Гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай сургамжтай түүх өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №3.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү
***
Сононгоо уйлан дугарсаар ирэв. Хоолойны өнгө, биеийн хэлэмж нь бүх зүйл сайнгүй байгааг илтгэнэ. Яг нэг жилийн өмнө тэднийд бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэл тодорхойлох 5+1 хөтөлбөрөө 8+1 байхад нь хийж, хөгжлийн чиглэлүүдийг нь тодорхойлж байсан билээ. Тухайн үед Сононгоогийн “LMNO” ХХК нь томоохон боломж ба эрсдэлийн дунд эгзэгтэй нөхцөлд байсан бөгөөд бид хэд хэдэн ажлыг төлөвлөж хийснээр зах зээлдээ “том” ангиллын тоглогч болно гэж тооцож байв. Миний хүлээлт ийм байсан ч харамсалтай нь Сононгоо муу мэдээтэй ирж байгаа нь тодорхой байсан нь надад энэ кэйс сонирхолтойн дээр айдас төрүүлэм байсныг нуух юун.
Бид бизнест ямар ч сайхан сэтгэл, том мэдлэг, уран үг ашигладаг бай эцсийн үр дүнг тоо л харуулдаг. Тиймээс санхүүгийн үр дүнгүүдийг харлаа. Цэвэр борлуулалтын орлогын бодит өөрчлөлт нь хасах руу орж, зардал ч нилээн өсөж. Салбар дэлгүүрүүдийн дийлэнхийнх нь зардал орлогоороо давсан тул Сононгоо өнгөрсөн хугацаанд мөнгөн урсгалын тасалдалаа арилгахын тулд багагүй хэмжээний зээл авчээ. Тэр зээлүүд нэхэгдэж эхэлсэн нь Сононгоогийн “уйлах” шалтгаан болсон байв. Гол харьцааны үзүүлэлтүүд ч унажээ. Өнгөрсөн жил “LMNO”-ийн Z индекс 2.6 байсан бол одоо бүр 0.8 болжээ. “Z индекс” бол дампуурлыг оношилдог шинжилгээний арга зүй ба бид үүнийг арай өөрчилж, монголын жижиг дунд компаниудад ашигладаг. Нийт үр дүнгээ нэг судалгааны ажил болгоод хэлэлцүүлчихвэл уг нь Монголд тохирох жижиг дунд компаниудын дампуурлын оношилгооны арга зүй болох учиртай юм. Даан ч залхуу л даа, залхуу. Энэ үзүүлэлт 1.8-аас доош орвол дампуурах эрсдэл өндөртэй гэж үздэг. Дахин хэлье. Манай кэйст энэ тоо 0.8 байна.
Оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг харвал бизнес хөгжүүлэлтийн менежерийн ажлын гүйцэтгэл 0%, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерийн ажлын гүйцэтгэл 0%. Шалтгаан нь Гүйцэтгэх захирал нь эдгээрийг ажилд аваагүй байсан ба Сононгоо яагаад аваагүйгээ ч мэдэхгүй байв. Түүний өөрийн ажлын гүйцэтгэл нь 16%. Нөхцөл байдлыг жил гаруй өмнө “LMNO”-д хөрөнгө оруулалт хийсэн хүнтэй ярилцахад шоконд орж, “Итгээд өдий хүрсэн. Бид уг нь өөр үр дүн хүлээж байсан, дараагийн хамтын ажиллагааны тухай төсөөллөө ч мэдэгдсэн. Тодорхой хариугүй байсан. Явцын уулзалтууд, мэдээллүүдийг тогтмол өгөөгүй. Харамсалтай байна” гэсэн хариу авлаа. Манай кэйст Сононгоо захирал өөрөө компанийнхаа эрсдэл болж хувирчээ. Энэ нь гадаад, дотоод хоёр шалтгаантай.
Гадаад шалтгаан: Нийгэмд баян хоосны ялгаа нэмэгдэж байгаа тухай мэдээ өдөр бүр л сонсож байгаа биз дээ. Үүн шиг бизнесийн том жижгийн ялгаа мөн асар ихээр нэмэгдэж байна. Энэ нь маш олон шалтгаантай. Дурдвал эдийн засаг тогтвортой байгаа ч компаниудын тоо нэмэгдсээр байна. Хар ухаанаар бол нэг компанид ноогдох орлого багасаж байна. Нөгөө талаас инфляци нэмэгдсэнээр жижиг дунд бизнесүүдийн ашгийн үзүүлэлтүүд жил ирэх бүр буурч байна.
2023 оны эцэст ажилгүйдлийн түвшин 3.9 хувь буюу эдийг засагт байхад зохистой түвшнээс 1.1 пунктээр бага байгаа нь Монгол улс хүний нөөцийн хомстолд орсныг илтгэж байна. Энэ нь хүний нөөц тогтохгүй байх, хамгийн том зардлын нэг болох хөдөлмөрийн зардал огцом өсөх зэргээр компаниудад сөргөөр нөлөөлж байна.
Түүнчлэн 2017 оноос хойш Монголын банкны систем дэх зээлийн багцад эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь хэмжээ тогтмол өсөж байна. Энэ нь компаниудын зээлээ эргүүлэн төлөх чадамж, цаашид санхүүжилт татан төвлөрүүлэх чадамж буурч байгааг илтгэдэг. Үүн дээр нь “дэмжлэг” гэх уриатай төрийн санхүүжилтын хөтөлбөрүүд чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж, барьцаа болон шаардлага нь бэлэн байж байдаг том компаниудад боломж олгож байна.
Арваадхан жилийн өмнө эвтэйхэн байршилд хөөрхөн кофе шоп, бэйкэри ажиллуулаад боломжийн амьдраад болоод байдаг байсан бол одоо тийм кофе шопын худалдан авагчдын төлбөрийн чадвар хэвээрээ ч цалин өссөн, бариста олдохгүй, түрээс болон бусад зардал өссөн гэх мэт шалтгаанууд хөөрхөн жижиг бизнес оршин тогтнох нөхцөлийг улам бүр муу болгож байна.
2023 оны эхний хагас жилд бүртгэлтэй нийт компаниудын 78% нь алдагдалтай ажилласан билээ. Энэ нөхцөл байдлууд нь Монголд жижиг бизнес орших нөхцөлийг өдрөөс өдөрт үгүй хийж байна.
Дотоод шалтгаан: Сононгоогийн өдрийн ажил өрөөгөө цэвэрлэхээс эхэлдэг байв. Тэрээр оффисынхоо өрөөнд орж ирээд бүтэн цагийн турш цэвэрлэгээ хийсний дараа томоохон байгууллагууд руу борлуулалтын чиглэлээр ажиллах, дэлгүүрүүдээрээ явж бараагаа зарах, шинэ ажилтнууддаа сав баглаа боодлоо хэрхэн хийхийг заах, түмэн янзын гарын үсэг зурах, заримдаа хүргэлт хийх, бараагаа татан авах гэх мэт компанийнхаа бүхий л процесст биечлэн оролцдог байлаа.
Уг нь 10 орчим жил ажиллаж байгаа 30 гаруй ажилтантай компанийн захирал шдээ. Түүнд хөгжүүлэлтийн болон өмнөх параграфт өгүүлсэн гадаад орчны өөрчлөлтийг танин мэдэх mindset байгаагүй юм. Түүний эцэс төгсгөлгүй хийдэг бүх ажил 100% дотоод процесст төвлөрч, тэр компанийн хөгжил байтугай санхүүгийн асуудалдаа огтхон ч анхаарсангүй. Энэ нөхцөл нь түүнийг хөгжүүлээгүйн дээр жилээс жилд муудаж байгаа бизнес эрхлэх орчны өөрчлөлтийн сөрөг үр дагавруудыг өөртөө авах үндэслэл болсон байв. Хэдэн жилийн өмнө тэр хөөрхөн жижиг бизнестэй байв. Одоо түүний бизнес жижиг хэвээр үлдсэн ч хөөрхөнөө алдчихжээ.
Үнэндээ Сононгоо ганцаараа компанийнхаа эрсдэл болсон үүсгэн байгуулагч биш юм. “ERTYU”-гийн Ганболд захирал үйлдвэрийн байрныхаа хашааны булан тохойн хогонд онцгой анхаардаг бол FGH Trade-ийн Тунгалаг захирал ажилтнуудынхаа 5 минут амрахыг тэвчиж чаддаггүй хүн байлаа. Надад нэг алтан зөвлөгөө өгч байсан Гэрэл ах ч бизнесээ урт хугацаанд харж чаддагүй байсан нэгэн. Миний бүх бичвэрт дурдагдаж байгаа Жаргал эгч ч тэдний тод жишээ. Нэг удаа намайг галт тэргээр ирсэн ачааг тосож аваад, үйлдвэр дээр авчрах лүндэн буулгаж, муухай аашийг маань хөдөлгөж байсан удаатай. Би уг нь өөрийгөө бизнес хөгжил, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэж боддог ба үүгээрээ дамжуулан компаниудад бодит үр нөлөө өгөхийг хичээдэг нэгэн. Юун богоон тосох.
Өөрийгөө энэ чиглэлийн мэргэжилтэн гэж хэлдэг болохын тулд надад амжилттай ажилласан цөөнгүй кэйс хэрэгтэй байсан юм. Харин итгэл төгс хэлж чаддаггүй шалтгааны дийлэнх нь гадаад орчин юм. Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд үр нөлөөтэй байхын тулд суралцах, судлах, турших процессыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Харамсалтай нь процесст төвлөрдөг захирлуудын хувьд миний төрлийн мэргэжилтнүүд худлаа яриад байгаа мэт харагддаг. Тэдний ихэнх нь “Үг биш, үйлдэлд итгэдэг” гэх нэг тэнэг уриатай. Нөхөд минь. Суралцдаг, судалдаг хүмүүс бодож, боддог хүмүүс ярьдаг юм. Яриагаараа капитал бүтээх нь ямар ч байсан бидний мэргэжлийнхний онцлог. Жүүдүүдийн соёлын чухал хэсэг нь мэтгэлцээн байдаг тухай уншиж л байсан биз дээ?
Хөгжүүлэлтийн асуудалд ач холбогдол өгөх ёстой гадаад шалтгааныг дээр тайлбарласан бол онолын хувьд процесст төвлөрсөн бизнес нь богино настай байдаг. Учир нь процесст төвлөрдөг захирлуудын ашгийн чиг баримжаа нь зөвхөн ноогдол ашиг байдаг. Тэдний хувьд өсөж хөгжих цор ганц стратеги нь борлуулалтыг нэмэгдүүлэх. Гүйцээ. Тиймээс тэд бизнесийн үнэлгээг бодохдоо баланс, үндсэн хөрөнгө гэсэн хоёрхон факторыг авч үздэг. Нүдэнд харагддаг зүйлдээ л итгэдэг гэсэн үг. Хэрвээ бизнес чинь зөвхөн нүдэнд харагддаг зүйлсээр үнэлэгддэг бол хуучин барааны дэлгүүрээс ялгаа юу байх билээ дээ. Тэд бизнесийн үйл ажиллагааны явцад бий болсон intelligence-ээ үр нөлөөтэй ашиглаж чаддаггүй учраас тэд ирээдүйн үнэ цэн гэх ойлголтыг хүлээж авдаггүй. Ирээдүйн үнэ цэнд ач холбогдол өгдөггүй тул урт хугацааны өрсөлдөх чадамжийг бүрдүүлж чаддаггүй. Заримынх нь өмнөөс харамсдаг. Одоо өөрийгөө, эргэн тойрныхоо захирлуудыг нэг бодоод үзээрэй.
Эсрэгээр нь Батка захирлын арга барилаас хуваалцая. Жижигхэн худалдааны компанийн захирал байхдаа тэрээр надад (Би тэр үед сургууль дөнгөж төгссөн шинэхэн ажилтан байв) тусгайлан өрөө түрээсэлж өгөөд, компанийнхаа алсын хараа, хөгжлийн төлөвлөгөөг бичүүлсэн юм. Бараг л гаднаас цоожилчхоод, өөрөө өдөрт 2-3 цаг орж ирж, бид хоёр ярилцаж, мэтгэлцдэг байлаа. Үлдсэн цагт нь би шинэ санаа хайх, эсвэл ярилцсан санаагаа батлах-үгүйсгэх зорилго бүхий судалгааны ажил хийдэг байлаа. Ингэсээр хоёр сарын турш үргэлжилсэн стратеги төлөвлөгөө дууссан юм. Тэрхүү төлөвлөлт ёсоор 2016 он гэхэд компани нь бүтээн байгуулалт, санхүүгийн чиглэлээр ажилладаг, бизнес моделио гадаадад экспортолсон компани болох ёстой байв. Тэр төлөвлөгөө 2022 он гэхэд бүрэн биелж, одоо тэрээр дэлхий тойрон бизнес санаа, тухайн бизнесийг эрхлэх зөв байршлаа хайж яваа.
Тэр үндсэн үйл ажиллагаанаасаа гадна хөгжүүлэлтэд өндөр ач холбогдол өгдөг байв. Хөгжлийн төлөвлөгөөгөө үе шаттай зураглан, тус бүрт нь хугацаат төсөл боловсруулж, гүйцэтгэл дээрээ гүн төвлөрнө. Тэр байнгын суралцагч. Уншихын хажуугаар томоохон компаниудын дунд шатны удирдах албан тушаалтныг бүр болон түр хугацаагаар ажиллуулж, мэддэг чаддаг, тухайн компаниудын ашигладаг know-how-г компанидаа тасралтгүй нэвтрүүлдэг нь одоо ч хэвээрээ. Жижигхэн худалдааны компани юм байж, дэргэдээ судалгаа, хөгжүүлэлтийн албыг байгуулж, манийг даргаар нь томилж байв. Тэр үед би 22 настай байж. “Албаны дарга” нтр гэсэн нэрийн хуудастай, тэрнээсээ ичнэ ээ бас.
Эргээд бодоход Батка захирал бүтээгдэхүүн, процесс, бизнес модел, менежмент гэсэн компанийн хөгжлийн бүх чиглэлүүдэд онцгой анхаардаг байж. Үүний үр нөлөөнд жижигхэн худалдааны компанитай байхдаа тэрээр хөгжлийн төлөвлөгөөгөө үзүүлж, Европоос нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан юм. Тэрхүү хөрөнгө оруулалтын үр нөлөө Батка захирлын жижигхэн худалдааны компанийг бүтээн байгуулагч компани болгоод зогсохгүй санхүүгийн бизнесийнх нь суурийг тавьсан юм.
“Операци” хочит Сононгоогийн хөрөнгө оруулагч түүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дараагийн төлөвлөгөөгөө хамтарч хэрэгжүүлэхээс татгалзсан бол хөгжүүлэгч Баткагийн компанид хөрөнгө оруулагч нь өөрөө хүрээд ирсэн юм. Хүний анхны ажил хүний ажиллах арга барилын суурийг тавьдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс мөн л асуудалд ач холбогдол өгдөг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүнээс өөр зүйл хөгжүүлэх цаг хугацаа, санхүүгийн боломж байсангүй. Гэсэн хэдий ч манай харилцагчид над дээр ямар ч сурталчилгаагүйгээр өөрөө ирдэг болох ёстой гэсэн зорилго тавьсан. Үүний хүрээнд 10 гаруй арга зүй хөгжүүлсэн ба өдгөө гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны асуудлыг шийдвэрлэх тооны арга зүйтэй өөр компани байхгүй дээ. Тиймээс ч эдгээр хөгжүүлэлтийн үр нөлөөгөөр харилцагчид бидэн дээр ирдэг болсноос гадна бидний олон улсад ажиллах эхний гарцыг нээж байна. Батка захирлын надад өгсөн хамгийн үнэтэй зүйл гэж боддог. Одооноос бизнес моделийнхоо хөгжүүлэлтэд анхаарч байгаа ба нэг л өдөр нэг харилцагч маань надад “Танайд хөрөнгө оруулалт хийе” гэдэг саналыг өөрөө тавина гэдэгт итгэлтэй байна.
Бичвэрийн маань эхний хэсэгт дурдсан гадаад орчны нөлөө нь бизнесүүдийг “том” ангилалд шилжих шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнийг ганцхан борлуулалтаар хийх аргагүй нь зах зээл болон өрсөлдөөнтэй холбоотой. Харин компанийнхаа эрсдэл болдог захирлууд зөвхөн борлуулалтад төвлөрдөг. Одоо цагт энэ боломжгүй. Ашиг, алдагдлын хүснэгтийн ач холбогдол буурч, мөнгөн урсгалын хүснэгтийг ашиглаж сурах цаг болсон. Тодруулбал компаниуд бизнесээс гадна хөрөнгө оруулалт авч байж, хөгжлийн дараагийн шатандаа гарна.
Бизнес зөвхөн борлуулалтад төвлөрдөг бол богино, эсвэл дунд настай.
Энэ төрлийн бизнесүүд ихэнх тохиолдолд хөгжлийн төлөвлөгөөндөө анхаарах шаардлагатай болсон байдаг. Стратегийн хомсдол буюу дампуурлын суурь шалтгаан юм. Харин зөвхөн зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын мөнгөөр амьдардаг бол тэдний “хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамж” буурах трендтэй байх магадлалтай. Тэд засаглал эсвэл процесст анхаарах шаардлагатай. Харин хөрөнгө оруулалт ч авах чадамжгүй, борлуулалт ч муу бизнесийг цагийн гарз гэж үздэг ба тэднийг нэг бол хаах, эсвэл менежментийн багийг бүхэлд нь солих шаардлага тавигддаг. Нэг талдаа санхүүжилт татан төвлөрүүлэх чадамж өндөр, нөгөө талдаа маркетинг, борлуулалтын потенциал болон гүйцэтгэл сайтай компаниуд яриад байгаа “том” ангилалд багтах боломжтой. Энэ төрлийн компаниуд харьцангуй цөөн юм.
Энэ хэсэгт хөрөнгө оруулалт гэхээсээ илүү бизнес хөгжүүлэлтийн асуудлыг онцолсон шалтгаан нь дээрхи билээ. Ер нь бизнес хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Олон бизнес хөрөнгө оруулалт хайдаг боловч, тэдэнд үндэслэлтэй хөгжлийн төлөвлөгөө, эсвэл потенциал байдаггүй. Одоогийн олдог 100 төгрөгийг чинь хэн хуваалцахыг хүсэх билээ дээ. Харин одоо мөнгөө оруулаад, олдгоо 300 болгоод тэрийгээ хуваалцая гэвэл?
Эцэст нь дүгнэхэд зах зээл та нарт жижиг байх боломжийг олгохгүй, том, эсвэл хэн ч биш бай гэсэн хоёрхон сонголт өгнө.
Том байхын тулд та нарт төлөвлөгөө хэрэгтэй, төлөвлөгөөг тань санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс өнөөдрөөс эхлэн бизнесээ хөрөнгө оруулалтад бэлтгэх, хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангуулах зайлшгүй шаардлагатай. Энэ та нарын амьд үлдэх цорын ганц боломж юм.
Одоо асуулт нь Хөгжих үү? Устах уу?
Хэрвээ бизнес чинь хүндрэлтэй байгаа бол та нар Альтманы индексийг судлаад, дампуурлын магадлалаа нэг бодоод үзээрэй. Та нарын 80% нь 1.8±2 оноо авна. Өөрөөр хэлбэл дампуурах эрсдэл өндөртэй гэсэн үг. Гэхдээ факторуудаас нь юун дээр алдаад байгаа нь харагддаг юм. Бизнесийн санхүү гэдэг чинь ганцхан борлуулалт биш шүү дээ нөхөд минь.
***
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл санаа бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.