ХААН Банкнаас “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг ээлжит “Women in business” сургалт арга хэмжээ 2024.04.18-нд “Дижитал шилжилт” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтаар “Цахим шилжилтийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн”, “Дижитал шилжилт”, “Макро эдийн засгийн орчин, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний өргөн боломжууд”, “Хамтын өсөлт, амжилтын үндэс” сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
ХААН Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний 90 орчим хувь нь цахимжаад буй. Бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимд шилжүүлбэл зардал хэмнэж, борлуулалт найман хувь өсөх боломжтой гэсэн тооцоо судалгаа гарчээ.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тиймдээ ч бизнесийн орчныг дэмжих, хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор ХААН Банк бизнес эрхлэгчдийг дэмжих “Бизнес төв”-ийг хот болон хөдөө орон нутагт нээсээр байна. Орон нутагт 6 аймагт ийм байгуулагдсан. Ирэх жилдээ багтаагаад 18 аймагт нээнэ. Сүүлийн үед бизнесийн бүх салбарт цахим шилжилт явагдаж буй. Тиймээс цахим шилжилт хийснээр хэрхэн, бизнесийн зардал хэмнэж, орлого ашгаа өсгөх талаарх уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн 61 хувь нь ХААН Банктай, зээл сургалт, харилцааны чиглэлээр хамтран ажилладаг. Өнгөрсөн хугацаанд бид нийт зээлийн 39 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон байна. Аливаа бизнес эрхлэгчдэд хүү бага, урт хугацааны зээл хэрэгтэй байдаг. Тиймээс урт хугацааны санхүүжилтийг бид олон улсын санхүүгийн байгууллагаас татаж, хамтарч ажилладаг. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгодог богино болон урт хугацааны хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн зээл даруй 1.2 хувиар бага, барьцаа хөрөнгийн хэмжээг 20 хувь хүртэл бууруулсан.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Симон Зех Атанасовски:
ХААН Банктай хамтраад санхүүгийн болон санхүүгийн бус нийт 15 сая ам.долларын дэмжлэгийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд бид цогц дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Ингэснээр харилцан хамтрах, бизнес эрхлэгчид санхүүгийн эх үүсвэрээр хангагдах боломжтой. 2014 оноос 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бид 200 мянган эмэгтэй бизнес эрхлэгчид олгосон байна. Цаашид ч бизнес эрхлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ХААН Банктай тогтвортой хамтран ажиллана.
ХААН Банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын Ногоон санхүүжилтийн ахлах менежер Б.Сувд:
Маш олон салбарт дижитал шилжилт эрчимтэй өрнөж, цахим үйлчилгээгээ Улаанбаатар болон хөдөө орон нутагт нээж байна. Цахимд шилжсэнээр бизнесийн өсөлтөд хамгийн том нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Шведийн Ikea брэнд олон улсад дижитал шилжилтийн хамгийн сайн туршлагыг хэрэгжүүлж байна. Энэ сайн туршлагаас жишээ авч, хамтран ажилладаг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дижитал шилжилт хийхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Дижитал шилжилт хийснээр компаниуд харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ илүү ойр байх боломжтой. Мөн байгууллагууд цаг бүртгэл, цахим худалдаа, чат бот зэргийг дижитал болгосноор ажлын бүтээмж, харилцагчийн сэтгэл ханамж өсөх нөхцөл бүрдэнэ. Бизнестээ дижитал шилжилт хийснээр борлуулалт дунджаар найман хувь өсөх боломжтой судалгаа бий. Тиймдээ ч эмэгтэй бизнес эрхлэгчид байгууллагадаа цахим шилжилт хийх хүсэлтэй байна.
“Ондо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул:
Монголчуудын ажиллах хүчний 90 гаруй хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Тэд цахим хөгжлийг утгаар нь ойлгож хэрэгжүүлбэл бизнесийн товч зам бий болно. Гэхдээ дижитал шилжилт хийхэд эрсдэл буюу давах ёстой даваа гэж бий. Тэр даваа нь цахим шилжилт гэдэг үгээ ойлгох асуудал юм. Ингэснээр үйлдвэрлэл үйлчилгээний явцад хүнээс хамааралтай гардаг алдаа, дутагдлыг бууруулах боломжтой. Тухайлбал, ХААН Банкны санхүүгийн гүйлгээний 99 хувь нь цахимд шилжсэн байна. Тиймээс хавхнаас гарахын тулд цахим шилжилт ямар чухал вэ гэдгийг ойлгож, ХААН Банкнаас суралцаж, хамтдаа цахимд шилжих нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд давуу талыг олгоно.
ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн менежер Э.Түвшинбаяр:
ХААН Банк жилд хамгийн багадаа 2000-гаас дээш бизнес эрхлэгчийг хөгжүүлж сургадаг. Тогтмол 300 харилцагчийг сургалт, хөтөлбөрүүдэд хамруулж, 10 гаруй арга хэмжээ зохион байгуулж байна. Манай сургалт, арга хэмжээнд оролцсон бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь сэтгэл ханамж өндөр байдаг. Өнөөдрийн арга хэмжээний үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдэд цахим шилжилтийн талаарх ойлголт, зээлийн бүтээгдэхүүний боломжуудыг танилцууллаа.
“Топ Степ” ХХК-ийн захирал Ц.Дэжээ:
Манай компани 2021 оноос ХААН Банкны сургалтуудад хамрагдсанаар бизнесийн өсөлтөд өндөр үр дүн үзүүлсэн. Тухайлбал, стратегиа тодорхойлж, маркетингийн цогц хөтөлбөртэй, алсын хараатай компани боллоо. Одоо санхүүгийн дүн шинжилгээгээ гаргаад, дижитал шилжилт хийж байна.
“Ган баялаг хишиг” ХХК-ийн захирал Ц. Мөнгөнцэцэг:
Манай компани үүсэн байгуулагдаад 10 гаруй жил болж байна. 2023 оноос ХААН Банкны сургалтуудад удаа дараа хамрагдаж, бизнесээ хөгжүүлж ирсэн, нэг талаар мотиваци авдаг. Энэ сургалтууд эмэгтэй бизнес эрхлэгч бидэнд маш үр өгөөжтэй, шууд хэрэгжүүлэх боломжтой, үнэ төлбөргүй, бас үр дүнтэй байдаг. Одоо компанидаа цахим шилжилт хийснээр цаг, зардал хэмнэж, орлогоо нэмэгдүүлж байна. Мөн ХААН Банкнаас зээл авч, найдвартай эргэн төлж, дараагийн санхүүжилтээ авах байдлаар найрсгаар хамтран ажилладагтаа сэтгэл ханамжтай байдаг.
ХААН Банк “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд, харилцагчдадаа зориулан үнэ төлбөргүй сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хүү бага, урт хугацааны зээл олгож, хамтран ажиллаж байгаа юм. Эдгээр үйл ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй байдгийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд онцолж байна.
View this post on Instagram