Энэ удаагийн “Эвент” буландаа бид Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Social Impact 2024 арга хэмжээг онцолж байна. Арга хэмжээний гол зорилго нь нийгмийн хариуцлагатай кампанит ажлуудыг олон нийтэд илүү тодотгож харуулах, цаашлаад компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд маркетингийн ажлуудаа чиглүүлж, дуу хоолойгоо өргөдөг болохыг уриалах явдал байв. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, харин хамтран зохион байгуулагчаар Co Agency ажилласан юм. Том зургаар нь харвал, Social Impact 2024 нь төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж болохын тод жишээг харуулсан юм.
Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяныг мэдэхгүй, сонсоогүй хүн бараг үгүй. Олон нийтийн санаа бодол, зан төлөвт тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан энэхүү аяны талаар цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг илтгэл тавьсан юм. Тэрбээр “Сүүлийн 30 жилд гэмт хэргийн гаралт тогтмол өссөөр ирсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуулийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцдэг ч энэ нь хангалттай үр дүнд хүрэхгүй байв. Иймээс хүмүүсийн хандлага, зан төлвийг өөрчлөх нь зөв юм байна гэсэн шийдэлд бид хүрсэн. Гэвч энэ ажил амар байгаагүй. Ингээд бид мэргэжлийн хүмүүст, маркетингийн агентлагт хандсан. Бидний зүгээс маркетингийн агентлагт зорилгоо танилцуулж, тоо баримт, мэдээллээр хангаж өгсөн. Харин мэргэжилтнүүд олон нийтэд хүргэх товч бөгөөд гол санааг боловсруулж, төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэсэн. Үүний дараа бид хамтран идэвхжүүлэлтээ хийсэн. Үр дүн тэр дороо л харагдаж эхэлсэн дээ. Нэг л жишээ дурдахад, “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулах үед орон нутгийн замд хурд хэтрүүлэх, үүнээс үүдэж осол аваар гарах тоо 40 хувиар буурсан. Түүнчлэн төдий хэмжээний хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоос бид урьдчилан сэргийлж чадсан” хэмээн онцолсон билээ.
Маркетеруудын шинэ даалгавар: Дэлхийг илүү сайхан болгох
Social Impact 2024 -ийн эхний илтгэлийг Монголын маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Т.Энхбаясгалан танилцуулсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.
Дэлхий даяар ажиллаж буй 10 сая гаруй маркетинг, коммуникейшн мэргэжилтнүүд сүүлийн үед тун сонирхолтой төслүүд дээр ажиллах боллоо. Өмнө нь гүйцэтгэх захирлууд зөвхөн борлуулалт нэмэгдүүлэх, идэвхжүүлэлттэй холбоотой ажлуудыг тэдэнд даалгадаг байсан бол одоо цоо шинэ даалгаврууд өгөх болжээ. Энэ бол нийгмийн өгөөжөө хэрхэн нэмэгдүүлэх тухай үүрэг даалгавар юм. Өөрөөр хэлбэл, маркетерууд урьд нь зөвхөн ашгийн төлөө ажилладаг байсан бол сүүлийн жилүүдэд хүн, эх дэлхий гэх хоёр хүчин зүйлд мөн анхаарлаа хандуулдаг болоод байна. Үүнийг бид нийгмийн маркетинг хэмээн нэрлэж буй.
Монголын маркетингийн зах зээл харьцангуй залуу ч гэлээ олон төрлийн нийгмийн маркетингийн кампанит ажлуудад ач холбогдол өгч эхлээд байна. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ цаг үеэ олж зохион байгуулагдлаа гэж бодож байна. Захирлууд, маркетерууд зөвхөн ашгийн төлөө бус хүний төлөө, эх дэлхийн төлөө дуу хоолойгоо өргөхийг илүүтэй чухалчилдаг боллоо. Манай улсын топ 500 компанийн маркетингийн төсөв 200 тэрбумаар хэмжигдэж байна. Үүнийгээ 100 хувь ашгийн төлөө зарцуулах уу, эсвэл нийгмийн сайн сайханд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах уу гэдгийг захирлууд, маркетерууд шийдэх боломжтой.
Олон улсын чиг хандлагын тухайд, маркетингийн төсвийн 50 хувийг нийгмийн кампанит ажилд чиглүүлэх болсон. Тиймээс бид ч мөн энэ зүгт хараагаа чиглүүлэх цаг ирээд байна. Үүний тулд Засгийн газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Нэг үгээр, дэлхийг илүү сайхан газар болгохын тулд маркетерууд нийгмийн гишүүдийн зан төлвийг өөрчлөхөд анхаарал хандуулж эхлэх нь зүйтэй.
“Хэнэгтэй монгол эр хүн”
Social Impact 2024 арга хэмжээний үеэр нийгмийн нөлөөллийн 13 төслийг маркетингийн мэргэжилтнүүдэд танилцуулсан юм. Тэдний нэг “Хэнэгтэй монгол эр хүн” төслийн талаар “Монос хүнс” ХК -ийн маркетингийн албаны дарга Б.Дуламсүрэн илтгэл тавьснаас зарим онцлох санааг хүргэе.
Одоогоос жил гаруйн өмнө нийслэл Улаанбаатар хотын цөөнгүй хөшөөнд чихэвч зүүлгэсэн байсныг санаж байна уу? Энэ бол эр хүний талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг үл сонсох шинэ хэв маягийг бүтээгч, өөртөө анхаардаг, хэрсүү ухаантай, шинэ цагийн монгол эр хүн болоход эрчүүдийг уриалсан явдал байлаа. Учир нь Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнээс 10 насаар богино байдаг. Амиа хорлосон 10 хүн тутмын ес нь эрэгтэй хүн байна гэх мэт харамсалтай тоон мэдээллүүд юуг өгүүлнэ вэ? Эр хүний талаарх монголчуудын дунд тогтсон хэвшмэл ойлголтууд үүний гол шалтгаан болдог аж. Тухайлбал, эр хүн хээгүй, гүндүүгүй, сэтгэлийн тэнхээтэй, үг даадаг, ноён нуруутай, хашир, тайван, ядардаггүй, уйлдаггүй, баашилдаггүй, гомдоллодоггүй, архи даадаг, дуу цөөн, өвддөггүй байх ёстой гэх ойлголтууд нь үүний тод жишээ.
Тэгвэл “Хэнэгтэй монгол эр хүн” төслийн гол зорилго нь эр хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх, эр хүний талаарх уламжлалт хэвшмэл ойлголтуудаас татгалзахыг уриалсанд оршино. Нийт 10 мянган хүнд хүрч, цахим орчинд 31 мянган сэтгэгдэл авсан энэхүү кампанит ажлын үр дүнд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 51 минутын контент нэвтрүүлсэн байна.
Ийнхүү маркетингийн салбарт шинэ салхи сэвэлзэж эхэлснийг, Монголын маркетерууд дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарал хандуулж эхэлснийг энэхүү арга хэмжээгээр дамжуулан олон нийтэд танилцуулсан юм.