“Санхүү өгнө, авна” төслийн эхний үе шат болох гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай бодитоор өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №6.
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл бодол бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү.
***
Медикал тур хийдэг байхад фэйсбүүкээр ихэвчлэн зарладаг эрүүл мэнд, эмчилгээний хандивын хөтөлбөрүүдийн дунд “залилан” гэж болох олон тохиолдлыг ажигласан. Харааны төрөлхийн бэрхшээлтэй нялх хүүхдээ тэврээд хандив гуйдаг. Тэр нь амьжиргааных нь эх үүсвэр болчихсон эцэг эхтэй ч таарч байлаа. Тэрнээс хойш “Буян”, “Элэг бүтэн амьдрал”, “Амьдрал хайрла” гэх мэт эмчилгээний хандивын хөтөлбөрүүдэд сохор зоос ч шилжүүлээгүй. Харин эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилготой эмнэлгүүдийн орлогч дарга нарын гарын үсгээр баталгаажсан мэдээлэлтэй, хандивын шилэн данстай, үр дүнг нь мэдээлдэг гэх мэт шийдлүүдтэй эмчилгээний хандивын сайт хийхээр ажиллаж байлаа. Стратегийн алдаатай шийдлүүд, IT компанийн буруу сонголт, санхүүжилтын тасалдал зэргээс хамааран ажил болоогүй. Хүмүүсийн хандлага өндөр байсан ч энэ төслийн тухай мэдэх цөөн хэдэн хүний дунд би “худ гар” л болж дууссан юм. Одоо эргээд бодоход:
- Гоё үгийг хэн ч хэлж чадна. Гэхдээ чиний нүүрэн дээр ирээдүйн Шагдар биш гэсэн баталгаа алга байна ш дээ гэсэн киноны эшлэл санаанд ордог.
Дээр дурдсан төсөл уг нь гоё байгаа биз дээ? Даанч дурдсанчлан стратегийн хомсдол, чадавхи, мөнгөн урсгал зэргээс болж бүтэлгүйтсэн юм. Азаар хохирсон хүн байхгүй. Шагдар гэх дүрийг хувь хүн талаас нь өмгөөлөх өнцөг байж болох ч хэрвээ энэ хөрөнгө оруулалт, санхүүжилтын харилцаа байсан бол өмгөөлөх өнцөг олоход хэцүү. Хүмүүсийн хохирдог шалтгаан үндсэндээ “гоё үг”-нд итгэснээс л болдог.
Миний таньдаг нэг бизнесмен Шагдар бий. Хүмүүсийн сонирхдог сэдэв (Юуг нь хэлчихээр мэдчих гээд байшд) барьж аваад олон нийтийн санхүүжилтын хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Харамсалтай нь төслүүдийнх нь үр ашиг маш багын дээр, тэдний дампуурлын индекс өндөр. Шалтгаан нь тэр хэзээ ч стратегийн тухай бодож, асуудалд системтэй хандаж байсангүй. Ажлыг ойрын 2, 3 хоногоос цааш бодож байгаагүй байх. Стратегийн хомстол нь тэдний гүйцэтгэлийн үр нөлөөг бууруулж, ажил бүр нь “гал унтраах” зорилготой болчихсон. Системгүй ажил бүр үр нөлөөгүй л байдаг. Энэ нь ажил бүрийнх нь уялдаа холбоог алдагдуулж, нэг ажлыг дахин дахин хийх нөхцөл үүссэн. Гэнэт гэнэт орж ирдэг сьюрприз бодлууддаа шийдэл хайна. Энэ мэт нөхцөлүүд нь ажилтнуудыг нь залхаажээ. Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа нь 137 хоног байдгаас шалтгаалан хуучин түншүүд гэж бараг үгүй. Гэнэн, тэнэгтээ л би сүүлд очиж, ажиллах гэж үзсэн байх. За тэр ч яахав. Би түүнийг гурван жилийн дотор Монголоос зугтана гэдэгт 80% итгэлтэй байдаг. Стратегигүй, өрсөлдөх чадваргүй, өр ихтэй хүмүүс ийм сонголт хийх нь олон л доо. Хараал биш таамаглал юм.
Бас нэг Шагдар бий. Өөр нэг сонирхолтой сэдэв барьж аваад, түүнийхээ хүрээнд цөөнгүй компани болон ТББ-уудыг байгуулжээ. Тэднийх нь ажил хог хог. Гэхдээ мань Шагдар өөрөө баян. Тэр гоё үгнүүд, санаачилгууд бүгд улс төрийн зорилгоор ашиглагддаг. Хэдхэн хоногийн өмнө түүнтэй “ажлыг маань улс төрд ашиглалаа” гээд жижигхэн хэрүүл хийчихээд л сууж байлаа. Ганц би ч биш. Минийхээс ялгаатай нь тэдний хэрүүлийн сэдвүүд мөнгө тойрсон байдаг. Ядуу байх чинь хааяа бас жаргал юмаа. Ххэ.
Шагдарууд хэрхэн бий болдог вэ?
Хүмүүс хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үедээ “сохорчихдог”. Тэд хэт өндөр өгөөж, эсвэл гоё үгнүүдэд хууртчихдаг. Энэ нь Шагдаруудын хувьд “олз” болдог. Хөрөнгө оруулалтын шийдвэр гэдэг бол ашиг олоход чиглэсэн цогц үйл ажиллагааны үр дүнд явагдах ёстой. Яахын тулд ер нь санхүүгийн аудит байдаг билээ дээ. Гэхдээ энэ нь нэг л жишээ. Стратегигүй, өрсөлдөх чадваргүй, чадавхигүй, санхүүгийн үндэслэлгүй бизнесүүдийн тухай бид цөөнгүй мэднэ. Би ч олон ярьсан. Гэвч хөрөнгө оруулалтад эдгээр зүйлс тусдаа хэрэгтэй. Ер нь бол “Мөнгөтэй бүхэн хөрөнгө оруулагч болдоггүй” гэсэн ганц өгүүлбэр хэлэх гэж баахан оршилдлоо шд.
Жич: Өмнөх бичвэрүүдийг дандаа уурандаа бичиж байсымаа. Стрессээ тайлаад байгаамуу яагаад байгаан. Өнөөдөр уг нь ууртай байсан чинь НӨАТ-ын сугалаанаас бүр хоёр баримтаар мөнгө хожчихсон байшд. Тэгээд сайхан ааш хөдлөөд, “ххэ” гэдгийг яасан ч олон ашиглаж байна даа. Даваадорж (бизнес.мн-н ерөнхий редактор) л нийтлэл нэхээд байхаар нь бичиж байна. Тэрнээс ийм баяртай сэтгэлзүйтэй олигтой юм гарахгүй шинжтэй байна шүү. Заза, дандаа гурав дөрвөн хуудас юм бичдэг хүн чинь хуудас хагастай дуусгах нь бас хайшаа ч юм. Цаашаа явъя даа.
Тиймээ нөхөд минь, Мөнгөтэй бүхэн хөрөнгө оруулагч болдоггүй. Энэ бүхэн мөнгөтэй хүмүүс Шагдаруудын олз болоход хүргэдэг. “Олз”-нууд хандлагын хувьд нийтлэг гурван алдаа гаргадаг. Үүнд:
Нэг. Хүнс юм чинь ашигтай
Хөрөнгө оруулалтын хэлцлийн үед хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа мартчихдаг. Сайн стратегийн нэг хэв шинж нь зах зээлийн тодорхой онцлогийг, өөрийн давуу талтайгаа зөв хослуулахад оршдог. Харин давуу талгүй бол алдагдалд орох магадлал өндөр. Давуу тал нь хөрөнгө оруулалтаас гадна тухайн салбарын мэдлэг, систем яаж ажилладаг тухай бодит мэдээлэл юм. Хөдөө явж үзээгүй шахам байж, хөдөө аж ахуйн салбарт “Хүнс юм чинь ашигтай” гээд хүнсний бизнест ордог хандлага түгээмэл байдаг. Хүнсний үйлдвэрлэл чинь манай улсын бизнес регистрийн сангийн 88 дэд салбарт амжилтын түвшингээрээ 63-т ордог (2021 он) юм шүү дээ. Хувийн эрүүл мэндийн салбар ч бас тогтворгүйн дээр санхүүгийн нээлттэй ил тод байдлыг хангахад хүнд байдаг. Яанаа, энэнээс болоод хоёр найз хоорондоо муудаад, намайг зохицуул гээд, би зугтаагаад яваад байгаа. Анхнаасаа “хэрэггүй” гэж хэлж байхад…
Бидний хувьд хувьцаа болон бондыг онолын түвшинд л мэдэх тул энэ чиглэлд ажилладаггүй. Хүмүүс их мөнгө хийгээд байхыг нь хараад ормоор санагддаг л даа. Харин тусгай зохицуулалтгүй, жижиг дунд бизнес, түүний хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт дээр хүнд амлах хэмжээний intelligence-г бий болгож чаджээ. Энэ дунд маш их ялгаа бий. Тиймээс хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компани болон төслийнхөө ажиллах гэж байгаа салбарын талаар та хэр мэдэх вэ гэдгээ анхаарах шаардлагатай. Салбарын мэдлэг та бүгдэд боломж, эрсдэлийг бүрэн танихад тусална.
Хоёр. Баг чухал
“Манайх мундаг багтай” гээд олон мундаг хүмүүсийн зураг тавьсан питч харж явсан маань 100 хол давна. Харамсалтай нь бодит бизнес болсон нь маш цөөхөн. Харж явснаас тоолж явсангүй тул хэмжиж мэдэхгүй байгааг минь уучлаарай. Яагаад?
Би ч бас “Трютлайз”-ыг байгуулахдаа “сонирхогчидтой ажиллахгүй” гэж хатуу шийдсэн байсан билээ. Энэ шийдвэртээ үнэнч байсан л гэж өөрийгөө үздэг. Түүнийх нь хэрэг ч гарсан, гарч ч яваа. Гэхдээ энэ олон эго өндөртэй хүнийг хооронд нь нийлүүлж, бодит үр нөлөө бий болгох гэж бас л чамгүй ажил болдгийг нуух юун. Бодит үнэ цэн бий болгоход багийн гишүүдийн дунд бий болсон нийтийн зорилго, хувийн эрх ашиг, хэрэгцээ, хамтын ажиллагааны хэлбэр, зохицуулагдах хууль, багийн дунд үүссэн соёл гэх мэт нөлөөлнө. Энэ бүгдээс дахин дахин хэлдэг intelligence бий болно. Business intelligence бол чадамжийн хамгийн чухал хэсэг. Хүн биш, intelligence. Түүнээс урган гарах мэдлэг, стандарт, ур чадвар, процесс гэх мэт мэргэжлийн хандлага, цогц ойлголт.
Хүн биш, процесст итгэх нь тухайн багийн гишүүдийг бодитоор үнэлэх суурь хандлага юм. Энэ хандлагагүйгээр бизнесийн чадамжийг бодитоор үнэлэх боломжгүй. Яаая, би нээрээ өөртөө арай л итгэлтэй гусчийнаа. Гэхдээ л энэ алдаа л харагдаад байдаг юм чинь. Та нар бодоод үзээрэй.
Гурав. Сайхан сэтгэл
Бүх төрлийн хамтын ажиллагааны өмнө би нөгөө талдаа “Би бол хүн чанар, хүний сайхан сэтгэлээ уландаа гишгэсэн, хөөтэй хар, хөмөрсөн тогоо шиг сэтгэлтэй хүн” гэж өөрийгөө ил тод хэлдэг. Энэ нь надад яригдаж байгаа хамтын ажиллагаанд рационал хандах сэтгэл зүйн суурь болдог. Рационал хандаж байгаа тул тоог хаан гэж үзэж эхэлдэг. Ашиг олохын тулд хөрөнгө оруулалт хийж байгаа, хамтарч ажиллаж байгаа гэдгийг маань өөрт болон нөгөө талд маань мартуулдаггүй.
Үүгээр сайхан сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Ивээн тэтгэлэг хийх гэж байгаа бол та нарт сайхан сэтгэл хэрэгтэй байх. Хөрөнгө оруулалт бол өөр. Түүнээс гадна нийгэм болон байгаль орчны чиглэлд хөрөнгө оруулагчдыг тусад нь impact investor гэж нэрлэдэг. Үүнийг хийхэд ч рационал хандлагаас гадна өмнө ярьсан intelligence, түүний өмнө ярьсан экспертиз чухал. Эрүүл мэндийн хандивын сайтын хөдөлгөгч хүч нь их олон хүний сайхан сэтгэл байлаа. Даанч тэр сайхан сэтгэлийн нийлбэрүүд бараагүй л дээ.
Миний бичлэг болгондоо дурсдаг Жаргал эгч ч эхийн сэтгэл, хөдөө нутаг, эрүүл монгол хүнсний тухай сайхан сэтгэлийн үлгэр ярьж, багагүй мөнгө татан төвлөрүүлсэн. Харамсалтай нь бүгд гомдож явдаг даа. Нэг удаа бид санамсаргүй таарцгаагаад “Жаргал эгчид гомдогчдын холбоо гээд ТББ байгуулъя” гэж баахан маазарч билээ.
Эцэст нь…
Мөнгөтэй бүхэн хөрөнгө оруулагч болдоггүй. Хөрөнгө оруулалт бол мэргэжлийн ажил. Энэ ажлыг мэдлэг, стандарт, ур чадвар шингэсэн процессоор явуулж, үр дүнгээ хууль зарчмын өмнө хамгаалах байдлаар явуулдаг. Цаашлаад хөрөнгө оруулалтын стратеги, дүн шинжилгээ, хэлцлийн процесс, хөгжүүлэлт, гарах стратеги, эрсдэлийн шинжилгээ, санхүүгийн олон төрлийн арга зүй ашиглах шаардлагатай болдог. Зөвхөн өөрсдийн ашигладаг арга зүйгээр тайлбарлая гэвэл хэдэн сарын ажил болох биз. Одоо бүгдээрээ хөрөнгө оруулалт, санхүүжилтын харилцаанд орохдоо пивоний ширээний ард, хуурай нойтон ах дүүгийн сэтгэлээр ажиллахаа больцгооё. Мэргэжлийн хандлагагүй байдал нь их олон Шагдар төрөх боломжийг олгож байна.
- Гоё үгийг ямар ч бизнесмен хэлж чадна. Гэхдээ тэдний нүүрэн дээр ирээдүйн Шагдар гэсэн бичиг байхгүй шд.
За за, бичвэр маань дөрөв дэх хуудас руугаа орчихлоо. Энэ бичвэрт жаахан сторинууд дутчихлаа тэ? За яахав яахав, дараа нь ярьж болно биз.
Byeeeee ;p