Бизнесмэнийг амбиц хөтөлдөг
Хэрэв та одоогийн санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун бол бизнесмэн болох нь юу л бол. Гэнэтийн аз дайрдаггүй л юм бол амжилттай бизнес төслүүдийн ард гарах магадлал бага. Харин санхүү, сэтгэл санаагаар хурдан “шатаж”, сэдсэн зүйлдээ урам хугараад үлдэх магадлал их.
Бизнесмэн асуудал шийддэг
Бизнесмэн хүн ихэнх хүний анзаардаггүй асуудлыг олж харж, түүндээ шийдэл олж, эхэлснээ заавал дуусгадаг. Сайн бизнес хэрэглэгчийн асуудлыг чанартай шийдэж чаддаг. Асуудал ээдрээтэй байх тусам ашиг, орлого нь өндөр байдаг.
Бизнесмэн манлайлдаг
Зарим манлайлагч өөрийгөө манлайлагч гэж тооцохгүй байх нь бий. Хэрэв та харилцагчаа, ажилтнуудаа, нийлүүлэгчдийг, гүйцэтгэгчдийг гэх мэтээр бизнесийн оролцогч талуудыг тантай хамтарвал үр ашигтай гэдгийг ойлгуулж, хөтөлж чадвал та хүчтэй лидер гэсэн үг.
Бизнесмэн дасан зохицдог
Эдийн засаг, зах зээлийн нөхцөл байнга өөрчлөгдөж байдаг, заримдаа бүр огцом эргэлттэй. Тиймээс сайн бизнесмэн өөрчлөлтөд дасан зохицож, өөрт нь мөнгө төлөх чадвартай хэрэглэгчийнхээ хэрэгцээг (тэр хэрэгцээ хэчнээн их өөрчлөгдсөн ч гэлээ) мэдэрдэг. Тэд шинэ боломжийг байнга эрэлхийлж, түүнийгээ олдог. Аливаа бизнес модель хэзээ нэг өдөр хуучирдаг учраас дасан зохицож чаддаггүй бизнес удаан амьдрахгүй.
Бизнесмэн хүн шийдэмгий
Шийдэмгий байх нь зөв шийдэл олохоос өөр. Бизнес эрхлэгчийн хувьд зарим үед ирээдүй тодорхойгүй болж, юу ч харагдахгүй харанхуйд таамгаар явахаас аргагүй болдог. Тиймээс заримдаа дараагийн уулзварын цаана юу байгаа нь мэдэгдэхгүй ч галзуу юм шиг урагшаа зүтгэх зоригтой байх ёстой. Ингэж чаддаг хүн цөөхөн бөгөөд ихэнх нь хэн нэгний ажлыг хийж өгөөд цалингаа аваад сууж байхыг илүүд үздэг.