“Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай Монголын анхны контент суурьтай “Startup Challenge Mongolia” 2024 тэмцээний Гранд финал өчигдөр буюу 5 сарын 28 нд Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд зохион байгуулагдаж ялагчаа тодрууллаа.
Үндэсний шилдэг гарааны бизнес шалгаруулах тэмцээн нь өнгөрсөн сарын 30-нд эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн 5 үе шаттайгаар явагдлаа. Тус тэмцээнд шалгарсан шилдэг таван төслүүд байгальд ээлтэй, технологи суурьтай, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадсан бизнесүүд байв.
Нийт 97 баг бүртгүүлснээс сүүлийн шатанд тунаж үлдсэн таван баг хамгийн сүүлийн pitch presentation танилцуулснаар шүүлт өндөрлөсөн билээ. Ийнхүү удтал хүлээсний эцэст шүүгчид дүнгээ нэгтгэж шилдгийг зарлах мөчид О.Мөнхжин ментортой Смарт Контракт Монголиа ХХК /E-geree.mn/-Блокчэйн цахим гэрээний платформ шалгарлаа. Тус төслийн онцлог нь блокчэйн сүлжээнд хоёр талын гэрээний мэдээллийг хадгалах учраас баримт бичиг устах, алдах гэх мэт бүх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хугацааг хэмнэсэн, мөн байгаль орчинд ээлтэй ногоон төсөл гэж онцоллоо.
Энэхүү багийн лийд ментор ИxБит XXК-ийн үйл ажиллагаа хариуцсан заxирал О.Мөнхжин хэлэхдээ: “Би багаа сонгоод, хамгийн анхны уулзалтаас эхлээд хүндхэн асуултуудыг тавихад бүх зүйлээ судалсан, маш нарийн хариултыг хэлж байсан. Мөн энэхүү компанийг цаашид авч явах багийн гишүүд нь бизнесийн салбарт амжилттай ажилласан туршлагатайгаас гадна технологидоо блокчэйн ашиглаж байгаа нь миний анхаарлыг маш ихээр татсан” хэмээн хэллээ.
Шагналын сан болох 300 сая төгрөгөөс бэлнээр 100 сая төгрөгийг гардуулан өгч бусад дагалдах урамшууллыг хамтад нь гардууллаа. Үүнд бүтэн жилийн турш IT Park инкубаторын хөтөлбөрт оролцох эрх дагалдахаас гадна одоогийн байдлаар дараах тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдэд оролцуулахаар төлөвлөжээ.
- 2024 оны 07 сард Central Asia Startup Summit,
- 2024 оны 08 сард Google for Startup accelerator,
- 2024 оны 09 сард Japan business matching trip,
- 2024 оны 10 сард Tech Crunch Disrupt эсвэл Switch.
Багуудын ширүүхэн өрсөлдөгчдийн нэг болох Кэйрпэй ХХК /Carepay app/-Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн финтек төсөл хоёрдугаар байранд шалгарлаа.
Уг төслийн зорилго нь санхүүгийн хүндрэлийн улмаас эрүүл мэнддээ анхаарч чадахгүй байгаа асуудлыг шийдэж өгөхийг зорьсон байна. Ингэхдээ төлбөрөө хуваан төлөх боломж олгохоос гадна нийгмийн даатгалаас хөнгөлөлт эдлэх, гишүүнчлэлийн урамшуулал зэргийг санал болгож байна. Одоогоор дотоодын 100 гаруй эрүүл мэндийн байгууллагыг бүртгэсэн бөгөөд байгууллагын хэмжээнд ажилтнуудын эрүүл мэндийн үйлчилгээ рүү чиглэн ажиллаж байгаа юм. Харин ирэх сараас Солонгос улсын 200 эмнэлгийн байгууллагыг бүртгэж хамтын ажиллагаа идэвхжих тул тэр үеэс эхлэн улс хоорондын үйлчилгээг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр авах боломжийг бүрдүүлж өгчээ.
Тус тэмцээний удаах байруудад:
- Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- Хиймэл оюунаар бүтсэн сошиал нөлөөлөгчдөөр маркетинг хийлгэх бизнес (гуравдугаар байр)
- Хонмоно Комикс ХХК /Honmono AI/- Олон төрлийн AI tool нэгтгэсэн комик зохиол, зураг үүсгэх платформ (дөрөвдүгээр байр)
- Импакт тек ХХК /After school/- Хичээлээс гадуурх өсөлт хөгжлийн платформ (тавдугаар байр)
Багууд тэмцээний үндсэн шагналаас гадна олон нийтээс хөрөнгө оруулалт татаж 3-20 сая төгрөгийн хооронд санхүүжилт босгосон юм. Тухайлбал, Кэйрпэй апп- 8.110 сая төгрөг, Виртуал плас эйжинси ХХК /Virtual influencer/- 9.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авчээ. Үүнээс гадна тэмцээний үе шатуудыг давах бүртээ цуглуулсан онооны шагнал болох мөнгөн дүнг баг бүрт зохион байгуулагчдын зүгээс өгсөн юм.
Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Стартап Маркетинг Спэйс ХХК ажиллаж ерөнхий ивээн тэтгэгчээр 5PL”, логистикийн үйлчилгээ үзүүлэгч ПикПак Групп, ТекПак Групп, зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын 30 гаруй байгууллага хамтран ажиллажээ.