Одоогоос гурван жилийн өмнө цаг бүртгэлийн ухаалаг платформ Timely.mn дотоодын зах зээлд хүний нөөцийн салбарт тулгамддаг асуудлыг шийдэж, цахиур хагалан гарч ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр уг платформыг улсын хэмжээнд 800 гаруй байгууллагын 40 мянга гаруй ажилтан өдөр тутмын цаг бүртгэлдээ идэвхтэй ашиглаж байна. Гар утсанд суурилсан энэхүү ухаалаг платформ байгууллага болоод ажилтан хоорондын харилцааг ойртуулахаас гадна тухайн байгууллагын үргүй зардлыг хэмнэж, ажилтны цалинг бодоход хугацаа алдах шаардлагагүй болгосон юм. Ингээд “Манлайлагч” булангийн энэ удаагийн зочдоор Timely.mn-ийн үүсгэн байгуулагчдыг урьж ярилцлаа.
Байгууллагуудад тодорхой бэрхшээл үүсгэж, ажилтнуудын дунд маргаан үүсгэсээр ирсэн цаг бүртгэлийн асуудлыг шийдэж буй Timely.mn платформоо хөгжүүлэх болсон шалтгаан, түүхээс ярилцлагаа эхлүүлье.
Н. Болорхүү: Даяаршил дэлхийг улам хавтгай болгож, бизнесүүд орон зайн хүчин зүйлсээс хамаарал багатай болсноор бизнесийн үйл ажиллагаанд дижитал шилжилт томоохон үүрэгтэй болсон. Мөн энэ бүхэнд Ковид-19 цар тахлын хөл хорио ч маш хүчтэй нөлөөллөө. Үүнийг даган бүх төрлийн байгууллагад зайнаас ажиллах, уян хатан цагийн хуваарь, олон төрлийн ирцийн хүсэлт, түүнтэй холбоотой ирцийн тайлан гаргах зэрэг ажилтны бүтээмжтэй холбоотой асуудлууд тулгарсаар байна. Анх 2020 онд хамтран үүсгэн байгуулагч А.Оч бид хоёр уламжлалт цаг бүртгэлийн арга болох хурууны хээ, царайгаар таних төхөөрөмж болон карт бүртгэлээс татгалзаж, хүн бүрд байдаг гар утсанд суурилсан ажилтны ирц бүртгэлийн аппликэйшн хөгжүүлье гэж ярилцаж байв. 2021 оны дөрөвдүгээр сард Timely апп-ын анхны туршилтын хувилбар болох MVP-ийг 300 орчим хүнтэй байгууллагад туршихад амжилттай болсон. Ингээд л зориг гаргаж, энэ санаагаа бодит болгохоор тухайн үед хийж байсан ажлаасаа гарч, бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн. Тэр жилдээ бид Digital Nation арга хэмжээнд Timely -аас гадна QR фийдбайк /feedback/, Singles болзооны апп, кино цахим хуудас хийж танилцуулахад хүмүүсийн дийлэнх нь Timely-ийг их сонирхож, сэтгэгдэл, хүлээлт өндөр байгааг анзаарсан. Эндээс хэрвээ бүтээгдэхүүнээ чанартай хөгжүүлж чадвал зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн болж чадах юм байна гэдгийг ойлгосон. Ингээд бид Timely-аас бусад бүх бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ зогсоож, цаг бүртгэлийн платформдоо төвлөрч ажилласан. Түүнчлэн тухайн жилүүдэд яригдаж байсан Хувь хүний нууцын тухай хууль 2022 оны тавдугаар сард батлагдсан нь Timely-ийн хувьд маш том давуу тал болж зах зээлд танигдах нэг шат болсон гэж боддог.
Timely цаг бүртгэлийн платформыг 800 гаруй байгууллагын 40 мянга гаруй ажилтан өдөр тутам цаг бүртгүүлэхдээ идэвхтэй ашиглаж байна.
Timely цаг бүртгэлийн ухаалаг платформ бусад ижил төстэй шийдлээс юугаараа онцлог вэ. Мөн ямар хялбар шийдлийг хэрэглэгч байгууллага болоод ажилтанд олгодог вэ?
Н.Б: Timely нь ухаалаг гар утасны байршилд суурилсан ажилтны цаг бүртгэлийн анхдагч платформ. Ажилтны гар утасны байршлыг ажлынх нь байршилтай холбож бүртгэдэг тул оффисоос өөр газраас ирцээ бүртгүүлэх боломжгүй. Зөвхөн ажил дээрээсээ л ирсэн болон явсан цагаа Timely апп -аар бүртгүүлдэг. Мөн нэмэлтээр оффисынхоо интернэт сүлжээнд холбогдох үе, эсвэл ажилтан байгууллагынхаа үүдэнд байрлуулсан QR кодыг утасныхаа апп-аар уншуулж цагаа бүртгүүлэх боломжтой. Цаг бүртгэлийн дээрх гурван төрлөөс тухайн байгууллага өөрийн онцлог, үйл ажиллагаанд тохируулан сонгодог. Түүнчлэн Timely нь зөвхөн ирц бүртгэлийн платформ биш. Ажилтан болоод байгууллага хоорондын холбоог ойртуулах зорилготой бүтээгдэхүүн юм. Жишээлбэл, 100 ажилтантай байгууллагын ажилтнууд нэгнийхээ утасны дугаарыг мэдэхгүй үед апп-ынхаа “Манайхан” цэсээс нийт дугаарын жагсаалтыг гар утсандаа хадгалж, хэн нэгэн рүү төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, талархал илгээж болно. Мөн уламжлалт системд өвчтэй, чөлөөтэй зэрэг олон төрлийн цагийн хүсэлтийг бүртгэх боломжгүй, зөвхөн гар аргаар л хийдэг тул дунджаар 50 ажилтантай байгууллагын цалинг тавихад нягтлан бодогч болоод хүний нөөцийн мэргэжилтэн тайлан боловсруулалтад наад тал нь 2-3 өдөр зарцуулдаг. Харин Timely платформоор цаг бүртгэлээ хийснээр нийт ажилтны цалинг бодоход бэлэн болсон цагийн нэгтгэл тайланг ганцхан минутын дотор татдаг нь хамгийн том давуу тал юм. Манай цаг бүртгэлийн платформыг хоёр ажилтантай байгууллагаас 600 хүртэлх ажилтантай бүх төрлийн байгууллага ашигладаг.
Манай хамт олон хийж буй зүйлдээ 1000 хувь итгэлтэй, хүчирхэг соёл, нэгдмэл үнэт зүйлтэй, миний мэдэх хамгийн хүчирхэг баг болж чадсан.
А.Оч: Сүүлийн жилүүдэд уян хатан цагийн хуваарьтай ажиллах байдал давамгайлж байна. Хүн бүрийн хамгийн идэвхтэй ажилладаг арга барил, цагийн хуваарь харилцан адилгүй. Зарим нь ганцаараа төвлөрөхдөө илүү бүтээлч байхад олуулаа бужигнаж, санаагаа уралдуулахад илүү толгой ажилладаг хэсэг ч бий. Мөн зарим нь өглөө эрт сэргэг байдаг бол зарим нь орой гүн төвлөрч, ажлаа дуусгадаг зэргээр ялгардаг. Тийм ч учраас уян хатан ажлын хуваарь ажилтнуудын бүтээмжийг хамгийн өндөр байлгах сонгодог арга болж байна. Одоогийн байдлаар Timely ашиглаж буй нийт байгууллагын 38 хувь нь уян хатан хуваариар ашигладаг. Энэ ажиллах цагийн хуваарь нь ажилчдын ажлын үр ашиг, амралтын цагийг зохицуулж, ямар ч нөхцөлд орон зай, цаг хугацаанд баригдахгүйгээр ажлаа гүйцэтгэх сонголтыг олгодог. Нөгөө талаар, албан байгууллагуудыг зардлаа бууруулж, бүтээмжээ нэмэх боломжоор хангадаг. Тухайлбал, өглөө эрт түгжрэлээс өмнө өглөөний долоон цагт ирж ажилласан бол 16 цагт тарах, өглөө 10 цагт ирсэн бол 19 цагт тарах гэсэн хуваарийн зохицуулалтыг байгууллагууд их ашиглаж байна. Манай Timely цаг бүртгэлийн платформыг нийт 3000 байгууллага сонирхож санал ирүүлснээс одоогийн байдлаар 800 гаруй байгууллагын 40 мянга гаруй ажилтан өдөр тутмын цаг бүртгүүлэхдээ идэвхтэй ашиглаж байна. Timely платформыг ашиглахаар сонирхож буй байгууллага 14 хоногийн турш үнэгүй туршиж үзэх боломжтой.
Н.Б: Timely-ийг ашиглаж хэмнэлт гаргасан жишээг дурдъя. 50 ажилтай нэг байгууллага зөвхөн цаг бүртгэлд зориулж жилд ойролцоогоор 30 боодол цаас, нэмэлт тоног төхөөрөмж, карт, домайн серверийн зардал, цаг бүртгэлийн мэдээлэл татах инженер, мэдээллийн технологийн ажилтны цалин гээд нийт 4.5 сая төгрөг зарцуулж байна. Харин Timely -ийг ашигласнаар энэ зардлыг 1.8 сая төгрөг болгон бууруулах боломжтой. Энэ мэтээр ашиггүй зардал гаргаж буй байгууллага олон бий. Timely платформоо анх зах зээлд таниулсны дараа 21 аймагт нэвтрүүлэх юм сан гэж зорьж байсан бол өнөөдөр 21 аймагт амжилтай нэвтрээд байна. Бас нэг сайхан зүйл нь цахим орчинд 10 хүний нөөцөөс найм нь манай Timely цаг бүртгэлийн платформыг ямар нэгэн байдлаар мэдэж, бусдадаа санал болгон ашиглаж байна.
Зургийн тайлбар: МҮХАҮТ-ын 2023 оны “Шилдэг гарааны бизнес эрхлэгч энтрепренер” шагнал гардах үеэр
Timely.mn цаг бүртгэлийн апп-ыг нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр гар утсан дээрээ шууд татаж хэрэглэдэг. Ингэж үүлэн технологид суурилсан байдлаар цаг бүртгэлээ хийхийн давуу тал нь юу вэ?
А.О: Манай систем 100 хувь үүлэн технологид суурилсан учраас бусад систем шиг сервер байршуулж, программ суулгах шаардлагагүй. Энэ нь хэрэглэгчидтэйгээ эргэх холбоотой, хурдан, хялбар холбогдон ажиллах, цаг хугацаа, газар зүйн байршил хамаарахгүйгээр технологио сайжруулах боломжийг олгодог. Манай компани Software as a Service (SAAS) зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, бүх өгөгдөл манай клауд дээр хадгалагдаж, хүний нөөц, нягтлан бодогч, удирдлагуудыг хүссэн үед уг өгөгдлүүдээ боловсруулж, тайланг хормын дотор харуулах боломжтой гэсэн үг. Мөн хэрэглэгч болон харилцагчидтайгаа өдөр тутамд цахимаар харилцах боломжийг дэмжиж, технологийн давуу талуудыг ашиглан үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулах давуу талтай юм. Түүнчлэн SAAS гэдгээрээ бүх систем дээрх өгөгдлүүдийг бодит цагаар харж болно. Манайх мөн өгөгдлүүд дээрээ хиймэл оюун, машин сургалт (machine learning) ажиллуулдаг учраас хүний нөөц, удирдлагуудад хэрэгтэй мэдээллээ dashboard байдлаар харах, ажилтны цагийн мэдээлэлд үндэслэн тухайн ажилтанд тохирох ажлын хуваарийг системээс санал болгох, ажилтны сэтгэл зүйн байдлыг таамаглах зэрэг технологийн давуу талыг ашиглаж well-being үйлчилгээг нэвтрүүлсэн.
Н.Б: Сүүлийн үеийн технологийн бүтээгдэхүүнүүд бүгд л үүлэн технологид суурилсан байдлаар хөгжиж байна. Энэ нь ч амар. Удирдлагууд бизнестээ анхаарч, асуудлаа чаддаг байгууллагад нь хариуцуулж, илүү үр дүнтэй ажиллах боломжтой нь их ажиглагдах болсон. Тийм ч учраас үүлэн технологи илүү сайн хөгжиж байна.
Итгэл хүлээлгэж чадвал тухайн хүн үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байж чаддаг.
Та бүхэн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд гурван жил орчим болж байна. Зах зээлд анхлан нэвтрүүлж байх үеийн хүлээлтээ өнөөдрийн бодит үр дүнтэй харьцуулахад хэр амжилттай тэлж байна вэ?
Н.Б: Сайхан асуулт байна. Стартапаа эхлүүлж, Timely-г хөгжүүлж явахад багтай холбоотой сонин зүйл тохиолдож байв. Манай багийн нэг залуу “Ах аа, би Timely-д нэг л итгэхгүй байгаа” гэж хэлж билээ. Тэр үед бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, хэрэглэгчид итгэл үнэмшил төрүүлэхээс гадна багийнхныхаа итгэл үнэмшил, санаа бодол, сэтгэл зүйг хүчтэй болгох нь илүү чухал юм байна гэдгийг сайн ойлгосон. Улмаар баг дотроо “Ирээдүйд биднийг ийм зүйл хүлээж байгаа. Бид хийж буй зүйлдээ 100 хувь итгэлтэй байх ёстой. Бид л энийг хийж чадна” гэсэн сэтгэл зүйг суулгасан. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл багийнхаа сэтгэлзүйг хүчтэй байлгах тал дээр үргэлж ажилладаг болсон. Одоо бол манай баг хийж буй зүйлдээ 1000 хувь итгэлтэй, хүчирхэг соёл, нэгдмэл үнэт зүйлтэй миний мэдэх хамгийн хүчтэй баг болоод байна. Өнөөдөр бид дотоодын зах зээлдээ цаг бүртгэлийн платформоор хамгийн том тоглогч болж чадлаа гэж би хувьдаа харж байна. Өнгөрсөн жил бидний хувьд өндөр амжилттай жил болж мэдээлэл технологийн салбарын “Шилдэг старт апп”, Unplug арга хэмжээний Unread awards-ийн “Шилдэг аппликейшн”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Шилдэг гарааны бизнес эрхлэгч Энтрепренер” гэсэн гурван том шагналыг хүртсэн. Эдгээр шагналыг олон талын судалгаа, санал асуулга явуулж байж тохирсон байгууллагад олгодог. Энэ амжилтын цаана манай байгууллагын 15 залуу болоод бидэнд итгэж, манай бүтээгдэхүүнийг ашиглаж буй 800 байгууллага, тэдний 40 мянган ажилтны дэм, урам их нөлөөлсөн. Бид анхны зорьсон зорилгодоо хүрч чадсан болохоор сэтгэл хангалуун байгаа. Одоо илүү том зорилго өөд тэмүүлж байна.
Зарим хамтрагч байгууллагатайгаа системийн түвшинд интеграц хийж, шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн. Тухайлбал, ямар интеграцууд хийсэн бэ. Мөн цаашид хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
А.О: Бид системээ open API болгож, дурын байгууллага ашиглаж болохуйц нээлттэй болгосон тул ямар ч төрлийн ERP, санхүүгийн системтэй байгууллага манайхтай холбогдож хамтран ажиллах боломжтой. Одоогийн байдлаар цалингийн урьдчилгаа олгодог систем Nitopay болон ERP-тай Diwo, “Даянсофт” ХХК-тай системийн интеграц хийгээд байна. Мөн М банк, Голомт банктай хамтын ажиллагаа эхлүүлээд явж байна. Эдгээрээс гадна Worki апп -тай хүний нөөц бүрдүүлэх хүрээнд интеграц хийхээр ажлуудаа эхлүүлсэн. Мөн U-Point, M банктай хамтран Timely хэрэглэгчдээ урамшуулах лояалти үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Цаашид бид бүх төрлийн систем, банкнуудтай хамтарч, цар хүрээгээ тэлэх зорилготой ажиллаж байна.
50 ажилтантай байгууллага нэг жилийн хугацаанд зөвхөн цаг бүртгэлд дунджаар 4.5 сая төгрөг зарцуулдаг. Харин Timely-г ашигласнаар энэ зардлыг 1.8 сая төгрөг болгон бууруулах боломжтой.
Н.Б: Монголд төдийгүй дэлхийн зах зээлд стартапууд синержи үүсгэдэг болжээ. Монголчууд сүүлийн жилүүдэд дижитал шилжилт гэж их ярьж байна. Дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ гэвэл ерөөсөө л хамтын ажиллагаа юм. Дээхэн үед нэг том компани бусдадаа ямар ч мэдээлэл өгөхгүйгээр зөвхөн би хийнэ гэдэг байсан бол үүнийг стартапууд өөрчилж, өрсөлдөхгүйгээр хамтарч ажиллая гэдэг соёл тогтож байна. Бидний хувьд ч энэ тал дээр нээлттэй ажилладаг. Олон ERP, адилхан цаг бүртгэлийн системүүд байна. Тэгэхээр Timely ухаалаг цаг бүртгэлийн апп-аар цагаа бүртгүүлж тайлангаа татаж аваад өөрийнхөө ERP систем дээр харахаар нээлттэй ажиллах боломжтой. Цаашид бид таск менежментэд илүү төвлөрөн ажиллахаар төлөвлөж байна.
Та бүхний хувьд дотоодын зах зээлийн өрсөлдөөн хэр эрчтэй байна гэж харж байна?
А.О: Манайх цаг бүртгэлийн төхөөрөмжийн хэрэглээг халсан анхдагч аппликэйшн. Гэхдээ хуучны ERP систем хөгжүүлэгчид өөрсдийн суурь системд тулгуурлан апп хийж байгаа тул гол өрсөлдөгч болж байна. Үүнээс гадна манай Timely-аас санаа авч хэд хэдэн байгууллага гарч ирсэн ч явцын дунд дийлэнх нь шигшигдэж байгаа. Өрсөлдөөн биднийг илүү сайжрах, суралцах нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна.
Н.Б: Өрсөлдөгч байхгүй бол бүтээгдэхүүн өсөж хөгжихгүй. Манай компани л анхдагч, манайх л хамгийн олон хэрэглэгчтэй гэх юм бол хүн ч бай, байгууллага ч бай өсөлт үзүүлэхээ болино. Тиймээс зах зээлд өрсөлдөгч байх нь бид бүтээгдэхүүнээ улам сайжруулж, харилцагчдадаа үнэ цэн, бүтээмж нэмэх боломжийг улам бий болгоно. Манай залуучуудын хувьд ч зугаатай байх шиг байна. Өрсөлдөөн шүү дээ (инээв). Цаашдаа өрсөлдөөн ширүүссэн ч бид том тоглогч байх нь гарцаагүй. Гурван жилийн өмнө биднийг дөнгөж гарч ирж байхад Timely гэж хэн ч мэдэхгүй байлаа. Харин одоо мэдэхгүй стартап байхгүй болж. Аж ахуйн нэгж, байгууллага, хүний нөөцийнхөн ч ямар нэг байдлаар Timely-ийг сонссон байдаг. Бид энэ чиг шугамаа алдахгүй явбал байр сууриа хадгалж чадна гэж харж байна. Түүнчлэн энэ тоглолтоо зөвхөн дотоодын зах зээлд ч биш гадаадын зах зээлд ч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
А.О: Бид гадаад зах зээл дэх судалгаагаа хэдийнэ эхлүүлсэн. Тухайлбал, хойд болон урд хөршийн хэд хэдэн байгууллагад манай бүтээгдэхүүн нэвтрээд байна. Үүнтэй холбогдуулан манай хамт олон бүтээгдэхүүний хэлний сонголтоо хөгжүүлж буй. Одоо цагийн бүсчлэлээ хөгжүүлэх л дутуу байна. Энэ ондоо Казахстаны Астана хотод бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, ирэх онд гадаад зах зээлд илүү эрчтэй нэвтрэх зорилго тавиад байна.
Хүмүүс биднийг их азтай, цаг үеэ олж Timely-ийг хөгжүүлсэн гэдэг. Үнэндээ бүх зүйл хялбархан байгаагүй.
Технологийн салбарт ажиллах, бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдээс хуваалцвал?
Н.Б: Мэдээж асуудал тулгарна. Асуудал байгаа газарт шийдэл үргэлж байдаг. Бид асуудлаа мэдэж байвал шийдлээ олж чадах юм байна гэдгийг ажиллах хугацаандаа харлаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой шийдвэрлэх, сайжруулах зүйлс одоо ч байна. Энэ дашрамд итгэл хүлээлгэж хүлээцтэй ханддаг харилцагчдадаа талархал илэрхийлье. Эхэн үед хөрөнгө оруулалт гэдэг бидний хувьд том бэрхшээл байсан. Бид Дэлхийн банкны “Инновацыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд авсан 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар оффисын түрээс, шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулж байв. Харин дараагийн хөрөнгө оруулалтаа MCS Ventures компаниас амжилттай босгосон. Бидний үйл ажиллагаанд шаардагдах дараагийн хөрөнгө оруулалтууд ч тодорхой болсон. Гэхдээ эдгээрээс баг хамт олноо бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал хэсэг. Өнөөдөр хүний нөөцийн хомсдол байгууллага бүрд байна. Харин бидний хувьд маш чадварлаг, сайн залуусаар багаа бүрдүүлж чадсан.
Та бүхэн өөрсдийн хүсэл зорилго, хичээл зүтгэлээр тулгарсан бэрхшээлийг болохгүйгээс болох хүртэл нь ажиллаж байна. Тэгвэл хөндлөнгөөс шалтгаалах ямар сорилт бэрхшээл тулгардаг вэ?
Н.Б: Хүмүүс асуудлаа юм л бол улс төр лүү чихдэг. Бидний хувьд асуудлаа аль болох өөрсдөө тодорхойлж, шийдэл хайдаг. Өнөөдөр зах зээлд 86 мянган байгууллага байдаг гэсэн тоо бий. Бид тэдгээр байгууллагын асуудлыг шийдэж өгөхөөр явж байна. Хэрвээ нэг л өдөр өөр нэг хууль батлагдаж утсаар ажилтны цаг бүртгэлийг хийхгүй болно гэвэл дахин нэг эрсдэл үүсэж болох юм. Ер нь тогтворгүй байдлаас үүдэж цаана үйл ажиллагаа явуулж буй байгууллага л хэцүү байдалд ордог. Нөхцөл байдлыг сайн ажиглаж явах хэрэгтэй юм билээ. Төрийн зүгээс стартапуудын хийж буй ажлыг хуулбарлаж, жижиг зах зээлд зэрэгцэх биш, эсрэгээрээ төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаад илүү анхаарч ажиллах хэрэгтэй байх. Манайх шиг нийгэмдээ хэрэгтэй, үнэ цэнтэй зүйлийг хийж буй стартауудаа улсаас дэмжиж, холбож өгвөл сайхан байна. Улс нь үйл ажиллагаа явуулж чадаж буй хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаасай гэж хүсдэг. Сүүлийн үед манай салбарын холбоод үйл ажиллагаагаа эрс сайжруулж, салбарын яам ч өмнөх жилүүдээ бодвол стартапуудаа дэмжиж ойртож ажиллахыг хичээж буй нь анзаарагдаж байгаа. Бид ч тэр бүрд дуу хоолойгоо хүргэхийг хичээж байна даа.
Цаашид технологийн зах зээлд ямар шинэ боломж, хамтын ажиллагаа үүсгэх боломжтой гэж харж байгаа бол?
А.О: MCS-ээс хөрөнгө оруулалт авсан олон компани байдаг. Тэдэнтэй синержи үүсгэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой. Цаашид бид зөвхөн цаг бүртгэл, цалин бодолтын системээ барьж ажиллана. Өөр тоглогчийн систем рүү орохгүй, нэг системээрээ л дагнана. Ингэхдээ хамтдаа хөгжье гэсэн бодлогыг баримтлан ажиллах төлөвлөгөөтэй.
Н.Б: Бид Timely дээрээ цалин бодолтын модуль хөгжүүлж байгаа. Оффисын ажилтнуудын цалин бодолтын системийг эхний байдлаар ирэх дөрөвдүгээр сард бэлэн болгохоор ажиллаж байна. Үүний үр дүнд, цалин бодох гэж цаг зарцуулж, стресстэх шаардлагагүй болно гэсэн үг. Ажилтан цагаа бүртгүүлсэн байхад л цалин бодох товчлуурыг дараад л цалингийн бодолтыг боловсруулна. Хамтын ажиллагааны хувьд технологийн компаниудын экосистем дэх стартауудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, хэрэглэгчдэд үнэ цэнтэй хэрэгцээтэй технологийн шийдлүүдийг санал болгох хүсэлтэй байгаа. Экосистем бий болгож, өөр хоорондоо боломжоороо холбогдож, тус тусынхаа бүтээгдэхүүнийг улам сайжруулах, үр дүнтэй ажиллах талаар стартапууд сайн ойлгодог болсон байна.
Timely.mn -ийг хамтран байгуулахаас өмнөх карьерын түүхээсээ уншигчдад маань хуваалцана уу?
А.О: Миний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Бид хоёр 2013 онд Японы хөрөнгө оруулалттай “Сороко” хэмээх байгууллагад ажиллаж байхдаа анх танилцаж байлаа. Тэнд би хоёр жил, Н.Болорчулуун гурван жил ажилласан. Дараа нь би “Скайтел” компанид ажилд орж систем хөгжүүлэгчээс хэлтсийн менежер хүртэлх албан тушаалд долоон жил ажилласан. Тэндээсээ стартапаа байгуулахаар гарч байлаа.
Н.Б: Миний хувьд ерөнхийдөө төстэй. Би МУИС-ийг программ хангамжийн инженер мэргэжлээр долоон жил суралцаж төгссөн. Их сургуульд харьцангуй урт хугацаанд суралцсан нь хүнд өвдөж, хэцүү цаг үеийг туулсантай маань холбоотой. А.Очийн өмнө дурдсан “Сороко” компаниас би маш их зүйлийг сурсан гэж боддог. Үүний дараа “Тавер софт” компанид мобайл хөгжүүлэгчээр ажиллаж байгаад “Скайтел” компанид орж 2021 он хүртэл ажилласан. Ажлаасаа гарсан шалтгаан нь Timely. Хүмүүс биднийг их азтай, цаг үеэ яг олж Timely-ийг хөгжүүлсэн гэдэг. Үнэндээ бүх зүйл хялбархан байгаагүй. Бид Timely-ээс өмнө олон апп, платформ хөгжүүлсэн ч бүтэлгүйтэж байв. Уналт, бүтэлгүйтэл бүрээсээ л суралцсан даа. Өмнө нь хэд хэдэн компанид ажиллаж үзсэн учраас тус бүрийнх нь давуу, сул талыг сайн ойлгож, суралцсаны үндсэн дээр өөрсдийн компаниа байгуулсан нь их тус дөхөм болсон.
Танай бүтээгдэхүүн зах зээлд амжилттай нэвтэрч, хурдтай өсөлт үзүүлж байна. Аливаа компани ингэж амжилттай ажиллахад баг, хамт олон нэг зүгт харж, гар нийлж ажиллах нь чухал. Тэгвэл та бүхэн багаа хэрхэн бүрдүүлж, ямар арга барилаар удирдаж, манлайллыг үлгэрлэдэг вэ?
Н.Б: Юуны түрүүнд, багаа бүрдүүлэхдээ хамгийн түрүүнд ойр орчмын хүрээллээсээ хүн хайдаг юм билээ. Хуучин хамт ажиллаж байсан дүү нар, таньж мэдэх хүмүүстэйгээ холбогдож, ямар ажил эхлүүлж буй хэрэг зоригийнхоо талаар эхлээд дуулгасан. Тухайн үед санал тавьсан залуучууд маань тухтай орчин, тогтвортой цалинтай ажлаасаа гарч, тодорхой хэмжээнд эрсдэл үүрч, бидэнд итгэсэн нь маш том хариуцлага болсон. Ер нь үүсгэн байгуулагчид хариуцлагаа сайтар ухамсарлах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байх үедээ мэдээж хэрэг бусад шиг өндөр цалин, тухтай оффисоор шууд хангаж чадаагүй. Харин оронд нь “Чи манай хамт олны нэг хэсэг болсноор үнэ цэнтэй зүйлийг нийгэмд бүтээнэ. Түүнийг дагаад хөгжиж чадна. Timely -ийн нэг эд эс болж, цаашлаад өмнөх байгууллагаасаа авч байсан шиг хэмжээний өндөр цалин, тав тухтай орчинд ажиллах болно” гэж хэлж байлаа. Өнөөдөр ингээд харахад анх ажилд орсон залуучууд маань ур чадварын хувьд үнэхээр өсөж, тав тухтай, аз жаргалтай ажиллаж байна. Хангалттай цалин хангамж ч авч байна. Хүнээ бодсон бизнес хүссэн хүсээгүй амжилттай явдаг юм байна. Үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүс урт, хол замыг туулдаг юм байна. Тиймээс бидний баримталдаг зарчим бол “багийн тоглогч”, “байгууллагын соёл” -д нийцэж чадах хүмүүсийг сонгох. Багийнхандаа “Хоорондоо маш сайн эргэх холбоотой байж, ажил дээрээ зөв, нээлттэй мэтгэлцэж чаддаг байгаарай” гэж захидаг. Нэгнээсээ санаа зовж, асуудлыг дарж, даамжруулаад байвал бүтээгдэхүүн болон хүний харилцаа “унаж” эхэлдэг. Ер нь асуудлын гол шалтгаан нь хүн хоорондын харилцаа юм.
Манлайллын хувьд хуучных шиг “Энийг хий” гэж тулгаж, босс харилцаа үүсгэдэггүй. А.Оч бид хоёр ажилтнуудаа аль болох чиглүүлж, үлгэрлэж, нөхөрсөг харилцаа үүсгэхийг хичээдэг. Зарим үед “шахаж” ажиллах зэргээр нөхцөл байдлаасаа хамаарсан манлайллын аргуудыг их хэрэглэдэг. Сургуулиа дөнгөж төгсөөд орж ирсэн ажилтнаас өөрийн туршлага, ур чадвартай дүйх хэмжээний гүйцэтгэлийг хүлээнэ гэдэг өрөөсгөл. Нэг сар ажилласан хүн 10 жил ажилласан хүнтэй ижил хэмжээний гүйцэтгэл гаргана гэдэг хэцүү. Иймээс тухайн ажилтанд суралцах хугацаа өгөх хэрэгтэй. Итгэл зөв хүлээлгэж чадвал тухайн ажилтан үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байж чаддаг.
А.О: Ер нь бид ажлын “босоо тогтолцоо” -оос илүү хэвтээ чиглэлд эрх тэгш харилцах арга барилаар ажилладаг. Ажлын байр гэхээсээ илүү гэр бүлсэг уур амьсгал бүрдүүлэхийг чухалчилдаг. Тиймдээ ч би төвтэй хүмүүс биш, багаар ажиллаж чаддаг хүнийг сонгон ажилд авдаг. Мөн ямар нэг үүрэг даалгавар хүлээлгэхдээ тухайн ажилтнаас санаа бодлыг нь заавал асуусны дараа өөрийн байр сууриа хуваалцахыг хичээдэг дээ.