Монголчууд бид “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж хэлэлцдэг. Үнэхээр ч элэг бүтэн, эрүүл саруул амьдрал гэдэг юугаар ч сольшгүй үнэт зүйл. Гэвч бид өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж чаддаггүйн улмаас хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стресс бухимдалд автсаар явна. Үүнээс болж олон монголчууд элэг, цөс, ходоод, уушгины хавдраар өвчилж, хожуу үедээ оношлогдож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр. Зарим нь эрт оношлуулсан ч, дотоодод эмчлүүлэх боломжгүйн улмаас хилийн дээс алхахад хүрдэг. Яг энэ үед бидэнд тулгардаг нийтлэг асуудал бол “Ямар улсыг зорих, хэрхэн виз мэдүүлэх, улмаар очоод хэнд хандах вэ?” юм. Тэр дундаа, хүнд өвчин тусаж, үхэл амьдралын зааг дээр цаг хугацаатай уралдаж яваа үед түргэн шуурхай, оновчтой зөвлөгөө, мэдээлэл өгч чадах хүнийг олно гэдэг амаргүй. Юун түрүүнд, тухайн улсад суугаа ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хандах нь элбэг. Гэвч танилынх нь олж өгсөн эмнэлэг тухайн өвчнийг оношилж, эмчилж чадах эсэх нь тодорхойгүй байх үе бий. Энэ тохиолдолд тухайн хүн эрүүл мэнд, цаг хугацаа болон мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд ордог байна.
Х.Гэрлээ бол Өмнөд Солонгос улсад төрийн захиргааны удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, арав гаруй жил тус улсын нэр хүндтэй эмнэлгүүдэд орчуулагч, эрүүл мэндийн менежер хийсэн туршлагатай нэгэн. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Өмнөд Солонгос улсыг зорьж очсон элэг нэгт монголчууддаа эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь тус болохыг хичээсээр иржээ. Улмаар түүний бусдад туслах гэсэн чин сэтгэл, туршлага, хичээл зүтгэл нь Gerel medi tour компаниа байгуулахад хүргэсэн юм. Өөрийг нь зориод ирсэн хүмүүсийг ах дүү, аав ээж шигээ санаж, тухайн хүний нөхцөл боломжид таарсан оновчтой зөвлөгөөг өгч чаддаг гэж үйлчлүүлэгчид нь түүний талаар ярьж байв.
“Эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад зорчих гэж буй иргэд зуучлагч байгууллагад хандах нь ямар давуу талтай вэ?” гэж Х.Гэрлээгээс тодруулахад тэрбээр “Цаг алдахгүй түргэн шуурхай, оновчтой, цогц үйлчилгээ авах боломжтой байдаг” хэмээн онцолсон юм. Gerel medi tour компаниас үзүүлдэг цогц үйлчилгээнд эмчилгээний визний материал бүрдүүлэх, байрлах байр захиалах, тосох угтах үйлчилгээ, эмнэлгийн мэргэжлийн орчуулга болон эрүүл мэндийн багц шинжилгээнд 20-30 хувийн хөнгөлөлттэй хамрагдах боломжийг багтаасан байдаг. Мөн тэд саяхнаас онлайн үзлэгийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ нь дотоодын эмнэлэгт үзүүлсэн мэдээлэл, оношоо урьдчилан илгээж, онлайнаар эмчтэйгээ уулзан зөвлөгөө авч, Өмнөд Солонгост очих шаардлагатай эсэхээ тодорхой болгох, мэс ажилбарын цагаа урьдчилан товлуулах боломжийг иргэдэд олгодог гэв. Ингэснээр тус улсад очоод цаг хугацаа алдах эрсдэлээс сэргийлж, түүнийхээ хэрээр зардал мөнгөө хэмнэдэг байна.
Нөгөө талаар, эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг нэг удаа аваад дуусчихдаггүй. Тийм болохоор дараагийн удаа эм бичүүлж авах, тодорхой хугацаанд хяналтад байх, шинжилгээ хийлгэх зэрэг after service буюу эмчилгээний дараах үйлчилгээг Gerel medi tour үйлчлүүлэгчдэдээ өгч чаддаг нь онцлууштай. Түүнчлэн тус компаниар зуучлуулсан иргэдийн 98 хувь нь өвчин зовиураасаа ангижирч, эрүүл саруул амьдарч явааг сонсоход таатай байсан юм.
Gerel medi tour компанийг анх байгуулагдаж байх үед тэдэнд хандаж буй иргэдийн дийлэнх нь хавдрын эцсийн шатандаа очсон, хүнд ховор оноштой хүмүүс байсан бол сүүлийн гурван жилд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо мэдэгдэхүйц өсжээ. Цар тахлаас хойш хүн төрөлхтөн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягт илүү анхаарал хандуулах болсонтой энэ бүхнийг холбон тайлбарлаж болно. Монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж ярьдаг. Гэвч яг үнэндээ аливаа өвчний 80 хувь нь шинж тэмдэгтэй, хэлж ирдэг болсныг хүмүүс ойлгох хэрэгтэй. Жолооч хүн жил бүр машинаа оношилгоонд оруулдаг шигээ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж, Монголдоо ч хамаагүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвшээсэй хэмээн хүсдэгээ Х.Гэрлээ ярилцлагын үеэр онцолж байв.
Gerel Medi Tour ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гэрлээ гэр бүл Н.Жавхлангийн хамт
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Би өөрийгөө их буянтай ажил хийдэг гэж боддог. Ямар ч хүн эрүүл саруул байна гэдэг гэр бүлийн хүмүүсээ хайрлаж буйн хамгийн том илэрхийлэл. ‘Таны эрүүл мэнд, таны гэр бүлийн ирээдүй’. Энэ үг бол бидний хүсэл зорилгын илэрхийлэл. Намайг Өмнөд Солонгосын эмнэлэгт орчуулагч хийж байхад зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй иргэд маш их холбогддог байсан. “Солонгос эмнэлгүүдийн талаар мэдээлэл өгдөг газар Монголд бий юу, биечилж уулзаад зөвлөгөө авмаар байна” гэж маш их хандана. Виз мэдүүлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана очиж зөвлөгөө мэдээлэл авах вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс цөөнгүй байдаг. Энэ мэдээллүүд тодорхой бусаас болж цаг хугацаа алдах эрсдэл ч бий. Тийм болохоор би эх орондоо ирээд элэг нэгтнүүддээ тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийг зорьж, гэр бүлийн хүний хамт компаниа байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бид хүнд байдалд орсон маш олон хүнтэй учирч, тэдэнд хурдан шуурхай, цогц мэдээлэл өгч, элэг бүтэн амьдралыг авч үлдэхэд тус болж чадсандаа баяртай байдаг” хэмээн ярьсан юм.
Gerel Medi Tour нь өдгөө БНСУ-ын гуравдагч шатлалын их сургуулийн нэгдсэн эмнэлэг болон мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй эмнэлэгтэй хамтран ажиллаж, хорт хавдар, дотор, нуруу нугас, тархи мэдрэл, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар, оношилгоо эмчилгээнд зуучилж байна. Түүнчлэн Солонгос улс нь эрүүл мэндийн цогц шинжилгээг хамгийн оновчтой, хурдан шуурхай хийдгээрээ алдаршсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс Солонгос улсыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ажээ.