Ямар нэг эрүүл мэндийн асуудалтай эсвэл өвчтэй хүнийг эмч эхлээд оношилж асуудлынх нь шалтгааныг олж тогтоосны үндсэн дээр эмчилгээ хийдэг. Менежментийн зөвлөх үйлчилгээ яг үүнтэй төстэй. Менежментийн зөвлөх нь байгууллагад тулгараад байгаа асуудлын шалтгааныг оношилсны дараа нь түүнийг шийдвэрлэх зөвлөгөө өгдөг.
Эрүүл мэндийн асуудал, доройтол нь бидний амьдралын хэв маяг, хооллолт, нойр, цагийн менежмент, ажиллаж, амьдардаг орчин нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч бий болдогтой адилаар байгууллагад тулгарсан асуудал, хүндрэл нь олон хүчин зүйлсээс хамаардаг. Амьдралд цор ганц шалтгаантай асуудал гэж тун ховор. Нэг асуудал нь дараагийн асуудлыг нөхцөлдүүлж, тэр нь өөр асуудлыг үүсгэх гэх мэтээр комплекс байдалтай.
Бизнесийн амжилт эсвэл уналтад нөлөөлөх эдгээр шалтгаан, хүчин зүйлсийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг нь менежментийн зөвлөхүүдийн гол үнэ цэн юм. Тэд янз бүрийн байгууллагын сайн, муу менежментийн алдаа, онооны туршлагыг харж, туулж, харилцаж байдаг. Иймээс мэргэжилтэнд хуримтлагдсан олон талын мэдлэг, чадварыг нь ашиглах боломжийг олгох үүднээс зөвлөх үйлчилгээ хэмээх салбар үүсэж хөгжсөн хэрэг.
Менежмент бол өөрийн гэсэн үзэл санаа, философитой, дэгтэй бөгөөд Төлөвлөлт, Зохион байгуулалт, Гүйцэтгэл, Хяналт, Суралцах, Сайжруулалтын процессуудаас бүрдэх цогц ойлголт юм. Мөн менежментэд Шударга үнэнч байх, Ёс зүйтэй байх, Бодитоор хандах, Оролцоо манлайлалтай байх гэх мэт бусад шинж чанар багтдаг. Хүн бүр сайн математикч байх албагүй шиг, эсвэл хүссэн хүн бүр Уссейн Болт шиг 100 метрт 9 секунд гүйж чадахгүй шиг бидний хэн маань ч менежментийн бүх чиглэлээр чадварлаг байж чаддаггүй.
Бизнесийг удирдах гэдэг нь бизнесийн маш олон чиглэл, сэдэв, асуудлыг удирдана (менежмент) гэсэн үг. Тиймээс байгууллага эдгээр чиглэл, сэдвийн талаар мэдлэг чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлдэг буюу мэргэжилтнүүдийг ажилд авдаг. Гэвч бизнесийг амжилттай удирдахад шаардлагатай бүх л чиглэлээр мэдлэг чадварыг бүрдүүлэх нь өөрөө маш их зардал, цаг хугацаа шаарддаг.
Өнөөгийн манай улсын нөхцөл байдалд энэ бол бүр маш хэцүү асуудал болсон. Учир нь хүний нөөцийн хомсдол манай бизнесийн бүхий л салбарт төдийгүй бүхэл улс орны хэмжээнд нүүрлэсэн (MMCG судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар ААНБ-ын 95% нь шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлж чадахгүй байна).
Энэ нөхцөл байдалд, бизнесээ амжилттай удирдахад шаардагдаж буй мэдлэг, чадамжийг нөхөх, боломж нь Менежментийн зөвлөх үйлчилгээ юм. Мэдлэг, туршлагатай зөвлөхийн үйлчилгээ нь хэд хэдэн хүний хийх ажлыг орлож чадахуйц байдаг бөгөөд энэ нь байгууллагад зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг өгдөг юм. Мөн байгууллага нэлээд хугацааны дараа хүрэх байсан амжилтыг нааш нь татаж хурдасгадаг эсвэл хэзээ ч хүрэхгүй байсан амжилтад хүргэж болох юм. Эсвэл тулгарсан асуудлаас бэрхшээлийг шийдвэрлэж, бүтэлгүйтлээс аварч, эсвэл бүр дампуурлаас ч сэргийлж ч болох юм.
Түүхэн дэх хамгийн цуутай зөвлөх үйлчилгээний кэйс жишээнүүдээс дурдвал, 1970-аад онд McKinsey & Company’s зөвлөх компани GE хэмээх үйлдвэрлэгчийн магнат компанийн стратегийг өөрчилж өнөөгийн GE хэмээх конгломерат (олон салбарт ажилладаг) компанийг бий болгосон жишээ ордог.
Мөн зөвлөх үйлчилгээний Bain & Company’s компани болон Domino’s Pizza компанийн жишээг дурдаж болно. Тэд цэсээ шинэчилж, хэрэглэгчийн үйлчилгээг (customer experience) сайжруулж, үйл ажиллагаа, процессыг илүү бүтээмжтэй болгоход чиглэж ажилласан. Зөвлөх үйлчилгээний үр дүнд Domino-ийн зах зээлийн үнэлгээ өсөж, Bain & Company’s өөрөө Domino’s Pizza компанийн хувийг эзэмших болсон түүхтэй.
Мобиком корпорацийн хувьцааг эзэмшигч KDDI группийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Инамори Казуо Японы засгийн газрын хүсэлтээр төрийн өмчит Japanese Airlines компанийг дампуурлаас аварсан нь менежментийн зөвлөх үйлчилгээ төрийн байгууллагад үр дүнгээ гаргасан талаарх сайхан жишээ юм.
Бидний хувьд, Процессыг бүтээмжтэй болгох, EPR нэвтрүүлэлт хийх, Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчлол хийх, Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, Борлуулалтыг нэмэгдүүлэх, Зардлыг бууруулах, Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах гэх мэт чиглэлүүдээр хэд хэдэн компаниудад менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай ажилласан жишээ бий.
Энэ салбарын хувьд, ихэнх тохиолдолд хувь хүмүүс өөрийн ажлын туршлага дээрээ дулдуйдан зөвлөх үйлчилгээг санал болгож, байгууллагууд ч тэдгээртэй мэр сэр ажилладаг. Гэвч ажлын чанар, хариуцлага, ёс зүй, ажиллах боломжийн асуудал (хувь зөвлөх нь гэрээт ажлаа дуусгалгүй өөрөө нэг компанид ажилд орчихсон …) болон мэдээллийн аюулгүй байдлын асуудалтай нүүр тулгарсан хэд хэдэн тохиолдол гарч байсныг мэдэх юм.
Менежментийн зөвлөх үйлчилгээг хувь хүн ганцаараа хэрэгжүүлэх боломж бага. Учир нь хувь хүний боломж, нөөц хязгаарлагдмалаас гадна, хувь хүний хариуцлага, баталгаа нь байгууллага шиг байж чаддаггүй. Үүнийг зөвлөх үйлчилгээ авч буй компани ч, зөвлөх ч бодитоор ойлгож шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар манай улсын ААНБ-ууд хэдий боломжтой зах зээлд ажиллаж байгаа ч бүтээмж багатай, зардал өндөртэй, байгууллагын соёл сул, менежмент муу гэх нийтлэг дутагдал харагддаг. Эдгээр алдаа дутагдлаа хэн түрүүлж олж харж, эдгээж чадсан нь хөгжлийн дараагийн шатандаа гарах биз ээ..