Сансрын уудам нь зөвхөн Засгийн газар, сансрын болон батлан хамгаалах чиглэлийн компаниудын үйл ажиллагааны талбар байхаа больжээ. Ийм үед боломжийг уургалж авахыг хичээдэг бизнесүүд анхдагчийн давуу талыг олж авах нь.
***
Дэлхийн II дайны дараа нисэх онгоцонд суусан зорчигчид агаарын тээвэр ирэх жилүүдэд асар ихээр хөгжинө гэдгийг гадарлаагүй. 1990-ээд онд интернэттэй танилцсан хүмүүс тун удахгүй компьютер амьдралынх нь салшгүй хэсэг болно гэдгийг мэдээгүй. Тэгвэл сансрын эдийн засаг (тойрог зам, эсвэл бусад гараг дээрх хүний үйл ажиллагааг хэлж байна) нь тун удахгүй бидний амьдрах, ажиллах арга барилыг өөрчилнө гэдгийг өнөөдөр тун цөөн хүн ойлгож байна.SpaceX, Blue Origin зэрэг компани пуужин хөөргөж, хиймэл дагуулын сүлжээ байгуулж байгаа нь эл өөрчлөлтийн эхний шинж тэмдэг гэж олон хүн үзэж буй. Хэдхэн жилийн өмнө зөвхөн Засгийн газрын мэдлийн байсан эдгээр үйл ажиллагааг өдгөө хувийн хэвшил хийж чаддаг болсон нь үйлдвэрлэл, тийрэлтэт хөдөлгүүр, пуужин хөөргөлтийн шинэ технологиуд тун хялбар, зардал багатай болсны үр дүн билээ.
Зардал буурснаар шинэ стартапууд төрөн гарч, нэгэн цагт хэт өндөр зардалтай, хэцүү гэгдэж байсан шинэ боломжуудыг агаарын тээврийн том компаниуд гартаа оруулахыг хичээж эхлэв. Түүнчлэн технологийн дэвшил нь хөрөнгө оруулагчдын хорхойг хүргэснээр сансрын чиглэлийн хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд үлэмж өсөөд байна.
Сансрыг сонирхдоггүй байсан компаниудтай сансар, агаар, сансрын чиглэлийн уламжлалт компаниуд нэгдэн бизнес эрхэлбэл эл чиглэлд олон арван инновац төрөн гарах боломжтой. Жишээлбэл, эсийн өсөлтийг судлах зорилгоор эмийн компаниуд сансарт лаборатори байгуулж, сансрын орчин, тухайлбал таталцлын хүч нь үйлдвэрлэлийн процессыг сайжруулах эсэхийг мэдэхийн тулд хагас дамжуулагчийн компаниуд сансарт чип үйлдвэрлэж болно. Хэдхэн жилийн өмнө шинжлэх ухааны уран зөгнөл мэт сонсогддог байсан ийм боломжууд нь ойрын ирээдүйд олон салбарын компаниудын анхаарлыг татаж магадгүй.
Гэхдээ сансарт бий болох боломжуудыг компаниуд хэрхэн, хэзээ өөрсдийн давуу тал болгон ашиглах вэ? Технологи нь дөнгөж эхлэлийн шатандаа яваа энэ цаг үед ямар боломжууд хамгийн ирээдүйтэй вэ гэдгийг хэрхэн тодорхойлох вэ? Хэдий байдал тодорхойгүй байгаа ч эдгээр асуултын хариуг хайж буй компаниуд урт хугацаандаа давуу талыг олж авах бүрэн боломжтой.
САНСРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ТУС
Анх Засгийн газар, харилцаа холбооны компаниуд, өдгөө хувийн компаниудын хувьд сансар нь инновацын өлгий болсоор байна. 1957 онд “Спутник 1” хөөрснөөс өнөөг хүртэл сансрын эдийн засаг нь хиймэл дагуулын үйлчилгээгээр (харилцаа холбоо, өгөгдөл болон гэрэл зураг цуглуулах, шинжлэх) дамжуулж хамгийн их үнэ цэнийг бүтээжээ. Алс хол байршилтай агуулахуудаа хянах, кредит картын гүйлгээг хормын төдийд боловсруулах, олон улсын видео дуудлага хийх гэх мэтээр хиймэл дагуул нь том компаниудад “тусалж” байна. Харин хэрэглэгчид зүг чиг заах онлайн систем ашиглах, онгоцоор нисэхдээ, эсвэл сүлжээгүй газраас утсаар ярих зэрэгт хиймэл дагуулын технологийг ашигладаг билээ. Мөн телевиз үзэгчид дуртай нэвтрүүлгийнх нь сигналыг цацаж буйн төлөө хиймэл дагуулд талархах учиртай.
Эдгээрээс гадна нийгмийн, байгаль орчны, эдийн засгийн сорилтуудыг шийдэхэд хиймэл дагуул улс орнуудад тусалдаг юм. Бусад эх үүсвэртэй харьцуулбал хиймэл дагуулын өгөгдөл нь илүү үр дүнтэй, цогц байдаг зарим жишээг танилцуулъя:
- Уур амьсгалын өөрчлөлт. Хууль бус мод бэлтгэл зэрэг гэмт үйлдлийг хянах, дэлхийн дулаарлын нөлөөг үнэлэх зэрэг зорилгоор 160 хиймэл дагуул дэлхийг ажиглаж байдаг. Далайн ус, ус ууршилт, үүл, далай болон газар дээрх мөс, чийгшлийг 20 гаруй жил ажиглахын тулд Aqua хиймэл дагуулдаа NASA тусгай төхөөрөмж суурилуулжээ. Зарим хиймэл дагуул нь ой хээрийн түймэр, далайн түвшин нэмэгдэх зэрэг байгалийн гамшгийн эсрэг яаралтай арга хэмжээ авахад нь Засгийн газрын байгууллагуудад тусалдаг.
- Хүнсний аюулгүй байдал. Ургацын төлөв байдал, ган, хортон шавжийн дайралт зэрэг аюулыг хянахад хиймэл дагуулын өгөгдлийг улам ихээр ашиглаж байна. NASA, USAID-ийн хамтарсан SERVIR төсөл нь хиймэл дагуул, геоспатал технологи ашиглан хүнсний дутагдал гэх мэт олон асуудлыг шийдэхэд нь улс орнуудад тусалдаг юм.
- Үндэсний аюулгүй байдал. Засгийн газар нь хувийн хэвшлийн компаниудтай хамтран анги нэгтгэлийн хөдөлгөөн, зэвсгийн систем барих зэрэг тагнуулын чухал мэдээллийг олж авахын тулд хиймэл дагуулын зураг, өгөгдөл ашигладаг.
Сансрын эдийн засаг 2019 онд 469 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос есөн хувиар их буюу 2014 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон гэж Space Foundation байгууллага тооцоолжээ. Сансрын эдийн засаг нь одоогоор дэлхий дээрх үйл ажиллагааг сайжруулах замаар гол үнэ цэнээ бий болгож байгаа ч тойрог замын үйлчилгээ, судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл зэрэг зөвхөн сансарт хийх үйл ажиллагаанаас ирээдүйд үнэ цэн бүтээх бүрэн боломжтой юм. Хиймэл дагуулын өнөөгийн үйлчилгээ нь цаашид ч чухал хэвээр байх бөгөөд ирээдүйн зарим хэрэглээг бодитой болгоход чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.
ЭРГЭЛТИЙН ЦЭГ
Тойрог замд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, тэр байтугай сансарт хот байгуулах талаар судлаач, сансарт дурлагсад эртнээс ярьж буй. Харин зардал буурч, технологийн илүү их боломжтой болсон учраас бизнесүүд илүү том хэмжээний үйл ажиллагааг сансарт эрхэлж болох эргэлтийн цэг дээр хүн төрөлхтөн ирээд байна.
Олон хөөргөлт, хямд зардал
Нам тойрог замд нэг кг ачаа хүргэх зардал 65 мянган ам.доллароос 1500 ам.доллар (2021 оны ханш) болж, 95 хувиар буурсан. Компьютерын тусламжтай дизайн гаргах, 3-D хэвлэл, бусад инновац нь үйлдвэрлэлийн процессыг хялбарчлах, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах замаар зардал буурахад нөлөөлжээ. Үр ашигтай ажиллагааг чухалчилсан хувийн компаниуд ч үүнд хувь нэмрээ оруулав. Жишээлбэл, зарим компани пуужингийн дахин ашиглах боломжтой эд ангиуд үйлдвэрлэж буй. Ялангуяа SpaceX хөөргөлтийн давтамжаа нэмсэн нь зардал буурахад ихээхэн нөлөөлжээ. Түүнчлэн Relativity Space компани 3-D хэвлэл, хиймэл оюун, автомат робот ашиглан олон дахин ашиглах боломжтой, зардал бага пуужинг энэ онд үйлдвэрлэнэ.
Жижиг хиймэл дагуул, том нөлөө
Нарны хөнгөн хавтан, удаан ажилладаг батерей бүтээсэн компаниудын ачаар сүүлийн жилүүдэд хиймэл дагуулын хэмжээ, жин ихээхэн буурсан байна. Мөн өмнө ашиглаж байсан эд ангийг дахин ашиглах болсноор хиймэл дагуул бүтээх зардал буурч, хиймэл дагуултай болох нь олон компанийн хувьд бүрэн боломжтой болоод буй. Ингэснээр сансарт нөхцөл байдал өөрчлөгдөж эхэллээ. Нэг тэрбум орчим ам.долларын үнэтэй, дэлхийгээс хол зайд ашигладаг Засгийн газрын том хиймэл дагуулууд нь нам тойрог замд ажилладаг, 100 мянга орчим ам.долларын үнэтэй жижиг хиймэл дагуулуудтай харьцуулбал тун цөөн байна.
2021 онд сансрын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хийсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.долларыг давсан нь түүхэн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх арвантай харьцуулахад 10 дахин өссөн дүн юм.
Зардал буурахтай зэрэгцэн эрдэмтэд өгөгдөл боловсруулах, зураг авах үйл ажиллагааг сайжруулсан өндөр нягтралтай мэдрэгч зэрэг олон шинэ технологийг гаргаад буй. Энэ бүхний үр дүнд хиймэл дагуул нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад илүү их өгөгдлийг цуглуулах, шинжлэх, дамжуулах боломжтой болжээ.
Их хөрөнгө оруулалт, их инновац
Төрийн байгууллагууд, ялангуяа NASA, Батлан хамгаалах яам, Тагнуулын байгууллага нь сансрын хөрөнгө оруулалтын ихэнх хувийг хангасаар ирсэн юм. Эдгээр агентлаг өдгөө ч хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр хэвээр байгаа юм. Гэхдээ бага хэмжээний зардал, дэвшилтэт технологийн хослол нь Тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPACs) болон хувийн хөрөнгө оруулагчдаас ихээхэн хөрөнгө оруулалт татах шалтгаан болно. Эл трэнд инновацыг улам урагшлуулах нь гарцаагүй.
2021 онд сансрын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад хийсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.долларыг давсан нь түүхэн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх арвантай харьцуулахад 10 дахин өссөн дүн юм. Харин энэ хугацаанд сансрын R&D-д зориулсан АНУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалт 70-аас 50 хувь болж буурчээ. Энэ эрчээрээ компаниудын хөрөнгө оруулалт нь Засгийн газрынхыг ойрын 20 жилд гүйцэж түрүүлэх юм. Үүнийг ч Засгийн газрууд ихээхэн дэмжиж буй нь төр-хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүргэх болно.
ШИНЭ ХЭРЭГЛЭЭ, ИЛҮҮ ИХ ЭРЧ ХҮЧ
Хэдий таамаглашгүй, тодорхойгүй байдал бий ч шинэ хэрэглээнүүд нэмэгдэх учраас сансар нь ойрын хугацаанд нэг их наяд ам.долларын үнэлгээтэй салбар болно гэдэгт шинжээчид итгэдэг. Сансрын амбицтай том төслүүд бодитоор хэрэгжихийн тулд пуужин хөөргөх болон үйл ажиллагааны зардлууд цаашид улам буурах ёстой. Гэхдээ технологийн дэвшил нь компаниудыг сансрын эдийн засагт яг одоо хөрөнгө оруулах хүслийг өдөөж байна. Цаашид үүсэх шинэ хэрэглээг дэлхийд зориулсан хэрэглээ болон сансар дахь хэрэглээ гэж хоёр хувааж авч үзэж болно.
Дэлхийд зориулсан сансрын хэрэглээ
Хиймэл дагуулууд жил ирэх тусам сайжирч байгаа нь судлаачдад одоогийн хэрэглээг нэмэгдүүлэх, шинийг бий болгох боломжийг олгож буй. Олон компани нам тойрог замд жижиг, хямд хиймэл дагуул хөөргөж буйн нэг жишээ нь SpaceX-ийн Starlink юм. Түүнчлэн OneWeb, мөн Amazon-ий Project Kuiper нь ийм бүлэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ.
Дэлхийд зориулсан сансрын хамгийн чухал хэрэглээнүүдийг дурдвал:
- Алслагдсан байршлуудад интернэт үйлчилгээ үзүүлэх. Хөдөөгийн, дэд бүтэц сул хөгжсөн газруудад сүлжээ байгуулах нь хэцүү бөгөөд эдийн засгийн үр ашиггүй юм. Ийм газруудад сүлжээний чанар сул байдаг учраас зайнаас суралцах, онлайнаар эмнэлгийн үйлчилгээ авахад хэцүү. Харин ийм газруудад хиймэл дагуулын интернэтийг нэвтрүүлснээр боловсролын тэгш хүртээмж хангагдаж, нийгмийн харилцаа болон эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна.
- Хөдөө аж ахуй. Эл салбарт ихээхэн нөлөөтэй цаг агаарын нөхцөл байдлын тухай мэдээлэл, цахилгаан соронзон долгионы хэмжээсний талаарх зураг, мэдээлэл, зүй тогтлыг хиймэл дагуулын мэдрэгчүүд цуглуулдаг. McKinsey-гийн жил тутмын дижитал фермерийн судалгаанаас үзвэл тариалан эрхлэгчдийн 29 хувь, хүнсний ногоо, жимс тариалагчдын 45 хувь нь ийм өгөгдөл ашиглаж байна.
- Эрчим хүч. Цахилгааны шугам зэрэг нэн чухал дэд бүтцийн хэвийн ажиллагаанд саад болдог ургамалжилт зэргийг хянахын тулд түгээх компаниуд хиймэл дагуулын өгөгдөл ашигладаг. Ийм асуудлаас сэргийлснээр цахилгаан тасрах эрсдэлээс зайлсхийх юм.
- Уул уурхай. Уул уурхайн компанийн нэн чухал үйл ажиллагааг хиймэл дагуулууд дэмжиж ажилладаг. Уурхайн ажилтнуудад тулгарсан асуудал, бэрхшээлийг компанийн төв байрнаас зайнаас шийдвэрлэх, улмаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг сайн холболт бий болгодог. Мөн хаягдал үүсэж буй хэсгийг тодорхойлох, нийлүүлэлтийн гинжин хэлхээний дагуух тээвэрлэлтийг хянах, ашигт малтмалаар баялаг ордыг олоход хиймэл дагуулын өгөгдөл тусална.
- Даатгал. Дүрслэлийн чанар сайжирсан учир алслагдмал бүс нутагт гарсан хохирол, эрсдэлийг даатгалын компаниуд илүү хямд зардлаар үнэлэх боломжтой болсон. Ингэснээр тухайн газарт биечлэн очих шаардлагатай эсэхээ шийдвэрлэх юм. Мөн таваар суурьтай хедж сангийн хэрэглэгчид гадаад дахь ачаа, барааны хөдөлгөөнийг радио давтамжит зураглал ашиглан хянаж болно.
Сансар дахь хэрэглээ
Пуужинг тогтмол хөөргөх, урт хугацааны сансрын нислэг хийх бодит боломж үүссэнээр сансарт олон төрлийн шинэ хэрэглээ бий болно. Ирээдүйд улам эрчээ авах зарим хэрэглээг танилцуулъя:
- Судалгаа, хөгжүүлэлт (R&D). Сансрын R&D нь шинэ зүйл биш боловч сансрын болон агаарын хөлгийн сектороос бусад чиглэлээр томоохон хэмжээний төсөл бараг хэрэгждэггүй. Гэхдээ зардал буурч, технологи сайжирснаар энэ байдал өөрчлөгдөх юм. Тухайлбал, эм үйлдвэрлэлийн компаниуд эсийн өсгөврийг сансарт хөгжүүлэх боломжтой. Энэ нь дэлхий дээр эсийн өсгөврийг судлахаас огт өөр бөгөөд сансрын орчинд эсийн өсөлт өөрчлөгдөж, шинэ нээлтийн эхлэл болох боломжтой. Түүнээс гадна цацрагийн түвшин их, вакуум орчинтой, таталцал багатай сансарт компаниуд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, үйлдвэрлэл болон дизайнаа сайжруулж болно. Жишээлбэл, хөгшрөлтийг түргэсгэдэг сансрын таагүй орчинд арьс арчилгааны шинэ аргыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нээж болно.
- Үйлдвэрлэл, барилга, угсралт. SpaceX-ийн Starship зэрэг аварга том пуужин тээвэрлэгч нь тойрог замд үйлдвэр байгуулах боломжийг компаниудад олгоно. Сансрын вакуум орчин нь үйлдвэрлэлийн явцад үүсэх агаарыг бууруулах, эсвэл үгүй хийх замаар чип үйлдвэрлэлийн боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн хагас дамжуулагч үйлдвэрлэгч зарим компани энэ боломжийг судалж эхлээд байна.
- Сансрын хайгуул, сансрын суурьшил. Цөмийн тийрэлтэт хөдөлгүүр зэрэг технологийг хөгжүүлснээр сансар судлалын шинэ төрлүүд бий болж, Ангараг руу сансрын нисгэгчдийг илгээж эхэлнэ. Хүмүүс олноороо сансарт амьдарч, ажиллах цаг удахгүй ирнэ хэмээн Blue Origin компанийн Ж.Беззос зэрэг манлайлагч аль хэдийн таамаглаад эхэлжээ. Сансрын уудам нь тусгай бэлтгэл хийсэн цөөн хэдэн сансрын нисгэгчийнх байхаа болино гэдгийг сансрын аялал жуулчлалын чиглэлд гарч буй инновацууд харуулж байна.
Сансар дахь хэрэглээ өдгөө тун бага боловч хиймэл дагуулууд хоорондоо лазераар харилцах, өгөгдлийг шууд боловсруулах зэрэг шинэ технологи нь ийм төрлийн хэрэглээг улам нэмэгдүүлнэ. Гэхдээ чухам ямар хэрэглээ ирээдүйд давамгайлах, бий болохыг өдгөө таамаглахад хэцүү юм.
Өнөөдөр сансар хэмээгч нь их хэмжээний төсөвтэй том компани, Засгийн газрын агентлагуудын эзэмшлийнх байхаа больжээ. Сансар бол бүхий л төрлийн бизнест дэлхий болон сансрын орчинд ач тусаа өгөх хязгааргүй орон зай юм. Эм үйлдвэрлэгчээс эхлээд хагас дамжуулагчийн компани хүртэлх төрөл бүрийн чиглэлийн компаниуд сансарт хэрхэн хөл тавих, ямар хэрэглээг бий болгох, ямар инновацыг түүчээлэх талаар төлөвлөгөө гаргаж эхэлжээ. Эдгээр анхдагчид нь 1990-ээд оны эхээр интернэтийн боломжийг анхлан олж харж, зах зээлд давуу талтай болж байсан компаниуд шиг огцом “томрох” бүрэн боломжтой. Мэдээж технологи, санхүүгийн сорилтуудыг дутуу үнэлж болохгүй ч асар их давуу талыг сансар авчирна гэдгийг мартаж болохгүй. Эл давуу талыг үл хайхарсан компаниуд өнөөгийн анхдагчдыг гүйцэхийн тулд ихээхэн цаг хугацаа алдах нь гарцаагүй юм.
Эх сурвалж: Mckinsey.com
Нийтлэлч: Райан Брукардт