Хүмүүс хувцаслалтдаа загварын чиг хандлагыг дагахаас илүү ондооших сонирхолтой болж байна. Энэ байдал залуусын хувцаслах хэв маягт илүүтэй ажиглагдаж буй. Тэд энгийн мөртлөө өвөрмөц, өөртөө ямар хувцас зохих, юуг юутай хослуулж өмсөх вэ гэдгээ илүү мэдэрч чаддаг. Тэр ч утгаараа нийтлэг хувцас, хэрэглэлээс татгалзаж, өвөрмөц содон сонголт хийхийг эрмэлзэх болж. Магадгүй залуусын эл хүсэл, сонирхол эрэлхийллийг нөхөхөөр “100” брэнд үүсгэн байгуулагдсан болов уу гэх бодол төрнө. Ингэж хэлэх шалтгаан нь тус брэндийн үүсгэн байгуулагч С.Жаргалмаагийн зураач мэргэжил, зан чанартай холбоотой. Тэрбээр уран бүтээлч хүний онцлогоор байнгын эрэл хайгуул хийж, шинэ соргог, өвөрмөц содон бүхэнд тэмүүлдэг. Ийнхүү эрэлхийлэх явцдаа “Бүх зүйл яагаад адилхан байх ёстой юм бэ? Өөр байж болно шүү дээ” гэх бодлоос улбаатай цааш хөвөрсөөр өнөөдрийн “100” брэндийн бүтээгдэхүүнүүдийн онцлогоо биежүүлжээ.
“100” брэндийн “уран бүтээл” тодотголтой бүтээгдэхүүнүүд нь тун өвөрмөц арга барилаар бүтдэг. Зураач хүн уран бүтээлээ зөвхөн цаасан дээр буулгах албагүй. Таны өдөр тутам өмсөх хувцас дээр ч зурж болохыг С.Жаргалмаа харуулсан юм. Тэрбээр тансаг, биед эвтэйхэн цор ганц хувцсыг хэрэглэгчдэдээ урлаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, улмаар түүнийгээ бодит болгож чаддаг. Дотоодын зах зээлд цор ганц гэх тодотгол нь “100” брэндийн торгон цамц, дээл, өмд зэрэг бүтээгдэхүүн дээр түүний өөрийн гараар зурах гар зураг юм. Тухайн хэрэглэгчийн хүссэн захиалга, биеийн хэмжээнээс шалтгаалан гар зураг бүрийн зохиомж өөр өөр байх нь цор ганцын бататгал аж. Тийм ч учраас анхаарлаа дээд цэгт төвлөрүүлж, сэтгэл энергиэ шингээж, тааламжтай эерэг орчинд бүтээгдэхүүнүүдээ бүтээдэг. Өөрөөр хэлбэл, таны өмсөх хувцсыг “бясалгаж” бүтээдэг хэмээн тэрбээр онцолсон юм. Брэндийн нэрний 100 гэх тоо нь нэг бүтээгдэхүүнийг масс үйлдвэрлэлээр бус зөвхөн 100 ширхэгийг л үйлдвэрлэж, зорилтод зах зээлд нийлүүлэх утгыг илэрхийлдэг. Энэ ч үүднээс хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж үйлчилдэг ажээ.
Үндэсний хувцасны бүтээлч үйлдвэрлэл
“100” брэнд үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд оролцохдоо хүмүүс, тэр дундаа, залуусыг үндэсний дээл хувцсаа өдөр тутамдаа өмсөх хүсэлтэй ч олон давтагдаагүй өвөрмөц, биед тухтай хийцийг хайж буйг анзаарчээ. Энэхүү эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж өмссөн ч өмсөөгүй мэт тухтай дээл урлах вэ хэмээн жил гаруйн хугацаанд судалсан байна. Ингээд хөнгөн бөгөөд эвтэйхэн байлгах үүднээс материалаа давхар наалтгүй эсгэн оёж, силки, хүр хорхойн торгон даавуун дээр гараар зурсан зурагтай шинэ бүтээлээ гаргажээ. Өдгөө “100” брэнд үндэсний хувцсаа уламжлалт хэв маягаас гадна биед эвтэйхэн, загварлаг, цор ганц хэв шинжтэйгээр урлаж соёлын бүтээлч үйлдвэрлэл өрнүүлж байна. Хүр хорхойн торго нь угааж, норгож болохгүй материал тул усан чанартай будгаар материалаа мэдэрч зурдаг онцлогтой. Дотоодын хувцас үйлдвэрлэлийн зах зээлд силкин дээр гараар зурсан цөөн бүтээгдэхүүн бий. Харин тус брэнд нь бүтээгдэхүүн бүр дээрээ тусгайлан зохиомжилж зурдгаас гадна хүр хорхойн торгоны хээн дээр гараар зурах технологийг нэвтрүүлсэн анхны үйлдвэрлэгч. Үүнд, уран зураг, монгол зураг, зураасан зураг, контемпорари зэрэг урлагийн олон чиг хандлагыг шингээж, холимог техник ашигладгаараа онцлог юм. Брэндийн хамт олон гадаадын хэд хэдэн үзэсгэлэнд оролцохдоо бүтээгдэхүүн дээрээ хэрхэн зурдгаа газар дээр нь зурж толилуулахад тун амжилттай маркетинг болж олон хэрэглэгчийг татаж чаджээ.
“100” брэндийн хамгийн их худалдан авалттай бүтээгдэхүүнүүдийн тоонд деталь бүрийг гараар зурсан дээл, монгол цамцнаас гадна зүү ороох хатгамалтай нударган дээл зэрэг багтана. Эднийхийг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдээс “Танай хувцсыг өмсөөд өөрийгөө үнэхээр ганган, дэгжин байдлаар мэдэрлээ. Биед сайхан зохихоос гадна тун эвтэйхэн юм” гэх зэргээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн сэтгэгдэл цөөнгүй ирдэг байна. Тухайн захиалагчийн сонголт, биеийн хэмжээнээс хамаарч, торгон дээлэн дээр өөр өөр байдлаар зохиомжлон зурдагт үүний учиг бий.
“100” брэндийн нандигнан урладаг гол бүтээгдэхүүн бол мэдээж дээл. Зах зээлд европ хувцас чанартайгаас чанаргүй хүртэл төрөл бүрээрээ бий. Харин монголчуудын өв соёл болох дээлийг урлахад эсгэх, шилбэ, товч зангидах зэргээр нарийн ур их шаарддаг. Иймд, өөрсдийн ялгарах онцлогийг шингээж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэнгээ үндсэрхэг сэтгэлгээгээ давхар тээе хэмээн бодсоны үндсэн дээр үндэсний хувцас үйлдвэрлэлийн салбарт хөл тавьснаа тус брэндийн үүсгэн байгуулагч С.Жаргалмаа ярьсан юм.
Зураачаас үйлдвэрлэгч
С.Жаргалмаагийн эзэмшсэн зураач мэргэжлийн онцлог нь аливааг бүтэн дүр зургаар харах, нарийвчлах, юмсын хэмжээ болоод хэмнэлийг зохиомжилж харах ур чадвартай нягт холбогддог учраас хөрвөх чадвар сайтайд тооцогддог. “100” брэндээ үүсгэн байгуулахаас өмнө тэрбээр стилистээр ажиллаж байв. Тухтай орчинд байнгын нэг ажлаа хийх нь түүний хувьд өрнөлгүй санагдах болсон тул ажлаасаа гарч гэртээ хэсэг амарсны эцэст өөрийн дуртай зүйлээ хийхээр шийдэж, яаралгүйхэн бодож тунгааж эхэлжээ. Багаасаа л нийгэмд тустай ажил хийхийг хүсдэг байсан ч тэр нь чухам яг юу байх вэ гэдгээ тодорхойлж чадахгүй хайсаар ирсэн нь ч энэ цаг үетэй давхцаж таарсан аж. Ингээд удаан бодсоны хүчинд өөрийн зорилгыг ойлгож, зөвхөн тухайн хүнд зориулсан цор ганц хувцас урлах нь түүнийг аз жаргалтай болгодог тул өөрийн гэсэн хувцасны брэндтэй болохоор сэтгэл шулууджээ. Анхны урласан хувцас нь хүмүүсийн байнгын хэрэглээ болсон малгайтай цамц байв. Цамцны загвар, онцлогоо боловсруулахдаа “100” брэндийн “цор ганц, тансаг” бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилготой нягт уялдуулсан байна.
С.Жаргалмаа эхний ээлжинд ашиг харахгүйгээр цөөн ширхэг малгайтай цамц хийж ойрын хүрээнийхэндээ борлуулсан нь тун амжилттай болж яваандаа захиалгын тоо нэмэгдэх болсон юм. Бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд таалагдах болсон ч эргэн тойрны хүмүүсээс бусад хүн түүний юу хийж буйг мэдэхгүй хэвээр байсан тул брэндээ таниулах ажлыг эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд, өөрийн гэсэн байнгын хэрэглэгчидтэй болсон “100” брэнд тогтмол үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ бий болгох хүртлээ олон бүтэлгүйтэлтэй нүүр тулж, алдаж онон туршлагажсан юм.
Зураач мэргэжлээс бизнесийн орчинд хөл тавьж үйлдвэрлэгч болсон С.Жаргалмаагийн хувьд тэнхлэгээ 360 хэм өөрчлөх шаардлагатай тулгарч, өөрийн дуртай ажлаа элдэв саад бэрхшээлийг үл хайхран хийсээр өнөөдрийг хүрчээ. “Зорилго, мөрөөдөл хоёрын алийг ч орхигдуулж болохгүй. Харин эдгээрийг тэнцвэртэй авч явах нь хамгийн чухал. Айдас гэдэг хүнийг хязгаарлаж, гараа хумхин суухад хүргэдэг. Тэр дундаа, бизнес эрхэлж буй хүн “Өрөнд орчихвол яана аа”, “Дампуурвал яах вэ?”, “Хийж буй ажлыг маань хүмүүс элдвээр гоочилж, шүүмжилбэл хэрхэх вэ?” гэсэн зовнилд автах нь бий. Миний хувьд, айдсаа даван туулж, хүмүүсийн шүүмжлэлийг тоохгүй орхиж, “Зөвхөн хийгээд бай” гэх кодыг өөртөө өгч ажилласан” хэмээн тэрбээр ярьж байна.
500 мянган төгрөгөөр эхлүүлсэн түүний бизнес өнөөдөр брэнд гэх тодотголтой, дурлаж худалдан авах байнгын хэрэглэгчидтэй болж амжилттай өргөжсөөр байна. Бүтээгдэхүүнээ улам сайжруулж хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хамгийн чухал. Үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө оруулалтаа хаанаас ямар хэлбэрээр авах вэ гэдгээ нарийн судалж, бодолтой сонгодог түүний хувьд саяхан шаардлагатай хөрөнгө оруулалтаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас амжилттай авч бүтээгдэхүүнээ илүү сайжруулахаар төвлөрөн ажиллаж байна.
“100” брэндийн бүтээгдэхүүн тус бүр 1-100 ширхэг үйлдвэрлэгдэж, лимитэд (limited) байдлаар буюу зорилтод зах зээлд, тодорхой тоогоор хүрдэг. Мөн бүтээгдэхүүн нь зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй гадаадад ч эрэлттэй байдгийг онцолж байв. Барууныхан Азийн соёлыг сонирхож, хувцаслах донж маягт дурлах нь бий тул “100” брэндийн гар зурагтай бүтээгдэхүүнүүдэд асар их татагддаг аж. Тэд гадаад орчинд ингэж амжилттай танигдах болсон нь Монгол Улсаас хилийн чанадад зохион байгуулагдаж буй томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдогийн үр шим юм. Үүний зэрэгцээ гадаад дахь монголчууд ч өөрийн соёлыг тухай орондоо таниулж түгээх үүднээс “100” брэндтэй холбогдож, бүтээгдэхүүнүүдээс худалдан авч цааш борлуулах нь бий.
Тус брэндийн үүсгэн байгуулагч С.Жаргалмаа “Аливааг хийе, бүтээе гэж зорьж буй хүмүүс өөр хоорондоо холбогдож, биесээ олж чаддаг” хэмээн хэлсэн нь түүний өнөөдрийн амжилтын хөтөч болсон гэлтэй.
Амжилт хүсье олон олон бүтээл урлаж дэлхийн брэнд бүтээгдэхүүн болоорой