Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр гарын үсэг зурдагтай ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр юм. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ гэсэн үг.
Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр цаасыг халж, цахим баримт бичигт шилжиж эхлээд байна. Үүний үр дүнд баримт бичгийн эргэлт эрс хурдсаж, цаг хугацаа мөнгө ихээр хэмнэх юм. Энэ нөхцөлд цахим баримт бичгийн хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг хангах зайлшгүй шаардлага үүссэн учир дэлхийн улсууд “Цахим тоон гарын үсгийн хууль”-ийг батлан гаргаж ердийн гарын үсэг, тамгыг бүрэн орлох, хэн ч үл маргаж чадах, баримт бичгийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийг хөдөлбөргүй баталдаг тоон гарын үсгийг хэрэглэх болсон. Манай улс ч цаг үетэйгээ хөл нийлж, “Цахим гарын үсгийн тухай” хуулиа баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ярихдаа “Цаасгүй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, түргэн шуурхай шийдлээр та бүхэн Монгол Улсын хаанаас ч өөрийн тоон гарын үсгээрээ төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо” хэмээн онцолж байв. Харин ЦХХХ-ны сайд Н.Учрал “Тоон гарын үсэг нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних боломж олгоод зогсохгүй гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломжтой болж байна. Мөн тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм.
Цаасгүй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, түргэн шуурхай шийдлээр та бүхэн дэлхийн хаанаас ч өөрийн тоон гарын үсгээрээ төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
Тоон гарын үсэг гэж юу вэ?
Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр гарын үсэг зурдагтай ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр юм. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ гэсэн үг. Тоон гарын үсэг дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг. Нэгд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг. Хоёрт, тухайн файлд гарын үсэг зурагдсанаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг баталгаажуулдаг байна.
Тоон гарын үсэгтэй холбоотой тоон мэдээллүүд
“Цахим гарын үсгийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, 2021.12.17-ны өдөр эцэслэн баталж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар иргэн бүрд үнэгүй олгох бөгөөд иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломжтой юм.
2023 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсад 888.935 хүн тоон гарын үсгээ авсан байна гэж УБЕГ-аас мэдэгдээд байна.
Сангийн яамны мэдээлснээр Монгол Улсын төрийн байгууллагууд зөвхөн цаас, хор, шуудангийн зардалд жил бүр 50-60 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин Европын холбоо 2009 оноос тоон гарын үсгийг нэвтрүүлснээр жил бүр 280 тэрбум евро, 8 тонн цаас хэмнэх болсноо тайлагнажээ. Энэ бол тоон гарын үсгийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний зөвхөн нэг жишээ юм.
Өнөөдөр дэлхийн улсуудад тоон гарын үсгийг дараах байдлаар өргөн ашиглаж байна.
- Цахим албан хэрэг хөтлөлт: Төр, бизнесийн аливаа байгууллагын гадаад болон дотоод албан хэрэг хөтлөлт, архивын ажиллагааг тоон гарын үсэгт суурилан жинхэнэ цахим хэлбэрээр эрхэлдэг болсон. Зохион байгуулалт, захиргаа удирдлага, менежмент, хүний нөөц, эрхзүй, худалдаа арилжаа, зураг төсөл, аж ахуйн тайлан, бүртгэл, ня-бо бүртгэлийн гэх мэт бүх төрлийн баримт бичгүүд тоон гарын үсгээр баталгаажиж, цахим орчинд эргэлтэнд ордог болсон.
- Төрийн байгууллагад гаргаж өгдөг цахим тайлан, мэдээлэл: Дэлхийн улсуудад төрийн захиргааны болон хяналтын байгууллагад гаргаж өгдөг бүх төрлийн тайланг тоон гарын үсгээр зурж баталгаажуулах болсноор компани, аж ахуйн нэгжүүдэд хялбар, хямд төсөр болсноос гадна олон байцаагчийн орон тоо багасаж, цаас, хор гэх мэт оффисын зардлууд хэмнэгдсэнээр улсын төсвийн мөнгийг ихээр хэмнэдэг болсон.
- Бүх төрлийн системд хандахад таньж баталгаажуулах: Дэлхийн улсуудын төр, бизнесийн байгууллага, банкууд өөрийн мэдээллийн системийн хандалтын удирдлагыг тоон гарын үсэгт суурилан зохион байгуулдаг болсон. Үүний үр дүнд системд хууль бусаар хандах боломжийг бүрэн хааж чадсан байна.
- Төрийн үйлчилгээ: Дэлхийн улсуудын цахим засгийн онлайн үйлчилгээнд хандах, үйлчилгээ авахад иргэд өөрсдийн тоон гарын үсгээ ашигладаг болсон. Иргэд өргөдөл гомдол, хүсэлт гаргах, үйлчилгээний маягт бөглөх, явуулж буй баримтуудаа баталгаажуулахдаа тоон гарын үсгээ ашиглахаас гадна онлайн үйлчилгээний системд хандахдаа тоон гарын үсгээр өөрийгөө таниулж баталгааждаг болсон. Мөн хариу ирж буй баримт бичиг, үзүүлж буй үйлчилгээ төрийн албан хаагчийн тоон гарын үсгээр баталгаажин ирдэг болсон байна.
- Цахим худалдаа, худалдан авалт: Дэлхийн улсуудын төр, бизнесийн худалдан авалтыг цахим хэлбэрээр зохион байгуулдаг, тендерийн материал, худалдах, худалдан авах санал, байгуулж буй гэрээг тоон гарын үсэг зурж шууд илгээдэг, байгуулдаг болсон. Энэ нь авилгатай тэмцэх, онлайн худалдааны залилан гарахаас сэргийлэх хүчирхэг хэрэгсэл гэж тооцогдож байна.
- Цахим шүүх, нотариат: Хууль, шүүхийн байгууллагууд дотоод цахим албан хэрэг хөтлөлтөд шилжсэнээс гадна иргэдэд олгох төрөл бүрийн лавлагаа, баримтыг тоон гарын үсэг зурж, цахим хэлбэрээр илгээдэг, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахим хэлбэрээр авдаг болсон. Европ, АНУ, Япон, БНСУ-ын нотариатчид иргэдийн батлуулахыг хүссэн, тоон гарын үсэг зурсан баримт бичиг, гэрээг тоон гарын үсгээрээ баталж, онлайнаар илгээдэг болсон нь мэдээллийн нийгмийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх боломжийг хангасан байна.
- Цахим гэрээ хэлцэл: Улс хоорондын, аж ахуйн нэгж, компани хооронд солилцож буй баримт бичиг, гэрээ хэлцэл, ажил үйлчилгээ хүлээлцсэн баримт бичгийг цахим хэлбэрээр тоон гарын үсгээр баталгаажуулан солилцож байна.
Дэлхийн улсуудад тоон гарын үсгийг санхүү, банкны салбар хамгийн сайн дэмжиж эхлэн хэрэгжүүлсэн байна. Монгол Улсад ч гэсэн “Цахим гарын үсгийн тухай” хууль батлагдан гарахаас өмнө Татварын тайланг тоон гарын үсгийн түлхүүрээр баталгаажуулж хүлээн авдаг болсон, онлайн банкуудад гарын үсэг орлох шийдлүүдийг ашиглаж, Монгол Банкны клирингийн төвд тоон гарын үсгийн шийдлүүд нэвтрүүлжээ.
Европын холбоо 2009 оноос тоон гарын үсгийг нэвтрүүлснээр жил бүр 280 тэрбум евро, 8 тонн цаас хэмнэх болсноо тайлагнажээ.
Тоон гарын үсгийг үр дүнтэй ашиглахад тулгамдаж буй асуудал
Монгол Улсад тоон гарын үсгийг нийгэм даяараа, үр дүнтэй ашиглахад эрх зүйн дутуу, дулимаг зохицуулалт саад болж мэдэхээр байна. Үүнд: Нэгдүгээрт, манай улсад тоон гарын үсгийн хэрэглээний хүрээ тодорхой бус, Хоёрт, тоон гарын үсэг ашиглах салбаруудын эрх зүйн зохицуулалтын тухай ойлголт тусгагдаагүй, Гуравт, цахим нотариат хөгжих боломжийг хаасан, Дөрөвт, санхүүгийн болон бусад баримт бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулж цахим хэлбэрээр боловсруулах, хадгалах тухай заалтууд холбогдох хуулиудад ороогүй байгаа нь жинхэнэ утгаар цахим бизнес, цахим банк, цахим төр хөгжихөд саад болж байгаа аж. Иймээс Монгол Улсын хуулиудад тухайлбал, Засгийн газрын тухай хуулиуд, татвар, гааль, нийгмийн даатгал, ня-бо бүртгэл, даатгалын гэх мэт олон хуулинд тоон гарын үсгийн хэрэглээг дэмжсэн заалтууд даруй нэмж оруулах шаардлагатай байгааг албаны хүмүүс онцолж байсан юм.