ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас бизнес эрхлэгчдэд зориулан зөвлөх үйлчилгээний тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн талаар бэлтгэсэн материалыг толилуулж байна.
***
“Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргал гүзээ, сархинаг зэрэг уламжлалт түүхий эд ашиглан эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг. Найздаа туслах бодолтой явж байсан тэрээр гүзээ, сархинаг нь хүн амын дунд түгээмэл болоод байгаа чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тустай гэдгийг олж сонсоод бизнес болгохоор шийдэж, судалгааны ажлаа эхлүүлжээ. Ингээд Эм судлалын хүрээлэн дээр гүзээ, сархинагны цайгаа судлуулж үзэхэд гурван сар хэрэглэсний дараа чихрийн шижин өвчнийг 50.5 хувь бууруулсан үр дүн гарчээ.
Одоо тус бүтээгдэхүүн дээрээ клиник туршилт хийж буйгаас гадна элэгний эмч цай, өөрсдөө тарьж боловсруулсан хар сармисаар хийсэн “Увидасу” нэртэй брэндийг зах зээлд танилцуулаад байна.
Гэвч бизнес өргөжихийн хэрээр ажил улам ихсэж, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах явцад түүртэх мэдрэмж төрөх болж, энэ хэвээр яваад байвал өөрөө ядрахаас гадна бизнесээ тэлж чадахгүй юм байна гэдгийг ойлгожээ. Энэ нь түүнийг ХААН Банкнаас зохион байгуулдаг “Бизнесийн менежментийн цогц сургалт”-д хамрагдахад хөтөлжээ.
Харин бизнес эрхлэгч С.Буяндэлгэрийн хувьд төрсний дараах ээж, нярайд асаргаа, сувилгаа үзүүлэх “Сорхон” эх нярайн сувилахуйн төвийг ажиллуулаад долоон жил болж байгаа. Тус төв нь төрсний дараа эх, нярайд тулгардаг, гэрийн нөхцөлд шийдэхэд бэрхшээлтэй асуудлуудыг мэргэжлийн түвшинд шийдэж, ээжийг тэнхрүүлж, нярайг бойжуулдаг.
Энэ чиглэлийн үйлчилгээ нь шинэлэг, гэхдээ эрсдэлтэй учраас стандартын дагуу, алдаа гаргахгүй ажиллах нь маш чухал. Тиймээс тэрээр цар тахлын үеэр доголдсон бизнесээ өөрөөр авч явахын тулд дээрх менежментийн сургалтад хамрагджээ.
Япон улсаас 600 гаруй нэр төрлийн бараа импортолж, 10 салбар дэлгүүрээр борлуулдаг ASAHI дэлгүүрийн ерөнхий захирал Б.Мөнхгэрэлийн хувьд энэ сургалтад хамрагдах болсон шалтгаан бүр илэрхий. Логистикийн ажил давамгайлдаг худалдааны бизнесээ тэрээр илүү цэгцтэй, ойлгомжтой байлгах хэрэгцээ тулгарчээ.
Дээрх гурван бизнес эрхлэгч 2022 оноос эхлэн ХААН Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан хэрэгжүүлж буй “Бизнесийн менежментийн цогц сургалт”-д хамрагдаж, эдүгээ 100 компаниас тунаж, менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт 10 компанийн тоонд оржээ. Тэд одоо зүгээр ч нэг менежментийн сургалтад хамрагдахгүй, харин олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх компаниас 100 цагийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч, бизнесээ дараагийн шатанд гаргах аяллыг эхлүүлж байгаа юм. Ингэхдээ ХААН Банкнаас зөвлөх үйлчилгээний тэтгэлгийг 70% хүртэл хувиар олгохоор болсон байна.
Яагаад зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр гэж?
Захирал хүний хийх ёстой хамгийн гол ажил бол ажилтнуудынхаа өмнүүр нь орж ажлыг нь хийх бус бизнесээ гаднаас нь харж, далайцтайгаар удирдах юм. Өөрөөр хэлбэл, бизнесээ өөрийнх нь ажлын үргэлжлэл, томсгосон хувилбар бус, харин бие даан ажиллах систем болгон хөгжүүлэх ёстой байдаг.
Тийм ч учраас Монголын жижиг дунд бизнесүүд богино хугацаанд бие даах чадамж сул байгаагийн гол шалтгаан нь санхүүжилт гэхээс илүүтэйгээр бизнесийн төрөл бүрийн функцүүд зөв ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар дутмаг байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, тамирчинд дасгалжуулагч, уран бүтээлчдэд продюсер байдагтай адил захирал хүнд көүч, компанид зөвлөх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.
ХААН Банк сүүлийн 18 жилийн турш жижиг, дунд бизнесүүдийг дэмжин ажиллахдаа бизнесийн зээл, төслийн санхүүжилтээс гадна санхүүгийн бус зөвлөх үйлчилгээ, сургалт хөтөлбөрүүдээр тухайн бизнесийг уг үндсээр нь дэмжих тогтолцоог хөгжүүлж буйн нэг жишээ энэ юм.
Бизнесүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жижиг дунд бизнесийн академи нь бизнес эрхлэгчдийг санхүүгийн бус үйлчилгээгээр бойжуулах 5 төрлийн сургалт хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь энэхүү “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” ажээ. Уг хөтөлбөрийн гол хамтрагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх “Содура консалтинг” компани, түүний үүсгэн байгуулагч Ц.Алтангэрэл захирал юм.
Эхлээд дөрвөн жил болж буй, менежментийн цогц мэдлэг олгож, бизнес эрхлэгчдийг практик дээр илүү чадавхжуулах зорилготой энэхүү хөтөлбөрт одоогийн байдлаар 450 гаруй бизнес эрхлэгч, захирал, үүсгэн байгуулагч хамрагдаад байна.
Хөтөлбөрт оролцогчид сургалтад суухаас гадна мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах сонирхолтой байсан учир хөтөлбөрийг гурван түвшинтэй болгож, “Зөвлөх үйлчилгээний тэтгэлэгтэй хөтөлбөр”-т 10 компанийг шалгаруулан хамруулж байна. Эдгээр компани эхний хоёр түвшний сургалтын үр дүнд менежментийн цогц мэдлэг, удирдлагын болон баг удирдахуйн чадварт суралцаж, бизнес менежментийн үндсэн чадавхыг эзэмшсэн байгаа. Энэ нь зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэх суурь болж байгаа аж.
Бизнес эрхлэгч О.Отгонжаргалын хувьд цогц хөтөлбөрт хамрагдсанаар өдөр тутмын үйл ажиллагаандаа живэхгүйгээр бизнесээ том зургаар нь харж сурч байна. Харин С.Буяндэлгэр бизнесээ менежментийн хувьд зөв өнцгөөс харж, олон алдаа гаргахаас сэргийлэхэд энэ хөтөлбөр тусалж буйг онцолсон бол Б.Мөнхгэрэлийн тухайд өдөр бүр дайны байдалтай, гал унтрааж ажилладаг арга барилаа амжилттай халах нөхцөл бүрдэж байгаа тухайгаа онцлон ярьсан юм.
ХААН Банкны ЖДБ-ийг дэмжих туршлага
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нарт санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэх замаар тэдгээрийн үйл ажиллагааг чадавхжуулж, бизнесийн цар хүрээгээ тэлж, хөгжлийн шинэ шатанд гаргах боломжийг нээхээр зорин ажиллаж байна.
Үйл ажиллагааны хувьд:
- Жилийн турш зохион байгуулдаг 6 төрлийн биечилсэн болон цахим сургалт хөтөлбөрүүд,
- Бизнесээ илүү ухаалаг, төлөвлөгөөтэй, үр дүнтэй удирдахад нь дэмжлэг үзүүлэх мэргэжлийн зөвлөх үйлчилгээ,
- Бизнес эрхлэгчид өөр хоорондоо мэдлэг туршлага хуваалцах, бизнесийн хүрээллээ тэлэхэд зориулсан холбох үйлчилгээ буюу нэтворкинг уулзалт, арга хэмжээнүүд,
- Интернэт, инновацлаг орчин бүхий дундын оффис үйлчилгээ
ЖДБ-ийг дэмжих сургалт, хөтөлбөрийн чиглэл:
- Ногоон бизнес сургалт
- Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр
- “Хамтын өсөлт” хөтөлбөр
- Хөгжлийн хөтөлбөр
- Бизнесийн менежментийн цогц сургалтын хөтөлбөр
“Менежментийн цогц хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэгч, зөвлөх компани “Содура консалтинг” ХХК нь:
- 2016 онд байгуулагдсан, олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээний ISO20700 стандартыг хэрэгжүүлэгч,
- Удирдлагын менежмент, стратегийн чиглэлээр голчлон зөвлөгөө өгдөг бөгөөд өнгөрсөн найман жилийн хугацаанд 100-аад компанид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бол орон даяар 2000 гаруй захирал, менежерийг чадавхжуулсан,
- ХААН Банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллаж, жижиг, дунд бизнесүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг.
- Гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл нь зөвлөх үйлчилгээний компани байгуулахаасаа өмнө банк, санхүү, бизнесийн салбарт 25 жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай хүн юм.