Монгол Улс дотооддоо улаан буудай тариалж, гурил үйлдвэрлэн, гурилын салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор дөрвөн удаа атрын аян зарлаж байлаа. Тухайлбал, “Атрын I аян”-ыг 1959 оноос эхлүүлэхдээ атар газар хагалж, улаан буудай тариалсны хүчинд дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж эхэлсэн юм. 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн буюу 16.8 сая үр тариа хураан авч, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэн, Монголын ард түмэн эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс өмнө ОХУ, Хятадаас гурилаа худалдан авдаг байв. Нэг ёсондоо, өргөн хэрэглээний барааны гол хүнсээрээ хоёр хөршөөсөө хараат байлаа.
Гурил бол стратегийн хүнс. Монгол Улсын Хүнсний тухай хуульд “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг стратегийн хүнс гэж тодорхойлсон заалттай. Тиймээс стратегийн хүнсээ дотооддоо үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин атрын аяныг үргэлжлүүлж байжээ.
Улмаар 1976 онд “Атрын II аян”-ыг эхлүүлж, таримлын сорт турших, мэргэжилтэн, тариаланчид бэлтгэх зорилгоор аймгуудад техник мэргэжлийн сургуулиудыг байгуулсан. Харин 2008 онд эхэлсэн “Атрын III аян”-ы хүрээнд, трактор, усалгаа, зоорь, хүлэмжийн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байв.
Мөн 2020 оноос эхлэн “Атрын IV аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд импортын гурилын хэмжээг бууруулж, гадагш гурил экспортлох зорилт тавьсан юм. Ингээд 2022 онд Хятадын талаас тавьсан хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг 13 гурилын үйлдвэр хангаж, 2023 оны есдүгээр сард хамгийн анх Хятад руу гурил экспортод гаргаж эхэлсэн байдаг.
Үе үеийн төрийн бодлогоор зуун дамнан хөгжүүлсний хүчинд манай улс гурил экспортод гаргаж эхэлсэн ч энэ үйл явцтай давхцан асуудал тулгарсан нь гурилын үнийн өсөлт юм. Тухайлбал, дээд гурил 2010 онд нэг кг нь 1000 төгрөг байсан бол 2019 онд буюу есөн жилийн хугацаанд 600 төгрөгөөр нэмэгдэж, 1600 төгрөгийн ханштай болсон байлаа. Гэтэл 2024 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр алтан тариа дээдийн дээд гурил нэг кг нь 4082 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь сүүлийн нэг жил буюу 2023 оны мөн үетэй харьцуулахад 600 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, экспортод гаргаж эхлэхээс өмнө есөн жилд 600 төгрөгөөр нэмэгддэг байсан гурил нэг жилийн дотор энэ хэмжээгээр огцом өссөн. Үнэ өссөн шалтгааныг тариалан эрхлэгчдийн төлөөлөл болон холбогдох байгууллагууд өөр өөрөөр тайлбарлаж байна.
Үнэ өсгөсөн гурилын үйлдвэрүүдийг 1.4-5.9 тэрбумаар торгов
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2024 оны хоёрдугаар сарын эцэст гурилын үнийн талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Билгүүний ярьснаар иргэдээс ирүүлсэн гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу гурил үйлдвэрлэгч томоохон найман ААН-д үнийн судалгаа хийж, нэг жилийн хугацаанд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн тохиолдол байгааг илрүүлсэн байна. Тодруулбал, 2022 оны 1-11 дүгээр сард нэгдүгээр гурил 53.1 хувь, дээд гурил 62.8, хоёрдугаар гурил 40.9 хувиар үнэ нь өссөн байсан гэж мэдээлсэн.
Улаан буудайн үнэ гурилын үнийн 87.5 хувийг эзэлдэг бөгөөд улаан буудайн үнэ хэвээрээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргаж, хэрэг үүсгэсэн. “Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг. Энэ хэрэг шүүхийн шатанд шалгагдаж байгаа. Мөн “Улаанбаатар гурил” компанид 5.9 тэрбум төгрөгийн, “Од групп” компанид 1.4 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан” гэж Б.Билгүүн мэдэгдэв.
Гурилын үнэ өссөн шалтгааныг хэн юу гэж тайлбарлав?
ШӨХТГ -аас хийсэн дээрх мэдээллийн дараахан Монголын тариаланчдын үндэсний холбооноос мөн мэдээлэл хийж, гурилын үнэ өссөн шалтгааныг тайлбарласан юм.
Ахмад тариаланч Ч.Пэрэнлэй
2000 оноос хойш орон нутгийн газар тариалангийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед бид гаднаас тусламжийн будаа, гурил авдаг байлаа. Манай улс цагтаа 1.2 сая га газарт тариалан эрхэлж, жилд 560-800 мянган тонн үр тариа хурааж авдаг байсан. Гэтэл 2007 онд 77 мянган тонн болтлоо буурсан. 2008 онд зарласан “Атрын III аян”-ы үеэс тодорхой хэмжээний зээлээр техникийн шинэчлэл хийснээр сэргэлтийн үе ирсэн. Ингээд үр дүнд нь 2010 он гэхэд 560 мянган тонн үр тариа хураан авсан.
Газар тариалан уналтад орвол сэргэхэд хугацаа зарцуулдаг эмзэг салбар. Хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр сүүлийн хоёр жил дараалан 200 мянган тонн импортын будаа, гурил оруулж ирсэн.
Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” компанийн захирал Л.Батсүх
Би 1996 оноос хойш газар тариалангийн салбарт ажиллаж байна. Олон нийтийн дунд манай салбарыг маш их орлого олдог гэж эндүүрдэг. Бэлчээрийн даац хэтэрсэн нь газар тариалангийн бүс нутагт хохирол учруулдаг, хөрсний эвдрэл их гардгаас газар тариалангийн талбайн хэмжээ багасдаг. Монгол Улсын нийт нутгийн 0.8 хувийг тариалангийн талбайн эзэлдэг ч энэ талбайн үржил шимтэй хэсэг нь ердөө 20-25 хувь байдаг.
Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Шинэбаяр
Гурилын үйлдвэрлэл, тариаланч хоёр нэг зоосны хоёр тал. Монгол Улсын 3.5 сая иргэнийг эрүүл, экологийн хүнсээр хангадаг том салбар. Гурилын үнэ нэмэгдсэнд иргэд их бухимдаж байгаа. Үнэ нэмэгдсэн нь зөвхөн тариаланч болон гурил үйлдвэрлэгчдийн асуудал биш. Нийт дөрвөн шат дамжлагаар эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. Тариаланчдаас гурилын үйлдвэр рүү, тэднээс борлуулагч, дэлгүүрт хүргэгдэж байгаа. Тэгээд эцэст нь хэрэглэгчдэд очдог. Энэ дунд тээврийн зардал орно. Худалдааны байгууллагууд хэдэн хувийн нэмэгдэлтэй зарж буйг мөн шалгах ёстой.
Гурилын импортын татвар тэглэхийг дэмжинэ, дэмжихгүй
Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой хуулийг УИХ баталсан. Импортын гурилын гаалийн албан татвар одоо 15 хувьтай байгаа юм. Энэ татварыг тэглэн, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, гурилын зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор гурилын үнэ буурах боломжтой гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярихдаа “Гурил, тэжээлийн буудайг импортын татвараас чөлөөлөхийг дэмжихгүй. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд энэ салбар маш эмзэг. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид учраас гурил үйлдвэрлэгч, тариаланчдад дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Импортын гурилтай өрсөлдөх чадамжгүй салбар. Тэгээд ч хүнсний хувьд гаднаас хараат болохгүйн тулд дотоодын гурил, газар тариалангийн салбараа төр өөрөө авч явах хэрэгтэй” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий. Гурилын импортын татварыг хугацаагүйгээр, хэмжээ харгалзахгүй тэглэх нь дотоодын газар тариалангийн салбарыг доош нь татна. Тариаланчид улаан буудай тариалаад Монголдоо л зардаг. Гадагш гаргаж байгаагүй учраас гурилын үйлдвэрт л борлуулж мөнгө олдог байсан. Гэтэл гаднын үйлдвэрийн гурил ороод ирэхээр худалдан авалт нь буурна. Яагаад Монгол Улсын Хүнсний тухай хуульд улаан буудай, гурилыг стратегийн бүтээгдэхүүнд оруулдаг вэ гэхээр ямар нэгэн шалтгаанаар хилээ хаахад хүрвэл дотоодоосоо гурилын хэрэгцээгээ хангадаг байх хэрэгтэй. Импортын гурилыг 100 хувь дэмжсэнээр хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, цаашлаад инфляцыг хөөргөдөх эрсдэл үүсэж байна” гэж байв.
Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Гурилын импортын татварыг тэглэх асуудлыг дагаад экспортод тавигдсан хоригийг нээж өгнө. Импортын татварыг тэглэж байгаа нь дотоодын гурил, тэжээл дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгч байгаа юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал болж 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг чөлөөлөх, хөнгөлөх талаар ярилцсан” гэж мэдээлэв.
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ инфляцад нөлөөлжээ
2024 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөвөөс харахад инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 2.5 хувь, өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна. Ерөнхийдөө хүнс болон бусад бараа, үйлчилгээний үнэ өссөн нь инфляц долоон хувиар өсөхөд голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 14.7 хувиар өсөхөд будааны үнэ 5.7 хувь, гурил 17.4 хувь, талх, нарийн боов 16.5 хувь, гоймон 12.8 хувиар өссөн нь инфляцид нөлөө үзүүлсэн байна.