Өсөлт хийх гэж л байгаа бол бизнесийн эзэн ганцаараа бүх зүйлийг хийж хянах боломжгүй. Ганц хүний захиргаадалтын аргаар эсвэл удирдлагын багийн аль нь дээр вэ гэдгийг жинлээд үзэхэд яаж ч бодсон нэг хүний толгойгоор гаргах шийдвэр, шийдвэрлэх асуудал цөөн байна. Таныг ганц алхам холдоход л байгууллагын үйл ажиллагаа нуран унах бүтэц, зохион байгуулалттай бол олон жил оршин тогтнох амжилттай байгууллагыг бүтээх боломжгүй. Захиргаадалт нь хүнийг их ядрааж, өсөлтийг боомилдог.
Удирдахуйн системийг Удирдлагын багаар нэвтрүүлж ажиллуулбал алсын харааг бүтээхэд хамт олныг татан оролцуулж завинд суухаар зориг шулуудсан хүн бүр нэг зүгт сэлүүрдэнэ. Зорилгодоо хүрнэ, агууг бүтээнэ. Багаараа тодорхойлсон Алсын хараа нь хувь хүн тус бүрээс хамаагүй том, үүнд зөвхөн багаараа л хүрнэ.
Удирдлагын баг нь Ихэвчлэн ТУЗ-ийн дарга /Алсын хараатан ч гэнэ/, Гүйцэтгэх Захирал /Холбогч гэж нэрлэнэ/, газар нэгжийн захирлууд зэрэг дээд түвшний удирдах ажилтнуудаас бүрдэнэ. Эдгээр удирдагч бүгд өөрийн хариуцсан хэсэг нэгжийг /функц/ удирдан манлайлах ажлын хариуцлагатай, бүхий л асуудалд нээлттэй шударга ханддаг, компанийн сайн сайхын төлөө тэмцдэг хүмүүс байна.
Удирдлагын багийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан хэсэг нэгжээр компани дотроо хамгийн шилдэг нь байна.
Xувийн жижиг, дунд бизнесүүдийг хоёр хамтрагч эсвэл эхнэр нөхөр хоёр удирдах нь элбэг. Ийм тохиолдолд ихэнхдээ л нэг нь гадуурх ажлаа, нөгөөх нь дотоод ажил руугаа орсон байдаг. Хоёр түнш эсрэг тэсрэг зан характер, авьяас билигтэй, яг л эр эм хоёр шиг өөр байхыг яана. Харин өсөлт, тэлэлт хийх компаниудын хувьд нэг эзэнтэй ч байна уу, хоёулаа, гурвуулаа ч байна уу, гүйцэтгэх захирлын дээр бас нэг үүрэг роль байдаг нь Алсын хараатан юм.
Тэрээр өдөр тутмын ажлаас өөр зүйлүүд, шинэ санаанууд ярина. Мөн салбарын эсвэл улс үндэстэн дамнасан зах зээл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, стратегийн түншлэл зэрэг асуудлыг авч үзнэ. Компанид учирсан том харилцаа, том асуудлуудыг тэрэнд л найдна, бас компанийн соёлыг зөв төлөвшүүлэх ёстойд анхаарч хүмүүсийн эв нэгдэлд санаа зовнино. Тиймээс бизнес төлөвлөгөө, ашиг орлого, төсөв, зардал, хүний болон бусад нөөц бүрдүүлэх, газар нэгжүүдийн асуудал, процессын алдагдал, үр бүтээмж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эд, хууль эрх зүй гэх мэт асуудлыг шийдээд завгүй байдаг Гүйцэтгэх захирлаас тэс өөр.
Ихэнх жижиг дунд компаниуд энэ хоёр үүрэг ролийг хольж хутгаад нэг хүн аваад явдаг, эсвэл энэ ялгааг мэдэхгүй тул хоёр хүн байсан ч дундаа аваад явах нь ч бий. Харин учир ялгааг нь ойлгосон хоёр хүн байх нь компанийн өсөлтөд чухлыг хэлэх хэрэгтэй юм. Хоёр ролийг хоёуланг 20-30 жил ганцаараа хийгээд амжилттай явсан компаниуд байгаа ч ховор. Ихэнхдээ Apple -ийн Стив Жобс, Возняк нар шиг хоёр хүн байдаг. Тэгэхээр танай Удирдлагын багт энэ хоёр роль тусдаа байж болно, үгүй ч байж болно, гэхдээ энэ хоёр роль эсрэг тэсрэгийг тооцоорой.
Танайх гурван хүнтэй ч юм уу, дөрвүүлээ, тавуулаа Удирдлагын баг гэж нэрлэнэ үү, Менежментийн баг гэнэ үү, зөв хүнийг зөв суудалд тавьж багаа байгуулсан бол тэдэнд ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.
Бизнес нь эхэлж байгаа компаниудын хувьд эзэд, менежерүүд олон функц хавсарч хийх нь хэвийн. Алсын хараатан том асуудлуудаас гадна маркетинг борлуулалт хариуцна. Холбогч бүх функцээ хариуцахаас гадна санхүүгээ аутсорсингоор, хүний нөөц, мэдээллийн технологи давхар авч явна. Үйлдвэрлэлийн менежер үйлдвэрлэл, татан авалт, агуулах гэх мэт эхний нэгээс хоёр жил бүх функц дээр тусдаа менежерүүдтэй болж өргөжих хүртэл өөрсдөө ажилладаг. Тэгэхээр Удирдлагын баг маань компанийн урт болон богино хугацааны төлөвлөлт, таамгийг гаргах болон хэрэгжүүлэх шийдвэрт хувь нэмрээ оруулах гол менежерүүд байна.
Энд яригдаж буй системийн онцлог бол компанийг дунджаас дээш болон Агуу компани болтол сайжруулах боломжтой. Компаниудын менежментийг Хэвийн, Сайн, Агуу гээд гурав ангилчхаж болохоор санагддаг. Хэвийн гэдэгт Удирдахуйн системийн үнэлгээ 25-49%-аас доош оноотой, Сайн ангилалд 50-65% хувьтай ажилладаг бол Агуу ангилалд удирдахуйн систем 80-аас дээш хувьтай ажиллаж буй байгууллагыг оруулчихад болно. Танай байгууллагын оноо хэд болохыг та үнэлж үзмээр бол orgcheck линкээр ороод үнэлгээгээ хийнэ үү,
Удирдахуйн системийг жинхэнэ утгаар нь ажиллуулахыг хүсэж буй менежментийн багийнхан дараах таван шинж чанарыг агуулсан байх хэрэгтэй.
- Өсөлтөд чиглэсэн – Удирдагч нар бүгд л өсөлт рүү тэмүүлэх ёстой, зарим нь өндөр өсөлт хүсдэг зарим нь ингээд л байж байхад зүгээр гэсэн ойлголт хандлагатай байвал Алсын харааг тогтооход амаргүй болно.
- Эмзэг – Сул тал, эмзэг байдлаа хүлээн зөвшөөрдөг, бүхнийг мэднэ, эсвэл үл ойшоосон, хуучин байдалдаа баригдсан хаалттай хандлагыг даван туулах.
- Компанийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих – Систем нэвтрүүлэх болон ажиллуулах үеийн бүхий л ажиллагааны үед гарч буй асуудлууд, хэлэлцүүлгүүд, шийдлүүдэд компанийн эрх ашгийн үүднээс хандаж хувийн үзэл баримтлал, ашиг сонирхлыг хойш нь тавих, компанийн эрх ашгийн үүднээс гарсан аливаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх, Удирдлагын багийн гишүүдээ хүндлэх.
- Салах ба зууралдахгүй байх – Систем нэвтрүүлэхэд компанийн хувьд том жижиг олон өөрчлөлтийг хийх болно. Үүний тулд шинэчлэл, өөрчлөлт хийхэд халах ёстой зарим функц, хэсэг нэгж, салбар эсвэл үүрэг, хариуцлага, ажлуудаасаа түргэн салсан нь дээр. Бут модны муудсан мөчир, хэсгийг суга татан хаяхад улам цэцэглэдэг биз дээ.
- Нэг хуудсан дээр байх – Удирдлагын багийнхан долоо хоног бүр тогтмол цагт, тогтсон хугацаагаар, тогтсон хэлэлцэх асуудлуудтай уулзаж урт болон богино хугацааны ажлуудаараа нэг ойлголттой явахыг “нэг хуудсан дээр байх” гэж хэлнэ. Хэрэв багийн гишүүд “Зөв хүн зөв суудал” дээр суусан бол байгууллагын стратегийг хэрэгжүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэд бүгд нэг зүгт харж яаж аялахаа мэдэхийг эрмэлзэнэ. Иймээс нэг хуудсан дээр байх арга зам, сахилга бат чухал юм.
Удирдлагын баг бүрдэж энд дурдсан шаардлагуудыг анхааран ажилласнаар Удирдагч бүр өөрийн багийн гишүүн бүрээ Агууд хүргэж чадах юм.