– Business.MN сэтгүүлийн 2023 оны 12 дугаар сарын дугаар (№61) -т хэвлэгдсэн нийтлэл –
Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй П.Мөнхсайхан хөгжим сонсох, сагсан бөмбөг тоглох, аялах хоббитой. Гэхдээ түүний хобби энгийн сонирхол төдий оролдлого биш. Харин амьдралыг нь улам амттай болгож, ажиллах эрчмийг нь өгдөг зүйлс. Тэрбээр бага насандаа хоббигоо олж, тасралтгүй хөгжүүлсээр өдгөө бизнестэйгээ холбож, амжилттай үргэлжлүүлж явна. Тухайлбал, бизнесийн маркетингаа хийхдээ тэр хөгжмийн сонирхолтойгоо уялдуулдаг нь анхаарал татна. Хоббигоо хөгжүүлэх нь өөртөө оруулж буй үр дүнтэй хөрөнгө оруулалт хэмээн тэрбээр онцолсон юм.
Хөгжим ба мэдрэмж
Дунд сургуулийн гуравдугаар ангиасаа л П.Мөнхсайхан дуу хөгжимд татагдаж эхэлжээ. Түүнийг бага байхад үе тэнгийн хөвгүүд нь PC тоглоомд хошуурч байхад тэрбээр интернэт кафед дуу хайж, таалагдсан дууныхаа үгийг сурч, орчуулах гэж хичээдэг байв. Энэ дадал нь англи хэлийг сайн сурч, өнөөдрийн гадаад ертөнцтэй саадгүй холбогдох гүүр болж өгчээ. Хүүхэд ахуйдаа хип хоп сонсдог байсан бол өнөөдөр цахилгаан хөгжим, амьд хөгжим гэх зэргээр дуртай урсгалаа дуугаралт сайтай өсгөгчөөр сонсож мэдрэмжээ хөглөх болсон юм. Дуу хөгжим гэдэг хүнд мэдрэмж, дурсамж бүтээдэг. Тэр ч утгаар П.Мөнхсайхан хөгжмийн хоббигоо Gate сүлжээ рестораныхаа үйл ажиллагаатай холбож маркетингаа явуулдаг. Хүмүүс өмнө нь амттай хоолтой газрыг илүүд үздэг байсан бол одоо мэдрэмж, тухлаг орчныг давхар эрэлхийлдэг болсон. Тиймээс би ресторандаа таатай мэдрэмж, сэтгэгдлийг зардаг хэмээн хэлж байна. Gate ресторанд эгшиглэх дууны жагсаалтаа тэрбээр сар бүр өөрөө гаргаж, мэргэжлийн DJ -ээр бичүүлж, брэндийн дуугаралт сайтай өсгөгчөөр цацдаг. Гэхдээ түүний сонгосон жагсаалтаас та хаана ч явах гадаад, дотоодын хит дууг сонсохгүй. Харин дөрвөн цаг үргэлжлэх сонин содон сонсголонтой, өвөрмөц дуунаас бүрдэх цуглуулгыг сонсож, шинэ хөгжимтэй танилцах болно.
Спорт, сахилга бат, тэвчээр
“Сагсан бөмбөг хэмээх энэ спорт тэсвэр тэвчээр, тууштай байдал, өөрийгөө ялан дийлэх сэтгэл зүйг надад суулгаж өгсөн”.
ШУТИС-д суралцаж байхдаа П.Мөнхсайхан сургуулийнхаа дээд лигт тоглодог байв. Түүний бага нас, оюутан цаг сагсан бөмбөгтэй салшгүй холбоотой өнгөрч, одоо ч тэр сагсан бөмбөггүйгээр амьдралаа төсөөлөхгүй хэмээн хэлж байна. Хэдий талбайд гарч тоглохгүй ч хоббигоо хаялгүй, холбогдох ажлуудаа хийж, сэтгэлдээ ойр тээж явсаар байгаа юм. Тэр дундаа, “Тэнүүн-Өлзий металл” дээд лигийн ерөнхий менежерээр ажиллаж, багаа аварга болгох зорилготой ажиллаж буй. Үүнээс гадна сагсан бөмбөгт дуртай хүүхдүүдийг дэмжиж, ирээдүйн сагсчин, аваргыг төрүүлэх “Шийд” төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн хүрээнд гудамжны эвдэрсэн шийдийг засаж сэлбэдэг байна. Одоогийн байдлаар нийт 15 шийдийг сэлбэжээ. П.Мөнхсайхан багаасаа л сагсны хоббиндоо цаг, мөнгө харамгүй зарцуулж, тууштай хичээллэдэг байв. Үүний үр дүнд, сагсан бөмбөг хэмээх энэ спортоос тэсвэр тэвчээр, тууштай байдал, өөрийгөө ялан дийлэх сэтгэл зүйг өөртөө суулгасан хэмээн онцолсон билээ. Энэ бүхэн түүнд аливаад хэр барагтай шантрахгүй, шантарлаа ч босох тэнхлийг өгдөг, бизнесээ амжилттай авч явах тууштай зангийнх нь үндэс болжээ. Өөрөөр хэлбэл, тэр бие болоод сэтгэлийн тэнхээг спортоос олж авсан юм.
Аялал сэтгэлгээний царааг тэлнэ
“Аялал бүрийн “Gate” дээр ирэхэд одоог хэр нь тэр л таатай мэдрэмж төрж, шинэ зүйлсийг үзэж, туулах эрчимд ордог”.
П.Мөнхсайхан их сургуульд суралцаж байхдаа зээл авч хилийн чанад дахь анхны аяллаа хийж байв. Түүний зорьсон газар урд хөршийн нийслэл Бээжин хот. “Хорвоо дэлхий ямар сайхан юм бэ” гэдгийг тэгэхэд анх мэдэрч, аялалд улам бүр дурлах сэжүүр болж өгчээ. Аялал бүрийн Gate (Нэвтрэх цэг) дээр ирэхэд одоог хэр нь тэр л таатай мэдрэмж төрж, шинэ зүйлсийг үзэж туулах эрчмийг хөглөдөг хэмээн тэрбээр хэлж байна. Сониуч зантай учраас аялал бүрээсээ ямар нэг шинэ санаа, сэдэлтэй ирдгээ ч мөн хуваалцсан юм. Тэдгээр тусгалыг тун саяхан нээсэн гурав дахь салбар болох өрнө, дорнын хэв маягаар тохижуулсан дотоод засал бүхий Gate 6 ресторанаас нь харж болохоор байв.