Монголд хамгийн өндөр буюу 300 сая төгрөгийн шагналын сантай, IT салбарын шилдэг шийдлийг шалгаруулах STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээн эхэллээ. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Мэдээллийн технологийн үндэсний парк, Стартап Маркетинг Спэйс ХХК, стратегийн түншээр Techpack ажиллаж байна.
Энэхүү тэмцээнд оролцсон гарааны бизнес эрхлэгчид шилдэг таван багт шалгарч үлдсэнээр “Google for Startups Astana HUB-д орох эрх, IT Park инкубаторын хөтөлбөрт оролцох эрх, хуулийн зөвлөгөө авах болон мөнгөн урамшууллын эзэн болох боломжтой. Мөн шилдэг багууд Bootcamp-д байрлан Lead Mentor-уудаас зөвлөгөө чиглүүлэг авч ажиллах юм.
STARTUP CHALLENGE MONGOLIA тэмцээнд нийт 97 баг бүртгүүлсэн бөгөөд тэмцээн хасагдах журмаар явагдаж гранпри шагналыг цорын ганц баг хүртэх юм. Тэмцээн тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
LEAD MENTOR:
- Их Бит ХХК, X-Meta Crypto ХХК, IHC Esport corporation ХХК, MOT Wealth group-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин
- Erxes Inc- ийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал А.Мэнд-Орших
- Mezorn Technology-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр
- Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж. Золзаяа
- СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор Доктор Г. Батхуяг нар леад ментороор ажиллана.
Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа:
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахыг 2023 оны ICT экспогийн үеэр хувийн хэвшлийнхэн анх санаачилсан. Бид бүтэн жилийн турш судалж, бэлтгэн ажил хэрэг болгож, өнөөдөр нээлтээ хийж байгаадаа баяртай байна. Гадаадын улс, орнууд мэдээллийн технологийн үндэсний шилдэг багаа дотооддоо шалгаруулаад, олон улсын тэмцээнд оролцуулдаг жишиг тогтсон байна. Манай улс ч мөн жил бүр шилдгүүдээ шалгаруулж олон улсын мэдээллийн технологийн томоохон тэмцээн уралдаанд оролцуулахыг зорьж байна. Ингэснээр салбараа олон нийтэд таниулах, олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжтой. Бидний том зорилго бол щюникорн компанийг төрүүлэх.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
Манай оронд мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байна. Уул уурхайгаас хамааралтай манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсаас хөрөнгө оруулалт татах дараагийн салбарын гол төлөөлөгчид бол энэ тэмцээнд бүртгүүлсэн 97 технологийн компани юм. Тиймдээ ч ийм чухал тэмцээн зохион байгуулж буйд баяртай байна. Энэ салбарын бахархал болсон старт аппыг үүсгэн байгуулагчдадаа баяр хүргэе. Бүгдээрээ оюун санаагаараа Монгол улсаа дэлхийд дархлахын төлөө хичээж ажиллацгаая амжилт хүсье гэсэн юм.
STARTUP CHALLENGE MONGOLIA төслийн удирдагч Т.Мөнхбаяр:
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш энэ төслийг судалсан туршлага дээрээ үндэслээд маш шинэлэг, өвөрмөц дэвшилтэд аргаар тэмцээнээ зохион байгуулна. Одоогийн байдлаар Монгол улсад хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байна. Энэ санг бүрдүүлэхэд хамтарч ажиллаж байгаа бүх спонсор, дэмжигч байгууллагууддаа баярлалаа. Тэмцээний үеэр багууд таван цуврал контент хийнэ. Тэмцээний үеэр хөрөнгө оруулалт татах боломж олгоно, даалгавар сорилтууд өгөөд сорилтыг давж чадсан нь дараагийн шат руу орно гэх мэт зохион байгуулалттай байгаа. Тухайлбал, эхний удаад 45 баг тунаж үлдээд, дараа нь 25, 20, 10 гэх мэт. Шилдэг 10 баг энэ сарын 8-15 ны хооронд чалленжид оролцоно. Харин шалгарсан сүүлийн таван багаас үндэсний аварга тодорно. Үе шат болгонд леад менторуудын зөвлөгөө, мөнгөн урамшуулал бий.
Lead mentor О.Мөнхжин
Дэлхий даяар тулгарсан проблемыг шийдсэн шийдэл, технологийг бүтээж чадаж байгаа нь олон улсын зах зээлд гарна. Монголоос гараад бүтээгдэхүүнээ зарж, борлуулж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд зөв газраа очиж, зөв хүнтэйгээ уулзах нь маш чухал байдаг. Монголын давуу талыг харуулаад, гадаадын зах зээлд санал тавиад, бүтээгдэхүүнээ хөгжүүлээд явахад олон улс, дэлхийд гарна гэдэг тийм ч биелэгдэшгүй даваа биш шүү гэдгийг оролцогч багууддаа хэлмээр байна.
Mezorn Technology-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр:
Багууд өдөр болгон л шилдэг байна гэж бодох хэрэгтэй. Шилдэг байхын тулд байж болох бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Бүх арга замаа ашиглах, хамгийн шилдэг шийдлээ гаргах шаардлагатай байна. Буцах зам та бүхэнд байхгүй. Өдөр болгон байж болох хамгийн сайн хувилбараараа, бүх хүч арга зам, эрдэм чадлаа энэ цаг үедээ ашиглаарай.
СЭЗИС-ийн ахисан түвшний судалгаа эрхэлсэн проректор Доктор Г. Батхуяг:
Дэлхийд гарахдаа технологи зарах биш, бизнес зарна гэж ойлгоно. Технологи чинь тэр бизнесийн ТҮЦ байгаа юм. Ямар асуудал, ямар проблем, ямар гоё бизнес байж болохоор байна. Тэрний технологийг яаж шийдэж болох вэ гэдэг талаас нь гаргах ёстой шүү гэж хэлмээр байна.