Аялагчид аяллын дижитал платформ буюу OTA-г ашиглан аялал, буудал, нислэг, такси зэрэг олон талын үйлчилгээг бие даан захиалах нь улам ихсэж, OTA нь аялал жуулчлалын бизнесийн хөгжлийн чухал чиг хандлага болж байна.
Д.Мэргэнгэрэл. “Мэдээллийн технологийн захирлуудын клуб”-ийн үйл ажиллагааны хорооны гишүүн
***
Өнөөгийн завгүй, түгжрэлтэй нийгэмд хүмүүс цаг заваа хэмнэхийг илүүд үзэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран боломжтой үедээ хаанаас, хэзээ ч онлайн үйлчилгээг ашиглан тийз захиалах нь ихсэж байна. Энэхүү шилжилтийг хийхэд туршлагатай баг хамт олон, түүнийг удирдах CIO (Chief information officer буюу Мэдээллийн технологи хариуцсан захирал) зайлшгүй шаардлагатай.
Нислэгийн тийз бичигч болохын тулд IATA (International Air Transport Association) буюу Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан аяллын агентлагийн эрхийг авсан байх шаардлагатай байдаг. Үүний дараа тийз бичих боломжит программ хангамж болох GDS (Global Distribution System)-ээс сонгон ашиглах хэрэгтэй. GDS-ээс түлхүү ашигладаг программыг дурдвал Amadeus, Sabre, TravelPort, TravelSky-г голдуу сонгож тийз бичдэг.
Онлайн аялал жуулчлалын агент (OTA) бол Ковид-19-ийн үеэс нэлээд өмнө гарч ирсэн бөгөөд цар тахлын дараа илүү эрчимтэй хөгжиж буй. Mobility Market Insights судалгааны тайланд бичсэнээр 2022 оны байдлаар ийм платформууд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бий болж буй орлогын 60 орчим хувийг бүрдүүлжээ.
OTA-ийн зорилтот зах зээл бол аяллын үйлчилгээг тогтмол авдаг, санхүүгийн чадамжтай, аялах хүсэлтэй хүмүүс байдаг. Ийм аялагчид аялал жуулчлалын салбарын дижитал шийдлүүдийг ашиглан аялал, буудал захиалгаа хялбар хийх боломжтой болоод байна. Энэ мэтээр жил ирэх тусам дижиталчлал нь аялал жуулчлалын бизнесийн хөгжлийн чухал хэсэг болж байна.
2021 онд Booking.com 11 тэрбумын ам.долларын орлоготой ажиллаж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг ашиг орлогоороо тэргүүлж байсан бол Expedia 8.6 тэрбум ам.долларын орлоготойгоор удаалжээ.
Яагаад нислэгийн тийзийн агентлагт дижитал шилжилт хийх шаардлагатай вэ?
- Бизнес процессоо сайжруулах
- Бизнес хөгжүүлэлт буюу хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бий болгох
- Их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, харилцагчийн үйлчилгээг сайжруулах
- Эрсдэлийг бууруулах
- 24/7 горимоор үйлчилгээ үзүүлэх
Дижитал шилжилт хийхэд тулгарах сорилтууд
- Техникийн боловсон хүчний дутмаг байдал
Уламжлалт байдлаар үйлчилдэг аялал жуулчлалын агентлагуудад тулгардаг нэг томоохон асуудал бол онлайн платформ хөгжүүлэх, байнгын “арчилгаа”, үйлчилгээ үзүүлэхэд тусгай ур чадвар шаарддаг учраас инженерүүдийг тасралтгүй сургах, хөгжүүлэх шаардлагатай болдог нь юм.
Энэ салбарын мэргэжилтнүүд хувийн шугамаар үйлчилгээ үзүүлэхдээ гарамгай байдаг ч дижитал ертөнц өөр ур чадвар шаарддаг. Уг бэрхшээлийг даван туулахын тулд агентлагууд дижитал санаачилгаа удирдан чиглүүлэх, хүн гэхээс илүү техникийн авьяас чадварыг ажилд авах, эсвэл сургахад хөрөнгө оруулах ёстой.
- Хөгжүүлэлтийн зардал
OTA хөгжүүлэхэд эхлэлийн зардал өндөр тусдаг. Эдгээр нь IATA-ийн тусгай зөвшөөрөл, барьцаа, GDS холболтын зардал, үйл ажиллагааны зардал, сервер, вэбсайт болон аппликейшн хөгжүүлэлт, төлбөрийн систем, аюулгүй байдлыг хангахтай холбоотой их хэмжээний зардал юм.
- Маркетингийн зардал
Онлайн аяллын өрсөлдөөнт талбарт оновчтой маркетинг хийх нь онлайн үзэгдэцээ тэлэх, үйлчлүүлэгчдийг олж авах гол түлхүүр болдог. Иймд, уламжлалт агентууд дижитал ертөнцөд өөрийн нэрээ гаргахын тулд маркетингийн өндөр зардал гаргахад бэлэн байх ёстой. Онлайн маркетинг хийх, хайлтын системийн оновчлол буюу SEO, зар сурталчилгаа хийхэд ч багагүй зардал шаардлагатай.
- Эргэлтийн хөрөнгө
OTA руу шилжих нь мөнгөний урсгалд ихээхэн нөлөөлнө. Уламжлалт агентлагууд шилжилтийн үе шатанд эргэлтийн хөрөнгөө удирдахад бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг багасгахын тулд шинэ дижитал платформд хөрөнгө оруулахын зэрэгцээ байнгын ажиллагааг хангах нөөцийг сайтар төлөвлөж, хуваарилах нь чухал.
- Тасралтгүй хөгжүүлэлт, нэмэлт боломжууд
Зах зээлд өрсөлдөхүйц байхын тулд байнгын сайжруулалт хийх хэрэгтэй бөгөөд хэрэглэгчийн санал хүсэлт нь UX (Хэрэглэгчийн дадал туршлага)-ийг боловсронгуй болгоход үнэлж баршгүй чухал. Мөн ажайл (agile) хөгжүүлэлтийн туршлага нь тэдний OTA системд шинэ боломж, чадавхыг хурдан нэмэхэд ач холбогдолтой.
- Зах зээлийн судалгаа
OTA-д хүч үзэхийн тулд зах зээлийн судалгааг сайтар хийж, орчин үеийн трэнд, зорилтот зах зээлээ сайтар судлах хэрэгтэй.
- Зах зээлийн өрсөлдөөн
Үйлчлүүлэгчдээ алдахгүй, байнгын хэрэглэгчтэй байж зах зээлд амжилттай өрсөлдөхийн тулд зорилтот зах зээлдээ тохирсон бусдаас онцгой үйлчилгээг санал болгох нь чухал.
- Өгөгдлийн сангийн аюулгүй байдал, зөвшөөрөл
Дижитал ертөнцөд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах нь хамгаас чухал. Агентлагууд өгөгдлийн аюулгүй байдлыг найдвартай хангахад хөрөнгө оруулалт хийж, мэдээлэл хамгаалах дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой. Өгөгдлөө алдвал бизнесийн нэр хүндэд аюул учирч болзошгүй. Дашрамд дурдахад, IATA эрх авахад PCI Certification шаардлагыг давхар хангасан байх ёстой.
Боломж хэр байгаа вэ?
Зах зээлд хэд хэдэн томоохон OTA байгаа ч өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох шинэ тоглогчдод хангалттай орон зай байсаар байна. Хэрэглэгчийн тодорхой сегментүүд, эсвэл аялал жуулчлалын туршлагад чиглүүлснээр шинэ OTA нь өрсөлдөөнд ялгарч, үнэнч хэрэглэгчийн баазыг бүрдүүлж чадна.
Ямар төрлийн боловсон хүчин шаардагдах вэ?
- Data Engineer
- DevOps Engineer
- Enterpise Architect
- Software Engineer
- Ticket Writer
Систем бүтээхдээ гаргадаг алдаанууд:
- Буруу архитектор сонгох
- Өгөгдлийн сангийн буруу сонголт
- Программчлалын хэлний буруу сонголт
- GDS холболтын сервисүүдийг буруу тооцоолох
- Тест дутуу хийх
Аялал жуулчлалын технологийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс:
Анхны хөрөнгө оруулалт ба сургалт
Аялал жуулчлалын технологийн платформыг хөгжүүлэхэд программ хангамж, техник хангамж, сургалтын зардал зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уламжлалт аялал жуулчлалын агентууд шинэ хэрэгсэл, платформыг ашиглах чадвартай болохын тулд нөөцөө хуваарилж, сургалтад хамрагдах шаардлагатай байж магадгүй. Технологийн дэвшлийн хурдацтай хэмнэл нь аялал жуулчлалын бизнесүүдийг өрсөлдөх чадвартай байхыг шаардаж байна. Үүний тулд, платформуудаа байнга шинэчлэн, сайжруулах ёстой. Энэ нь мөн л хөрөнгө оруулалт шаардана.
Интеграцын сорилтууд – API
Аялал жуулчлалын технологийн платформыг нислэг, буудлын системтэй холбох, өөр өөр бизнес процесстой нэгтгэх нь нарийн төвөгтэй ажил. Янз бүрийн платформд тасралтгүй өгөгдөл дамжуулах, синхрончлолыг хангах нь техникийн сорилтуудыг үүсгэж, мэдээллийн технологийн туршлага шаарддаг. Гэсэн хэдий ч, зөв төлөвлөлт, технологи нийлүүлэгчдийн дэмжлэгтэйгээр эдгээр интеграцын сорилтыг даван туулах боломжтой.
OTA орчны өрсөлдөөн
Уламжлалт аялал жуулчлалын агентууд хялбар, шуурхай захиалга өгдөг онлайн захиалгын платформуудын өрсөлдөөнтэй тулгардаг. Хэдий тийм боловч аялал жуулчлалын технологийн платформыг хөгжүүлснээр агентууд онлайн захиалгын ашиг тусыг хэрэглэгчийн үйлчилгээтэй хослуулсан холимог загварыг санал болгож чадна. Энэ арга нь мэргэжилтнүүдийн зөвлөгөө, өөрт тохирсон туршлагыг эрхэмлэдэг үйлчлүүлэгчдэд үйлчлэх, түүгээрээ ялгарлыг бий болгох боломжийг олгодог.
Аюулгүй байдал, нууцлал
Технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр кибер халдлагад өртөх эрсдэл нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын бизнесүүд хэрэглэгчийн нууц мэдээллийг хамгаалах, мэдээлэл хамгаалах дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд кибер аюулгүй байдлын хүчирхэг хэрэгслүүдэд хөрөнгө оруулах ёстой.
Технологид хэт найдах
Аялал жуулчлалын технологийн платформууд үйл явцыг хялбарчилж чаддаг ч автоматжуулалтад хэт найдах нь эрсдэлтэй. Учир нь автоматжуулалт гэдэг үйлчлүүлэгчидтэй үүсгэх харилцааг багасгадаг. Технологид суурилсан үр ашиг, хүнээс хамаарах үйлчилгээ хоёрын тэнцвэрийг бий болгох нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хадгалахад зайлшгүй шаардлагатай.