.Ихбаяр тодотгож байв. Харин компанийн ойрын төлөвлөгөө нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадал, ажиллах хүчээ нэмж экспортод чиглэх юм. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд Япон улсын Амазон цахим хуудаст байршсанаас гадна Америк, Испани зэрэг улсад эхнээсээ борлогдож эхэлжээ.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих 1000 шалтгаан
Импортын ижил төрлийн бүтээгдэхүүний оронд Arigun брэндийг яагаад сонгох вэ гэвэл буух эзэн буцах хаягтай юм. Хэрвээ худалдаж авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн алдаатай, аль нэг хэрэгсэл нь дутуу байвал та буцаах, эсвэл солиулах боломжтой. Мөн тус брэндийн үнэртүүлэгчид дүүргэх шингэнтэйгээ хамт борлуулагдах тул дууссан бүтээгдэхүүнийхээ саванд дүүргэгчээ хийх, эсвэл дүүргэгч шингэнийг дангаар авч бусад саванд хийж болно. Мөн хоосон лааны шилээ буцаан өгч, дахин худалдан авахдаа үнээ хөнгөлүүлж ч болно. Энэ нь байгальд ээлтэй худалдан авалт хийх сонголтыг хэрэглэгчдэд бий болгож буй нэг алхам юм.