Business.mn болон И-Монголиа академитай хамтран бэлтгэсэн сэтгүүлийн тусгай дугаараас
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай “Цахим Үндэстэн” болох үндсэн зургаан стратеги, тэдгээрийн хүрээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээнүүд, ололт амжилт, бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Цахим шилжилт, цахим үндэстэн, цахим засаглал гэх мэт нэршил төрийн бодлогод болон энгийн аж амьдралд идэвхтэй нэвтэрч, Засгийн газрын үйл ажиллагаа ч энэ чиглэлд томоохон алхмуудыг хийж холбогдох үр дүнгүүд ч гарч байна. Цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн тухай мэдээллээр ярилцлагаа эхлүүлье?
Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдэд төрийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, алслагдсан орон нутгийн хүн амыг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дээрх зорилтуудын хүрээнд УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжлийн багц хуулийг баталсан нь цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон дэмжлэг болсон.
Мөн ЦХХХЯ “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг боловсруулан дараах 6 стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнд:
- Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах.
- Цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
- Тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх талаар
- Инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар
- Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн чиглэлүүдээр бодлого боловсруулан ажиллаж байна.
Энэ 6 чиглэлийг дэлгэрүүлж ярилцъя? Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь дэд бүтцийн хөгжлийн өрсөлдөөн дэлхийн дахинаа өрнөж байна. Шинэ зуунд шинэ дэд бүтцийн төлөөх эрэл хайгуул буюу хамрах хүрээ өргөн, үнэ ханш хямд дэд бүтцийг улс орон бүр тэмүүлж байна. Манай улсын 102 жилийн түүхтэй харилцаа холбооны салбарын дэд бүтцийн тухай товч мэдээлэл танаас хүсэж байна?
Юуны өмнө харилцаа холбооны суурь дэд бүтэц буюу шилэн кабелийн сүлжээг дурдах нь зүйтэй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлсэн харилцаа холбооны суурь дэд бүтцийг өргөтгөх ажлын үр дүнд манай улс төрийн болон хувийн хэвшлийн нийт 47,278 км урт өндөр хурдны, их багтаамжийн шилэн кабелийн сүлжээтэй болоод байна.
Улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулан, сүүлийн 4 жилд шат дараалсан арга хэмжээ авч ажилласны үр дүнд төрийн өмчит аж ахуйн нэгжийн дамжуулах сүлжээний багтаамж 2017 онд 12.5 Гигабит/сек байсан бол 2021 онд 2,112 Гигабит/сек болж 168 дахин нэмэгдсэн, сүлжээний хэрэглээ 3.8 Гигабит/сек байсан бол 2021 онд 79.5 Гигабит/сек болж 20 дахин өсөж интернэтийн тариф дунджаар 39.5 мянган төгрөг болж 7.4 дахин буурсан. Энэ нь тус салбарын үйлчилгээ эрхлэгчид төдийгүй нийт иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээг улс орон даяар нэвтрүүлэх, хэрэглэх, цаашлаад цахим шилжилтийг эрчимжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
Шилэн кабелийн сүлжээ 21 аймгийн төв болон 326 суманд хүрсэн, үүрэн холбооны 4G сүлжээ ихэнх багуудад орсон боловч Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам тархан суурьшсан зэргээс шалтгаалж 191 баг 4G сүлжээнд холбогдоогүй байгаа юм. Хорин нэгдүгээр зуунд сүлжээнд холбогдож чадахгүй байна гэдэг байж болшгүй асуудал. Үүний шийдэл нь сансрын холбоо, хиймэл дагуулын сүлжээ гэж бид харж байна. Таны хэлснээр сансрын холбоо, хиймэл дагуулын сүлжээ нь шинэ зууны шинэ дэд бүтэц болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. Бид БНФУ-тай хамтран үндэсний хиймэл дагуул үйлдвэрлэн хөөргөхөөр хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн нам орбитын хиймэл дагуулын сүлжээ эзэмшигчдийг Монгол Улсад нэвтрэх боломжийг бүрдүүлээд байна. Та бүхэн Старлинк компани манай улсад үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авсныг дуулсан байх.
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын 2021 онд гаргасан тайланд дурдсанаар манай улсын нийт хүн амын 84 хувь нь интернэт хэрэглэдэг, өрхийн 80 хувь нь интернэт хандалттай, 33 хувь нь компьютертой бөгөөд, 4G сүлжээнд хамрагдалтаар 143 орноос 46 дугаар байрт, 3G сүлжээний хамрагдалтаар 144 орноос 14 дүгээр байранд тус тус орж байна.
Мөн Монгол Улсаар дамжиж буй олон улсын интернэтийн транзит урсгалын хэмжээ 2022 оны 6 сарын байдлаар 1,410 Гигабит/сек болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар нэмэгдсэн байна.
Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологийг (5G) нэвтрүүлэхэд баримтлах чиглэл болон Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох аргачлалыг шинэчлэн баталж, 5G технологийн техникийн туршилтыг амжилттай хийгээд байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнээс, хүнд суртлаас, авилгаас ангид Цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд таны болон танай яамны үйл ажиллагаа эрчтэй чиглэж байна. Иргэн бүрийн аж амьдралд шууд хамааралтай цахим засаглалын тухайд?
Үйлчилгээний байгууллагууд иргэдээс заавал цаасан хэлбэрээр авч ирэхийг шаарддаг байсан лавлагаа, тодорхойлолтыг иргэний өөрийнх нь зөвшөөрсний үндсэн дээр холбогдох мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн “lavlagaa.e-mongolia. mn” системийг нэвтрүүлснээр 13 байгууллагын 81 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 350,000 удаа олгоод байна.
Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтөд ашиглагддаг 12 ялгаатай системүүд хоорондоо албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлсэн “DocX” цахим системийг нэвтрүүлснээр төрийн 1230 байгууллага хоорондоо албан бичгийг цахим хэлбэрээр солилцох боломж бүрдэж, бичиг хэрэг, цаасны зардал эрс буурах боломж бүрдсэн.
Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь зөвхөн одоо байгаа үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр хязгаарлагдахгүй холбогдох дүрэм, журам, үйлчилгээний процессыг дахин инженерчилж үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхийг хэлнэ.
Төрийн үйлчилгээний цахим систем маань үйлчилгээ үзүүлэх үндсэн 6 сувагтай болж өргөжсөн. Эдгээр нь иргэнд зориулсан E-Mongolia. mn, хуулийн этгээдэд зориулсан E-Business.mn, иргэний зөвшөөрлөөр хувийн мэдээлэлд хандах үйлчилгээ үзүүлэгч байгууллагад зориулсан Lavlagaa.e-mongolia. mn, төрийн үйлчилгээг оператор хэлбэрээр хүргэх Operator.e-mongolia.mn, төрийн болон хувийн хэвшлийн киоск машин ашиглан төрийн үйлчилгээг өөрөө өөртөө үйлчлэх хэлбэрээр авах Kiosk.e-mongolia.mn системүүд юм.
Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь зөвхөн одоо байгаа үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр хязгаарлагдахгүй холбогдох дүрэм, журам, үйлчилгээний процессыг дахин инженерчилж үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхийг хэлнэ. Ингэж байж төрийн үйл ажиллагаа, бүтээмж сайжирч, авилгаас ангид байх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 2022 онд 18 байраар урагшилж, 74-р байранд орсон амжилтыг үзүүллээ.
Мөн цахим үйлчилгээнд саад болсон “цаасаар”, “өөрийн биеэр”, “бичгээр” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардаж төрийн үйлчилгээг заавал өөрийн биеэр очиж авахад хүргэдэг хүндрэлийн үндэс болсон эрх зүйн орчныг шинэчлэхээр холбогдох 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж чанар, стандарт, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас нийслэлд 45, хөдөө орон нутагт 74, гадаадад байгаа ЭСЯ, Консулын газруудад 11, нийтдээ 129 төрийн үйлчилгээний ХУРДАН цэгийг байгуулан ажиллаж байна. Эдгээр цэг, төвүүд байгуулагдсанаар иргэд заавал аймгийн төв, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж авах боломжтой байсан үйлчилгээг өөрт хамгийн ойр үйлчилгээний цэгээс очиж авах боломж бүрдсэн.
Дижитал шилжилт, цахим засаглал зэрэг ойлголтуудын цаана аюулгүй байдлын асуудал чухал тавигдана. Цахим үндэстэн болоход зорьж байгаа бид аюулгүй байлдаа хэрхэн хангаж байна вэ?
Манай улсын Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлж, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах боловсон хүчнийг чадавхжуулах, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх бүтцийг бүрдүүлэх зорилго бүхий “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”- ийг Засгийн газар 2022 оны 12 сард баталсан. Энэхүү стратеги нь 5 үндсэн зорилттой бөгөөд 2027 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Кибер халдлага, зөрчлийн долоо хоногийн тайлангаас үзэхэд Монгол улсад бүртгэлтэй Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эзэмшиж буй 38 компанийн 7,301 IP хаягт 74,274 сэжигтэй болон зөрчилтэй тохиолдол илэрсэн байна.
– 43,854(59%) нь хортой код,
– 24,111(32.5%) нь системд хайлт хийсэн,
– 3,013(4.1%) нь эмзэг байдал ашигласан,
– 1,449(2%) нь нууц үг эвдэх төрлийн халдлага байна.
Цаашид мэдээллийн систем, сүлжээнд чиглэсэн халдлага, зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байх бөгөөд үүний эсрэг хариу арга хэмжээ авах тогтолцоог нэн даруй бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргасан кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр манай улс 2017 онд 104 дүгээр байр, 2018 онд 85 дугаар байр, 2020 онд 120 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий дахинаа тулгамдаад байгаа чухал асуудлын нэг бөгөөд манай улс Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай болж, салбар бүрд хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах, хүн өөрийн мэдээллийн эзэн байх эрхийг хамгаалсан зохицуулалтыг тодорхойлсон. Мөн хүний хувийн мэдээлэлд гуравдагч этгээд хандсан тухай мэдэгдэл хүргэх системийг ашиглалтад оруулснаар иргэний гар утсанд push notification, үндэсний и-мэйл, хувийн и-мэйл гэсэн 3 сувгаар нийт 24 сая удаа иргэдэд мэдэгдэл хүргээд байна.
Төр бодлогоо хэчнээн дэвшүүлсэн ч хөрсөн дээрээ буух тухайд анхаарах зүйлс бий. Иргэд л хэрэглэж, хэвшиж байж Цахим шилжилт бодит үр дүнгээ олно. Иргэдийн оролцоо, хэрэглээ, технологийн мэдлэгийг дэмжих хөгжүүлэх нь та бүхний ажлын чухал хэсэг байх?
Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран 2021 онд “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ” судалгаагаар судалгаанд оролцогчдын 43.8 хувь нь мэдээллийн ур чадвартай, 38.8 хувь нь харилцаа холбооны ур чадвартай, 27 хувь нь асуудал шийдвэрлэх ур чадвартай, 9.8 хувь нь программ хангамжийн ур чадвартай, 6.4 хувь нь аюулгүй байдлын ур чадвартай гэж гарсан байдаг.
Цахим ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар МТҮП-ийн дэргэд “Цахим ур чадвар олгох төв” байгуулах төслийг хэрэгжүүлж, 2022 оны 12 сард уг төвийг нээн ажиллуулж байна. Энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой. Уг төвд эхний хагас жилийн байдлаар 834 төрийн болон хувийн хэвшлийн ажилчдад сургалт зохион байгуулсан байна.
Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хүний нөөцийн асуудал, ялангуяа төрийн албанд тулгамдаж байгааг анхаарах шаардлагатай байгаа нь төрийн байгууллагын 87 хувьд нь программ хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, мэдээллийн систем, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын систем хариуцсан ажилтан хангалтгүй байгаагаас харагдаж байна. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39 мянган инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд тус яамны зүгээс онцгой анхаарч байна.
Иймд тус яамнаас мэдээллийн технологийн салбарт хүлээн зөвшөөрөгдөх, олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагаас олгогддог сертификатын жагсаалтыг батлан дээрх мэргэжлээр их дээд сургууль төгсөж дипломын боловсрол эзэмшээгүй ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломжийг нээхээр ажиллаж байна.
Мөн ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран МТҮП-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 2 ангийг энэ хичээлийн жилээс нээн хичээллүүлж эхэллээ.
Инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бие даасан чиглэл та танилцуулсан? Монголчуудын хувьд аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийг, эдийн засгийн шинэ боломжийг танай салбараас чих тавин хүлээж байгаа?
Мэдээллийн технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилсан платформ, программ хангамж, үндэсний тоон контентыг хөгжүүлж эдийн засгийн шинэ секторыг хөгжүүлэх “Инновац, үйлдвэрлэл” зорилтын хүрээнд “Олборлолтоос оюун ухаанд” санаачилгыг хэрэгжүүлж, Мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн салбарт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, тус салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайд суурилсан эдийн засгаас оюун санаа, мэдлэг оюун шингэсэн эдийн засгийг бий болгох бодлого баримталж байна.
Үүний эхлэл болгож төрийн программ хангамж худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс дотоодын компаниудын хөгжүүлж бий болгосон программ хангамжийн шийдлийг санал болгох “Mindgolia.mn” платформыг нээж, 121 компанийн 250 бүтээгдэхүүнийг байршуулаад байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулахад үндэсний компанийн боловсруулсан программ хангамжийг түлхүү ашиглах, зардал хэмнэх зайлшгүй шаардлага байгааг харгалзан “Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр” Mindgolia.mn системийг нийтийн мэдээллийн дэд бүтцийн дэмжих системийн хүрээнд бий болгож, төрийн худалдан авалтын цахим системтэй нягт
уялдуулах, хуульд зааснаас бусад тохиолдолд төсвөөс программын хөгжүүлэлт хийхгүй байх тухай ЗГ- ын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдээллийн технологийн программ хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 311 дүгээр тогтоолыг батлуулж Үүний үр дүнд программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг татварын бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудыг энэ оны 1 дүгээр сараас эхлэн 5 жилийн хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлөхөөр боллоо.
Хүний амьдралын, хотын хөгжлийн, эдийн засгийн гэх олон чиглэлд цахим шилжилт чухал үүрэгтэй оролцож байна. Тулгамдсан асуудлуудын шийдлийг бид технологиос хүлээдэг хандлага төлөвшиж байна? Иргэдэд зориулж мэдээлэл өгвөл нийгмийн анхаарал татсан сэдвүүдэд технологийн ямар шийдлээр ямар асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Үндэсний хаягжилтын мэдээллийн нэгдсэн системд зип код, шуудангийн нэгдсэн код, нэгж талбарын дугаар зэрэг олон хаяг, дугаарыг нэгтгэн нэгдсэн хаягтай болох, мэдээллийн санг ил тод болгож, хэрэглээнд нэвтрүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны ил тод байдлыг хангасан цахим биржийг хөгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон шат дамжлагагүй эцсийн хэрэглэгч зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжтой болгох, биржийн арилжааны талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл хүргэх зэрэг олон салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Тухайлбал, улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем, гадаадын иргэний виз бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, систем, Монгол Улсад суугаа гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн системийг тус тус шинэчлэх ажилд салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн “сугалаатай” бүртгэлийг халж, хүүхдийг анх удаа төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэж, оршин суугаа хаягийн ойролцоо хуваарилалт хийлээ. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдыг дэмжcэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, нийслэлийн түгжрэлд эерэг нөлөөлөл үзүүлсэн, хүнд суртал, авлигаас ангид, ил тод үйлчилгээ болж чадсан гэж үзэж байна.
Таны хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг батлуулж харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн. УИХ-аас цахим хөгжлийг дэмжих зорилгоор баталсан багц хуулийн гол үр дүн нь юу вэ?
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох харилцааг зохицуулсан.
Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор 5 ангиллын 68 төрлийн байнга нээлттэй, хаалттай, хязгаартайгаас бусад мэдээллийг нээлттэй байхаар тусгасан бөгөөд нээлттэй байхаар заасан мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилж мэдээллийн ил тод байх баталгааг хангаж өгсөн болно. Үүний үр дүнд 550 гаруй багц мэдээллийг нэгтгэн “Shilen.gov. mn” системд 39 төрлийн 922,510 мэдээллийг мэдээллийг ил тод, нээлттэй байршуулаад байна.
550 гаруй багц мэдээллийг нэгтгэн “Shilen.gov. mn” системд 39 төрлийн 922,510 мэдээллийг мэдээллийг ил тод, нээлттэй байршуулаад байна.
Мөн эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүхий л ангиллын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох боломжийг нээж, ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтын хүрээнд 60 байгууллагын 846 өгөгдөл байршуулсан байна.
Төрийн үйл ажиллагааг цахимаар хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн “Хур” систем, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем, Мэдэгдэл хүргэх систем, Албан бичиг солилцооны систем, Танилт нэвтрэлтийн систем зэрэг дэмжих системүүдийн эрх зүйн үндсийг тогтоож, нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг тусгасны үр дүнд өнөөдөр төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем “ХУР”-д төрийн 128 байгууллага, хувийн хэвшлийн 325 байгууллага холбогдож, 647 төрлийн хязгаарлалттай мэдээллийг 1.8 тэрбум удаа солилцжээ. Танилт нэвтрэлтийн “ДАН” системд 1,671,391 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд төрийн 47 байгууллага, хувийн хэвшлийн 111 байгууллагын 218 систем ашиглаж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох Е-Mongolia-д 83 төрийн байгууллагын 994 үйлчилгээг холбосон бөгөөд 1,6 сая хэрэглэгч бүртгүүлэн, 35 сая удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авч 287 тэрбум төгрөгийн шууд бус зардал хэмнэсэн гэсэн тооцоог хийгээд байна.
Мэдлэгийг, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн нэг тулгуурыг төрөлжүүлэх, уул уурхайд бус оюун санаанд тулгуурласан эдийн засгийн бодлого баримтлах танай салбарыг зорилт чихэнд чимэгтэй сонсогдож байна. Гэвч энэ бүхэн ямар ч саадгүй ажил биш. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Мэдээлэл, холбооны өндөр технологи- инновацын кластер байгуулах”, “Инновац, мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлсэн дижитал эдийн засгийг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний институтийг бэхжүүлэх” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн гарааны бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, олон улсын зах зээлд гарах, инновацын эко системийг бүрдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн технологийн 50 гаруй старт-ап компаниудаас судалгаа хийж зарим дүгнэлтийг хийгээд байна.
Тухайлбал, Монголд технологи, инновац хөгжүүлж байгаа төлөвшсөн компани харьцангуй цөөн, олон жижиг компаниуд дотоодын жижиг зах зээлд хоорондоо өрсөлдөх байдлаар ажиллаж байна. Дотоодын компаниуд сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа ч хөгжүүлсэн системүүд нь олон улсын нийтлэг стандарт, чанарын шаардлага хангахгүй байна.
Бизнесийн байгууллагууд дотоодын компаниудад үл итгэдгээс гаднын бэлэн систем авч ашиглах нь /License, support/ түгээмэл болж валютын урсгал гадагшаа чиглэж байна. Гаднын томоохон системийг өргөн хүрээнд ашигласнаар Vendor lock болох цаашлаад Land lock-той ижил бэрхшээл үүсэхээр байна.
Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадны систем ашиглахаас татгалзаж байгаа ч түүнийг орлох дотоодын систем тэр бүр байхгүй байгаа нь тухайн салбарт технологийн шинэчлэл хийхэд хүндрэл учруулж байна.
Мэдээллийн технологи, инновацын судалгаа, шинжилгээний чиглэлээр хүний нөөцийн дутагдалд орсон нь томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг багасаж байна.
Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ололт, нээлт, өндөр технологийг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдээс хамгийн тулгамдаж буй нь санхүү, хөрөнгө оруулалтын асуудал болоод байна. 2020 оны Дэлхийн инновацын индексээр Монгол Улс дэлхийн 131 орноос 58 дугаар байранд эрэмбэлэгдсэн байгаа нь төдийлөн муу үзүүлэлт биш боловч тус индексийг гаргаж буй шалгуур үзүүлэлтүүдээс байгууллага /улс төр, хууль эрх зүй, эдийн засаг/-ын орчин, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, дэд бүтэц, технологийг бий болгох мэдлэг, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр доогуур үнэлгээ авсан байна. Харин зах зээл болон бүтээлч үйлдвэрлэлийн хувьд 13, 30 дугаар байранд жагссанаас харахад Монгол Улсын зах зээлийн нөхцөл байдал болон бүтээлч үйлдвэрлэлийн түвшин харьцангуй дээгүүр буюу бидэнд боломж байгааг илтгэж байна.
Иймд инновацыг хөгжүүлэхэд нэн чухал шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, судалгаа, шинжилгээний үйл явцыг чанаржуулах, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаар инновацын үйл ажиллагаа сул байгаа нь судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд оролцох, ажиллах хүчний хувь хэмжээ байнга буурч байгаатай холбоотой юм. Тухайлбал, 1 сая хүнд ногдох судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хариуцсан ажилтны тоо 1996 онд 1243 байсан бол 2017 онд 1056 болсон буурчээ. Мөн ажил эрхэлж буй 1000 хүн тутамд судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт хариуцсан ажилтны тоо 1996 онд 3.6 байсан бол 2017 онд 2.7 болсон байна.
Иймээс мэдээллийн технологид тулгуурлан үндэсний хэмжээнд инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацын тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, оновчтой механизм бүрдүүлэх, түүнд оролцогч субъектүүдийн /бусад салбарууд/ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Нээлттэй ил тод байдал гэдэг ойлголт найман настай балчраас наян настай буурайд гэдэг шиг нийгмийн бүх хэсэгт түгэн дэлгэрлээ. Энэ бол таны манлайлал. Нээлттэй ил тод байдлын төлөвшүүлэх чиглэлд, авлига ашиг сонирхлыг бууруулах чиглэлд Шилэн ажиллагаа эрчтэй өрнөлөө?
Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдын “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гаргасан. Энэхүү ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож 550 гаруй багц мэдээллийг нэгтгэн “shilen.gov.mn” системд 39 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байршуулсан. Нийт 12 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, иргэд олон нийтийг мэдээллээр хангаж ажилласан. Шил ажиллагааны “Shilen.gov. mn” системийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулснаас хойш 2023 оны 9 сарын 14-ны өдрийн хооронд нийт 922,510 мэдээллийг байршуулж, нийт 2,895,427 удаагийн хандалтыг аваад байна.
Өргөн уудам газар нутагтай, тархмал суурьшилтай манай оронд мэдээллийн хүртээмж, дэд бүтцийн хүрэлцээ хүндрэлтэй. Орон нутагт, ард иргэдэд, төрийн албан хаагчдад тусгай хөтөлбөр, бодлого бий юу ? Цахим шилжилтийн үр дүн тэдэнд тун чухал?
Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна. Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр ханган ажиллаж байна.
“Цахим аймаг” зөвлөмжийг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ- наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Төрийн байгууллагуудын хувьд одоо байгаа процессоо цахимжуулснаар сэтгэл ханах байдал ажиглагдаж байна, гэтэл хандлагын болоод хууль, дүрэм журмаар заасан процесс үйл ажиллагааны өөрчлөлтийг технологийн боломжтой уялдуулан хэрэгжүүлж байж энэ бүхэн өөрчлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг хамааруулж ойлгохоор заагаад, харин бусад салбарын хуулиудад “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг тооцож, ойлгож байгаа нь тухайн хуульд заасан мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр давхар хүргэхэд хүндрэл учруулах, цахим шилжилтийг удаашруулах, үл ойлголцох нөхцөл байдалд хүргэж байна.
Тухайлбал, манай яамнаас Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж үзэхэд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг тогтоож, тэдгээр нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байна. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байна. Гэсэн хэдий ч салбарын хуулиудад цахим хэлбэрээр харилцах, цахим баримт бичиг үйлдэж болох тухай тусгаагүй, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байхаар заасан боловч цаасан болон цахим хувь хоорондоо зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтлахаар заасан зэргээс шалтгаалан зөвхөн цаасан хэлбэрээр харилцаж, үйл ажиллагаа явуулах нь эрх зүйн давуу талтай байх нөхцөлийг бүрдүүлснээс цахим шилжилтийг бүрэн хийх боломжгүйд хүргэж байна.
Иймд төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлж 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ д өргөн бариад байна.
Ярилцлагын төгсгөлд танд олон нийтэд хандаж үгээ хэлэх боломж олгоё. Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд юуг сануулж хэлэх вэ?
Дэлхий нийтэд цахим шилжилтийн давлагаа явагдаж байгаа өнөө үед иргэд өдөр тутмын амьдралдаа мэдээлэл, харилцаа холбоо, технологийг ашиглах, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.
2021 онд хийсэн судалгаагаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43.8%-тай гарсан бөгөөд “Цахим үндэстэн” бодлогын баримтлах чиглэлд уг суурь түвшнийг 2027 онд 50%-д хүргэх зорилтыг дэвшүүлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур Лаборатори 2021 онд “Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа”-г хийсэн бөгөөд үр дүнгээс үзвэл ахмад настай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө, орон нутаг, алслагдсан бүсийн иргэдийн цахим ур чадвар бусад бүлгийн иргэдтэй харьцуулахад хамгийн бага байсан. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг үнэлж, сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор асуулга судалгааг авахад мэдээлэл технологийн хэрэглээний мэдлэг, чадвар 19%-тай байсан бөгөөд судалгаанд оролцогчдын 80% нь өмнө нь мэдээлэл технологийн чадварыг дээшлүүлэх чиглэлийн сургалтад хамрагдаж байгаагүй хэмээн хариулсан нь цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлж байна.
Ирээдүйн бүтээлч иргэдийг багаас нь бэлтгэх зорилгоор хүүхдийг цэцэрлэгээс нь ахлах анги хүртэл үе шаттайгаар цахим ур чадвар, боловсролыг олгох, ингэхдээ одоогийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт шинэчлэлт хийх замаар олон улсын K-12 хөтөлбөрийн туршлагыг судалж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, монгол ахуйтай уялдсан цахим ур чадвар олгох шинэ арга зүй, агуулга бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
Иймд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулах замаар цахим шилжилтийн бэлэн байдлыг хангаж, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд үндэсний хэмжээнд төр, иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоо, хүчин чармайлт чухал үр нөлөөтэй юм. Үүнд та бүхнийг дэмжин ажиллахыг хүсье.