“Papa ачаа тээврийн платформ” мэдээллийг хурдан боловсруулж оновчтой дамжуулах замаар тээвэр ложистикийг илүү ухаалаг, хялбар хүртээмжтэй болгож, уг салбарын уламжлалт харилцааг дараагийн түвшинд гаргах алсын хараатай.
Бид бүгдээрээ тээвэр ложистикийн хэрэглэгчид мөн
Тээвэр ложистик бол олон нийтэд ойр сонсогдохгүй ч үнэндээ бидний амьдралд хамгийн хамаатай зүйл. Дэлгүүрт ороод импортын ямар ч бараа худалдаж авсан үнийнх нь 26-30 хувь нь тээврийн зардал байдаг. Энэ утгаараа Монголын 3.5 сая хүн бүгдээрээ тээвэр ложистикийн хэрэглэгчид мөн. Харин АНУ-д дээрх тоо 5-8 хувь, БНХАУ-д 6-9 хувь байдаг бөгөөд бусад оронтой харьцуулахад бид олсон орлогоосоо 2-3 дахин илүү мөнгийг тээвэр ложистикт өгдөг гэсэн үг. Ийм учраас Монгол Улс тээврийн салбарт дэлхий дахинаа өрсөлдөх чадвараар сул. Үүнийг Дэлхийн банкнаас гаргадаг ложистикийн гүйцэтгэлийн индексээр манай улс 2023 оны байдлаар 139 орноос 97-д бичигдсэнээс харж болно.
Нөгөө талаар, ачаа тээвэр бол зөвхөн ачаа барааг нэгээс нөгөөд дамжуулах, зам барих, боомтыг өргөтгөх эсвэл тоног төхөөрөмж авах тухай яриа биш юм. Энэ салбарт тээврийг удирдахаас гадна мэдээллийг удирдах гэсэн маш чухал ойлголт бий. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлтийг үүсгэж буй бараа материалын урсгалыг зөв удирдах тухай юм. Энэ урсгалыг удирдах зөв систем, зөв менежмент, шинэ технологи, шийдэл нэвтрүүлж чадвал дээр дурдсан 26-30 хувийн зардал буурч, энэ салбарын бүтээмж дээшилнэ.
Тээвэр зуучийн компаниудын үнийн саналын мэдээллийг нэг дор төвлөрүүлснээр захиалагч олон тийш холбогдож, үнэ авах шаардлагагүй болж байна.
Импортын тээврийн дижитал шийдэл
Монголчууд дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, түүгээрээ хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг учраас импортын тээврийн хэрэгцээ маш их. Эдүгээ аж ахуй нэгж, байгууллагууд зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй тээвэр зуучийн 80 гаруй компаниас тээвэр ложистикийн үйлчилгээ авдаг бөгөөд ингэхдээ тохирох компани, үнийн санал хайхад багагүй цаг хугацаа зарцуулдаг. Тодруулбал, энэ чиглэлд мэдээллийн төвлөрсөн урсгал бий болж чадаагүй.
Харин “Papa ачаа тээврийн платформ” энэхүү асуудлыг арилгах технологийн шийдлийг санал болгож байна. Тэд тээвэр ложистикийг илүү үр ашигтай зохион байгуулах зорилготой 2021 онд үйл ажиллагаа эхэлж, эдүгээ 30 мянга орчим хэрэглэгчтэй, 10 мянга орчим тээвэрлэгчтэй 20 гаруй тээвэр зуучийн компанийг нэгтгэсэн, 194 мянга орчим идэвхтэй тээврийн үнийн санал бүхий ложистик мэдээллийн нэгдсэн платформыг бий болгоод байна.
Papa Logistic platform хувилбар 3.0 хувилбараа гаргаад удаагүй байгаа энэхүү аппликейшн нь олон улсын ачаа тээврийн үйлчилгээ авдаг компаниудын хэд хэдэн бэрхшээлийг шийднэ. Юуны түрүүнд, тээвэр зуучийн компаниудын үнийн саналын мэдээллийг нэг дор төвлөрүүлснээр захиалагч олон тийш холбогдож үнэ авах шаардлагагүй болж байна. Ингэснээр ачааны захиалгаа оруулах төдийд нийт тээвэр зуучийн компаниудад мэдээлэл нэгэн зэрэг автоматаар хүрч, эргээд боломжит үнийн саналууд, үйлчилгээний мэдээлэл хүлээн авч сонголтоо хийнэ. Жишээлбэл, тохирох компани олоход 2-3 хоног зарцуулдаг байсан бол Papa Logistic platform дээр 2-3 минут хангалттай. Мөн ачаагаа хянах, 24/7 горимоор тусламж авах бололцоотой.
“Papa ачаа тээврийн платформ” нь мэдээллийн удирдлагыг нэг цэгт төвлөрүүлж, тухайн байршилтай хамгийн ойр яваа тээвэрлэгчийг санал болгох, мөн тээвэрлэгчийг хоёр талдаа ачаатай явах нөхцөлийг бүрдүүлж байна.
Харин тээвэр зуучийн компаниудын хувьд дэргэдээ заавал мэдээллийн технологийн хэлтэс ажиллуулах, тусгай ERP систем нэвтрүүлэх шаардлагагүй тээвэр удирдлагын IT системээ үндсэндээ 100 хувь шийдчихнэ. Ингэснээр цаг хугацаа, энерги хэмнэж, урсгал зардлыг бууруулна. Хоёрдугаарт, энэ систем нь тээвэр зуучийнханд хэрэглэгчийн бүртгэлийг нь, тодруулбал, хэрэглэгчтэй харилцах сувгийг нь бүрдүүлж өгч байна. Харин гуравдугаарт, импортлогчид болон тээвэр зуучийнхны хооронд албан ёсны, найдвартай, хамгийн чухал нь, итгэлтэй харилцааг зуучилж байна.
Дотоодын тээврийг үр ашигтай зохион байгуулна
Импортоор орж ирсэн бараа, материалын урсгалыг хот хооронд болон хот дотор хэрхэн удирдахаас тээврийн өртөг ихээхэн хамаарна. Өнөөдөр манай улсын дотоодын ачаа урсгалын 95 хувь авто тээврээр явагддаг бөгөөд үүний 90 орчим хувийг хувиараа тээврийн үйлчилгээ эрхлэгчид эзэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ секторт мэдээллийн урсгалын төвлөрөл байхгүй, тээврийг үр ашигтай удирдах тогтолцоо бас л хөгжөөгүй гэсэн үг.
Хот хоорондын тээвэрт ачаа дүүргэлт нэг талдаа 65 хувьтай байдаг бөгөөд буцах чиглэлд хоосон явах тохиолдол их, хоёр талдаа ачаатай явах тохиолдол бага. Тиймээс дотоодын тээврийн үйлчилгээ эрхлэгчид тээврийн хөлсийг тооцохдоо ачааны овор хэмжээ, тоо ширхгээс гадна түлш зарцуулалт, тэр дундаа буцахдаа хоосон явах түлшээ оруулан тооцдог. Ачаа тээврийн зардал өндөр гардаг гол шалтгаан бол энэ.
Харин “Papa ачаа тээврийн платформ” нь мэдээллийн удирдлагыг нэг цэгт төвлөрүүлж, тухайн байршилтай хамгийн ойр яваа тээвэрлэгчийг санал болгох, мөн тээвэрлэгчийг хоёр талдаа ачаатай явах нөхцөлийг бүрдүүлэх замаар тээврийн өртгийг бууруулж талууд харилцан үр ашигтай ажиллах шийдэл боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатараас ачаа аваад Хөвсгөл рүү хөдөлж буй тээвэрлэгч тэндээс хоосон буцах тухай мэдээллээ оруулахад захиалагчаа төвөггүй олох юм.
Тус платформд одоогоор хувиараа ачаа тээвэрлэгч нарын 45 хувь нь бүртгэлтэй, тэдгээр нь 21 аймаг, 330 сумын хэмжээнд үйлчилж байна. Барилгын ажлын улирал эхлэхэд барилгын материал, мах бэлтгэх үеэр мал, махны тээвэр ихэсдэг. Харин сүүлийн үед өвс тэжээлийн тээвэр нэмэгдэж байгааг тус платформыг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Санжаажамц хэлж байлаа.
“Papa ачаа тээврийн платформ”-ын дотоодын тээвэрт бий болгож буй өөр нэг үр ашиг нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Тухайлбал, GS25 сүлжээ дэлгүүр уг системийг ашиглаж түгээлтийнхээ тодорхой хувьд ашиглаж буй. Ингэж ашиглахын нэг том давуу тал бий. Тухайн компани өөртөө олон тээврийн хэрэгсэлтэй байх нь элэгдэл хорогдол, засвар үйлчилгээ, шатахуун, даатгал, татвар гэх мэт урсгал зардал ихтэй. Ийм учраас “Papa ачаа тээврийн платформ” шиг албан ёсны сувгийг ашиглан шууд түгээлтийн үйлчилгээ авах сонирхолтой компаниуд олширч байна. Өөрөөр хэлбэл, компаниуд өөрсдөө тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхээс илүү ийм үйлчилгээ авах нь үр ашигтай.
Нөгөө талаар, хувиараа ачаа тээвэр эрхлэгчдийг илүү албан ёсны, найдвартай харилцагч болоход нь тусалж байна. Тэдний хувьд байнгын захиалга олж чаддаггүй, олохын тулд нэг газраа удаан сул зогсолт хийх шаардлагатай, хоосон буцалт ихтэй зэрэг нийтлэг бэрхшээл байдаг.
Тиймээс “Papa ачаа тээврийн платформ” хувиараа ачаа тээвэр эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, үйлчилгээг нь даатгалын системтэй холбох, бичиг баримтыг баталгаажуулах, НӨАТ-ын баримт шивүүлэх, албан ёсоор нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, улмаар байнгын орлоготой байлгах зэргээр бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж байна. Харин одоо энэхүү сүлжээнд импортлогч компаниудын оролцоо чухал байгааг Х.Санжаажамц онцолсон юм.
“Крантай, бүхээгтэй, хөргүүртэй, задгай тэвштэй гэх мэт хот дотор болон хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд энэ системд нэгдээд байна”.
Үнэ цэний гинжин хэлхээ
Өнөөгийн зах зээлийн орчинд хоорондоо сайн холбогдож, аль болох олон холбоост орж, синержи үүсгэсэн бизнесүүд илүү үнэ цэн бүтээж байна. Тодруулбал, холбогдож, холбогдсоноороо төрөлжиж, төрөлжсөнөөрөө ялгардаг цаг иржээ. Жишээлбэл, нэг ч бараа үйлдвэрлэдэггүй Амазон, Алибаба, нэг ч зочид буудалгүй Airbnb, нэг ч улсад такси паркгүй Uber зэрэг компани хүмүүсийн нэг нэгэндээ бүтээгдэхүүн борлуулах, хямд өрөө хөлслөх, нэг цэгээс нөгөөд хүрэх гэсэн энгийн хэрнээ чухал хэрэгцээнүүдийн зангилаа болж чаддаг. Энэ мэтээр холбоосыг үр дүнтэй ашиглаж чадсан нь хэдхэн жилд топ компаниудын эгнээнд шилжиж байна.
Нөгөө талаар, аливаа бизнесийн амжилт хэр олон байшин барилга, машин техник, тоног төхөөрөмж, хэр том дэд бүтэц эзэмшихээс илүү үйл ажиллагааныхаа чиглэлээр сүлжээнд хэр үр зангилаа байршилд очсоноор тодорхойлогдож байна. Эсрэгээрээ бөөн хатуу хөрөнгө, капитал хураасан компаниудад энэ нь давуу тал гэхээсээ илүү дөнгө болох болжээ.
Тиймээс орчин үеийн хөгжиж буй бизнесүүд үнэ цэний гинжин хэлхээ үүсгэхийг зорьж байна. Тэгж чадвал сайн гинжин хэлхээ “1+1=3” гэсэн үр дүнг үүсгэдэг. Яг л физикийн ухаанд цацраг идэвхт материалын хоёр хэсэг нийлмэгц хамтын жингээсээ хол давсан энерги ялгаруулдагтай адил.
Тээвэр ложистикийн салбарт ч энэ зүй тогтол ижил үйлчилнэ. Компани өөрөө олон машин худалдаж авахгүйгээр хувьдаа машинтай олон жолоочийг хувьдаа ачаатай олон хувь хүн, байгууллагатай холбох систем хөгжүүлж буй нь “Papa ачаа тээврийн платформ”-ын зах зээлд бүтээж буй гол үнэ цэн юм.
Ийм учраас ШУТИС-ийн Тээврийн сургуулийг ложистик тээврийн мэргэжлээр төгссөн Х.Санжаажамц, түүний хамтрагч Л.Гүнбилэг хоёр 2021 онд уг төслөө эхлэхдээ л 1990 оноос хойш олигтой дэвшил гараагүй Монгол Улсын тээвэр ложистикийн салбарын уламжлалт харилцааг дараагийн түвшинд гаргах алсын хараатай байжээ. Ингэхдээ мэдээллийг хурдан боловсруулж, оновчтой дамжуулах замаар тээвэр ложистикийг илүү ухаалаг болгох, хялбар хүртээмжтэй байлгах, ачаа тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, талуудад тулгардаг олон асуудлыг шийдэхийг зорьж байгаа аж.