Хуулийг биелүүлэх, бүгд жигд сахин мөрдөхөд л торгуулийн хариуцлагын үүрэг оршдог. Төр үйлчлэх үүргээ хэрэгжүүлэхээс илүүтэй торгож шийтгэх дур сонирхолтой болсоор байна. Төр торгуулиар бараг л бизнес хийж байна.
***
Саяхан нэгэн нягтлан найз маань “Чи татварт таньдаг хүндээ хэлээд тайлангийн хүсэлт авхуулаад өг л дөө” гэж гуйлаа.
“Яасан юм бэ” гээд би жаахан уцаарлангуй асуулаа. Үнэндээ ийм гуйлтад дургүй л дээ. Би цаашаа дахиад нэг хүн гуйна. Яг л нөгөө дээс томдог үлгэр шиг.
“Найз нь эмнэлгээр яваад НӨАТ-ын 3 сарын тайлангаа хоцроожээ. Тэгээд шалтгаанаа бичээд хүсэлт явуулахаар цуцлаад байна. Очоод уулзахаар торгууль төлж, эрхээ нээлгэ гээд болдоггүй ээ” гэлээ.
“Уг нь хуульдаа өмнөх сарын тайлан хоцрооход заавал торгоно гэхгүйгээр нээдэг, яасан юм бол, хачин юмаа” гэсээр таньдаг хүнээсээ асуухаар болж үлдлээ.
Татварт олон жил ажилласан болохоор таньдаг хүн олоон. Тэгээд нэгнээс нь асуухаар утас цохилоо. Гэтэл “Татварын ерөнхий газраас хоцроосон тайланг заавал торгож ав гэсэн бичиг ирсээн. Торгуульгүй авсан тайланг тооцож гаргаад байцаагч нараа АТГ-д шалгуулах юм байлгүй” гэсэн гомдонгуй, залхсан яриа үүслээ.
Аж ахуйн нэгжүүд ямар нэг шалтгаанаар хуулийн заалт зөрчдөг. Тэр заалт бүрийг нь торгууль төлөхөөр хариуцлагажуулдаг. Гэтэл энэ торгууль нь үнэндээ ТАТВАРЫН ДАРАМТ гэдэг ойлголтын гол эх үүсвэр болж байна.
Тайлан авах нь татварын албаны гол ажил, тайлангаа гаргаж өгөх нь татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг.
Татварын алба тайлангаа өгөөгүй татвар төлөгчийг хуулийн заалтаар торгоно гэж “том” дүн хэлж “айлгадаг”. Гол ажлаа торгуулиар далайлган хийж гүйцэтгэхийг хичээдэг гэсэн үг л дээ.
Нийт татвар төлөгчийн 80 гаруй хувь нь жижиг, бичил сегментэд багтдаг. Гэтэл Зөрчлийн хууль дахь торгуулийн заалт нь бүх аж ахуйн нэгжид адил дүнгээр жижиг, бичлүүдийн төлөх ёстой татвараас хэд дахин өндөр байгаа нь нийгэмд “айдас” үүсгэдэг.
Яг нэгж дээр тайлан аваад сууж буй байцаагчийн хувьд торгуулийн хариуцлага хүлээлгэх нь төвөгтэй ажил. Прокурорт хянуулна, өрийг нь барагдуулна гэх мэт ажлууд араас нь үүснэ. Хуулиа хэрэгжүүлмээр байдаг ч хууль зөрчсөн үйлдэл нь аргагүй нөхцөл байдал ихтэй. Ядарсан, гуйсан цөхөрсөн хүмүүстэй харьцах нь амаргүй байдаг.
Төрийн хууль хэт хатуу байх нь “удирдлага” гэх дарга нарт л ашигтай болохоос албан хаагчдад болон татвар төлөгчдөд үнэндээ томдсон дөнгө болж байна. Тиймээс л дарга болох марафонд бүгд л шамдан, биеэ биеэ гишгэчин өрсөлдөж буй.
Гэтэл одоо хэрэгжүүлж буй хуулиар хэрвээ торгохгүй бол тухайн байцаагчийг авлига авсан хэрэгт хардах, унагаах бүрэн боломж удирдлагын гарт бий.
Төрийн хууль хэт хатуу байх нь “удирдлага” гэх дарга нарт л ашигтай болохоос албан хаагчдад болон татвар төлөгчдөд үнэндээ томдсон дөнгө болж байна. Тиймээс л дарга болох марафонд бүгд л шамдан, биеэ биеэ гишгэчин өрсөлдөж буй.
Би нөгөө надаас тайлангийн хүсэлт авхуулахыг хүссэн найздаа тусалж чадаагүй. Харин тэр “Татварын ерөнхий газарт ажилладаг “том” даргаар нөгөө дүүргийнхээ хэлтсийн дарга руу нь хэлүүлж байж авхууллаа ш дээ” гэж хэлэв.
Бид хуулийг ингэж л хэрэгжүүлдэг. Дарга найзтай, танилтай бол юуг ч бүтээдэг, болгодог. Танилгүй нь л торгуулдаг.
Яагаад ийм ялгаатай байдалд хүрэв ээ?
Намууд сонгуулиар Улсын их хуралд суудал авснаар “өөрийн” ашиг сонирхолд нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулахаар шамддаг. Харин энгийн иргэдийн бичил, жижиг бизнесийг хэн ч хамгаалахгүй, хайхрахгүй байгаа нь тэдний төлөөлөл их хуралд гарч чаддаггүй гэсэн үг. Нийт бизнест зориулан орлогын татварын хувь хэмжээг тодорхой түвшинд 1 хувь болгосон нь төдийлөн урам өгөх нөлөө үзүүлэхгүй байна. Орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломж жил ирэх тусам буурсаар, татварын алба аль болох хөнгөлөлт эдлүүлэхгүй байхыг хичээх болсон нь энэ жилийн тайлан хүлээн авалтаас илтэд мэдрэгдэж эхэлсэн.
НӨАТ бүх бизнест адилхан 10 хувь байгаа нь төлбөрийн баримт олгохгүй байх аргад бичил, жижиг гэлтгүй томоохон бизнесүүдийг ч хамаарч байгааг захууд дээрх борлуулалт илтэд харуулна. Татварын алба нь хүн хүчээрээ зүтгээд, дээр нь цахимаар боломж олгож байгаа ч ажлын үр дүн ямар явцтай байгааг нийтэд нээлттэй дэлгэхгүй байна. Энэ бүх өгүүлбэрийн цаана тоон мэдээ судалгаа байх ёстой боловч нийтэд нээлттэй тавих ёстой татварын албаны мэдээлэл хангалтгүй учраас судлаачид цөөн хэдэн тооноос дүгнэлт хийхэд хүрдэг.
Торгуулийн орлого орон нутгийн төсвийг бүрдүүлдэг. Хэрвээ би торгуулбал торгууль хүлээлгэсэн тэр дүүргийн төсвийн орлого болно.
Сүүлийн таван жилийн орон нутгийн төсвийн орлогын мэдээллээс харахад хүү торгуулийн орлого ТАТВАРЫН БУС ОРЛОГЫН дүнд томоохон байр суурь эзэлдэг болсон нь тодорхой.
Орон нутгийн төсвийн орлогын нэгтгэлээс бид ямар татварыг их төлдөг талаарх ерөнхий дүгнэлт хийх боломжтой. Орон нутгийн төсвийг бүрдүүлдэг гол татвар бол цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгаж буй татвар байна. Энэ татварыг 2019 онд хуучин хуулиар төлдөг байснаас дариу нэг дахин (108 хувиар) нэмэгдсэн байгааг 2023 оны жилийн эцсийн тоо харуулж байна.
Харин үйл ажиллагааны орлогоос өөрөө тайлагнаж төлдөг татвар өмнөх хуулиар 10 хувь байсныг шинэ хуулиар 1 хувь болгож бууруулсан байхад 2019 оны дүнгээс 2023 онд 32 хувиар өссөн нь сонирхол татахуйц үр дүн юм. Энэ тоог цааш нь задалж судалбал маш сонирхолтой үр дүн харагдана. Гэвч тоон мэдээллээ холбогдох төрийн байгууллага нээлттэй тавихгүй байгаа.
Эндээс бас нэг сонирхол татахуйц тоо нь хувь хүний орлогын албан татварын буцаан олголт. Буцаан олголт авах иргэд жил бүр нэмэгдэж байна. 2023 оны дүнгээс харахад татварын орлогын 2 хувийг л зарцуулсан байна. Гэхдээ 2019 онтой харьцуулахад 68 хувиар иргэдийн авах буцаан олголт өсжээ.
Татварын орлогын хувьд сонирхол татахуйц олон тоо байгаа ч бидний гол асуудал болоод буй хүү торгуулийн орлогыг одоо авч үзье.
Хүү торгуулийн орлого нь татварын бус орлого гэж ангилагддаг. Орон нутгийн төсвийн орлогод 2022 оныг хүртэл татварын бус орлого нь илүү чухал хувь нэмэртэй байжээ. Харин 2022 оноос татварын орлогын эзлэх хувь илүү ихээр нэмэгдсэн нь цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгасан орлогын татварын өсөлттэй уялдаатай байхаар ерөнхий дүн ажиглагдаж байна.
Татварын бус орлогын дүнд 2019 онд хүү торгуулийн орлого 5.3 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд энэ хувь 33.3 хувь болж нэмэгджээ. Засгийн газар 2019 оноос ковидын нөхцөл байдалтай уялдан иргэдээ аль болох торгохгүй байх бодлого барьж ирсэн. Гэвч Зөрчлийн хууль “хатуу” учраас хэрэгжүүлэх үед толгой дараалан торгуулах нөхцөл үүсэж байна. Монголчууд бие биеэ торгох, шийтгэх “мууг нь үзэх” дуртай байж мэдэх юм. Эсвэл энэ хуулийг батлуулахаар боловсруулсан шинэ үеийн “дарга” залуус нийгэмд үүсэх сөрөг нөлөөллийг олж хараагүй байж мэдэх юм.
Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ оноос л торгуулийн орлого өсөж эхэлсэн байна.
Торгууль ногдуулах нь хуулиа мөрдөхийг шаардаж буй албадлагын арга хэмжээ мөн боловч танилтай нь аргалуулдаг, танилгүй нь төлдөг системийн нэг хэсэг болсон үед мөн чанараа алдсаар ирлээ. Торгодог төрийн албан хаагч, торгуулдаг бичил, жижиг бизнесмэн хоёрт хүндрэлтэй боловч хууль, дарга хоёр хэрэгжүүлэхийг шаардсаар… “Хатуу” хууль дарга байхын үнэ цэнийг өсгөдөг байх талтай юм.
Ковид гарсан жилүүдэд Засгийн газар торгууль хүлээлгэхгүй байх тогтоол шийдвэр гаргасан боловч энэ орлого өссөөр л байсан. Одоо цаашдаа хүү, торгуулийн орлого орон нутгийн төсвийг бүрдүүлэх томоохон төрөл болох нь тодорхой болж ирж байна.
Татварын албанд татвар төлөгчөө торгох хуулийн боломж их бий. Бүгдийг нь ашиглавал орон нутгийн төсвийн орлогыг нэлээн сайн бүрдүүлж өгөх байх.
Гэвч торгосноор хүрч буй үр дүн юу байна вэ? Хуулийг биелүүлэх, бүгд жигд сахин мөрдөхөд л торгуулийн хариуцлагын үүрэг оршдог. Төр үйлчлэх үүргээ хэрэгжүүлэхээс илүүтэй торгож шийтгэх дур сонирхолтой болсоор байна. Төр торгуулиар бараг л бизнес хийж байна.
Зөрчлийн хууль буюу ХҮҮ, ТОРГУУЛИЙН хуульчилсан системээ зөв тийш нь өөрчлөхгүй л бол бидний нийгэм бие биеэ дарамталсан ДАРАМТ дунд л өнгөрч байна. Хүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа юм сан.
Гэтэл танилтай нь аргалдаг, танилгүй нь л торгуулдаг. Дарга нь зохицуулдаг, байцаагч нь дагадаг. Тэгснээр даргын нэр хүнд, сүр хүчийг л нэмдэг торгуулийн систем төрд оршин тогтнох нь зөв гэж үү?
Хамгийн сүүлийн НӨАТ-ын 4 сарын тайлангаа илгээх хугацаа дуусаад 6 цагийн дараа хүсэлт илгээхэд л торгууль төл гэсэн шаардлагаар тайлан илгээх хүсэлт буцааж хуулиа чанд мөрдүүлэхээр татварын алба хүчирхэгжиж байна. Татвар төлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаан ч чухал биш, тэд торгууль нэхэхээс өмнө үйлчилгээ үзүүлдэг баймаар байна. Торгууль бол даварсан татвар төлөгч нарт л хэрэгтэй болохоос бичил жижиг, арай гэж үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд нэрмээс дарамт болж байна.
Зөрчлийн хуулиар аж ахуйн нэгжийн торгуулийн доод хэмжээ 1.5 сая ₮-өөс эхэлдэг. Одоо тэгээд таньдаг хүнээ л хайна шүү дээ.