Буруу төлөвлөсөн удирдлагын үүрэг роль нь гэр бүлийн бизнесийг сүйрүүлэх урьдач нөхцөл болдог. Урт хугацаанд сайн ажиллахад хэрэгтэй шийдэмгий байдал, эв нэгдлийг бий болгодог системийг зохиогч эл нийтлэлдээ танилцуулжээ.
Гэр бүлийн компанидаа нэг захиралтай загварыг сонгосон, эсвэл захирлуудын багийг бүрдүүлсэн эсэхээс үл хамаарч удирдлагын үүрэг ролийн загварыг гаргах, бүтэцжүүлэх, хуваарилах шаардлагатай. Яагаад? Буруу загвартай, тааруу бүтэцтэй, удирдлага нь үүрэг ролио хөнгөн хуумгай гүйцэтгэдэг компаниудад би хэзээ ч шийдэмгий байдал, эв нэгдлийг олж харж байгаагүй. Тэгвэл удирдлагын нэн чухал үүрэг ролиудыг хэрхэн төлөвлөж, бүтэцжүүлж, хуваарилах ёстой вэ?
Аливаа баг, байгууллага амжилтад хүрэхийн тулд юун түрүүнд сайн манлайлал, удирдлага, засаглалтай байх ёстой.
Манлайлах, удирдах, засаглах
Засаглал нь аливаа баг хамт олонд зорилго, эсвэл эрхэм зорилгыг төрүүлж, тогтвортой байдлыг бий болгодог. Тогтвортой байдал үгүй бол бид урт хугацаанд төлөвлөж чадахгүй. Урт хугацааны зорилго, төлөвлөгөө, амлалтаасаа шалтгаалж гэр бүлийн бизнесийн систем нь бусад төрлийн байгууллагаас ихээхэн давуу талтай байдаг юм. Тогтвортой байдал үгүй бол та эл давуу талаа алдана. Хангалттай сайн засаглал үгүй бол танайх хангалттай хэмжээний тогтвортой байдал үүсгэж чадахгүй. Гэр бүлийн бизнесийг амжилтын төлөө засаглах, бүр маш сайн засаглах ёстой юм. Аливаа баг хамт олны хувьд сайн засаглал нь төлөвлөгөө гаргах, асуудлыг шийдэх, манлайлагчийг хөгжүүлж, сонгох, баг дотор зорилго, эв нэгдлийг хадгалангаа маргааныг шийдвэрлэх боломжийг олгодог. Сахилга бат, итгэлцэл ч нэмэгдэнэ. Сайн засаглал бол дүрэм, бодлого, гэрээ, төлөвлөгөөтэй байхын мөн төлөвлөгөө, гэрээ, дүрэм гаргадаг форумтай (удирдах зөвлөл, гэр бүлийн зөвлөл, эздийн жил тутмын уулзалт гэх мэт) байхын, үүнээс гадна чухал асуудлыг шийдэж, аливаа зөрүүг үгүй хийх бодлоготой байхын үр дүн юм. Хууль ёсны, маш их эрх мэдэлтэй, зөв зорилго өвөртөлсөн ухаалаг ганц хүн ямарваа бизнес, гэр бүл, эздийн бүлэгт сайн засаглалыг бүрдүүлж чадна. Гэхдээ бүх эрх мэдлийг ганцаараа атгасан удирдагчдад өдөрт тодорхой тооны л цаг байдаг учраас тодорхой хэмжээний ажил гүйцэтгээд л үр дүнтэй ажиллагаа нь буурдаг. Тиймээс нэг удирдлагатай системийн хувьд гол оролцогч талууд нь нэг, эсвэл олон бүлэг болж нэгдэх шаардлагатай байдаг.
- Оролцогч талуудын зөвлөл, эздийн жил тутмын уулзалт нь эздийн засаглах хэрэгцээг хангана
- Захирлуудын зөвлөл нь бизнес болон эздийн засаглах хэрэгцээг хангана
- Гэр бүлийн зөвлөл нь гэр бүлд засаглалыг бий болгоно
Эдгээр бүлэг сайн ажиллахын тулд тус бүрдээ сайн манлайлагчтай байх ёстой.
Үүнээс үзвэл гэр бүлийн бизнесийн системийн удирдлагын баг нь 4-5 хүнээс бүрдэх юм. Бизнесийн манлайлагч нь удирдах зөвлөлийн даргаас өөр. Эздийг удирддаг манлайлагч нь нэг бол тухайн бизнесийн манлайлагч, эсвэл гол эздийн баг байдаг. Харин гэр бүлийн зөвлөлийн манлайлагч нь ихэнхдээ тухайн гэр бүлийн тэргүүнээс өөр хүн байдаг. Гэр бүлийн тэргүүн тухай бизнесийн удирдагч байх нь нийтлэг боловч бүгд тийм байдаггүй. Гэр бүлийн бизнесийн системд хүчирхэг ганц удирдагч байлаа ч гол удирдагчтай нягт уялдаатай ажиллаж, системийнхээ ялгаатай алба, хэсгийг тэргүүлдэг олон дэд захирал, манлайлагч байдаг.
Манлайлах
Засаглалын системд оролцож, хөгжүүлж, дэмжихээс гадна манлайлагч нар хүмүүсээ манлайлах ёстой бөгөөд энэ нь үүрэгт ажлаас нь ялгаатай юм. Манлайлал гэж баг хамт олныг хаашаа чиглэх ёстойг тодорхойлж (ирээдүйг харсан хүчирхэг алсын хараа гаргах), түүнд хэрхэн хүрэх стратегийг боловсруулж, тэрхүү зорилгод хүрэхийн тулд хүмүүсээ өөрчлөхийг хэлдэг. Үүний тулд хүмүүсээ гол зорилгын төлөө хамтдаа ажилладаг болгон урам зориг өгөх, ятгах, сэдэлжүүлэх мөн шаардлагатай өөрчлөлтийг дэмжих эвсэл, хамтралыг бий болгох ёстой. Манлайлал бол удирдагч хүн хүчирхэг санаа болон өөрийн зан характерыг ашиглан хүмүүстэйгээ холбогдох, тэднийг ятган үнэмшүүлдэг хувь хүний үйл хэрэг юм. Үнэнч зангаас, манлайлагчаас мөн манлайлагчийн зорилгоос, заримдаа эдгээрийн нийлбэрээс шалтгаалж дагагчид нь манлайлагчаа дагадаг. Манлайлагчийг урт хугацаанд дагахын тулд дагагч нарт нь утга учиртай шалтгаан, эсвэл амаргүй даалгавар хэрэгтэй байдаг. Гэр бүлийн бизнес нь урт хугацаанд төвлөрдөг учраас гэр бүлийн бизнесийн манлайлагч нар зөвхөн төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагааг удирдахаас гадна хүнийхээ хувьд мундаг байх ёстой. Та морийг голын дэргэд хөтөлж аваачиж чадах ч, ус уулгаж чадахгүй хэмээсэн зүйр үгийг санагтун.
Сайн манлайлагч нарт бусдыг татах увидас, эсвэл даруухан зан байдаг. Эсвэл гэр бүлийн бизнесийн системийн сайн манлайлагч нар “бусдадаа үйлчилдэг манлайлагч”, бүр тодруулбал “бусдадаа үйлчилдэг хамтрагч” байдгийг би ажигласан. Ийм манлайлагч нарт компаниа хэрхэн удирдах, хамтран эзэмшигч нар нь юунд хөрөнгө оруулах, гэр бүл нь ямар үйлдэл хийх талаар үл ганхах санаа, зарчим байдаг. Тэдэнд мөн эго, хувь хүний хэрэгцээ, мэдрэмтгий зан байдгаас гадна дагагчдынхаа төлөө бүхнээ зориулахыг хичээдэг байна. Бусадтай хамтрах, хамтрагч нартаа шударга хандах ёстой гэдэгт тэд итгэдэг. Тиймээс тэд бүхний сайн сайханд үйлчлэгч байхыг хүсдэг. Эцэст дурдахад, тэд баг хамт олны стандарт, хүсэл тэмүүллийг хамгаалсан хэцүү шийдвэр гаргаж чаддаг.
Удирдах
Манлайлахаас ялгаатай нь удирдах бол баг хамт олныг үр дүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллах тухай юм. Төлөвлөж, төсөвлөж, зохион байгуулж, асуудлыг шинжилж, менежментийн системийг байгуулан ашиглаж, нөөцийг зөв зохистой хуваарилж, гүйцэтгэлийн санал шүүмжээр хангах замаар удирдах ёстой. Удирдах бол манлайллын нэмэлт хэсэг юм. Аливаа бизнес, гэр бүлийн амжилтын ихэнх хэсэг нь сайн гүйцэтгэл буюу ажлаа заасан хугацаа, төсөвт багтааж хийх эсэхээс хамаардаг. Надтай таарсан гэр бүлийн бизнесийн ихэнх манлайлагч нар мундаг менежерүүд байв. Менежментийн зарим арга барилаа сайжруулах орон зай харагддаг ч тэд ихэвчлэн аливааг удирдан зохион байгуулахаар төрсөн хүмүүс байдаг. Гэхдээ бодит байдал дээр тэд менежментэд хэт их анхаардгийн улмаас компани нь хэт их удирдлагатай, манлайлал багатай, засаглал султай болсон байх нь бий. Гүйцэтгэх захирлууд, ялангуяа гэр бүлийн компани дотроо өссөн, компаниа маш сайн мэддэг гэр бүлийн гишүүд нь ашигт үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ энэ тал дээр хэт их анхаарах нь байгууллагадаа шаардлагатай манлайлал, засаглалд бага анхаарна гэсэн үг юм. Гэр бүлийн бизнесийн манлайлагч нарт зориулсан Эзэн-Ерөнхийлөгчийн менежментийн хөтөлбөр байдаг болоосой гэж би боддог. Компанитай гэр бүлүүдэд менежментийн ижил төстэй бэрхшээлүүд тулгардаг. Ийм гэр бүлүүд тодорхой зорилго тавих, зарцуулалтаа ухаалгаар хянах замаар санхүүгээ илүү сайн удирдах боломжтой. Мөн дараа үеэ бэлдэж, хөгжүүлэхэд илүү их анхаарах шаардлагатай. Түүнээс гадна компанитай гэр бүл нь бүхий л гэр бүлийн адилаар гишүүддээ санал шүүмж хэлэхдээ тааруу байдаг юм. Эдгээр нь бүгд менежментийн асуудал билээ. Миний бодлоор засаглал, манлайлал дутмаг байгаа нь бизнестэй гэр бүлүүдэд илүү их асуудал үүсгэдэг. Засаглалын тухайд гэр бүлийн гишүүд нь гэр бүлийнхээ эрхэм зорилго, цөм үнэ цэнийг тодорхой сайн мэддэггүй, зан араншинг нь чиглүүлэх дүрэм, бодлого дутмаг байх, эс бөгөөс чухал асуудлаа ярилцах, гэр бүлийн гишүүдийн дундах ялгааг эвлэрүүлэх форум үүсгээгүй зэрэг асуудал байдаг. Харин манлайллын тухайд гэр бүлийн гишүүдэд нь ирээдүйг харсан тодорхой алсын хараа байдаггүй, орчиндоо дасан зохицохын тулд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл урам зориггүй гэх мэт асуудалтай тулгардаг. Эдгээр ноцтой сорилтыг даван туулахад маш их урам зориг хэрэгтэй.
Засаглал, манлайлал, менежмент: энэ гурван зүйл бүгдээрээ компани, гэр бүл, эздийн бүлгүүдэд хэрэгтэй. Энэ гурван зүйл, бүлгүүдэд зарцуулах хугацаа нь манлайлагч болон тухайн нөхцөл байдлаас шалтгаалж ялгаатай байдаг. Зарим манлайлагч манлайлахыг, зарим нь удирдахыг, зарим нь системийг засаглахыг илүүд үздэг. Эцэг эх ч гэр бүлдээ мөн ийм гурван үйлдлийг л хийдэг билээ. Захирлуудын зөвлөлийн, эсвэл гэр бүлийн зөвлөлийг сайн удирддаг хүмүүс нь энэ гурвыг тохиромжтой хэмжээгээр жигд хэрэгжүүлж чаддаг байна.
Жон А.Дэвис
Эх сурвалж: Harvard Business School