2024 оны УИХ-ын сонгууль эхлэхэд 28 хоног үлдээд байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад олон онцлогтой болж буй энэ удаагийн парламентын сонгуульд зориулж, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах зорилготой цуврал нийтлэлүүдийг Business.mn хүргэж байна.
Түүхэн шийдвэр
Эргэн сануулахад, 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн (91.2 хувь) дэмжсэн нь түүхэн шийдвэр байв. Тодруулбал, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болсон билээ.
Эл нэмэлт өөрчлөлтийн дараа хоёр намын төлөөлөл бүхий УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж баталснаар 2024 оны парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин бүрдсэн.
Санал гээхгүй холимог тогтолцоо
1992 оноос хойш сонгууль явуулж эхэлсэн ардчилсан Монгол Улс ихэвчлэн мажоритар (томсгосон болон багасгасан) аргыг ашиглаж байв. Хэдий мажоритар тогтолцоо нь энгийн ойлгомжтой, шууд сонгодог, сонгогчид нь хариуцлага нэхдэг гэх мэт давуу талтай ч санал маш их гээгддэг, цөөн төлөөллөөр олонх болох боломжтой, саналын жин нөлөөлөл алдагддаг, популистууд гарах, УИХ-ын гишүүн нь тойргийнхоо сонгогчдоос хараат байдаг гэх мэт сул тал ихтэй юм.
Харин энэ жил эл алдааг засах зорилгоор 78 гишүүнийг мажоритар (тойрогтоо хамгийн олон санал авсан), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх пропорциональ аргаар (намын жагсаалтаар) сонгох буюу холимог тогтолцоог ашиглана.
Толгой эргүүлж магадгүй тойргууд
Мажоритар аргаар сонгууль явуулахад нутаг дэвсгэрийг тойргуудад хуваадаг. Харин жагсаалтаар сонгууль хийсэн тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр нь нэг тойрог байна.
Сонгуулийн тойрог болон мандатууд:
Архангай, Баянхонгор, Өвөрхангай – 1-р тойрог (9 мандат);
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд – 2-р тойрог (10 мандат);
Баян-Өлгий – 3-р тойрог (3 мандат);
Булган, Орхон, Хөвсгөл – 4-р тойрог (8 мандат);
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв – 5-р тойрог (10 мандат);
Дорнод, Сүхбаатар, Хэнтий – 6-р тойрог (7 мандат);
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь – 7-р тойрог (7 мандат);
Баянзүрх дүүрэг 8-р тойрог (5 мандат);
Баянгол дүүрэг 9-р тойрог (3 мандат);
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг – 10-р тойрог (6 мандат);
Сонгинохайрхан дүүрэг – 11-р тойрог (5 мандат);
Хан-Уул дүүрэг 12-р тойрог (3 мандат);
Багануур, Багахангай, Налайх дүүрэг – 13-р тойрог (2 мандат)
Улсын хэмжээнд 13 тойргоос 78 гишүүнийг сонгох ба ингэснээр аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдоно. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно гэсэн үг юм.
Өнөр сонгууль
УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрогт нэр дэвших 985, жагсаалтаар нэр дэвших 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээж авсан. Мөн 46 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлсэн юм.
СЕХ зургадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргаснаар нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорхой болно.
Ийнхүү 19 нам, 2 эвсэл, 46 бие даан нэр дэвшигч оролцож буй түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй сонгууль эхлэх гэж байна.
Мэргэн сонголт + нямбай зан
Улс төрийн нам, СЕХ-ноос гадна сонгогч нарт ч энэ удаагийн сонгууль шинэлэг байх нь гарцаагүй. Сурталчилгааны хэв маяг, нэр дэвшигчдийн тоо, тойрог болон мандатын өөрчлөлт нь хэр баргийн сонгогчийг барьц алдуулж мэдэхээр байна. Хамгийн чухал нь саналын хуудас бөглөх үйл явц юм. Ардчилсан улсын иргэд чухам сонгууль өгч байх хэдхэн хоромдоо төр барьдаг гэсэн афоризм бий. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар сонгогчид өмнөх сонгуультай харьцуулбал харьцангуй удаан хугацаанд “төр барих магадлалтай”. Учир нь сонгогч мандатын тоотой ижил тооны нэр дэвшигчийг, хоёр дахь саналын хуудаснаас сонгуульд нэр дэвшсэн зөвхөн ганц нам, эвслийг болон бие даан нэр дэвшигчийн нэрийг сонгох ёстой. Жишээлбэл, та Баянгол дүүрэгт оршин суудаг бол гурван мандаттай тойрог учраас саналын хуудаснаас гурван нэр дэвшигчийг, мөн нэмээд нэг нам, эвслийг сонгож дугуйлах ёстой. Харин хоёр, тавдугаар тойргийн сонгогчид 10 нэр дэвшигчийг сонгох хүнд хөдөлмөрийн ард гарах нь.
Мандатын тооноос хэтэрсэн, эсвэл дутуу нэр дэвшигчийг дугуйлсан бол санал тоолох машин таны саналыг хүчингүйд тооцох, буцааж гаргана. Гэхдээ та ийм үед саналын хуудсыг дахин нэг удаа авч шинээр бөглөх боломжтой. Олон нэр дэвшигчтэй буюу мандаттай тойргуудад санал өгөх явц удаашрах, сонгогчдын оочер дараалал сунжрах учраас та сонголтоо мэргэн хийж, саналын хуудсаа нямбай будаарай.