Нөхөн сэргээгч газар тариалан дэлхий даяар эрчимтэй хөгжиж эхэлж байна. Ийм газар тариалан нь фермерүүдэд маш олон тооны ач тустай, орчин цагийн олон сорилтыг даван туулахад нь тусалдаг юм.
Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал
Үргэлж өөрчлөгдөж байдаг байгалийн системүүдийн нөлөөнд газар тариалан оршиж байдаг. Агаарын хэмийн өөрчлөлт, усны нөөц нь үр тарианы болон мал аж ахуйн бүтээгдэхүүний гарцад сөргөөр нөлөөлж, энэ нь фермерүүдийн эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж байна. Үүний дам нөлөө нь хүнсний гинжин хэлхээний үе шат бүрд мэдрэгддэг.
Үер, ган зэрэг байгалийн аюултай үзэгдэл нь Өмнөд Европын фермерүүдэд эдийн засгийн ноцтой хохирол учруулдаг. Мөн ургацын сул гарц, өндөр зардал нь бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, чанарт хүчтэй нөлөө үзүүлж байна. 2050 он гэхэд улаан буудай, эрдэнэ шиш, нишингийн гарц одоогийн түвшнээс 50 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.
Тиймээс ийм таагүй нөхцөлийг давж гарахад нь фермерүүдийг бэлтгэх хэрэгтэй. Үүнд туслах гол шийдэл бол нөхөн сэргээгч хөдөө аж ахуй юм.
Нөхөн сэргээгч хөдөө аж ахуй гэж юу вэ
Энэ бол фермийн экосистемийг сэргээх, сайжруулахад чиглэсэн хөдөө аж ахуйн шинэ чиглэл юм. Уг чиглэл нь хөрсний чанарт хамгийн их анхаарал хандуулдаг бөгөөд агаар мандлаас нүүрстөрөгчийг ялгах, фермийн биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, усны менежментийг сайжруулах зорилготой. Хөдөө аж ахуйн салбарт ашиглаж буй нөөцийг цөлмөх бус харин сайжруулахад чиглэдэг учраас органик хөдөө аж ахуйгаас илүү ач холбогдолтой гэж үздэг. Мөн газар тариаланд ашиглаж буй газрыг илүү эрүүл, олон төрлийн, өндөр гарцтай болгоход чиглэдэг байна.
Онцолж дурдахад, нөхөн сэргээгч газар тариалан нь орон нутаг тус бүрийн нөхцөл байдлаас маш их хамаардаг. Бүхий л фермд тохирох шийдэл гэж байхгүй бөгөөд ферм тус бүрийн онцгой, содон нөхцөлөөс хамаарна. Харин менежментийн арга барилтай холбоотой үндсэн зарчим, практикууд бол бий.
Практик түвшинд авч үзвэл хөрсийг аль болох бага боловсруулах, ургацыг бүтээх, малыг хуваарийн дагуу бэлчээх, ургамал сэлгэж тарих, синтетик бордоо бага, эсвэл үл ашиглах, органик бодис ашиглах гэх мэт аргууд орно. Эдгээр практикийг нөхөн сэргээгч газар тариалангийн дараах таван зарчим удирддаг.
Хөрсийг сэндийчихгүй байх | Хөрсийг бүтээх | Олон төрлийн ургамал тарих | Амьд үндсийг хөрсөнд хадгалах | Мал аж ахуйг хамрах |
Шим тэжээлийг эргэлтэд оруулах мөчлөг, нүүрстөрөгчийг хадгалах гэх мэт экосистемийн хэд хэдэн үйлдлийг гүйцэтгэдэг бичил биетүүдийн цогц сүлжээ хөрсөнд байдаг. Ийм орчныг хөрс боловсруулах, газар хагалах гэх мэтээр түйвээж болохгүй. | Хэт халуун, хүйтэн, бороо зэргээс шалтгаалж нүцгэн хөрс элэгдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс ургамал тарих, органик үлдэгдлээр бүрхэх замаар хөрсийг хамгаалах хэрэгтэй. | Олон төрлийн ургамал нь хөрсийг баяжуулдаг. Нэг ижил системд олон янзын ургамал тарьснаар фермерүүд хөрсөө тэнцвэртэй шим тэжээл бүхий орчинтой болгоно. | Хөрсөнд байгаа амьд үндэс нь хөрсний биологийн олон янз байдал, үржил шим, усны чанарыг сайжруулдаг. Олон наст ургамал тариалах нь хөрсийг жилийн турш амьд үндэстэй байлгах хамгийн энгийн арга мөн. | Хуваарийн дагуу бэлчээрлүүлэх замаар мал сүрэг, ургацыг нэг системд нэгтгэснээр фермерүүд хөрсний үржил шимийг сайжруулахаас гадна синтетик орц ашиглах шаардлага нь буурна. |
Эл арга барилыг ашиглах нь уламжлалт хөдөө аж ахуй руу буцаж буй хэрэг гэж зарим хүн үзэж магадгүй. Гэхдээ энэ нь фермерүүдийн хувьд үнэндээ хамгийн шинэлэг боломж юм.
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахтай холбоотой сүүлийн үеийн хүчин чармайлтууд болон агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээх хөрсний чадвар зэргээс шалтгаалж нөхөн сэргээгч газар тариалан эрхэлдэг фермерүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцсэнийхээ төлөө шинэ орлого олох боломжтой.
Экологийн үр ашиг
Хөрсийг эрүүл болгох нь газарт маш олон эерэг үр нөлөө үзүүлдэг. Нөхөн сэргээлтийн менежмент нь хөрсний биологийн олон янз байдал, органик бодисыг нэмэгдүүлэхээс гадна хөрсний элэгдэл, доройтлыг бууруулдаг юм. Жишээлбэл, органик бодисын хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд га тус бүрд 30 мянган литр хүртэлх усыг хадгалах боломжтой болдгийг нэгэн судалгаа тогтоосон.
Түүнчлэн, сийрэгшил сайтай эрүүл хөрс нь цаг агаарын гамшигт нөхцөлийн нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, их хэмжээний усыг шингээх, хадгалах замаар ийм хөрс нь тариалангийн талбай үерлэхээс сэргийлдэг. Мөн сийрэг хөрсөнд ургамал гүн ургах, гантай үед ус хадгалах нөхцөл бүрддэг.
Санхүүгийн үр ашиг
Экологийн ач холбогдлоос гадна нөхөн сэргээгч газар тариалан нь бизнесүүдэд олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Фермийн бусад төрөлтэй харьцуулахад нөхөн сэргээгч газар тариалан нь зургаан жилийн дараа 60 хувиар илүү ашигтай байдаг гэдгийг BCG-ийн судалгаа харуулсан. Энэ нь нэмэлт зардал бага, ургамлаа илүү сайн хамгаалдаг, байгалийн капиталыг нэмэгдүүлсэн, бүтээгдэхүүний ашгийн маржин өндөр байдгийн үр дүн юм.
Мөн Carbon+ Program нь Carbon+ Credits хөтөлбөрөөр дамжуулж нэмэлт орлого олох боломжийг фермерүүдэд өгдөг.
Нийгмийн үр ашиг
Хувь хүнд нөхөн сэргээгч газар тариалангийн өгдөг үнэ цэнийг дутуу үнэлж болохгүй. Орон нутгийнхаа нэг хэсэг байх, эрүүл оршихуй сайжрах зэрэг нь нөхөн сэргээгч газар тариалан руу шилжихэд нь голлон нөлөөлсөн гэж фермерүүд онцолдог.
Зөвхөн хувь хүнээс гадна нийгэмд ч ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Эрүүл экосистемийн ачаар агаар цэвэршиж, нүүрстөрөгчийг агаар мандлаас ялгаж, цэвэр усаар хангагдаж, ургацын гарц нэмэгддэг.
Сорилтууд
Нөхөн сэргээгч газар тариалан нь тэр чигтээ тухайн газар нутаг, фермийн нөхцөл байдлаас хамаардаг. Тийм ч учраас өөрчлөлт хийхийг хүсэж буй фермерүүд нь шинэ зүйл хэрэгжүүлэхтэй холбоотой олон саад бэрхшээлтэй тулгардгаас гадна өөрийнх нь газар дээр амжилттай хэрэгжих эсэхэд эргэлздэг. Мөн нөхөн сэргээгч газар тариалан нь харьцангуй ашигтай боловч эхлэлийн хөрөнгө оруулалт их зэрэг санхүүгийн саад байдаг юм.
Дүгнэлт
Фермерүүд маш сайн дасан зохицдог. Нөхөн сэргээгч газар тариалан руу шилжихэд шинэ, танил бус аргаар дасан зохицох шаардлага үүсэх ч үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм. Мэдээж сорилтууд бий. Гэхдээ нөхөн сэргээгч газар тариалан руу яг одоо шилжилт хийснээр та ирээдүйд бусдаас давуу талтай болж чадна.
Эх сурвалж: www.climatefarmers.org