Бизнес эрхэлж буй аливаа хүмүүст бизнесээ амьд байлгах эсвэл эрүүл саруул, урт хугацаанд оршин тогтнуулах гэсэн хоёр асуудал тулгардаг. АНУ-ын Хөдөлмөрийн Товчооноос гаргасан судалгаагаар бизнесүүдийн 95% нь эхний таван жилд, үлдсэн 5%-ийн тал нь дараагийн таван жилдээ дампуурч байгаа нь бизнес эрхлэгчдэд удирдахуйн сайн систем хэрэгтэйг харуулж байна. Зөвхөн чанартай сайн бүтээгдэхүүнтэй байснаар, эсвэл өдөр шөнөгүй, шургуу ажиллах нь хангалттай биш юм.
Алсын хараа, Хүмүүс, Мэдээлэл, Асуудлуудыг шийдэх, Процесс, Хэрэгжүүлэх сахилга бат зэрэг зургаан зүйлийг Удирдахуйн системээр тэнцвэртэй удирдсанаар “Амжилттай бизнес”-үүдийн ангилалд багтана.
Удирдахуйн систем гэдгийг энгийнээр тайлбарлавал байгууллагын бүхий л үйл ажиллагаа хэн нэгнээс үл хамааран өөрөө ажиллахтай зүйрлэж болно. Яг л үйлчилгээгээ бүрэн хийлгэсэн сайн тосолгоотой автомашин шиг.
Компанийн эзэд, захирлууд таван янзаар хүнд хэцүү байдалд ажилладаг.
- Яах ч аргагүй. Цаг хугацаа, зах зээл, орчин нөхцөл гээд олон зүйл хараа хяналтаас гадуур, бизнесээ удирдаад байгаа эсвэл бизнестээ удирдуулаад байгаа эсэх нь тодорхойгүй.
- Хүмүүс. Ажилтнууд, түншүүд, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчидтай ажиллахад хэцүү, асуудлууд байнга гарна.
- Ашиг байхгүй. Ашгийн төлөө уг нь ажиллаад байгаа боловч ашиг маш бага, алдагдал руу орчихгүй бол их юм болно.
- Өсөлт. Өргөжих, тэлэх боломжууд харагдаад байгаа ч яаж өсөх нь ойлгомжгүй. Өсөлт манатай дампуурчихгүй л бол гэдэг айдастай.
- Бүтэх юм алга. Хэдийгээр өдөр шөнөгүй, амралтгүй, гэр бүлээ хаян орхин ажиллах ч ажил улам нэмэгдэнэ үү гэхээс болж бүтэж байгаа юм бага мэт болохыг Удирдахуйн систем бүтээгчид олж тогтоосон байна.
Эдгээр таван цөхрөлийн шинж тэмдгийг Тааз цохих гэж нэршдэг. Тэгэхээр өсөлт хийхийн тулд Таазыг нураах хэрэгтэй. Хэрэв өсөхгүй л бол үхэж байна гэсэн үг юм. Таазанд тулчхаж байгаа нь байгууллагын соёл, удирдахуйн арга барил, ажлын хариуцлага, систем, процессуудын үр ашигтай байдал, менежерүүд, ажилтнуудын сургалт, хөгжил зэрэг дотоод хүчин чадлын асуудал гадаад өсөлтийг хийхэд гол саад болж байгаатай холбоотой. Иймээс таазаа нурааж өсөлт хийхийн тулд Удирдлагын баг дараах таван зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Энгийнчлэх. Хүний тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ ихсэхэд байгууллагын үйл ажиллагааны төвөгшил геометрийн прогрессоор өсдөг. Тэгэхээр бүхий л ажиллагаа дээр энгийнчлэхийг хичээхгүй бол өсөлт хийх боломжгүй, тааз цохисоор л байна. Энгийнчлэх гэдэг нь хүмүүстэй харилцахдаа, үүрэг даалгавар өгөхдөө энгийн байхыг хэлнэ. Зорилго зорилт, алсын хараа үнэт зүйлсээ гаргахдаа ямар ч хүн ойлгохоор энгийн, оновчтой томьёолох шаардлагатай. Дүрэм журам, ажлын стандарт, процессууд хүн бүхэнд ойлгомжтой, товч, хураангуй, зураг, дүрсээр үзүүлэх гэх мэтчилэн аль болох амархан байх ёстой. Жишээ нь үнэт зүйлээ “Шударга, үнэнч” гэснээс “Хэлсэн амандаа хүрдэг” гэчихвэл илүү хөнгөн, энгийн болох жишээтэй.
- Даалгаж, дээшлэх. Компаниа хөгжүүлж өсөлт хийхийг хүсэж байгаа бол та болж өгвөл улирал тутам аль нэг ажлаа даалгах хэрэгтэй. Учир нь бүх юманд оролцож, бүгдийг өөрөө хийх боломжгүй, доош нь болон шаардлагатай тохиолдолд зэрэгцээ түвшний менежерүүдэд, эвсэл аутсорсинг байдлаар зарим ажлаа шилжүүлж, илүү өөрийн авьяас чадлыг түлхүү ашигласан, хөгжүүлсэн, үнэ цэнэ бүхий ажилд цагаа зарцуулснаар өөрөө ч дээшилж, мөн бусдыгаа ч түвшин ахиулна. Даалгаж, дээшлэх ажлыг хийдэггүй менежер бол компанийнхаа хөгжилд чөдөр, тушаа болж байгаа юм.
- Урт богино хугацаагаар төлөвлөх, таамаглах, Урт гэдэгт 90 хоногоос дээших ажлууд орно. Удирдагч нар, улирал тутам нэг хоног, жилд хоёр өдрийг урт хугацааны ажлууддаа зориулж “бизнесээ дээрээс” нь бүхлээр нь харж байхгүй бол өдөр бүр дотор нь хэчнээн шургуу, өндөр бүтээмжтэй ажиллаад хүссэн газартаа хүрэхгүй байж мэдэх юм. Урт хугацаагаар төлөвлөх, таамаглах гэдэгт байгууллагын үндсэн зорилго, үнэт зүйлс, 10 жилийн зорилт, гурван жилийн дүр зураг, маркетингийн стратеги, нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хамааруулж байгаа бөгөөд эдгээрийг тодорхой болгосноор очир алмаасыг хагалдаг лазерын туяа шиг фокусласан стратегитай болох юм. Ийнхүү урт хугацааны төлөвлөлт, таамаг тодорхой болсноор ойрын ажлууд болох өнөөдөр, 7 хоног, сар, улиралдаа фокуслаж, бүх зүйл танай багт ойлгомжтой болж, бүх хүн нэг зүгт зүрх сэтгэл, эрч хүчээ нэгтгэн Алсын хараандаа хүрэх боломжтой болно.
- Системчлэх. Та бизнесийнхээ бүхий л үйл ажиллагааг толгойдоо авч явах боломжгүй. Аливаа бизнес үндсэн арав гаруй процессоос гадна олон арван дэд процесс, олон зуун ажилбартай. Эдгээрийг хүн бүхэн өөр өөрсдийнхөөрөө хийвэл танай байгууллага өргөжин тэлнэ гэдэг бүтэшгүй. Эд анги өөрөө эргэхийн тулд хүмүүст процесс, ажлын дэс дараа, зааварчилгаа тодорхой, хэрэглэхэд хялбар, дөхөм байх хэрэгтэй. Үүнийг хийж болдгийг дэлхийн маш олон улс, хотуудад 40,000-аас илүү салбартай МакДоналдсын жишээ харуулна. Процессуудаа баримтжуулахыг 80:20 зарчмаар энгийн үр дүнтэй хийх боломжтой.
- Бүтэцжүүлэх. Үүнийг байгууллагын бүтэц гаргах төдийгөөр ойлгохгүй юм. Ихэнх байгууллага бүтцээ эго, хувь хүний амбиц, эсвэл хүмүүстээ зориулж гаргасан байх ба бүтцээ бараг хэрэглэдэггүй. Бүтэцжүүлэх гэдэг нь байгууллагын өсөлтийг даах, өргөжилт болох тутам энгийнчлэх, төвөгшлийг бууруулах, хамгийн гол нь Ажлын хариуцлагыг хүн бүрд тодорхой болгон тэд ажлаа стрессгүй өндөр бүтээмжтэй баяртай хийх бүтэц, зохион байгууллалтыг бий болгохыг хэлж буй болно. Ажлын хариуцлагыг хүн бүхэнд тодорхой болгох энгийн аргаар буюу хүн бүрийг “Зөв хүн/Зөв суудалд” аргыг ашиглан хүн бүрийг үүрэг ролийг тодорхой болгоно. Зөв хүн гэж байгууллагын үнэт зүйлсийг чанд мөрддөг хүнийг хэлэх бол Зөв суудал гэдэг нь ажлынхаа мөн чанарыг ойлгодог, ажилдаа үнэн голоосоо дуртайгаас гадна мэдлэг, боловсрол, сэтгэл зүй, оюун санааны чадамжтай, цаг хугацааны хувьд боломжтой хүнийг тухайн ажилд ажиллуулахыг хэлж байгаа болно.