Интерьер дизайны зах зээлд Монголдоо тэргүүлэгч “СаяСанаа” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын томоохон байгууллагууд болон дотоодын шилдэг компаниудын чухал ач холбогдолтой төслүүдэд интерьер дизайны зураг, засал гүйцэтгэл, төслийн менежментийн чиглэлээр амжилттай ажиллаж багагүй туршлага хуримтлуулжээ. Тэдний онцлог бол багийн ажиллагаагаар тасралтгүй хөдөлмөрлөж, захиалагчдад цогц үйлчилгээ үзүүлэх. Мөн аливаа төслийн зорилго, цар хүрээг ойлгож, захиалагчийн хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан хөгжүүлэлт хийхийн зэрэгцээ өөрсдийн онцгой санаануудыг тусган ажилладгаараа давуу талтай.
Ингээд “СаяСанаа” компанийн гүйцэтгэсэн томоохон төслүүдээс онцлон танилцуулъя.
Төсөл 1. ХААН банк – Ажилтан бүрд зориулсан тусгай шийдэл
Сүүлийн үед Монголын томоохон байгууллагууд ажилтнууддаа өөрийн гэртэй ойрхон салбар оффисуудад очиж ажиллах боломжийг олгодог болсон нь ажлын бүтээмж, цаг ашиглалтыг сайжруулахаас гадна хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй. Тэгвэл дижитал шилжилт эрчимтэй хийж буй ХААН банкныхан төвийн бүсийн ажилтнууддаа зориулсан дундын оффис байгуулахдаа дотоод заслын ажлаа “СаяСанаа” -ийн хамт олонд хариуцуулжээ. Энэхүү оффис нь ажилтан бүр тухайн өдөр ямар ажил хийхээс хамаарч багаараа, эсвэл ганцаарчилсан байдлаар ажиллахад зориулж тохижуулсан ширээ, сандал бүхий орчинд суух сонголтыг бий болгосон байна. Үүний зэрэгцээ уламжлалт, эсвэл байгалийн гэрэлтэй, цонхтой, самбартай, дуу тусгаарлагчтай гэх мэт төрөл бүрийн хэсэгт төвлөрөн ажиллаж, бүтээмжээ ахиулах боломжийг бүрдүүлжээ.
Төсөл 2. Шинэ үеийн зах Go.to Market
Шинэ үеийн зах хэмээн нэрлэгдэж буй Go.to Market -ийн нэгдүгээр давхарт төрөл бүрийн хүнс, махны төрөлжсөн хэсэг, нарийн болон өргөн хэрэглээний ногоо, жимс, амттан, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний худалдааг үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, цэгцтэй байхаар төлөвлөж, тав тухтай мэдрэмж төрүүлэхүйц хэв маяг бүхий орчныг бүрдүүлэхэд анхаарчээ. Харин хүүхэд залуучуудад түлхүү чиглэсэн концепцтой дөрөвдүгээр давхарт ресторан, тоглоомын төв, фитнес зэрэг цагийг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх олон янзын үйлчилгээ төвлөрсний зэрэгцээ байгалийн гэрэл шууд тусах шилэн дээвэр, түүнийг дагасан дугуй void болон biophilic дизайныг хослуулсан нь энэхүү төслийн гол онцлогуудын нэг юм.
Төсөл 3. MobiCom TEDY төв: Хүн төвтэй – энгийн – ухаалаг шийдэл
Өдөрт 14 мянга гаруй хэрэглэгчийн урсгалтай TEDY төвийг хүн төвтэй, энгийн, ухаалаг болгох даалгаврыг “СаяСанаа” -ийн баг хамт олон хүлээн авч, иж бүрэн төслийн хэмжээнд хэрэгжүүлж, амжилттай гүйцэтгэжээ. Энэ хүрээнд ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд ээлтэй, энгийн, ойлгомжтой байдлаар төлөвлөлт хийхэд тэд анхаарал хандуулж, үүний үр дүнд, гэрэл гэгээтэй, саруулхан, цэлгэр, хүртээмжтэй орчныг үүсгэж чадсан байна. Өгөгдсөн архитектур төлөвлөлтийг илүү ашиглалт сайтай болгохын зэрэгцээ biophilic дизайн шингээхийг хичээсэн нь бүх зүйл тэнцвэртэй, ил тод, онцгой орчныг бүрдүүлэхэд дөхөм болжээ. Тав тух, сэтгэл ханамжийг мэдэрч, эрч хүч, урам зоригоо сэлбэхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол бидний эргэн тойрон, хүрээлэн буй орчин юм.
Төсөл 4. Bella Vista
Хүн амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ, эсвэл гэртээ өнгөрүүлдэг. Амьдарч буй орчин хүний далд ухамсарт, цаашид гаргах шийдвэрүүдэд шууд нөлөөлж байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэгвэл “СаяСанаа” компанийнхан өөрсдийн туршлага, мэдрэмж, шинэ санааг шингээсэн Black Notions by SaySanaa Interiors брэндийг харилцагчдадаа санал болгож эхэлжээ. Энэхүү үйлчилгээгээрээ дамжуулан тэд дизайныг зөвхөн бүтээх бус тухайн хүний амьдралын хэв маяг, орчин, өдөр тутамд хийдэг үйлдлүүдийг нь ч эдлэхүүн болон мэдрэхүйн хэмжээнд тусгаж, дараагийн түвшинд гарахад нь туслахыг зорьж буй.
Төсөл 5. House of Silence
Интерьер дизайн хүний амьдралын хэв маягийг тодорхойлдог болсон энэ цаг үед “СаяСанаа” -ийн хамт олон House of Silence төслийг тун саяхан хэрэгжүүлж дуусаад байна. Онцгой загварыг бий болгоход нөлөөлдөг гол хүчин зүйл бол захиалагчийн амьдралын хэв маяг юм. Хүн амьдарч буй орчноосоо баяр баясал, эерэг мэдрэмж авч байвал илүү бүтээлч, аз жаргалтай амьдардаг нь олон зүйлээр батлагддаг. Тиймээс ч “СаяСанаа” компани зүгээр нэг загвараас илүү бие, сэтгэл, ухамсарт нөлөөлдөг дахин давтагдашгүй дизайн бүтээхийг эрмэлзсэн нь House of Silence төслөөр биеллээ олжээ.