Робин Кори охин Кристенээ 15 нас хүрэхэд инстаграм хаягтай болохыг зөвшөөрчээ. “Энэ плафторм дээр охиноо аюулгүй байлгахын тулд бид бүхнийг хийсэн гэж бодсон” хэмээн Кори өгүүлэв. Гэвч хэдэн сарын дараа Кристен ор сураггүй алга болжээ. Гэмт хэрэгтнүүд инстаграм чат ашиглан Кристенийг “урхидаж”, улмаар Хьюстон хотын гудамжинд биеийг нь үнэлүүлж байв.
Эл аймшигт зовлонгоос охин нь огт ангижирч чадаагүй хэмээн Кори хэллээ. Кристен гэртээ эргэж ирсэн ч дахин хүний наймаачдын урхинд орсноосоо хойш ор сураггүй алга болжээ. Охиноо амьд, үхсэн эсэхийг ээж нь мэдэхгүй байгаа юм. Охиныг нь урхидаж, амьдралыг нь сүйрүүлсэнд хүний наймааны гэмт бүлгийг Кори буруутгадаг. Мөн охиныг нь бэлгийн мөлжлөгийн золиос болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн инстаграмыг ч үзэн яддаг. “Хэрэв инстаграм байгаагүй бол миний охинд ийм явдал тохиолдохгүй байлаа. Гэмт хэрэгтнүүд ийм үйлдэл хийхэд тун хялбар байгаа нь инстаграмын л буруу” хэмээн Кори өгүүлсэн.
“Big Tech and the Online Child Sexual Exploitation Crisis” нэртэй АНУ-ын Сенатын хууль зүйн хорооны сонсгол өнгөрсөн хоёрдугаар сард болох үеэр Instagram, Facebook, WhatsApp-ийг эзэмшдэг тэрбумтан М.Закерберг “гараа цусадсан хүн” хэмээн шүүмжлүүлсэн. Бусад нийгмийн сүлжээний удирдлагын хамтаар уг сонсголд оролцож, өөрсдийнх нь платформ хүүхдүүдэд ямар хор нөлөө авчирч буй талаарх асуултад хариулахдаа М.Закерберг “нийгмийн сүлжээ болон өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд муудаж буйн хооронд харилцан хамаарал байгаа”-г эрс үгүйсгэсэн билээ. Гэхдээ тэрбээр Сенатын уг сонсголд оролцохоор ирсэн, бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болсны улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн эцэг эхийн өөдөөс харж зогсоод уучлалт гуйсан юм.
Меta компани 2023 оны долоогоос есдүгээр сарын хооронд хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүүхдийн наймаатай холбоотой 18 сая мэдээллийг устгасан байна.
Харин Корид тэрбумтны уучлалт үнэ цэнтэй санагдсангүй. “Хэрэв тэр хүсвэл платформ дээр нь гарч байгаа бүхий л хор уршгийг зогсоож чадна. Үг хангалтгүй, тэр үйлдэл хийх ёстой” гэж тэрбээр үзэж байна.
2019 онд Хьюстон хотод биеэ үнэлэгчдийн бүлэг ажиллуулж байсан гэмт хэрэгтнүүдийн золиос болохоосоо өмнө Кристенийг “энгийн, аз жаргалтай охин” байсныг нь Кори дурсав. Гэмт хэрэгтнүүдийн өмнөөс сургууль дээр “дэгээдэгч”-ийн дүрд тоглодог байсан хөвгүүд Кристенийг байгаа болгож, улмаар инстаграм аккаунтаар нь дамжуулж чат мессежээр “бөмбөгдөж” эхэлсэн байна. “Тэд охинд маань Луй виттоны цүнх, далбаат завины аялал гэх мэт зүйлс амлаж байсан. Хүрч ирээд манай үдэшлэгт ор гэж урьдаг байсан” гэж Кори хэлэв. Ийм мессеж авч эхэлснээс хэдэн сарын дараа гэмт хэрэгтнүүд Кристенийг гэрээс нь оргуулж чаджээ. Хоёр долоо хоногийн дараа цагдаа нар охиныг Хьюстоны нэгэн улаан дэнлүүний гудамжнаас олсон байна. Охин гэртээ айж, уурласан байдалтай, сэтгэцийн гүн эмгэгтэй иржээ.
Кристений өгсөн мэдээллийн тусламжтайгаар цагдаа нар 2020 онд түүнийг хулгайлсан гэмт хэрэгтнүүдийн нэг болох А.Жэксоныг баривчилж, 27 жилийн ял оноосон байна. Мөн түүний ээж, өөр гурван хам хэрэгтэн зохих шийтгэлээ хүлээжээ. Шүүх хуралдааны мэдээллээс үзвэл А.Жэксон нийт 12 эмэгтэйг “урхины байр” гэж нэрлэсэн байранд хүчээр амьдруулж, 100-300 ам.доллароор биеийг нь үнэлүүлдэг байсан аж. “Хэрэв зугтаавал өөрийг нь, эсвэл гэр бүлийн хүнийг нь ална гэж Жэксон сүрдүүлдэг байсан. Эмэгтэйчүүдэд хоол бараг өгдөггүй, ажлыг нь хийлгэхийн тулд байнга хар тамхи л өгдөг байв” хэмээн нэгэн тайланд дурджээ.
Түүнчлэн охидыг урхидахын тулд инстаграмыг хэрхэн ашигладаг тухай А.Жэксон, хамсаатнууд нь шүүх хурал дээр мэдүүлсэн. Инстаграм, түүнтэй төстэй вэбсайт ашиглан өөрийг нь бусдад санал болгож, биеийг нь үнэлүүлдэг байсан талаар Кристен цагдаа нарт ярьжээ. “Нийгмийн сүлжээний аккаунтыг нь хянаж, өөрсдийнх нь өмнөөс эрчүүдтэй болзоо тогтоодог хүмүүс байсан тухай охин маань цагдаа нарт мэдүүлсэн” гэж Кори дурсав.
Кристен эхний удаад гэмт хэрэгтнүүдийн олз болсноосоо таван сарын дараа ор сураггүй алга болжээ. Охин алга болоод гурван жил өнгөрч, цагдаагийн байгууллага, Холбооны мөрдөх товчоо хайсаар байгаа ч түүний сураг гарсангүй. “Охиноо тун аймаар газруудаар хайж үзсэн. Адил төстэй эмэгтэйчүүдийн цогцсоос ДНХ шинжилгээ ч олон хийлгэсэн. Гэвч одоогоор надад хэн ч тусалж чадахгүй нь бололтой” хэмээн аргагүйдсэн Кори өчив.
“Хүүхдэдээ нийгмийн сүлжээ ашиглах боломж бүү өг гэж би эцэг эхчүүдэд хэлдэг. Хүүхдүүд аккаунт нээх, танихгүй хүмүүстэй харилцахаас нь сэргийлэх арга хэмжээг инстаграм авах ёстой. Бид хүүхдүүдээ хамгаалах ёстой” гэж тэрбээр нэмж хэлсэн.
Онлайн аюул, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн талаарх ихээхэн шүүмжлэлтэй Meta болон нийгмийн сүлжээний бусад компани нүүр тулаад байна. Наймаалах, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүүхдийн наймаачид Meta-гийн платформуудыг ихээр ашиглаж буй тухай 2023 оны дөрөвдүгээр сард “Guardian” сонин эрэн сурвалжилсан контент бэлтгэж байв. Нью-мехико мужийн ерөнхий прокурор Р.Торрес Meta-гийн эсрэг хууль эрхзүйн тэмцэл өрнүүлж, тус компанийн платформууд нь хүүхдийн махчингуудын дураараа дургих газар болсон хэмээн буруутгасан. Р.Торресийн цуглуулсан материалуудаас үзвэл фэйсбүүк, инстаграм ашигладаг 100 мянган хүүхэд өдөр тутам “насанд хүрэгчдийн бэлгэ эрхтний зураг хүлээж авах” зэргээр бэлгийн дарамтад өртдөг гэж Meta тооцоолсон байна. Р.Торрес “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа Meta-г “дэлхийн хамгийн том педофил, араатнуудын зах зээл” болсон гэж шүүмжилсэн.
Харин Meta-гийн хэвлэлийн төлөөлөгч хүүхдийн бэлгийн мөлжлөгийг аймшигт гэмт хэрэг гэж нэрлээд “Үүнтэй бид платформ дээрээ болон түүний гадуур хүрээнд тэмцэхийн тулд эрчимтэй ажиллаж, хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хариу өгөх замаар гэмт хэрэгтнүүдийг баривчлах, гэм бурууг нь хүлээлгэхэд хувь нэмрээ оруулж байгаа” гэсэн юм. Түүний өгүүлснээр компани нь 2023 оны долоогоос есдүгээр сарын хооронд хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүүхдийн наймаатай холбоотой 18 сая мэдээллийг устгасан байна.
“Өөрийг нь дагадаггүй насанд хүрээгүй хүүхдүүд рүү 19-өөс дээш насны хүмүүсийг чат явуулахыг манай платформууд хориглодог. Мөн фоллов хийдэггүй, харилцан холбоогүй том хүнээс 16 нас хүрээгүй хүүхдүүд чат хүлээж авахыг нь хориглож эхэлсэн” гэж Meta мэдээлсэн.
Гэвч энэ бүхэн Коригийн хувьд дэндүү хожимдсон арга хэмжээнүүд юм. Тэрбээр хувийн мөрдөгчидтэй хамтран ажиллаж, интернэтээр охинтойгоо холбоотой мэдээлэл хайж, АНУ даяар охиноо хайн сүүлийн гурван жилийг өнгөрүүлжээ. “Би охиноо хайхаа огт болихгүй. Дүү нь эгчийгээ өдөр бүр асуудаг юм. Интернэт дотроос гарч ирсэн нэг хорон муу санаатан эгчийг нь аваад явсан гэдэгт дүү нь итгэдэг болсон. Бид бие биеэ түшиж, энэ хүнд үеийг давахыг хичээж байгаа ч охиноо маш их санаж байна” хэмээн Кори өгүүлэв.
Эх сурвалж: guardian.com