Тоолуур, хэмжих хэрэгслийн худалдаа, суурилуулалт, засвар, программ хангамжийн цогц үйлчилгээг 15 жилийн турш тасралтгүй үзүүлж буй “Мэйжүрмэнт” ХХК дотоодын зах зээлд анхдагчдын нэг юм. Тус компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тоолуур, хэмжих хэрэгслийн ухаалаг монгол системийг хөгжүүлж байна.
Та ярилцлагынхаа эхэнд хэмжил зүйн салбарын талаар манай уншигчдад товч танилцуулахгүй юу. Улс орон болоод хувь хүний хувьд ямар үүрэг, ач холбогдолтой салбар вэ?
Хэмжил зүй (metrology) гэдэг нь товчоор хэмжлийг судалдаг шинжлэх ухаан бөгөөд хэмжлийн техникийн шинжлэх ухааны үндэс болдог. Хэмжил зүйг ерөнхийд нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хэрэглээний гэж ангилдаг. Манай компанийн хувьд үйлдвэрлэл болон хэрэглээний хэмжил зүйд хамаарах тоолуур, хэмжих хэрэгслийг Монгол Улсын зах зээлд нийлүүлдэг компани. Хэмжил зүй нь өөрөө бүх салбарын оролцоотой байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар бүрд хэмжил байдаг учраас үүрэг, ач холбогдол өндөртэй. Харин хувь хүний тухайд хүн бүр л өдөр тутамдаа хэмжилттэй таардаг. Тухайлбал, дэлгүүр, худалдааны захаас өөрт хэрэгцээтэй хүнсний болон савласан бүтээгдэхүүн худалдан авах, эмнэлэгт цус, даралт, биеийн температураа үзүүлэх, ахуйн хэрэглээний цахилгаан, дулаан, усаа хэмжих гэх зэргээр ялгаагүй л амьдралдаа хэрэглэж байдаг тул өндөр ач холбогдолтой салбар юм.
“Мэйжүрмэнт” компанийн бизнесийн үйл ажиллагаа ижил төрлийн бусад компаниас ямар онцлогтой вэ?
Манай компанийн үндсэн үйл ажиллагаа бол бүх төрлийн тоолуур, хэмжих хэрэгслийг импортолж, суурилуулж, засварлах бөгөөд аль болох хэмжлийн шинэ дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Бид уул уурхай, эрчим хүч, ус хангамж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тоолуур, хэмжих хэрэгсэл худалдах, суурилуулах, засварлах, зөвлөгөө өгөх ажлыг түлхүү хийж, тухайн салбарт хөдөлмөр хөнгөвчлөх, алсын зайнаас мэдээлэл авах, ухаалаг болгох программ хангамжийг зохион бүтээж, хөгжүүлж байна. Хэмжил зүйн салбарт ажиллаж буй бусад компанийн хувьд хэмжлийн аль нэг төрлөөр дагнан ажилладаг бол бид хэмжлийн бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Монголдоо анхдагч компани. Мөн одоог хүртэл иж бүрэн үйлчилгээ үзүүлж буй цорын ганц компани гэдгээрээ онцлог.
“Мэйжүрмэнт” компани бүх төрлийн тоолуур, хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах болон хэмжлийн шинэ дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэхийг зорьж байна.
Дотоодын зах зээлд анхдагч төдийгүй цогц үйлчилгээ үзүүлж буй цор ганц тоглогчийн хувьд өнгөрсөн хугацаанд салбартаа ямар шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бэ?
Манай компани 2008 оноос Монгол Улсын зах зээлд олон төрлийн цахилгаан, усны тоолуурыг нийлүүлж суурилуулж байсан бол 2016 оноос эдгээр тоолуур, хэмжих хэрэгслийг “ухаалаг” болгохоор судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн. Улмаар 2-3 жилийн судалгааны үр дүнд цахилгаан эрчим хүчний түгээлтэд ашиглах цахилгааны тоолуурын ТАМАДУМ ухаалаг систем, программыг, ус хангамж, түгээлтэд ашиглах усны тоолуурын У-ТАМАДУМ ухаалаг систем, программыг зохион бүтээсэн. Өнөөдөр гурав дахь шатны хөгжүүлэлтээ хийж хэрэглээнд амжилттай нэвтрүүлээд байна. Мөн нүүрсний экспортод ашиглах автомашины жин, түүний жинлэлтэд ашиглах программ хангамжийг бүтээн хөгжүүлж, энэхүү суурийг ашиглан Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд “Ухаалаг гарц” ухаалаг системийг хийсэн.
Үүний хүрээнд уг системийн удирдлагын үндсэн эх хавтанг МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион бүтээгээд байна. Манай компани дулааны станцуудын зуух, зуух руу орох нүүрсний туузан дамжуулагчийн жингийн хяналтын программыг мөн хийж, дулаан үйлдвэрлэлийн процессын хяналтыг алсын зайнаас хянах боломж нөхцөлийг хангаж байна. Дээрх программ хангамжийг монгол программист, инженерүүд хамтран хийснээр мэдээллийн аюулгүй байдал, хараат бус байдал, цаашид хөгжүүлэх боломж, үүсэх алдаа дутагдлыг богино хугацаанд шийдвэрлэх зэрэг цөөнгүй давуу талыг бий болгоно. Өмнө нь тоолуур, хэмжих хэрэгслийг дагалдан ирсэн гаднын программыг ашиглах үед ямар нэг асуудал үүсэхэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж чаддаггүй байлаа. Асуудал үүсэх бүрд гаднын программ хангамжтайгаа холбогдож үүссэн асуудлыг танилцуулсны дараа хэрэглэгчидтэй холбогдож учир шалтгааныг нь олно. Үүний дараа эргээд гаднын программ хөгжүүлэгч компанид хандаж засварлах зэргээр цаг их алддаг байв. Харин өдгөө Монголдоо хөгжүүлсэн систем хэрэглэснээр үүсээд буй том, жижиг ямар ч асуудлыг цаг алдалгүй шийдэж, хурдан шуурхай үйлчилж чаддаг болсон.
Нэршил өгч амжаагүй бүтээгдэхүүнүүд байгаа талаараа дурдаж байсан. Ямар зориулалтаар ашиглах бүтээгдэхүүнийг голчлон бүтээж байна вэ?
Бид ус хангамж, үйлдвэрлэлийн процессын хяналтын программдаа тодорхой нэршил өгөөгүй ч ашиглалтад орж, үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. Эдгээр программ хангамжид туузан дамжуулагчийн жингийн хяналтын программ, усан халаагуурын зуухны зарцуулалт, даралт, температурын хяналтын программ, ус хангамжийн эх үүсвэрийн зарцуулалтын хяналтын программ гэх зэргийг дурдаж болно. Мөн усны тоолуурын мэдээллийг алсын зайнаас дамжуулах шийдлийг төрөл бүрээр судалж байна. Түүнчлэн манай компанийн инженерүүд ухаалаг систем дээр ашиглах, алсын зайнаас утасгүй холбоогоор мэдээллээ солилцох Lora ухаалаг системийг МУИС-ийн эрдэм шинжилгээний багтай хамтран судалж байгаа бөгөөд гаднын бэлэн бүтээгдэхүүн сонгохгүйгээр өөрийн гэсэн Lora ухаалаг системийг бүтээхээр сүүлийн хоёр жил судалгаа, туршилтын ажлаа хийж байна. Уг хамтарсан ухаалаг системийг бид хөгжүүлж чадвал ямар ч бүтээгдэхүүн дээр ашиглаж болно. Жишээлбэл, жин байлаа гэхэд хэдэн килограмм болсныг алсын зайнаас Lora ухаалаг систем байрших талбайн хэмжээндээ мэдээллээ солилцох боломжтой болно.
ТАМАДУМ ухаалаг системийг ашигласнаар цахилгааны тоолуурын заалтыг алсын зайнаас авах, хэрэглээг алсаас хязгаарлах, шаардлагатай мэдээллээ архивлах, дүн шинжилгээ хийх зэрэг өргөн боломжийг бүрдүүлдэг.
Та бүхний бизнесийн үйл ажиллагаа бүх салбарт хамаардгаараа маш өргөн хүрээтэй. Тухайлбал, ямар салбарт хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байна вэ?
Бид үйл ажиллагаагаа эрчим хүч, ус хангамж, түгээлт, уул уурхайн салбарт эрчимтэй явуулж байна. Өнөөдрийн байдлаар цахилгааны тоолуурын ТАМАДУМ ухаалаг системээ хувийн болон төрийн өмчит цахилгаан түгээх 14 компанид нийлүүлж, 50 мянга орчим цахилгааны тоолуурыг ухаалаг системд холбожээ. Үүнд, орон нутгийн цахилгаан түгээх газрууд ч багтаж буй. Мөн автомашины жинг нийлүүлэх, суурилуулах, засвар үйлчилгээний ажлыг “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Таван толгой”, “Өсөх зоос”, “Алтанговь”, “Монголросцеветмент” ТӨҮГ гэх зэрэг томоохон компанитай хамтран хэрэгжүүлж, нийт 100 гаруй хүнд даацын автомашины жинг нийлүүлээд байна. Харин усны тоолуурын У-ТАМАДУМ ухаалаг системээ ус олборлох, түгээх зургаан аж ахуйн нэгж, байгууллагад амжилттай нэвтрүүлсэн. Шинээр баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууц, хороолол, таун хауст ухаалаг систем нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Үүний хүрээнд “ХҮННҮ 2222”, “Хан төгөл” хотхонд ус, цахилгааны тоолуурын ухаалаг системийг хамтад нь хэрэгжүүлж байна.
“Мэйжүрмэнт” компанийн инженерүүдийн бүтээсэн программуудыг ашигласнаар байгууллагуудад ямар өгөөж, ач холбогдол бий болох вэ?
Өмнө нь цахилгаанчид цахилгааны тоолуурын заалтыг биечлэн хянаж тэмдэглэх, төлбөр төлөөгүй тохиолдолд хэрэглэгчдийн цахилгааныг газар дээр нь хязгаарлах, мөн түгээх, сүлжээнд хэдэн хэрэглэгч холбогдсон, стандартын шаардлага хангасан эрчим хүч хэрэглэж буй эсэхийг хянах боломж нөхцөлгүй байв. Харин цахилгааны тоолуурын ТАМАДУМ ухаалаг системийг тухайн түгээх компани нэвтрүүлснээр тоолуурын заалтыг алсын зайнаас авах, цахилгаан эрчим хүчний хэрэглээг алсаас хязгаарлах, тоолуурын шаардлагатай мэдээллийг авч архивлах, авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ.
Хэрэглэгч өөрт шаардлагатай хэмжих хэрэгслээ захиалах боломжийг танай компани олгодог. Энэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
Энд тэндээс хайгаад олохгүй тоолуур, хэмжих хэрэгсэл байгаа тохиолдолд бидэнтэй холбогдож, захиалга өгч болно. Манай компани гадаад харилцаа сайтай тул богино хугацаанд боломжийн нөхцөлөөр хэрэглэгчдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг олж өгөхөд тусалдаг. Мөн хэрэглэгчид өөрт байгаа тоолуур, хэмжих хэрэгслээ ашиглаж чадахгүй, загварт оруулах, хэмжил зүйн бусад үйлчилгээ авах бол манай инженер, техникийн ажилтнууд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Зарим тохиолдолд бид хамтарч ажилладаг гадаадын томоохон ханган нийлүүлэгч, үйлдвэрийн инженерүүдтэй холбох тохиолдол ч бий. Үүний зэрэгцээ хэмжих хэрэгслийн суурилуулалтын зөвлөгөө өгөх, суурилуулах ажлыг гүйцэтгэдэг. Түүнчлэн ухаалаг систем бүхий хэмжих хэрэгсэл гадаадаас авчирч суурилуулсан ч түүнийгээ үйлдвэрлэлийн процесст холбож, хүний оролцоогүй шийдлийг нэвтрүүлмээр байвал бид программ хангамж болон техник хангамжийн түвшинд асуудлыг шийдэх бүрэн боломжтой.
Хэмжил зүйн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
Өмнө хэлсэнчлэн манай компани Стандарт, хэмжил зүйн газраас зөвшөөрөл авч ажилладаг. Мөн бид төр болон орон нутгийн өмчит цахилгаан түгээх, ус хангамжийн компаниудтай нягт хамтран ажилладаг тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг ихээхэн чухалчилдаг. СХЗГ-аас зөвшөөрөл, тоолуур хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын үйлчилгээ авах, түүнчлэн төр болон орон нутгийн өмчит цахилгаан түгээх болон ус хангамжийн компаниудад баталгаатай тоолуур нийлүүлэх, түүнийг ухаалаг системээр удирдах зэрэг хамтын ажиллагаа тасралтгүй өрнөдөг. Энэ тухайд манай хамт олон төрийн байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг хуулийн дагуу дагаж мөрдөх, улмаар олон улс болоод Монгол Улсын стандартад заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэхэд анхааран ажилладаг. Түүнчлэн СХЗГ-аас зохион байгуулж буй сургалтад инженер, техникийн ажилтнууд маань хичээл заах, ажлын хэсэгт орж ажиллах, олон улсын болон бүс нутгийн стандартыг орчуулж улсын стандартаар батлуулахад гар бие оролцон ажиллаж байна. Бид СХТГ -аас гадна аймаг, орон нутгийн хэмжил зүйн болоод төр, орон нутгийн өмчит цахилгаан түгээх, ус хангамжийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг.
Хэмжил зүйн салбарын хууль, эрх зүйн орчин хэр хэмжээнд бүрэлдсэн гэж та үздэг вэ. Тухайлбал, шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх, эсвэл бүтээхэд хууль, эрх зүйн орчноос хамаарсан хүндрэл, бэрхшээл тулгардаг уу?
Техник технологийн хөгжил маш хурдтай өрнөсөөр байна. Өнөөдөр шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрлээ гэхэд маргааш нь илүү сайжруулсан хувилбар танилцуулагдах жишээтэй. Бидний хувьд тоолуур хэмжих хэрэгслийг шинээр импортлохдоо СХЗГ-аас загварын баталгааны зөвшөөрөл зайлшгүй авах ёстой. Одоогийн байдлаар манай компани тоолуур, хэмжих хэрэгслийн 30 гаруй загвараа туршилтад оруулж загвар, баталгааны гэрчилгээ авсан. СХЗГ хэмжил зүйн газар хэмжил зүйн үйл ажиллагаа, загварын баталгааны зөвшөөрлийг олон улсын стандартын дагуу зохион байгуулж, хурдан шуурхай олгодог болсонд бид сэтгэл хангалуун байдаг. Манай салбарт мөрдөгддөг Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 онд батлагдаж, холбогдох дүрэм, журмууд нь 2020, 2021 онд батлагдсанаар салбарын хууль, эрх зүйн орчин тааламжтай болсон гэж үздэг.
Компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс та бүхэн ямар алхмууд авч хэрэгжүүлж байгаа вэ?
Манай компани Монгол Улсын хилээр орж ирсэн тоолуур, хэмжих хэрэгслийг засах, тохируулах зэрэг цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хангалттай түвшинд үзүүлж чаддаг. Мөн хүний нөөцийн ур чадварын тухайд ч боломжийн болсон гэж үздэг. Ер нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид багагүй туршлага хуримтлуулсан. Бид өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт ихээхэн ач холбогдол өгдөг ч компани, үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ сурталчилгаанд анхаарал хандуулах тал дээр учир дутагдалтай ажиллаж ирсэн байна. Иймд, сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хэрэглэгчид, зах зээл, нийгэмд хүрч ажиллахын тулд хэмжлийн төрлөөр дагнасан охин компаниудаа байгуулсан. Массын хэмжлийн төрлөөр бүх төрлийн жингийн худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээг эрхлэх “Автожин хэмжүүр” ХХК, дулаан, даралт, зарцуулалтын хэмжлийн төрлөөр “Зөв хэмжил” ХХК, бүх төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хангамжийн “Аганим Түүлс” ХХК-ийг байгуулж, хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойртуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна.
Хэмжил зүйн салбарт бизнес эрхлэхэд тулгарах сорилт бэрхшээлийн тухайд та юу хэлэх вэ?
Хэмжил зүй салбар нь ихээхэн мэдлэг ур чадвар, хөрөнгө, цаг хугацаа шаарддаг салбар. Шинжлэх ухааны нэг салбар учир холбогдох судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Ажилтан сургалтад хамрагдаж туршлага хуримтлуулах хүртэл хугацаа их шаарддаг. Мөн тоолуур, хэмжих хэрэгслийг зайлшгүй эталон тоног төхөөрөмж дээр шалгаж баталгаажуулдаг тул эталон тоног төхөөрөмжийн хангалтад хөрөнгө их шаардлагатай болдог. Ур чадвартай чадварлаг хүний нөөц бүрдүүлж чадсан тохиолдолд тогтвортой ажиллуулахад нийгмийн баталгаа өгөх шаардлага үүснэ. Тийм болохоор эдгээрийг зохих хэмжээнд барих бодлого хэрэгтэй.
Гүйцэтгэх захирлаар 10 гаруй жил ажилласан хүний хувьд та ямар арга барилаар компанийнхаа үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг вэ?
Үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж байх үедээ таван ажилтантай байсан бол өдгөө “Мэйжүрмэнт” компани маань 50 гаруй ажилтантай болж өргөжсөн байна. Тухайн үед миний бие гадаад харилцааны менежерээр ажлын гараагаа эхлүүлсэн ч хоол унд, цэвэрлэгээ, удирдлага гээд бүхнийг хийдэг байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл баримталж ирсэн ганц зарчим бол “итгэл”. Хүмүүст итгэж ажил даалгах хэрэгтэй гэж боддог. Алдаанаасаа суралцах боломжийг ажилтнууддаа олгоё гэсэн бодол маань өдийг хүргэсэн болов уу. Манай хамт олон ч тэр талаас компаниа дүгнэдэг байх. Өнөөг хүртэл бид амаргүй давааг хамтдаа туулсан. Цөөнгүй удаа хүнд хэцүү нөхцөлд орж байсан ч шантрахгүй явж өдий хүрсэн.
2016-2017 онд бид гадаад улс орнуудаар их явж олон судалгаа хийж, үзэсгэлэн, экспод оролцож, цөөнгүй компанитай уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлснээр өнөөдөр 20 гаруй компанийн албан ёсны борлуулагч болсон байна. Эдгээр компани бидэнтэй олон жилийн хугацаанд хамтран ажиллаж, шалгарч үлдсэн хамтын ажиллагаатай байгууллагууд гэж ойлгож болно.
Монгол программ хангамжтай болсноор мэдээллийн хараат бус аюулгүй байдал хангагдах, өөрсдөө хөгжүүлэх, үүсэх алдаа дутагдлыг хурдан арилгах зэрэг олон давуу талтай.
Манай улсын хувьд ус, цахилгааны хэмнэлттэй хэрэглээ тулгамдсан асуудлуудын нэг. Танай компани энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Хэмнэхийн тулд эхлээд хэмжих хэрэгтэй гэсэн зарчмыг бид баримталдаг. Мөн хэмжлээ алдаагүй, зөв байлгахын тулд баталгаатай хэмжих хэрэгслийг стандартын дагуу суурилуулж, цаг тухай бүрд засвар үйлчилгээ хийж, мэдээллийг ухаалаг системээр хянаж иж бүрэн үйлчилгээ үзүүлснээр хэрэглэгчдэд хэмнэлт хийх зөв шийдлийг бүрдүүлж өгдөг. Тухайлбал, сүүлд АПУ ХК -ийн нэгэн үйлдвэр дээр манай цахилгааны тоолуурыг суурилуулснаар тухайн үйлдвэр ажиллаагүй үед эрчим хүчний зарцуулалт гарч буйг илрүүлж, ашиггүй тоног төхөөрөмж ажиллаж байсныг зогсоосон. Ингэснээр тус үйлдвэр цахилгаанаа 20 хүртэлх хувиар хэмнэж чадсан. Тэгэхээр хэмжилтийг ухаалаг болгосноор хэрэглээг хянаж, зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Усны зарцуулалтын ухаалаг тоолуурт хэвийн үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байхад тоолуур гүйвэл системд мэдэгдэж үүсэх эрсдэлээс сэргийлж, усаа хэмнэж чадна. Ингэснээр цэвэр усны нөөцөд бага ч гэсэн үр нөлөө үзүүлэх юм.
Аливаа улс орон хэмжил зүйн салбараа зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. “Мэйжүрмэнт” компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрдэмтэдтэй хамтран ямар санал санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?
Манай байгууллага судалгаа шинжилгээнд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайлбал, их сургуулиудын эрдэмтэн, судлаачтай хамтарч ажиллаж байна. Мөн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийхэд анхаарах, итгэмжлэгдсэн лаборатори бий болгох, хэмжлийн шинэ төрлийг Монголд нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байна. Эдгээр ажлыг хийхэд эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэж үзэж байгаа. Хэмжил зүйн салбарт шалгах аргачлал, түүний стандарт ихээхэн чухал байдаг тул манай компанийн инженерүүд нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын стандартыг орчуулах, батлуулах, хянахад оролцох бүрэн боломжтой.