МаркетИнтел компанийн үүсгэн байгуулагч, жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлтийн зөвлөх Б.Зулбаярын жижиг дунд бизнесүүдэд зориулсан зовлөмжүүдээс хүргэж байна.
***
Хүн бүр л мөнгөний эрэлд гарч байна. Бүхий л салбарт жижиг, том ялгаагүй бизнес эрхлэгчид мөнгө хайсаар байгаа. Олон улсын төв банкууд ковид цар тахлын үед мөнгөний нийлүүлэлтийг хумих, инфляцыг буулгах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж, зээлийн шалгууруудыг нэмэгдүүлсэн. Манай улс ч энэ зарчмыг баримталсан юм.
Гэвч дээрх шийдвэрийн үр дүнд манай улсын хэмжээнд мөнгөний олдоц багасаж, зээлийн түүхгүй, барьцаа хөрөнгөгүй жижиг дунд бизнесүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь байтугай бизнесээ хэвийн явуулах эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдаж чадахгүйд хүрлээ. Одоогоор манайд олон улсын байгууллагын эсвэл засгийн газрын зорилтот хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлээс бусад бүх бизнесийн зээл дунджаар жилийн 18%-аас дээш хүүтэй байна. Тиймээс барьцаа хөрөнгө болон зээлийн бусад шаардлага хангахгүй, эсвэл зээлийн хүү өндөр гэж үзсэн бизнес эрхлэгчид бусадтай хамтрах хүсэлтэй болжээ. Тэд ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах, олон улсын зах зээлд гарах сонирхлоор гаднаас хөрөнгө оруулалт хайх сонирхолтой болсон байна.
Аж ахуй нэгж, эсвэл хувь хүн өөр улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах, санхүүжилт татах хэлбэрээр хийсэн хөрөнгө оруулалтыг гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) гэнэ.
Өнгөрсөн онд Монгол улсад гурван тэрбум гаруй ам.доллар ГХШО хэлбэрээр орж ирсэн ба үүний дийлэнх (~80%) нь буюу 2.4 тэрбум ам.доллар нь уул уурхайн салбарт орж ирсэн байна (Зураг 1). Харин худалдаа (9%) болон санхүүгийн салбарт (3%) нийтдээ 372 сая орчим ам.долларын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд орсон аж (Зураг 2). Харин хөнгөн хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг орж ирээгүй байна.
Тиймдээ ч гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамрагдаж байгаагүй салбарын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт татах, олон улсын туршлагатай хамтрагчтай болох талаар суралцах зайлшгүй шаардлагатай байгаа нь дээрх мэдээллээс ажиглагдаж байна.
Байгалын нөөц, түүхий эд
Компаниуд ашигт малтмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэр болон үйл ажиллагаандаа шаардлагатай материал, нөөц боломжийг олж авахын тулд гадаадын улс орнуудад хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах, тариалангийн зорилгоор газар худалдаж авах, эрчим хүчний болон бусад дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, дотоодын ханган нийлүүлэгчидтэй түншлэх зэрэг янз бүрийн хэлбэрээр хөрөнгө оруулалтын салбарт хамтардаг.
Шинэ зах зээл, хэрэглэгчид
Компаниуд шинэ зах зээлд нэвтрэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, гадаадын компаниуд харилцагч, хэрэглэгчийн баазаа тэлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд ГШХО хийнэ. Мөн өөр орны зах зээлд хөрөнгө оруулах нь компаниудад бизнесийн эрсдэлээ төрөлжүүлэх боломжтой. Нэг зах зээлд уналтад ороход нөгөө зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Түүнчлэн энэ нь тухайн компанид өрсөлдөөний давуу тал бий болгодог.
ГШХО-аар дамжуулан шинэ зах зээлд гарснаар олон улсад өрсөлдөхөд илүү давуу тал болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулан шинэ зах зээлийг эрэлхийлэх нь бизнесээ дэлхийн хэмжээнд өргөжүүлэх, дэлхийн өнцөг булан бүрд шинээр гарч ирж буй боломжуудыг ашиглах стратегийн том алхам болдог.
Үйлдвэрлэлийн зардал бууруулах боломж
1980-аад оноос Барууны компаниуд БНХАУ-д хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрүүдээ нүүлгэснээр БНХАУ-ын эдийн засаг сэргэж эхэлсэн түүхтэй. Одоо Вьетнам, Лаос, Камбож зэрэг зүүн өмнөд Азийн улс орнууд Хятадын зарчмаар хөрөнгө оруулалт татаж байна. Компаниудын ГШХО-д хийх гол шалтгаануудын нэг нь гадаад зах зээлд ажиллах хүч, түүхий эд, газар хямд учраас үйлдвэрлэл эрхлэхэд ашигтай байдаг. Тиймдээ ч өртөг багатай улс орнуудад үйл ажиллагаагаа явуулснаар компаниуд нийт зардлаа бууруулдаг байна.
Мөн хямд ажиллах хүч, бүтээмжийн өсөлт, татварын хөнгөлөлт эдэлснээр бизнесийн зардлаа бууруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болохын зэрэгцээ ашиг орлого нэмэгдэн, урт хугацааны тогтвортой байдалд хүрэх боломжтой юм.
Шинэ технологи, ноү-хау суралцах боломж
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар өөрийн оронд байхгүй дэвшилтэт технологи, ноу-хау руу нэвтэрснээр өөрсдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ технологи, үйл явц, инновацыг олж авах боломжтой. Ийнхүү ГШХО-ыг стратегийн хувьд ашиглан шинэ мэдлэг, технологи олж авснаар, компаниуд дэлхийн зах зээлд урт хугацаанд өрсөлдөх боломжоо нэмэгдүүлдэг.
Санхүүгийн зах зээлийн төгс бус байдлыг ашиглан ашиг олох
Санхүүгийн зах зээлийн төгс бус байдал гэдэг нь мэдээллийн тэгш бус байдал, гүйлгээний зардал, зохицуулалтын саад бэрхшээл, тухайн хүлээн авагч улсын санхүүгийн зах зээлийн үр ашиггүй байдал зэргийг хэлдэг.
Гадаад зах зээлд хөрөнгө оруулах нь компаниудад өөр өөр улс орон, бүс нутгуудад эрсдэлээ төрөлжүүлэх боломжийг олгодог. Энэхүү төрөлжилт нь эх орныхоо эдийн засгийн уналт, улс төрийн тогтворгүй байдал, валютын ханшийн хэлбэлзэлтэй холбоотой эрсэдлийг бууруулахад тусалдаг.
Мөн гадаад хөрөнгө оруулагч нь тухайн улсын дотоодын өрсөлдөгчидтэй харьцуулахад өөрийн салбар, технологи, зах зээлийн талаар илүү сайн мэдээлэлтэй байж болно. Тэгвэл энэхүү мэдээллийн давуу талыг ашиглан гадаадын хөрөнгө оруулагчид нь өөрийн орны санхүүгийн хямд эх үүсвэрийн тусламжтайгаар, дотоодын хөрөнгө оруулагчдын анзаараагүй буюу мэдэхгүй хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, ашиглах боломжтой.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын санхүүгийн зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийж, хямдаар үнэлэгдсэн биет болон санхүүгийн хөрөнгө, үнэт цаасыг худалдан авах, өөрсдийн мэдлэг чадвараар бодит үнэ цэнийг гаргаж ирэх замаар ашиг олох боломжийг хайдаг. Тэгэхээр ГШХО хийдэг гол шалтгаануудын нэг нь санхүүгийн зах зээлийн төгс бус байдлыг ашиглан бизнесийн ашиг олох зорилго юм.