“Санхүү өгнө, авна” төслийн эхний үе шат болох гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай бодитоор өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №5.
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл бодол бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү.
***
Нямка яаж тийм богино хугацаанд, яаж тийм их мөнгө босгосныг би одоо болтол гайхдаг. Тэрээр гэр бүлийнхээ дампуурсан компанийг дахин сэргээж, “ГУРВАН ҮСЭГТЭЙ” нэр өгөн хоёр жил хүрэхгүй хугацаанд гадаад, дотоодын нөлөө бүхий хүмүүсээс хоёр тэрбум гаруй төгрөгийг private equity болон зээлийн хэлбэрээр татан төвлөрүүлжээ. Энэ чадвар мөн шүү. Энэ талаар тэрбээр “Нэг нь нөгөөхөө дагуулаад ороод ирдэг” гэж байснаас өөр дорвитой юм ярьж байгаагүй, тэр үед би ч гэж би, гайхахаас асууж мэдэхгүй пацаан байж. Гэхдээ үүнийг мэдэж болохоос сурч болохгүй. Мөнгө босгох аргыг сурч болохгүй гэдэг нь юугсэн үг вээ?
Мань нь лааз өшиглөж яваад нэг консалтингийн компанид төслийн шинжээчээр ажилд орчихов. Энэ нь зургаан охин компанитай группийн нэг охин компани байлаа. Төд удалгүй тэд намайг тус компанийн ерөнхий менежерээр томилж, дахиад тун удалгүй өөр нэг компанийн гүйцэтгэх захирлаар томилоодохлоо. Шинээр томилогдсон компани маань эрүүл мэндийн чиглэлийн компани байсан тул группээс нилээн хол байрладаг. Тиймээс гурван хүнээс бүрдсэн баг тэрүүхэн тэндээ эрх чөлөөг мандуулдаг байлаа. Гэхдээ ажлаа бол сайн хийдэг байсан.
Гадна дотнын хөрөнгө оруулагчид цуглаж, группийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хоёр өдөр үргэлжлэв. Хаа газрын том тайлангийн хурлууд нэлээн ядраадгийг та нар юу эс андах. Эхний өдөр хариуцсан компанийнхаа тайланг тавьж дуусгасан би маргааш нь нэлээн ядарсан тул ганц нэг гарын үсэг, нөгөө хоёртойгоо хувь хувьсгалын ажлаа албан болон маазрааны хэлбэр хослуулан тарах цагаа хяламхийн сууж байхад, утас дуугарч байна..
- Чамайг захирлууд дууджийнэ.
- Хүүе ээ, би тайлан нтр-ээ тавьцийшдээ, надаар яах гээд байгаан?
- Мэдкү ээ. Ир гэж байна.
Төвөөс дуудсан тул явлаа. Аая. “Төврүү дуудах” гэхээр соц үеийн кино шиг сүртэй сонсогджийнуу? Амьдрал дээр тийм сүртэй биш байсан шүү. Уг нь найзуудтайгаа ганц нэг пиво уух төлөвлөгөөтэй байсан би дуртай дургүй л очсийн. Яваад очтол ТУЗ-ын гишүүн гэх долоон хүн намайг хүлээсэн шинжтэй жаахан албан бус суужийнэ. Ширээнд суугаад ойр зуур мэнд мэдэж байтал нарийн бичиг охин кофе авчирч өгөв. Түүнтэй нүдээрээ мэндлэн байтал Нямка хурлын шийдвэрүүдийнхээ талаар товч мэдээлэл өгөнгөө “… Түүнээс гадна бид бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Би ТУЗ-ийн дарга болж, чамайг группийн гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэлээ” гэв. Би залгиж байсан кофегоо золтой л тургичихсангүй. Уг нь мань чинь одоо ч хөөрүүн, хөгжүүн, давилуун хүн шүү дээ. Тэр үед одоо юу болоод учиргүй буурь суурьтай зан гаргацийн. Татгалзаж энтр… Тэгсэн тэр дунд байсан нэг монгол бөхийн аварга аягүй эршүүд хоолойгоор “Ажилласан компаниуд чинь дажгүй байна. Одоо наад мэдэж чаддаг юмнуудаа бусад компанидаа нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэж хүсэх, шаардах, санал болгох, тулгахын алийг нь ч ялгахын аргагүйгээр хэлэв. Ингээд хэсэг хэлэлцсэний эцэст маниус дундаа хийж, мань чинь “Группийн гүйцэтгэх захирлын орлогч” болоодохлоо. Энэ бүхэн намайг лааз өшиглөж явснаас хойш хагас жил хүрэхгүй хугацаанд өрнөсөн билээ.
Маргааш нь шинэ ажлаа авахаар төв дээр очлоо. Ажиллаж байсан компани маань хол байрладаг байсан тул би энд таних хүн бага, хаа байх учраа ч олсонгүй. Нямкагийн өрөөний үүдэнд нөгөө нарийн бичиг охинтой харц шидэлцэн сууж байтал Нямка гарч ирэн “Өрөөндөө орооч” гэв. Юун өрөө!!!! гээд гайхаж дөнгөж дуусаагүй байтал тэрбээр намайг өрөөндөө дагуулж орон хамаг тамга тэмдэг хүлээн авсан актан дээр гарын үсэг зуруулан “Би Синга явлаа” гээд гараад явчхав. Ингээд л би хотын төвд ойр орших шилэн оффист лаг том өрөөтэй, үүдэндээ лаг хөөрхөн нарийн бичигтэй, уулзалтын өрөөтэй, “орлогч” нэртэй “жинкэн” гүйцэтгэх захирал болоод явчихлаа. Муу пацаан өөрөөрөө ч бахархан цонхоор харцан ч зогсжаах шиг.
Үнэндээ ажлаа юунаас эхлэхээ мэдэхгүй сууж байтал нарийн бичиг “Захирал аа, тантай хүн уулзъя” гэнээ гэв. Светагаар нэрээрээ биш, “Захирал аа” гэж дуудуулах тун онцгүй байлаа. Одоо яаая гэхэв. Гэтэл нэг залуу орж ирээд, “Би танай вэб сайтыг хийсэн. Үлдэгдэл төлбөрөө аваагүй байгаа” гэв. Дөнгөж ажлаа авснаа хэлээд, асуудлыг нь судлаад боломжит хугацаанд хурдан хариу өгөхөө илэрхийлэн уулзалт өндөрлөв. Тэр үед л “Өө, би чинь ажлаа нээрээ санхүүгээс эхлэх ёстой юм байна” гэж ойлгосон юм. Тэгээд Санхүүгийн албаны захирал эгчийг дуудуулав. Тэрбээр надад группийн дансанд 300 мянган төгрөг байгаагийн дээр яаралтай төлөх ёстой 500 сая, ер нь нийт хоёр тэрбум төгрөгний өр байгаа, цалин бас нэг удаа хоцроочихсон байгаа тухай хэлэв. Тиймээ, та нар энэ тоонуудыг зөв сонссон. Арав орчим жилийн өмнөх явдал болохоор би зарим үйл явдлыг санаж ядан бичиж байна. Харин энэ тоонуудыг хэзээ ч мартахгүй.
Урьд нь хэзээ ч сонсож байгаагүй их өр төлбөр, танихгүй хүмүүс, зарим үйл ажиллагааг нь огт ойлгохгүй бүхэн надад өмнө нь хэзээ ч авч байгаагүй том сорилт байлаа. Тун удахгүй гадаадын хөрөнгө оруулагчаас 130 000 ам.доллар орж ирнэ гэсэн мэдээ надад тэр үеийн цорын ганц итгэл найдвар байлаа. Гэвч жинхэнэ сорилт миний төсөөлснөөс тэс өөр байсан юм. Одоо тоочъё.
Нэг: Соёл. Юуны өмнө охин компаниудын гүйцэтгэх захирлуудыг цуглуулж, ажил байдалтай нь танилцан менежментийн багийг байгуулав. Тэдэнд үйл ажиллагаагаа сайжруулах талаар төлөвлөгөө боловсруулах 14 хоногийн хугацаат үүрэг өгөв. Харамсалтай нь ахиц гарсангүй. Нэг дороо суудаг тэд бие биеэ надаас ч муу ойлголцож байгаагийн дээр хийе гэсэн сэтгэлтэй амьтан ч ховор байв. Ер нь компани даяараа л тийм байсан. Мань өөрөө тийм хүн амьтан уриалан дуудах гэх мэтдээ муугийн дээр цалин нь хоцорсон байсан тул шаардлага тавихад ч хүнд байлаа. Нэмээд хэлэхэд өөрийгөө миний оронд томилогдох ёстой байсан гэж үзэх хүмүүс ч санаагаа ил далд илэрхийлцгээж, эхнээсээ өргөдлөө ч өгцгөөж байна. Ингээд их цомхтголын ажлыг эхлүүлж, нийт ажилтнуудын талаас илүүг нь “явуулж”, оффисын хоёр давхрыг дүүргэсэн “том” группийг ганц давхарт чихээд авлаа.
Соёлын хувьд нэгэнт идэвхигүй болсон, дээрээс нь мөнгөгүй болсон компанийг сэргээх хүнд юм билээ. Хэсэг залуусыг цуглуулан “ГУРВАН ҮСЭГ update” гэж хөтөлбөр эхлүүлээд ч амжилтыг олсонгүй. Нөгөөдүүл нь ч удалгүй гарчихсан санагдаж байна. Гарын хүмүүс ч олоход хүнд байлаа. Өмнөх нийтлэлд дурдагдсан амжилттай компани ажилтнуудынхаа соёлыг сайжруулах түмэн ажил санаачилж хийдэг байж билээ. Цагийн гарз гээд тэрэнд нь дургүй байсныг минь яана. Гэвч тэр чинь ёстой хэрэгтэй байсан юм билээ. Тэр компанийн хүний нөөцийн албаныхнаас ажлыг нь үгүйсгэж байсандаа одоо ч уучлалт хүсмээр санагддаг.
Хоёр: Засаглал. ТУЗ үнэхээр ойлгомжгүйн дээр бүтцийнхээ талаар гишүүд өөр өөр ойлголттой байв. Компанийн хүндэрсэн нөхцөлийг надаас ч илүү мэдэж байгаагийн хувьд өгснөө л аваад гарцгаах сонирхолтой байсныг би сүүлд л ойлгосон юм. Гол шийдвэрийг гаргаж, миний хөдлөх эсэхийг шийддэг байсан хүмүүсийн хувьд тэдгээрийн учрыг олох шаардлага гарав. Ингээд Монголдоо л компанийн засаглалаар №1, нийгэм эдийн засагт нэр хүндтэй хүнийг оффис дээрээ урьж, хичээл заалгав. Харамсалтай нь ТУЗ-ийн долоон гишүүнээс ердөө гурав нь ирсэн тул хэн хэнийхээ хувьд цагийн гарз болж, би ч түүний өмнө эвгүй байдалд ороод дууссан юм.
ТУЗ-ийн гишүүд асуудалд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг өмнөө тавьж, өөр өөр байр суурьтай хандах байдал нь тэднийг нэгдсэн ойлголтод хүрэхэд хүндрэл учруулж байлаа. Тэгэхээр нь би яасан гээч. Яаж ч чадаагүй. Тэр чигтээ дууссан юм.
Гурав: Стратеги. Охин компаниудын үйл ажиллагаа сайжрахгүй, тэдгээс эерэг үр дүн хүлээх нь дэндүү гэнэн хэрэг гэдэг нь тодорхой болов. Тиймээс бизнес моделийг өөр дээрээ хийх ёстой гэж шийдэн амины орон сууцны нэг төслийг санаачлаадахлаа. Өмнө нь энэ төрлийн хэдэн төсөл дээр дажгүй ажилласан туршлагадаа найдсан хэрэг. Явсаар эвтэйхэн нөхцөлтэй газартай болов. Одоо зурагтай л болчихвол худалдаанд гаргаж, яаралтай төлөх зарим өр төлбөрийг бартераар барагдуулах гэх мэт ажлууд хүлээгдэж байв. Шаардлагагүй ч гэсэн шаардлагатай юм шиг санагдаад, төсөл, түүний явцын талаар ТУЗ-ийн гишүүдэд мэдэгдэн дэмжлэг авлаа. Тэд төсөл, төлөвлөгөө, нөхцөл зэргийг сайшааж, газрын эзнийг байлцуулан төслийн тухай, хамтын ажиллагааны тухай нэлээн өргөн дэлгэр уулзалт хийв. Хурал ч давгүй болоодохтой зэрэгцэн зургийн компанид захиалга өгөх ажил зэрэгцэв. Хэд хоногийн дараа ТУЗ-ийн гишүүдээс нэг нь залгаж, газрын хэлцэл цуцлагдсаныг надад дуулгав. Гэнэтийн мэдээ намайг нэлээн сэтгэлээр унагаж билээ. Гэхдээ би одоог хүртэл тэд тэр газрыг эд бад хийсэн гэж харддаг.
Менежментийн багаар дамжуулан охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг мотивацижуулах, санаачилсан шинэ төслүүд гэх мэт бүгд нуран унаж, нөгөө яриад байсан 130 000 ам.долларын ч сураг тасрав. Өөрийнхөө оронд томилсон охин компанийн захирал ч цалингаа авснаас өөр бодит ажил хийсэнгүй. Хүмүүсийг буруутгах аргагүй. Энэ удаагийн сорилтод би пять нойлдуулсан юм. Хэдэн сар цалингүй ажилласан тул гэрийнхэн маань ч шүүмжлэлтэй хандаж эхлэв. Юунд ч хүрэх гээд “Босгоноо” гээд хатуу зорилго тавьчихсан байсын бүү мэд. Тэрнээсээ болоод уур амьсгал ч бас тиймэрхүү. Тогоо таслуулсан оффисын харанхуй өрөөнд эморч суухад минь Света л надад хань болдог байлаа. Яаж ч муудсан намайг кофе, тамхиар таслаагүй юм. Хааяа зайрмаг ч авч өгдөг байлаа. Түүний авч өгдөг байсан энгийн нэг зайрмагууд, өнөөг хүртэл надад хамгийн амттай санагддаг.
Төгсгөл: Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас хоёр тэрбум гаруй төгрөг босгосон бизнес ийнхүү хоёр тэрбум төгрөгний өртэйгөөр үүдээ барьсан юм. Энд би урьд нь зөвхөн онолын хувьд мэддэг байсан стратегийн хомстол, засаглалын хямрал, соёлын хомстол гэдгийг биеэрээ туулсан. Бүх зүйлд ялагдсан ч их юм сурсан гурван сар байлаа. Тиймдээ ч “Бизнес хөгжүүлэлтийн чадамжийн үнэлгээ”-ндээ засаглал, соёл, стратегийн асуудлыг чухалчилж оруулсан байдаг. Зарим нь энэ хэсгийг ойшоодоггүй. Харин би чухал гэдгийг нь мэднэ. Та нар зөрж л бай. Би та нарт “Дампуурсан бизнес эхлээд стратегийн хямралд, дараа нь бүтцийн, тэгээд санхүүгийн хямралд ороод, эдгээрийгээ ойлгохгүй явсаар дампуурдаг” гэж байнга хэлдэг. Та нар хэсэг хугацааны дараа мэдэрнэ.
Гоё цаас бариад мөнгө босгох хялбар. Харин түүний хариуцлагыг хүлээх хэцүү. Хэрвээ бизнесийг цэцэг тарихтай зүйрлэвэл төсөл бол үр, дэлгэрч буй цэцэг навч нь ашиг, харин хөрөнгө оруулалт бол зүгээр л ус юм. Хамгийн чухал зүйл нь бол хөрс. Сайн хөрс ямар ч үрийг услалгүйгээр ургуулж чадна. Хөрөнгө оруулалт татахдаа хөрсөө л сайн бэлдэхгүй бол тэр бүхэн элсэнд ус шингээх мэт алга болох болно.
Нямка гоё үг ярьж, олон тэрбум төгрөг босгосон хэдий ч хөрсөө бэлдээгүй юм. Нэг төсөл санаачилж, мөнгөө босгонгуутаа нэг нөхрийг захирал гээд л томилчихдог байсан. Нямка ч гэж Нямка, нөгөөх нь ч гэж нөгөөх нь, би ч гэж би… Компанид стратеги байтугай, тодорхой зорилго ч байсангүй. Ажил хийх, үр ашиг бий болгох тодорхой процесс төлөвшөөгүйн дээр соёл гэдэг зүйл компани даяараа, ядаж ТУЗ-д нь ч байсангүй. Энэ бүхэн хөрөнгө оруулагчдыг компанид эргэлзэх суурь хүчин зүйл ба тэдгээр нь бодит амьдрал дээр илэрч, эцэст нь компанид байгаа хөрөнгийг хэрхэн хуваан авах вэ гэдэг дээр төвлөрцгөөв. Юун хөгжил… Эдгээр нь л “ГУРВАН ҮСЭГ” компанийг дампуурахад хүргэсэн юм.
Хөрөнгө оруулалт бол хайж олдог зүйл биш. Ажлаа сайн хийвэл өөрсдөө ирдэг зүйл. Үүнийг баталж саяхан өөртөө ирсэн нэгэн мессежийг хүргэе. Зах зээл, түүн дээр амжилттай ажиллах, үүсгэн байгуулагчдын хоорондын ойлголцол, компанид органикаар бий болдог соёл зэрэг бол үр ашиг, санхүүжилтын боломжийг бий болгодог суурь хүчин зүйл. Одоо өөрсдөөсөө асуу. Танай компани хөрөнгө оруулалтад бэлэн үү? Түүний хариуцлагыг бүрэн хүлээхэд шаардлагатай хөрс танайд бий юу? Энэ асуултад хариулахаа хэзээ ч битгий мартаарай.
Нямка тэгээд яасан?
– Юун хэрэгт дуртаййййн
Нөгөө Света таоёр яасан?
– Яагаачгүй, яав л гэж…
PS: Энд өгүүлсэн зарим үйл явдлуудыг товчлох зорилгоор жаахан жаахан зөрүүлсэн шүү. Гэхдээ үндсэн утга нь бол алдагдаагүй ээ.