Тогтмол ажлын хажуугаар нэмэлт орлого олж, мөнгө хийх хамгийн тохиромжтой цаг үе нь 2024 он гэж дүгнэж болохоор байна. Онлайн орчинд мөнгө олохыг хүсэж буй фрийлансер, ийм сонирхолтой хүмүүсийн өмнө дэндүү олон боломж, хиймэл оюун суурьтай хэрэглүүр гарч иржээ. Ийм боломжийг та ч мөн ашиглах боломжтой.
Тухайн хүний ур чадвараас үл хамаарч мэргэжил тус бүрд тохирсон, мөнгө олох нэмэлт боломжууд олон бий. Лаптопынхоо өмнө суугаад маш уян хатан цагийн хуваарийн дагуу, зам зуур эсвэл ажлын дундуур тун олон төрлийн ажил хийж болно. Хэрэв та зайнаас ажилладаг бол онлайнаар мөнгө олоход бүр ч их цаг зарцуулах боломжтой.
Гэхдээ “хурдан баяжих” гэдэг ойлголт байхгүйг санаарай. Маш богино хугацаанд мөнгө олж болно гэж амлаж буй вэбсайт, компани луйвар байх нь олонтоо. Та онлайнаар багагүй хэмжээний нэмэлт орлого олъё гэж хүсэж л байгаа бол яг л бусад ажил шиг судалгаа хийж, хөлс хүчээ гаргах ёстой болно.
Онлайнаар ажиллах боломжийг эрэлхийлэхдээ хянамгай байж, залилан мэхлэгчдээс сэргийлэх хэрэгтэй. Нууц болон хувийн санхүүгийн мэдээллээ Upwork зэрэг албан ёсны фрийланс сайт биш л бол бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөе. Нэмж сануулахад, хэрэв итгэмээргүй гоё санал байвал өөрийн зөн совиндоо итгээд үз, ингэх нь зөв байх тохиолдол олон бий.
Ингээд Upwork, Shopify зэрэг вэбсайтын судалгаа, шинжилгээнд үндэслэн гаргасан гэрээсээ мөнгө олох 10 боломжийг танилцуулъя.
- Онлайн маркетинг
Онлайн маркетинг нь пассив орлогын урсгалтай болох шилдэг аргуудын нэг бөгөөд контент маркетингийн сайн стратегитай болсон үед хамгийн үр дүнтэй байдаг. Эхний алхам болгож та сонирхдог зүйлийнхээ талаар бичих, видео хийх замаар олон үзэгч, дагагчтай болох хэрэгтэй.
Дагагчдын тоо, контентыг давтан үзэгчдийн тоо гэх мэт үзүүлэлт нь таны ашиглаж буй платформ болон тантай хамтран ажиллаж буй брэндийн шаардлагаас хамаардаг. Та төлөөлж буй брэндийнхээ линкийг вэбсайт, нийгмийн сүлжээний аккаунтдаа оруулж болно.
Гэхдээ таны сурталчилж буй бараа таныг дагагч, үзэгчдийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Эс бөгөөс та тэднийг мэхэлж, үнэ цэнгүй зүйлийг сурталчлах агаад үүнийг танай дагагч, үзэгчид анзаарах юм бол таны нэр хүнд унах эрсдэл үүснэ. Хэн ч өөрт нь сонирхолгүй зүйлийг үзэж, уншиж цагаа үрэхийг хүсэхгүй билээ.
- Онлайн дэлгүүр ажиллуулах
Агуулах барих, түрээслэх шаардлагагүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгодог учраас чөлөөт цагаараа, гэрээсээ ажиллангаа мөнгө олох тун гайхалтай арга бол энэ. Та Shopify гэх мэт платформ дээр дэлгүүрээ нээгээд бизнес моделио амжилттай хэрэгжүүлж чадах юм бол худалдан авагчдыг татах, тэднийг үнэнч хэрэглэгчээ болгох, улмаар борлуулалт хийх боломжтой болно. Энэ бол зах зээлийн өөрчлөлтөд хурдацтай дасан зохицох боломжийг олгодог уян хатан арга билээ.
- Инфлюнсер болох
Олон улсад инфлюнсерүүдийн маркетингийн зах зээлийн хэмжээ 2019 оноос хойш гурав дахин нэмэгдсэн бөгөөд 2024 онд 24 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Цар тахлын дараагаас онлайн болон нийгмийн сүлжээ ашиглагчдын тоо эрс нэмэгдсэнтэй эл үзэгдэл холбоотой юм.
Дэлхийн хүн амын талаас илүү нь нийгмийн сүлжээний аккаунттай учир брэнд, бүтээгдэхүүнээ танилцуулах кампанит ажлынхаа хүрээнд маркетерууд инфлюнсерүүдтэй хамтран ажиллах, хамтын ажиллагаа үүсгэх нь зөв сонголт болж байна. Чухам энэ трендийг та ашиглаж болно.
Юун түрүүнд танд хүчтэй хүсэл тэмүүлэл, сонирхол, хувь хүний онцлог шинж байх ёстой. YouTube, TikTok, Instagram зэрэг платформ дээр өөрийн гэсэн өвөрмөц брэндийг бий болгож, дагагчдын тоогоо нэмэгдүүлэх юм бол та нийгмийн сүлжээнд танигдаж, улмаар тантай хамтран ажиллах сонирхолтой брэндүүдийн хувьд үнэ цэнтэй капитал болж хувирна. Ингэснээр инфлюнсерүүдийг томоохон брэндүүд эрэн хайдаг Aspire.io, Open Influence зэрэг платформд нэгдэх боломжтой болно.
- Онлайн сургалт
Онлайн сургалтын зах зээл 2030 онд 21.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй болох бөгөөд онлайн багш нарын эрэлт нэмэгдэх нь тодорхой байгаа юм. Онлайн багш болсноор та видео уулзалтын хэрэглүүр ашиглаж, ямар ч сэдвээр сургалт, хичээл зааж болох бөгөөд фрийланс сургалтын платформуудад нэгдэж өөрийн профайлаа үүсгээд үйлчилгээгээ сурталчилж болно.
- Хиймэл оюуны контентыг засах, хянах
Саяхныг болтол контент бичих, засах, уншилт хийх нь онлайнаар мөнгө олох шилдэг аргад тооцогдож байв. Гэвч хиймэл оюунаас шалтгаалж эл байдал эрс өөрчлөгдсөн бөгөөд өдгөө Jasper AI, ChatGPT зэрэг хиймэл оюун контентыг маш хялбараар хэдхэн секундэд үүсгэдэг болжээ. Ингэснээр ийм чиглэлээр ажилладаг хүмүүс ажилгүй болох эрсдэлийг үүсгэсэн. Гэхдээ эдгээр хэрэглүүр нь алдаатай контент үүсгэх, үг үсгийн алдаа гаргах, хэт албаны буюу машинаар бүтээгдсэн нь илт байх зэрэг сул талтай байдаг юм.
Харин хиймэл оюуны контентын алдааг засагч, редактороор ажилласнаар та бизнесийн харилцагчдад зориулж хиймэл оюуны үүсгэсэн контентын алдааг засах, тухайн брэндийн дуу хоолой, өнгө аясыг тусгасан байдлаар контентыг эерүүлэн зөөлрүүлэх, өөрчлөх гэх мэт ажлуудыг хийж болно.
Эдгээрээс гадна онлайнаар мөнгө олох таван аргыг танилцуулъя.
- Цахим ном бичиж, хувиараа хэвлэн гаргах
- Подкаст хийж, өөрийн гэсэн ивээн тэтгэгчтэй болох/бүтээгдэхүүн сурталчлах
- Виртуал туслах болох
- Гар урлалын бүтээгдэхүүн, эд зүйл урлаж Etsy дээр зарах
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Орлогоо онлайнаар нэмэгдүүлэх нь тийм ч хэцүү биш. Зах зээлийн сул орон зайг олж, түүнд өөрийн байр суурийг эзэл. Интернэт, лаптоп байхад та шинэ ур чадварт суралцаж, түүнийгээ дэлхийтэй хуваалцангаа мөнгө олох бүрэн боломжтой.
Нийтлэлийг Рэчел Вэллс
Эх сурвалж: forbes.com