– Business.MN сэтгүүлийн 2024 оны 02 дугаар сарын дугаар (№63) -т хэвлэгдсэн нийтлэл –
Манай улсын барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэдэг шинэхэн соёл. Аливаа барилга, байгууламжийг эзнийх нь өмнөөс стандартын дагуу зөв “арчилж”, үл хөдлөх хөрөнгийн салбарт өрсөлдөх чадвар, үр өгөөжийг нь нэмэгдүүлж тэлэх үйлчилгээ гэж ойлгож болно. Тус үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд 15 жил болж буй “Рийч Пойнт” ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Ану-Үжинг энэ удаагийнхаа зочноор урилаа.
Давхар хариуцлага хэрэгжүүлэгч
Хотын өнгө үзэмж өнгөлөг, цэвэрхэн, тохилог орчноос эхлэх бол хотын соёл иргэн бүрийн биеэ зөв, соёлтой авч явах хандлагаас үүднэ. Улаанбаатар хотын тухайд өвөлдөө утаатай, бусад улиралд уур амьсгалын онцлог болон ногоон байгууламж хангалтгүйн улмаас тоос, тоосонцор ихтэй байдаг тул хотын барилга, байгууламж, гэр хороолол өнгө төрх муутай харагддаг. Тэгвэл хотын өнгө үзэмжийг сэргээж цэвэр цэмцгэр харагдуулах, нөгөө талаар, олон сая, тэрбум төгрөгөөр барьсан барилгыг он удаан жилийн дараа ч анхны үнэ цэнээ алдахгүй байхад үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ тусалдаг. Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг ахуйн ажил. Мэргэжлийн хамт олон барилгын үнэ цэнийг шинэ мэт хадгалахын тулд менежмент хийдэг. Энэхүү үйлчилгээг үзүүлээд хэдийнэ 15 жил болж буй “Рийч Пойнт” ХХК нь хамтран ажиллах байгууллагынхаа барилгад системтэй, цэгцтэй үйл ажиллагаа явуулж эздийнх нь өмнөөс барилгын үнэ цэнийг хадгалж, өнөөдөр ашиглалтад орсон мэт тордож, түрээслэгч, үйлчлүүлэгчийг сэтгэл хангалуун байхад анхаарч ажилладаг. Ингэхдээ барилгад гадна болон доторх үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулж, дулаан хаанаас алдаж, цахилгааны асуудал хаана үүсэв, бохирын сан юуны улмаас амархан бөглөрөв гэх зэргээр мэргэжлийн түвшинд оношилж, холбогдох менежментийг хийдэг. Гэхдээ менежментийн цогц үйлчилгээг орон сууцны СӨХ, эсвэл аль нэг байгууллагын цэвэрлэгээ, засвар, харуул хамгаалалт хийдэг мэргэжлийн бус жижиг албаас ялгаж ойлгох хэрэгтэй. Учир нь “Рийч Пойнт” ХХК нь өөрсдийн боловсруулсан алгоритмын дагуу аливаа барилгад үзүүлэх үйлчилгээний стандартаа гаргадаг. Энэ хүрээнд хамтран ажиллах байгууллагын барилгад хоног, сар, жил тутмын тогтмол үзлэг, шалгалт хийж оношилдог байна. Өдгөө тус компани цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар, барилгын зуучлал гэсэн таван үйлчилгээнээс гадна төслийн төлөвлөгөө, үзлэг шалгалт, дижитал шийдэл буюу барилга ашиглалтыг хэрхэн зөв хийхэд голчлон анхаарч ажиллаж байна.
Барилгад үүссэн асуудал амархан илрэхгүй, ашиглалтад орсноос 4-5 жилийн дараа илэрч эхэлдэг. Үүссэн гэмтлийг тухай бүрт нь оношилж засварлахгүй явснаас үүдэн тухайн гэмтэл нэг л өдөр томорч, үлэмж хэмжээний хөрөнгөөр засах нөхцөл бүрддэг. Тэгвэл барилгын эзэн тухайн барилгаа мэргэжлийн хүмүүст итгэн даатгаж, хамтран ажилласнаар дээрх нөхцөлд орохоос сэргийлж чадна. Ингэхдээ эзэн хүмүүс менежментийн цогц үйлчилгээнээс өөрийн барилгад тохирох үйлчилгээг салган авч, төлбөрийн нөхцөл дээр харилцан тохиролцох боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь манай улсын хувьд харьцангуй шинэд тооцогдох ч энэхүү үйлчилгээг авч хэрэгжүүлснээр ямар ач холбогдол, үр дүнтэйг тус компанийн оффис байрлах “Колорадо бизнес төв” -ийн барилгаас харж болно. Уг бизнес төвийн төв хаалгаар ороход үүднээс эхлээд цэвэр цэмцгэр орчин, хаашаа явахыг чиглүүлэх эелдэг харилцаатай харуулын ажилтан угтана. Өвлийн улирал гэхэд давхрын шалнууд цасны шавхайгүй, хана нь халцарсан будаггүй, хөө тортоггүй өнгөлөг, ариун цэврийн өрөөнүүд нь маш цэвэрхэн. Түрээслэгч байгууллагуудын оффис цэмцгэр, тухтайн зэрэгцээ эмх цэгцтэй. Энэ эмх цэгц, цэвэрхэн байдал нь менежментийн цогц үйлчилгээний зөвхөн нэг хэсэг буюу цэвэрлэгээ үйлчилгээг хэрэгжүүлсний үр дүн. Харин ажлын нөу-хау нь стандартад нийцсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, нэг хүнд ноогдох цэвэрлэх талбайн хэмжээг зөв хуваарилж, зориулалтын бодис, хэрэгслээр гүйцэтгэсэнд орших аж.
Мэргэжлийн хүний нөөц бүрдүүлж байна
Өмнө хэлсэнчлэн үл хөдлөх хөрөнгийн менежмент нь ахуйн ажил. “Рийч Пойнт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ану-Үжин бага байхын ахуйн чимхлүүр ажилд дуртай, удирдан зохион байгуулах авьяастай хүүхэд байж. Тэрбээр 27 насандаа хэдийнэ гурван их сургууль төгсөж амжсан байсан бөгөөд АНУ-д Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тус улсад дадлагажих явцдаа үл хөдлөх хөрөнгийн зуучлал, менежменттэй анх танилцаж, энэ салбарт олон төрлийн өргөн мэдлэгтэй хүн л амжилттай ажиллах боломжтойг ухаарсан байна. Энэ нь ч түүнд таалагдсан юм. Ингээд эх орондоо ирээд удаагүй байхдаа “Рийч Пойнт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар сонгогдож, уг салбар дахь карьераа эхлүүлжээ. Түүнийг ажлаа хүлээн авах үед компани нь 13 ажилтантай, гурван объектод үйлчилгээ үзүүлж байсан бол өдгөө үндсэн болоод цагийн нийт 75 ажилтантай, таван объектод байнгын болон захиалгын үйлчилгээ үзүүлж байна. Мөн хэд хэдэн харилцагчдадаа менежментийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа тэлсээр явна. Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээний ажлын явц, үр дүн нь нүдний өмнө ил харагддаг хүнд хөдөлмөр. Үйлчилгээний салбарт ажиллах хүмүүсийн ажлын гүйцэтгэлийг үнэлэхгүй, эмх замбараагүй ажиллуулах, улсаас өгөх халамжийн тогтолцоо болон тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажиллуулахад татварын ээлтэй орчин бүрэн бүрдээгүй нь үйлчилгээний салбар ажиллах хүчний дутагдалд ордог шалтгаан болж буйг Б.Ану-Үжин онцолсон. “Рийч Пойнт” ХХК нь мэргэжлийн байгууллага гэдгээрээ өөрийн гэсэн стандарттай тул ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, ажиллах стандарт нормыг зөв тогтоож, хөдөлмөрийг нь үнэлсэн цалин олгож, Хөдөлмөрийн тухай хуулиар олгодог бүх нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн тэрбээр мөн хэлж байлаа.
Үйлчилгээний салбарт ажиллах хүмүүсийн ажлын гүйцэтгэлийг үнэлэхгүй, эмх замбараагүй ажиллуулах, улсаас өгөх халамжийн тогтолцоо, тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажлуулахад татварын ээлтэй орчин бүрэн бүрдээгүй нь үйлчилгээний салбар ажиллах хүчний дутагдалд ордог шалтгаан.
Тус компанид 21-65 насны хүмүүс ажилладаг. Насны зөрүүтэй хүмүүсийн амьдралд тулгарах бэрхшээл, боловсролын түвшин харилцан адилгүй. Б.Ану-Үжин байгууллагынхаа уур амьсгалыг эерэг, эрүүл байлгах, үр дүнтэй ажиллуулах үүднээс ажилтнуудынхаа сэтгэл зүйн байдалд анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа нас насны төлөөлөлтэй ажиллахад мэдрэмж, мэдлэг хэрэгтэйг онцолж байв. Заримтай нь найз шиг, заримтай нь ээж шиг, зарим тохиолдолд захирал шиг нь харилцах шаардлага үүсдэг байна. Хамт олноо нэг зорилгод чиглүүлж, нэгэн зүгт хандуулах үүднээс чөлөөт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг бол ажилтнуудаа тогтвортой ажиллуулах, удаан ажилласны үр өгөөжийг хүртээх тал дээр вакум хэлэлцүүлэг өрнүүлж байгууллагынхаа үйл ажиллагаа, бодлогыг тайлбарлана. Ингэснээр хамт олон нь компанидаа ажиллаж буйгаараа бахархаж, хоорондын харилцан ойлголцол улам бэхэждэг байна. Б.Ану-Үжин үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээний салбартаа үнэ цэнтэй эксперт болж, мэдлэг, чадвараараа улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт ахуйн үйлчилгээ үзүүлдэг СӨХ зэрэг газрыг улам мэргэжлийн түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулах амбицыг өвөрлөж яваа.
Б.Ану-Үжингийн ажлын өдрүүд завгүй өрнөдөг ч гэлээ өөрийн хоббиндоо цаг зарцуулахыг хичээдэг. Түүнийг Монголын анхны үнэртэй усны Ujin Parfums Mongolia брэндийг үүсгэн байгуулсан гэдгээр монголчууд мэднэ. Гоо сайхны мэдрэмж тэр дундаа, үнэрлэх мэдрэхүй нь илүү хөгжихөд удмын урлагийн авьяас өвлөгдсөнийх болов уу гэж тэр үздэг. Тэрбээр үнэртэй ус бүтээх хоббигоо бизнес болгохоор “Шарк Танк Монгол” шоу нэвтрүүлэгт оролцож, санаагаа амжилттай танилцуулж “Монполимет” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан шаркаас хөрөнгө оруулалт авсан юм. Тэдний хамтын бүтээл болох The Lady эмэгтэй үнэртэй усны зүрхэн ноот нь зөвхөн Энэтхэг улсын Дарамсала хотод ургадаг манго жимсний үнэрт тос аж. Б.Ану-Үжин ийнхүү үндсэн ажил, хоббигоо амжилтай авч явахын хажуугаар өөрийн итгэл үнэмшлээрээ хэд хэдэн төрийн бус байгууллагад идэвхтэй гишүүнчлэлтэй. Тэдгээр байгууллагын нэг болох “Монголын охидын зөвлөл”-д сайн дураараа ахлах зөвлөхөөр ажиллаж буй. Үүгээрээ охидын өмнө тулгарах асуудалд гар бие оролцож, ирээдүйн залууст ээлтэй нийгэм бүтээх үйлсэд хувь нэмэр оруулах хүсэлтэйгээ хуваалцсан билээ.