Хүмүүс өдөр тутамдаа бээлийг гараа дулаан байлгах, стиль имиж, хувцаслалтдаа өнгө төрх нэмэх зориулалтаар өмсөх нь түгээмэл. Гэтэл бээлийнд хүний гарыг аливаа хүнд хүчир болоод нарийн мэргэжлийн ажил хийх үед гэмтэхээс хамгаалах, тусгай хэрэгцээгээр өмсөх, нар, салхинд хуурайшиж, түлэгдэхээс сэргийлэх зэрэг эрүүл мэнд, гоо сайхны хэрэгцээнд нийцсэн үүрэг ч бий. Тиймээс бээлий сонгохдоо яг л хувцас худалдан авч буйтай адил өөртөө тааруулж, хэмжээ, размераа тохируулах нь чухал. Тэгвэл монгол хүний гар хурууны хэлбэр, хэмжээнд таарсан бээлийг Mon Gloves ХХК 28 жилийн турш европ стандартын дагуу үйлдвэрлэж байна. Тэд салбарынхаа ууган үйлдвэрлэгч юм.
Уламжлал ба инновацын хослол
Өнгөрсөн зууны 80-аад онд “Савхин эдлэлийн үйлдвэр”-ийн бээлий үйлдвэрийн тасагт үйлдвэрлэдэг цэвэр арьсан бээлийг сэрүүн уур амьсгалтай Канад, Финланд улс руу экспортолдог байжээ. Тус үйлдвэрт Чех улсад туршлага судалж, дадлагажсан мэргэжлийн оёдолчид, эсгүүрчид, мөн гадаадад мэргэжил эзэмшсэн хөнгөн үйлдвэрлэлийн технологичид ажилладаг байв.
Санхүүгийн мэргэжилтэй Т.Нэмэхбуян (Mon Gloves ХХК-ийн үүсгэн байгуулагч) бээлий үйлдвэрийн тасагт ажиллах оёдолчин ээжийнхээ зөвлөснөөр 1984 онд тооцооны ажилтнаар орж, тэндээ Ардчилсан шилжилтийн үе хүртэл ажиллажээ. Тэрбээр хүүхэд наснаасаа бээлий үйлдвэрлэлийг харж өссөн ч ирээдүйн ажил, амьдрал нь энэ салбарт өрнөнө чинээ төсөөлөөгүй явж.
1996 онд улсаас тус үйлдвэрийг хувьчилж, тоног төхөөрөмжүүдийг зарахад Т.Нэмэхбуян нөхөртэйгөө зөвлөлдсөний үндсэн дээр хэдэн оёдлын машин, индүү худалдан авснаар өрхийн түвшинд бээлий үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Тэд бээлийний размер, материал сонголт, эсгэлт, оёдол, хийцийн чанар, стандартаа хуучин тасгийн үйл ажиллагааны шат дамжлагатай ижил хэмжээнд явуулдаг байжээ. Мэргэжлийн оёдолчин ээжийнх нь зөвлөгөө, дэмжлэгээс гадна оёдлын машин, индүү зэрэг үйлдвэрлэл амжилттай явуулах суурь бааз бүрэн бүрэлдэж чадсан нь ур хийц сайтай, өмсөхөд эвтэйхэн, зүссэн мэт тэгш оёдолтой бээлий үйлдвэрлэгдэх эхлэлийг тавьж, хэрэглэгчид өөрийн эрхгүй л татагдах болсон юм.
Улмаар бичил үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж, бүтээгдэхүүний тоо ширхэг өссөн тул мэргэжлийн оёдолчин шинээр ажилд авч, тоног төхөөрөмжөө нэмж, бүтээгдэхүүнүүд нь төрөлжиж эхэллээ. Ингээд бизнесээ компанийн статустай болгохоор шийдсэнээр 2000 онд Mon Gloves компаниа байгуулсан түүхтэй. Тухайн үед тус компани масс үйлдвэрлэлээс гадна тусгай болон захиалгат бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байв. Тусгай гэдэг нь тэднийг зориод ирэх хүний захиалгыг нэг гэж голохгүйгээр хийж өгдөг байсан нь бусдаас ялгарах үйлчилгээний чанар болж тогтжээ.
Mon Gloves компани мотоциклын бээлийг стандартын дагуу үйлдвэрлэж эхэлснээр дотоодын үйлдвэрлэгч дундаа анхдагч болжээ.
28 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй өнөөдрийн “Mon Gloves” компанийг өдгөө тэдний хүү Б.Болдбаяр уламжлан авч, гурав дахь үеийн үйлдвэрлэгч болж, дотоодын бээлий үйлдвэрлэлийн салбарт хувь нэмрээ оруулж явна. Тэрбээр компанийнхаа үйл ажиллагааны үндсэн чиглэл болох масс захиалга, мэргэжлийн хэрэглээ, гангараа, тусгай захиалга дээр нэмээд өөрийн гэсэн онцлогтой бүтээгдэхүүн буюу мотоцикл, цана, чарганы мэргэжлийн бээлийг үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрлэгчид дундаа анхдагч болжээ.
Бээлийнүүдийнхээ загвар, дизайны үлгэрээ тэр өөрөө гаргадаг. Тухайлбал, мотоциклын бээлий үйлдвэрлэх сэдэл түүнд шууд төрөөгүй, нэгэн гоёлын бээлийний чимэг болох бондгор деталиудаас эхлэлтэй ажээ. Тэрхүү гоёлын бээлийний шийдэл мотоцикл унадаг залуусын сонирхол хэрэгцээнд ойрхон очсон нь таалагдсаны зэрэгцээ асууж сураглах залуус ч их байдаг тул шинэ төрөл, шинэ хэрэгцээг олж харсан юм. Дээрх хоёр төрлийн бээлийг монгол ямааны арьсаар хийдэг тул импортын хагас болон дуураймал арьсаар хийсэн чанаргүй бээлийнээс хавьгүй илүү чанартай. Мөн тодорхой брэндийн импортоор орж ирсэн үнэтэй бээлийнээс өртөг багатай худалдан авалт гэдгээрээ ашигтай сонголт юм. Мэргэжлийн ямар ч төрлийн бээлийг урлахад хүний хэрэгцээг бүрэн хангаж, эдэлгээ даах чанараараа монгол ямааны арьс онцгой ач холбогдолтой.
Таны гарт тохирох гар урлалын бүтээгдэхүүн
“Mon Gloves” компанийн мэргэжлийн бээлийний алган хэсэгт давхарлах арьс болон бусад хэсэгт орох хуванцар хамгаалалт нь өмссөн хүнээ нэг удаа гэмтэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор хийгддэг. Энэ нь ч мэргэжлийн ажил гүйцэтгэх үеийн хэрэгцээг хангаж, тухайн хүнийхээ гар, хурууг нэг удаа хамгаалж чадах зөв шийдэл, хийц ажээ. Үүгээрээ бусдаас ялгарах тул протезын бээлий хийлгэхээр тус компанийг зорих хүн цөөнгүй байдаг. Тэр тоолонд тухайн хүний гар, хурууны онцлогт нийцсэн бээлийний үлгэрийг гарган, эцсийн бүтээгдэхүүнээ хийж, хэрэглэгчийн гарт хүргэхдээ “Бээлийний үлгэрээ хадгалах, дараа шаардлагатай үедээ авчирч, бээлий дахин хийлгээрэй” хэмээн захидаг байна. Ямар ч төрлийн тусгай бээлий буюу нэг ширхэг хос бээлий хийх нь цаг хугацаа, материалын зардал ихтэй, ашиггүй гэдгээрээ татгалзах магадлалтай захиалга аж. Материалын зардал харьцангуй өндөр гэдэг нь тухайн бээлийг хийхийн тулд түүхий эд болох арьсны голоос арьсаа ижилсүүлэхээр тайрч хайчлан авдаг байна. Гэвч тэднийг зорьж ирэх хүмүүсийнхээ онцлог, нөхцөл байдлыг нүдээр харж, мэдрэх тул хүссэн бүтээгдэхүүнийг нь хийж өгч туслах хүсэл, санаа аясаараа төрдөг хэмээн Б.Болдбаяр онцолж байлаа. Энэхүү чин сэтгэл нь үйлчлүүлэгчдэд мэдрэгдэж, өөр шигээ бээлий хийлгэх хэрэгцээтэй хүмүүст тэд Mon Gloves компанийг зааж өгдөг байна.
Мэргэжлийн ямар ч төрлийн бээлийг урлахад хүний хэрэгцээг бүрэн хангаж, эдэлгээ даах чанараараа монгол ямааны арьс онцгой ач холбогдолтой.
Бээлий гэдэг гар, хурууны бүрэн бүтэн байдал, арьсны эрүүл мэнд, гоо сайхныг хамгаалах зориулалттай хэрэгсэл учраас чанартай бүтээгдэхүүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс л оёж, эсгэдэг. Mon Gloves компанид ажилладаг оёдолчид, эсгүүрчдийн зарим нь дээр дурдсан “Савхин эдлэлийн үйлдвэр”-ийн бээлий үйлдвэрийн тасагт ажиллаж байсан мэргэшсэн хүмүүс, тэдний шавь нар аж. “Манай бүтээгдэхүүнүүдийг мэргэшсэн, мэргэжлийн оёдолчин, эсгүүрчид бүтээдэгт бахархдаг. Тэвчээртэй нь хийх үйл тул бээлийг мэргэжлийн хүмүүс л урлаж чадна. Түүнээс хувцас эсгэдэг эсгүүрчин болон оёдолчин бүр хийж чадахгүй. Хуруунд яг таарч, өмсөхөд оёдол нь эргэхгүй, гарын хөдөлгөөн хорихгүй, эвтэйхэн байхаар эсгэж, оёно гэдэг мэргэжлийн чадварыг сойх шалгуур мөн” гэж Б.Болдбаяр онцолсон билээ.
Өнгөрсөн онд Mon Gloves компани үйлдвэрийн байраа өргөтгөж, дэргэдээ нэрийн барааны дэлгүүрээ нээжээ. Тус дэлгүүртээ өөрсдийн үйлдвэрлэсэн бүх төрлийн бээлийгээ борлуулж байна. Харин тэд ирээдүйд бүх төрлийн бээлий үйлдвэрлэгч болох хэтийн зорилготой ажилладгаас гадна бээлийний төрөлжсөн дэлгүүр байгуулахаар төлөвлөөд буй.
Үйлдвэрлэгчдийн “гар мухардах” бэрхшээл
Хүний нөөцийн хомсдол оёдлын салбарт ч ялгаагүй тулгамдсан асуудлуудын нэг. Ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн тоонд Ковид-19 цар тахал багтаж буйг хүн бүхэн мэднэ. Хөл хорионд гэрээсээ ажиллах нь зарим хүнд тохиромжгүй, үр бүтээлгүй санагдсан бол өөр нэг хэсэгт хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч, авах зэргээр арын асуудлуудаа шийдэх боломж олгодог ажил эрхлэлтийн хэрэгтэй хэлбэр болж байв.
Үүнийг анзаарсан Mon Gloves компанийн удирдлага цар тахлаас хойш байгууллагын үйл ажиллагааны тулгын чулуу болсон чадварлаг, мэргэжлийн оёдолчдоо уян хатан нөхцөлөөр ажиллуулах болжээ. Энэ нь нэг талаар, ажилтнуудаа хайрлах, нөгөө талаар, мэргэшсэн оёдолчдоо тогтвортой ажиллуулах, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх үүднээс гаргасан шийдвэр байв. Тухайлбал, тэд үйлдвэрлэлийн эхний шат болох эсгүүрүүдийг гэрт нь хүргэж өгч, оёулж дууссаныхаа дараа очиж авдаг аж.
Mon Gloves компани бүтээгдэхүүний чанартаа байнга анхаарч, тогтмол сайжруулж ажилладаг. Чанарыг сайжруулах, төрөл, хүчин чадлаа нэмэх, цалингаа өсгөх зэрэгт хөрөнгө оруулалт агаар ус мэт хэрэгтэй. Тэр дундаа, ажилтнуудынхаа цалинг нэмэхийн тулд тухайн компани ашигтай ажиллах ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм ч учраас тэд үйлдвэрлэлээ хоёр ангилж, нэг хэсэг хүчээ масс үйлдвэрлэлд, нөгөө хэсгийг тусгай захиалгад чиглүүлж буй. Масс үйлдвэрлэл нь тус компанийн санхүүгийн гол эх үүсвэр юм. Энэ ч үүднээс төрийн байгууллагаас зарласан аливаа тендерт оролцох, байгууллагын нормын захиалга, улирлын чанартай үйлдвэрлэлд хамтрах зэрэг нь Mon Glove компанийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, тогтмол зардлуудаа хангах санхүүгийн үндэс болдог.
Төрийн зүгээс үйлдвэрлэгчээ дэмжихээр хэрэгжүүлж буй бодлого зорилтот хэсэгтээ хүрч чадахгүй байхад, арилжааны банкнууд зээл хүссэн компанийн үйл ажиллагааны түүхийг судалж, түүнд үндэслээд тохирох зээлийг олгон дэмжиж ажиллаж буй нь илүү бодитой алхам болж буй.
Өдгөө тэд үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл” -д хамрагдах хүсэлт гаргахад арилжааны банкны зээлтэй гэх шалтгаанаар тохирох зээл олдохгүй нөхцөлд байна. Гэтэл ажлын байр бий болгож буй гол хүч бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид. Төрийн зүгээс үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй бодлого зорилтот хэсэгтээ хүрч чадахгүй байхад, арилжааны банкнууд зээл хүссэн компанийн үйл ажиллагааны түүхийг судалж, түүнд үндэслэн зээл олгох шийдвэрийг гарган, дэмжин ажиллаж буй нь илүү бодитой алхам болж буй. Хэдий үйлдвэрлэгчдийн хувьд арилжааны банкнаас зээл авах нь таатай боломж хэдий ч эргээд өндөр хүүгийн дарамтад орох нь бий. Харин үүний оронд төрөөс олгож буй бага хүүтэй зээлд хамрагдсан бол ажилтнуудынхаа цалинг нэмж, бараа материалаа татаж, бүтээгдэхүүнээ чанаржуулж, төрөлжүүлэхэд төвлөрөн ажиллаж, үйл ажиллагаагаа илүү хөгжүүлэх боломжтой болно гэдгийг Mon Glove компанийнхан онцолж байлаа.