Ажил, бизнесийнхээ хажуугаар спорт загасчлал, дугуйн болон буудлагын спортоор тууштай хичээллэж, “Гундам” угсрахад чөлөөт цагаа зарцуулан идэвхтэй амьдардаг Б.Гантүлхүүрийг энэ удаагийн зочноороо бид урилаа. MMS группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал төдийгүй MMS Green Building төслийг санаачлагч тэрбээр “Хоббигоо маш сайн бодож байж эхлүүлэх, мөн ажил, амьдралтайгаа хослуулан зөв зохистой авч явах нь чухал. Учир нь хоббиноосоо болж олон хүн эрсдэлд орж, дампуурч, хоосорч, амь насаа алдсан ч тохиолдол байдаг. Миний эргэн тойронд ч бизнес нь дампуурсан жишээ бий. Нөгөө талаар, хобби гэдэг урьд өмнө байгаагүй олон боломжийг хүний өмнө нээж, зам мөрийг нь өөрчлөх хүртэл онцгой нөлөөтэй ч байж болдог” хэмээн хэлж байна. Ингээд түүний хоббины баялаг ертөнцөөр хамтдаа аялъя.
“Бариад тавь!”
Өнгөрсөн 10 гаруй жил спорт загасчлал түлхүү сонирхож, тодорхой цаг зарцуулж ирсний хувьд Б.Гантүлхүүр “Энэ бол загас агнуураас тусдаа ойлголт. Загасчлах гэдэг өөрөө хобби, бас спортын нэг төрөл болчихоод байна. Catch and release буюу тусгай арга, техникийн тусламжтай загасаа бариад буцааж тавьдаг хэв маяг өдгөө түлхүү хөгжиж байна. Гэхдээ энэхүү арга барилд суралцахад тодорхой туршлага, цаг хугацаа мэдээж шаардана” хэмээлээ. Тэрбээр Орхон, Сэлэнгэ, Онон, Балж, Хэрлэн, Ерөө, Шишгэд, Тэнгис, Эг, Үүр гол зэрэг загас сонирхогчдын голдуу зорьдог болон хүмүүсийн тэр бүр зорьж очдоггүй Монголын олон газраар явж загасчилжээ. Мөн АНУ, Австралиас гадна Куба улсад очиж, Карибын тэнгисээр загасчилж байв. Спорт загасчлал сонирхогчдын дурладаг пермит загасыг барихаар хэдэн өдөр Карибын тэнгисээр “хэсүүчилсэн” ч ганзага хоосон буцсан түүхтэй. Пермит бол маш сонор соргог, ухаалаг загас тул хамгийн туршлагатай загасчид ч олон жил “хөөцөлдөж” байж барих нь бий. Харин өмнө нь Б.Гантүлхүүр далайн загасчлалаар bonefish, barracuda (барракуда), snapper зэрэг загас барьж байжээ.
“Одоогоор Б.Гантүлхүүрийн барьсан хамгийн том загас бол зүүн гар талын зурагт харагдаж буй 1.35 м урттай тул загас. Загасчлал дотроо ашиглаж буй уургаасаа хамааран spinning болон fly fishing гэж хоёр янз бий. Түүний хувьд илүү ур чадвар, туршлага шаардсан загасчлал болох fly fishing хэлбэрээр загасчилдаг”.
“Загасчлах нь амралт, бясалгал болдог. Мөн байгальтай шууд харьцаж, олон цагийг өнгөрөөдөг гэдэг утгаар байгаль, эх дэлхийгээ хайрлах, хамгаалах хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Олон жил дараалан нэг газартаа очиход уур амьсгалын өөрчлөлт, бороо, үерийн ус зэргээс шалтгаалан эрэг нурах, булан тохой үүсэх, мод шороогоор битүүлэгдэх, голын арал байсан газар усанд автаж үгүй болох гэх зэргээр зарим тохиолдолд их өөрчлөгдсөн байдаг”.
Хоббигоо бизнес болгов
Улаанбаатар хотоос 1000 орчим км -ийн тэртээд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын газар нутгаар дамжин урсах Тэнгис, Шишгэд голын бэлчирт Б.Гантүлхүүр хамтарсан кэмп байгуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Дархадын хотгорт байрлах энэхүү газар орныг Монголд загас хамгийн сүүлд үлдэх онгон дагшин байгальтай газар гэх. Тиймдээ ч кэмп рүү зөвхөн онгоц болон завиар л хүрч очих боломжтой. 10 гаруй жил загасчилж явахдаа гадаад, дотоодын олон ч кэмп, амралтын газраар үйлчлүүлж, тэр тоолонд өөрт анзаарагддаг байсан дутагдлуудыг бүрэн нөхөх хэмжээний кэмп байгуулахыг тэр зорьжээ. Ингээд Монголын үзэсгэлэнт байгаль, инженерингийн шийдлийг нэг дор цогцлоосон 100 хувь ногоон дэд бүтэц бүхий 24/7 ус, цахилгаантай, жуулчдын тав тухыг хангах бүхий л үйлчилгээг багтаасан кэмпийг амжилттай байгуулж чадсан юм.
Машин, мориор ч очих боломжгүй, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрээс хол, алс бөглүү нутагт нарны дэлгэц, батерей хураагуур суурилуулан цахилгааны хэрэгцээгээ бүрэн шийдэж буй премиум ангиллын энэхүү кэмпт амарсан гадаадын жуулчид толгой сэгсэрч, тун ам сайтай байдгийг тэрбээр онцолж байв.
Монголд аялал жуулчлал, загасчлалын спортыг хамтад нь хөгжүүлснээр өндөр орлоготой жуулчдыг татах, мөн байгалиа хамгаалах том хөшүүрэг болно гэдгийг ч тэр хэлсэн.
Хобби ба цаг хугацаа
“Хүн цагийг хоббиндоо зарцуулах хэрэггүй юм билээ. Харин цагийг бизнес, ажилдаа зарцуулах ёстой. Зөвхөн тэр дунд олдох хэсэгхэн чөлөөнд л хоббигоо “амьдруулах” нь зөв санагддаг. Хоббиндоо хэт их цаг зарцуулаад эхлэхээр хүний хариуцлага суларч, ажлаа алдах, цаашлаад бизнесээ ч дампууруулах эрсдэл бий. Хоббины цаана асар их цаг, мөнгө явж байх тохиолдол байдаг. Тиймээс би хоббигоо тун тэнцвэртэй, бас хатуу чанга авч явахыг хүсдэг. Санаагаар болдог бол өдөр бүр л загасчилж, урьд өмнө очиж үзээгүй дэлхийн өөр газар орноор явмаар санагдана. Гэхдээ тэдгээрийг тодорхой тоотой, хариуцлагатай зохицуулж явах нь л чухал. Түүнээс биш ажлаа алдаад байж болохгүй.
Ганц л амьдрах учраас хүн аливаад харалган хандах ёсгүй.
Мөн энэ бүхнийг ажил, амьдралтайгаа хослуулан авч явахад гэр бүл их нөлөөлдөг. Гэр бүл тань дэмждэг байх ёстой. Учир нь хоббинд их цаг зарцуулагдана. Хэдэн цагаас бүтэн өдөр, хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл гэртээ үзэгдэж харагдахгүй алга болно шүү дээ (инээв). Гэхдээ гэр бүлдээ ямагт цаг гаргах ёстой. Гэр бүлийнхний төрсөн өдөр, бусад тэмдэглэлт өдөр, чухал арга хэмжээ болбол би эргэлзэх зүйлгүй гэр бүлээ л сонгодог. Ганц л амьдрах учраас хүн аливаад харалган хандах ёсгүй.
Бизнесийг заавал ганцаараа авч явах ёсгүй. Харин хариуцлага, эрсдэл, амжилтыг хуваалцах ёстой.
Нөгөө талаар, хобби хүнийг тэс өөр түвшинд аваачдаг нь үнэн. Хүн хоббигоороо дамжуулж маш олон хүнтэй танилцах нь бий. Хобби нь өөрөө тухайн хүнийг хөтөлдөг гэсэн үг. Хоббигоо хөөж явахдаа танилцаж, хамт загасчилсан, эргээд сайхан найзууд, бизнесийн хамтрагчид болсон түүх олон бий. Жишээлбэл, би гэхэд л сүүлийн 10 жил хамт загасчилж байгаа найзтайгаа хамтран цахилгаан машин Монголд оруулж ирлээ. Хэчнээн би цахилгаан машин импортлох гэж өнгөрсөн долоон жил судалгаа хийж явсан ч энэ бизнесийг заавал ганцаараа авч явах ёсгүй юм байна. Хариуцлагыг, эрсдэлийг, амжилтыг хуваалцах ёстой гэдэг үүднээс найзтайгаа хамтран энэ бизнесээ эхлүүлээд байна”.
Хөвсгөл аймгийн Шишгэд голд найзуудтайгаа тул загас бариад буй нь. Зүүн гар талаас багын найз, бизнес партнер Ч.Батбаатар, загас сонирхогчдын дунд Simms Амараа нэрээрээ танигдаж, домог болон үлдсэн В.Амарбаясгалан, мөн нийтлэлийн баатар Б.Гантүлхүүр. Зургийн голд зогсож буй В.Амарбаясгалан нь Ч.Батбаатар, Б.Гантүлхүүр хоёрыг Fly Fishing загасчлалд сургасан багш, анд найз, ах төдийгүй монголын олон олон загас сонирхогчдыг энэ спортод улам бүр дурлуулж, загасчлалын спорт цааш хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн юм.
“Загасчлал бол амралт. Гэхдээ баавгайтай хэзээ ч таарч болно гэдгийг санаарай”.
Шишгэдэд загасчилж явахад миний завинаас буух ээлж ирж эрэг дээр ганцаараа буугаад үлдлээ. Загасчилж явахад нэг нэгэндээ саад болохгүйн үүднээс загасчлахаар сонгосон байршилдаа ганц ганцаараа бууж үлддэг юм. Ингээд завинаас дөнгөж буугаад байж байтал маш том баавгайн мөртэй таарч, сониуч зан хөдлөн мөрөөр нь орж явчихав. Голын эргийн элсэн дээр тун саяхан явж өнгөрсөн бололтой тодоос тод мөр үлдсэн байсан юм. Гэтэл удаан ч явсангүй, хоёр бут ярав уу үгүй юү, хэдхэн бутны цаахан талд модон дунд том, хүрлийсэн хар баавгай байх нь тэр. Хүржигнээд л сүртэй гэж. Амьдралдаа айж үзээгүйгээрээ их айсан. Тэгж их айхаар дуу ч гарахаа больчихдог юм билээ. Азаар намайг хараагүй. Тэгээд л юун загас барихтай манатай болж байгаа юм л даа. Түүнээс хойш илүү болгоомжтой байх, биедээ дуу гаргах хэрэгсэл авч явах зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэйг ойлгосон.
Өнгөрсөн долоон жил орчим буудлагын спортоор хичээллэж буй тэрбээр “Буудлага өөрөө их амралт болдог. Буугаа онилж, мөн буудаж буй хугацаанд өөр юу ч бодогддоггүй. Тэр хэрээрээ хүнийг их цэгцтэй, аливаад анхааралтай хандах эрмэлзэл төрүүлэхүйц спорт. Галт зэвсэг гэдэг утгаар буу гарт тань нэг орсон л бол сэтгэл хөөрлөөс болж өнцөг алдах, болгоомжгүй хандсанаас гал алдах зэрэг аюул, эрсдэл бий учир сэтгэл зүйн хувьд эрүүл хүн энэ спортоор хичээллэх учиртай. Ер нь ямар ч спортоор хичээллэхдээ эхнээсээ л аюулгүй байдлаа өндөр түвшинд хангах ёстой” гэв.
Монголд гурван ширхэг байдаг Alien хэмээх бууны нэг нь Б.Гантүлхүүрийн хувийн цуглуулгад бий. Чехийн гар бууны инженерүүдийн бүтээж, гурван жилийн өмнөөс дэлхийд худалдаалж эхэлсэн уг буу нь уламжлалт системээс арай өөр зарчмаар ажилладгаараа онцлог.
Японы “Гундам” брэндийн угсардаг роботууд түүний бас нэгэн хобби. Гэхдээ олон хувилбарыг цуглуулах гэхээс илүү сүүлийн жилүүдэд очсон улс орон бүрээсээ цор ганцыг авчран угсрах болсон нь 10 гаруйд хүрээд байгаа аж. Мөн чөлөөт цагаараа тэрбээр бизнесийн хамтрагчидтайгаа PlayStation тоглодог бөгөөд өөрийгөө “Хамгийн муу нь” хэмээн хошигносон юм.
Энергийн төлөөх амьдрал
MMS группийн хамт олон өөрсдийн бүтээн байгуулсан MMS Green Building -д оффислодог. Энэхүү оффисын барилга ч үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүрийн хоббитой холбогдоно. Барилгын нэрэнд “ногоон барилга” хэмээх үг зүгээр ч нэг орчихсонгүй. Энэхүү төсөл АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс олгодог LEED гэрчилгээг авч чадсан Монголын анхны төсөл болж чадсанаараа онцлог. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт, ногоон байгууламж, байгууламжийн дотоод орчны чанарын жишиг шийдэл бүхий бүрэн автоматжуулагдсан ухаалаг барилга хэмээх тодотголд бүрэн нийцжээ.
Бид илүү олон сая жил оршин тогтноё гэвэл ногоон энерги рүү шилжих ёстой.
Монголын анхны 100 хувь ногоон барилгыг барих болсон шалтгаанаа ч тэр өөрийн хоббитой холбон тайлбарладаг. Өөрийн загасчлах хоббиг хөөж хамгийн зэлүүд, онгон дагшин байгалиар олон жил явахдаа байгалийн шавхагддаг нөөц баялгийн үнэ цэнийг хангалттай ойлгожээ. Жилээс жилд байгалийн дүр төрх өөрчлөгдөж, ан амьтан, ургамал, ус, булаг шанд цөөрч, хоргодож, ширгэсээр. Эндээс тэрбээр шавхагддаг баялгаа зөв зохистой, ариг гамтай ашиглах ёстой, харин шавхагддаггүй баялаг болох нар, салхи, усыг хэрэглээндээ илүү нэвтрүүлэх хэрэгтэйг ухаарсан юм.
“Ер нь дэлхий ертөнц тэр аяараа л энергийн төлөөх амьдрал. Ан амьтан энерги бий болгохын төлөө идэж ууж, хөдөлж явдаг. Харин хүн төрөлхтөн түүнээс түвшин ахиж, энерги бий болгож, түүгээрээ эрчим хүч, түлш, цахилгаан үйлдвэрлэн нисэж, далай тэнгис гаталж, нэг цэгээс нөгөөд төвөггүй хүрч чадаж байна. Энэ энергийг байгалийн хий, газрын тос, нүүрснээс гаргадаг байсан бол одоо сэргээгдэх эрчим хүчнээс гарган ашиглахад анхаарах боллоо. Хэрэв бид илүү олон сая жил оршин тогтноё гэвэл ногоон энерги рүү шилжих ёстой. Тэгж байж бид байгаль, эх дэлхийгээ энэ хэвээр нь удаан хадгалж чадна” хэмээн Б.Гантүлхүүр хэлж байна. Бусдад нөлөөлөхийн тулд тэрбээр ногоон барилгын төслөө анх санаачилж байсан бол өдгөө олон хүн үзье, харъя, очиж танилцъя хэмээн музей шиг орж гарах болжээ. Хамгийн гол нь тэдний цөөнгүй хувь өөрчлөгдөж чадсан байна.