Өнгөрсөн амралтын өдрүүдээр нутгийн ахын ажилтай танилцахаар Эмээлт орж, малын гаралтай түүхий эд, махны бөөний худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Эдгээр бизнес эрхлэгч мал, мах авах, бэлтгэх, дайвар бүтээгдэхүүн авах, борлуулах, арьс шир цуглуулах, бэлтгэн нийлэгчидтэй ажиллах, дараагийн шатны худалдаачид эсвэл үйлдвэрүүдэд өгөх гээд мэддэг чаддаг, хийж сурсан зүйлээрээ төрөлжөөд бие биеэ сайн мэддэг, үнэ ханшаа тухайн өдрийнхөөрөө тохироод өгч авалцдаг, албан бусаар бол тодорхой системд орсон харагдана.
Ажиллах хүчний хомсдол нь энд ойлгомжтой хүнд асуудал бөгөөд өдрөөр хөлсийг нь өгөөд хүн олж ажиллуулдаг аж. Махны бөөний худалдааныхны хувьд өөрсдийн газартай, газар дээрээ зориулалтын зоорь агуулахтай, гэрээгээр ажилладаг ажилтнуудтай дажгүй бизнесүүд байна. Гэхдээ санхүүжилт нь нийтлэг асуудал болжээ. Компанитай боловч ИКС тайлантай тул ихэнх нь компаниар бус хувь бизнес эрхлэгчээр банк, банк бусаас зээл авдаг. Тиймээс газар, зоорь агуулах нь банкны барьцаанд. Эргэлтийн хөрөнгө байнга дутагдалтай. Яг ижил үйл ажиллагаа явуулдаг, ижилхэн шахуу агуулахтай, газартай бизнес эрхлэгч олон бөгөөд агуулахын дүүргэлт, хүчин чадлаа үргэлж бүрэн хангаж ажиллах нь ховор.
Хоорондоо нэгдэж зарим нь агуулахаа бүрэн дүүргэх, зарим нь хөдөө орон нутгаас мал махаа тээвэрлэж авчрахаа хариуцах зэргээр үйл ажиллагааны хувьд төрөлжих боломжтой эсэх талаар асуутал ер нь тус тусдаа ажиллахыг илүүд үздэг бололтой.
Үр дүн нь мэдээж өнөөгийн байдал буюу хагас дүүргэлттэй агуулах, өндөр хүүтэй зээл, эргэлтийн хөрөнгийн дутагдал, ажиллах хүчний хомсдол.
Уламжлалт аргаар бэлтгэсэн мал мах авдаг өгдөг, дээрээс нь компанийн бүртгэл, санхүү бүртгэл, тайлан тооцоо тэдний хувьд нэлээд холын зүйл тул албан ёсны тэтгэлэг, хөнгөлөлт, бага хүүтэй санхүүжилт бараг авах боломжгүй. Дээр нь Монголд ихэнхдээ малыг орон нутгийн айл өрхүүд болон жижиг төхөөрөх газруудад уламжлалт гар аргаар нядалдаг. 2022 онд бэлтгэсэн 13.8 сая малын 91% буюу 12.6 сая малыг гар аргаар бэлтгэсэн аж. Гар аргаар мах бэлтгэх нь орчин үеийн чанар стандарт, хүнсний аюулгүй байдлын эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй, мал эмнэлгийн хяналтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй гэж олон улсын байгууллагууд үздэг. Үндэсний статистикийн тоогоор Монгол Улс 2024 оны хоёрдугаар сарын байдлаар 64 сая малтай байснаас 29 сая нь хонь, 5.3 сая нь үхэр байж. Сая зуднаар зургаан сая орчим мал хорогдоод байгаа гэсэн мэдээтэй байна. Энэ тоо хавар, зун гэхэд 20 сая хүрэх магадлалтай. Иймд мал, махны бизнесийнхэн төдийгүй хэрэглэгчдийн хувьд зах зээл дээр мал махны нийлүүлэлт энэ хаврын нэлээд том сорил болохоор харагдаж байна. Дагаад агуулах зоорины ашиглалт, дүүргэлт, тээвэрлэлт, эрүүл ахуй, ажиллах хүч гээд ар араасаа шийдэх ёстой асуудлууд гарч ирнэ.
Жижиг дунд бизнесүүд жижиг гэлтгүй өрсөлдөөний орчноо ажиглаж, хувьсаж өөрчлөгдөх боломжийг хайж байх нь чухал.
Хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай түүхий эд, махны бизнесийнхнийг салбараар нь авч үзвэл тодорхой хэмжээнд зохион байгуулалтад орох, мэргэжлийн холбоонд нэгдэх, улсаас үзүүлж байгаа дэмжлэг хөтөлбөрт хамрагдах, хямд санхүүгийн эх үүсвэр олохгүй бол эдгээр жижиг бизнес зогсох, энэ салбарын нийлүүлэлтийн сүлжээ тасрах гэх мэт том эрсдэлүүд байна.
Миний ажигласнаар Эмээлт дэх малын гаралтай түүхий эд, махны бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд энэ хавар, зун тулгарч болохоор байгаа, доор дурдах эрсдэлүүд нь жижиг дунд бизнесийнхний хувьд ч өрсөлдөөний орчны шинжилгээ гэдэг талаасаа хамаатай байж болох юм.
Нийлүүлэгчдийн давуу байдал. Улсаас энэ жилийн зудын байдлаас үүдэн малчдыг малжуулах хөтөлбөр зарлаж байгаа нь хөдөө орон нутгийн малчид малаа ченжүүд гэж бидний хэлж заншсан мал бэлтгэгч, дундын зуучлагчдад зарах сонирхлыг бууруулах магадлалтай. Үүн дээр нэмээд малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүг тэглэх гэх мэт арга хэмжээ нь малчдын бэлэн мөнгөний хэрэгцээг бууруулах тул малаа бэлэн мөнгөөр тэдгээр мал бэлтгэгч, дундын зуучлагчдад зарахгүй гэх сэдэл төрүүлж болно. Энэ нь эргээд Эмээлт дэх малын гаралтай түүхий эд, махны бөөний худалдаа эрхлэгчдийг түүхий эдээ үнэтэй авах, агуулах зоорины ашиглалт буурах, зардал өсөх, улмаар зээлээ төлж чадахгүй болох гэх мэт эрсдэлд хүргэх юм.
Худалдан авагчдын давуу байдал. Гар аргаар мах бэлтгэх нь шаардлага хангахгүй байгаа тул хиам, мах махан бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулдаг худалдаачид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг илүүд үзэж үнэ ханшийг буулгахыг шаардаж болох юм. Энэ жилийн зудын байдал, үхсэн малын махыг нийлүүлсэн байх вий гэсэн болгоомжлол ч худалдан авагч талын шийдвэрт нөлөөлнө. Иймд Улаанбаатар хотод жижиглэнгээр мах махан бүтээгдэхүүн борлуулагчид бөөний махны нийлүүлэгчдэд шаардлага тавих, өөрсдийн үнийн болон бусад нөхцөлийг тулгах магадлалтай юм.
Орлуулах бүтээгдэхүүн. Монголчуудын махны хэрэглээ өндөр тул эрэлттэй холбоотой эрсдэл харьцангуй бага боловч энэ жилийн зудын байдлаас үүдсэн цуурхлыг дагаад мах, махан бүтээгдэхүүний хэрэглээгээ иргэд тодорхой хэмжээгээр буулгах, өөр хүнсээр орлуулахыг зорьж болох юм.
Шинэ өрсөлдөгч орж ирэх. Монгол Улсын хувьд махны зах зээл шинэ зүйл биш. Шинэ техник технологи бүхий компаниуд энэ салбарт орж ирснээр бизнесийн өрсөлдөөний орчин улам нарийн болохоор байна. Малчдаас тус тусад нь цуглуулан, гар аргаар төхөөрч бэлтгэх байдлыг халан фермерийн аж ахуйд шилжин, хуваарийн дагуу өвс тэжээл өгдөг, вакцинд хамруулдаг, дулаан байр байшинтай фермерийн махыг хүмүүс эрхэмлэж эхэлж байна. Цаашдаа ийм мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдарвал Эмээлт дэх агуулах, зоорьтой, бэлтгэн нийлүүлэгч бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ үргэлжлүүлэхэд том сорилт болохоор байна.
Одоогоор Занаду Разорбак ХХК, МетАгро гэх мэт компаниуд аль хэдийн гарч ирээд зах зээлд танигдаад явж байна. Эдгээр компаниуд үйл ажиллагаагаа томруулах, ижил төстэй компаниуд, фермерүүд нэмэгдвэл явандаа Эмээлт дэх агуулах, зоорьтой, бэлтгэн нийлүүлэгч жижиг дунд бизнес эрхлэгчид зах зээлээс шахагдах эсвэл шинэ техник технологи нэвтрүүлэх, өөр хоорондоо нэгдэх гэх мэт шийдэл олохоос өөр аргагүй.